Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2018/02376

 

2018 оны 09 сарын 25 өдөр Дугаар 184/ШШ2018/02376 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Р-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Х,

Хариуцагч: Ц.Н нарт холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн төлбөр, хохиролд 11.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Х, Ц.Н, тэдгээрийн өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Р-ийннэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Рнь 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Ц.Хтай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Ц.Хын нэх дээр бүртгэлтэй 4.-3. УБА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг 10.300.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Төлбөрийг Ц.Нт хүлээлгэж өгсөн. Гэтэл уг машиныг 2018 оны 5 дугаар сард хулгайн машин гэх үндэслэлээр цагдаагийн албан хаагч хураан авч, анхны өмчлөгчид нь шилжүүлэн өгсөн юм. Үүнээс болоод би машин болон мөнгөгүй үлдлээ. Хариуцагч нар нь эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул гэрээний дагуу төлсөн 10.300.000 төгрөг болон өмгөөлөгчид төлсөн хөлс 1.000.000 төгрөг, нийт 11.300.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Х, Ц.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид хуучин машин худалдан авч цааш худалдаалдаг бизнес хийдэг юм. 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Пүрэвдорж гэх хүнээс Приус-20 маркийн машин авч зогсоолд тавьж байгаад 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Б.Р-д10.300.000 төгрөгөөр худалдаж, уг мөнгийг бүхэлд нь авсан нь үнэн юм. Уг машиныг хулгайн гараар орсон машин болохыг мэдээгүй ба эрх бүхий этгээдүүд дуудаж мэдүүлэг авах үед мэдсэн. Бид анхнаасаа уг нөхцөл байдлыг мэдээгүй болохоор санаатайгаар Б.Р-д хохирол учруулаагүй, өөрсдөө энэ хэргийн улмаас хохирол амссан, хүчин төгөлдөр гэрээний дагуу Б.Р-ийн нэр дээр нэгэнт шилжсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн энэ хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Рнь 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-ээс татгалзаж, уг гэрээний дагуу төлсөн 10.300.000 төгрөг болон өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөгийг тус тус хариуцагч Ц.Х, Ц.Н нараас буцаан гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар нь гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг доголдолтой байсныг мэдээгүй, гэрээнээс татгалзах үндэслэлгүй, уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвөшөөрснөөр талууд маргасан байна.

Хариуцагч Ц.Х нь 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу NHW20314.... арлын дугаартай, бор шаргал өнгийн Тоёота Приус /Toyota Prius/ маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Б.Р-д10.300.000 төгрөгөөр худалдсан, 10.300.000 төгрөгийг Ц.Нын дансаар дамжуулан хүлээж авсан, уг тээврийн хэрэгслийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн Газрын эрх бүхий албан тушаалтан хулгайн гэмт хэргийг шалгах явцдаа хураан авсан болох нь баримтаар тогтоогджээ. /хх 42-43, 55-56 дугаар тал/

Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д: Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж заажээ. Нөгөө талаас, худалдсан эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг эрх бүхий этгээдээс хязгаарлах боломжтой, эсхүл хязгаарласан байвал уг эд хөрөнгийг эрхийн доголдолтой гэж үзнэ. Учир нь, худалдан авагч энэ тохиолдолд тухайн эд хөрөнгөтэй холбоотой эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болдог бөгөөд худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагч нь эд хөрөнгийг зориулалтын дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах зэргээр тухайн эд хөрөнгийн хувьд эдлэх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэхийн тулд худалдагчид хариу төлбөр төлдөг байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д: Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан тул дээр дурдсан эрхийн зөрчил нь худалдах-худалдан авах гэрээний худалдагчийн хүлээсэн үндсэн үүргийн зөрчилд тооцогддог байна.

Иймд нэхэмжлэгч буюу худалдан авагч Б.Рнь Иргэний хуулийн

225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн 10.300.000 төгрөгийг худалдагч Ц.Хаас буцаан шаардах эрхтэй бөгөөд шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээг Ц.Хтай байгуулсан байх ба хариуцагч Ц.Н болон нэхэмжлэгч Б.Рнарын хооронд хууль болон гэрээнд зааснаар үүрэг үүсээгүй, хариуцагч Ц.Н нь зөвхөн Ц.Хын зөвшөөрснөөр, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар төлбөрийг хүлээн авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Н хариуцах учиргүй юм.

Нэхэмжлэгч нь, гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс өөрт учирсан хохирол буюу өмгөөлөгчид төлсөн хөлс гэх 1.000.000 төгрөгийг хариуцагч нараас шаарджээ. Мэргэжлийн хуульчаас эрх зүйн туслалцаа авах нь тухайн этгээдэд хууль болон гэрээгээр хүлээлгэсэн үүрэг бус, эрх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан зайлшгүй зардалд тооцогддоггүй байна. Мөн нэхэмжлэгчээс 1.000.000 төгрөгийн зардал гарсан нь баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг эргэлзээтэй гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Эрхийн зөрчлийн талаар худалдагч өөрөө мэдсэн эсэх, мэдэх боломжтой байсан эсэх нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д заасан эрхийн зөрчлийг үгүйсгэх, түүнчлэн хуульд заасан үндэслэлээр гэрээнээс татгалзах худалдан авагчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй ба эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр нь мөн хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлахгүй юм.

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь Ц.Х болон Б.Рнарын хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-тэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй, Д.П-д холбогдох, хулгайлах гэмт хэргийг шалгаж байгаа болох нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна. Иймд Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу шаардлага гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Хаас 10.300.000 төгрөгийг гаргуулан Б.Р-долгож, нэхэмжлэлээс 1.000.000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ц.Нт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хаас 179.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Р-долгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР