Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2247

 

 

Б.Р-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02376 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Р-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Х-, Ц.Н- нарт холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн төлбөр, хохиролд 11 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

Хариуцагч Ц.Х-, Ц.Н-,

Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Энхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Р- нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ц.Х-тай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Ц.Х-ын нэр дээр бүртгэлтэй 45-36УБА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг 10 300 000 төгрөгөөр худалдаж авсан. Төлбөрийг Ц.Н-т хүлээлгэж өгсөн. Гэтэл уг машиныг 2018 оны 5 дугаар сард хулгайн машин гэх үндэслэлээр цагдаагийн албан хаагч хураан авч, анхны өмчлөгчид нь шилжүүлэн өгсөн юм. Үүнээс болоод би машин болон мөнгөгүй үлдлээ. Хариуцагч нар нь эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул гэрээний дагуу төлсөн 10 300 000 төгрөг болон өмгөөлөгчид төлсөн хөлс 1 000 000 төгрөг, нийт 11 300 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хуучин машин  худалдан  авч  цааш  худалдаалдаг бизнес  эрхэлдэг. 2017 оны  10 дугаар сарын 04-ний өдөр н.Пүрэвдорж гэх хүнээс Приус-20 маркийн машин авч зогсоолд тавьж байгаад 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.Р-ид 10 300 000 төгрөгөөр худалдаж, уг мөнгийг бүхэлд нь авсан нь үнэн. Уг машиныг хулгайн машин болохыг мэдээгүй ба эрх бүхий этгээдүүд дуудаж мэдүүлэг авах үед мэдсэн. Бид анхнаасаа уг нөхцөл байдлыг мэдээгүй болохоор санаатайгаар Б.Р-ид хохирол учруулаагүй, өөрсдөө энэ хэргийн улмаас хохирол амссан, хүчин төгөлдөр гэрээний дагуу Б.Р-ийн нэр дээр нэгэнт шилжсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн энэ хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Х-аас 10 300 000 төгрөгийг гаргуулан Б.Р-ид олгож, нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ц.Н-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х-аас 179 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Р-ид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02376 дугаар шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалттай нийцээгүй. Мөн анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор үнэлж дүгнэлгүйгээр хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд худалдах, худалдан авах гэрээ болон мөнгө хүлээн авсан үйл баримтын талаар маргадаггүй. Харин маргааны үйл баримт болох автомашиныг анхнаасаа хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй ба мэдэх боломжгүй байсан талаар маргадаг. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа болох нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор тогтоогдсон. Түүнчлэн, уг эрүүгийн хэрэгт нэхэмжлэгчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон прокурорын тогтоол байсаар байхад анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх худалдсан эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг эрх бүхий этгээдээс хязгаарлах боломжтой, эсхүл хязгаарласан байвал уг эд хөрөнгийг эрхийн доголдолтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй. Хариуцагч нарын хувьд дээрх хуулийн заалтаар зохицуулагдсан үүргээ зөрчсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан талаар дүгнэлт хийсэн атлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзсэн талаар хууль зүйн хувьд дүгнэлт хийгээгүй байгаа нь хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Р- нь хариуцагч Ц.Х-, Ц.Н- нарт холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 10 300 000 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг доголдолтой байсныг мэдээгүй, гэрээнээс татгалзах үндэслэлгүй, уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон гэж маргасан байна.

 

Хариуцагч Ц.Х-, нэхэмжлэгч Б.Р- нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Ц.Х- нь NHW203148260 арлын дугаартай, бор шаргал өнгийн Тоёота Приус /Toyota Prius/ маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Б.Р-ид 10 300 000 төгрөгөөр худалдсан ба нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн үнийг хариуцагч Ц.Н-т дансаар шилжүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй байна. /хэргийн 7-10 дугаар тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар тухайн эд зүйлтэй холбоотой аливаа гуравдагч этгээдийн шаардлага гаргаагүйг эрхийн доголдолгүй гэж үзнэ.

 

Талууд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн газраас хулгайн гэмт хэргийг шалгах явцад хураан авсан гэх үйл баримтын талаар маргаагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс хариуцагч талд үнийг нь төлж худалдан авсан тээврийн хэрэгслийг хулгайн эд зүйлд тооцон цагдаагийн байгууллага хураан авсан үйл баримтыг эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн эрхийн зөрчлийн талаар худалдагч өөрөө мэдсэн эсэх, мэдэх боломжтой байсан эсэх нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт заасан эрхийн зөрчлийг үгүйсгэх, түүнчлэн хуульд заасан үндэслэлээр гэрээнээс татгалзах худалдан авагчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлах буюу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн тээврийн хэрэгслийн үнэ 10 300 000 төгрөгийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч Ц.Х-аас буцаан шаардах эрхтэй байна. Учир нь хариуцагч Ц.Х- нь нэхэмжлэгч Б.Р-ид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн гэрээний тал бөгөөд хариуцагч Ц.Н- болон нэхэмжлэгч нарын хооронд хууль болон гэрээнд зааснаар үүрэг үүсээгүй. Хариуцагч Ц.Н- нь зөвхөн Ц.Х-ын зөвшөөрснөөр, тээврийн хэрэгслийн үнийг хүлээн авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Н- хариуцахгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч нь бусдаас хууль зүйн үйлчилгээ авч 1 000 000 төгрөгийн төлбөр төлсөн явдал нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохиролд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь иргэний маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх зорилгоор бусдаас эрх зүйн тусалцаа авах, хөлсөө хэрхэн тогтоохоо өөрөө шийдвэрлэх эрхтэй тул үүнийг үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд тооцох боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/02376 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Ц.Х- гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                              М.НАРАНЦЭЦЭГ   

                   

                                                                                         С.ЭНХТӨР