Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/00416

 

 

 

 

 

 

 

2022 01 28

101/ШШ2022/00416

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 60 дугаар байр, 47 тоот хаягт оршин суух Хул адуут овогт С.Г /РД:0/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 хэсэг 23-1154 тоот хаягт оршин суух Цагаагчин овогт Г.Б /0/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 60 дугаар байр, 47 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Боржигон овогт Ш.Н /РД:0/-д холбогдох,

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол нийт 109,852,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 16,903,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Г, Г.Б, түүний өмгөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Баярцэцэг бид хоёр хариуцагч Ш.Нармандахаас гаргасан байр зарна гэсэн зарын дагуу 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Жалханз хутагт Дамдинбазрын гудамжид 60-р байрны 47 тоот 1 өрөө 36,7 м.кв орон сууцыг 58,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэхдээ байрны төлбөрийг хүүтэй төлөхөөр хариуцагчтай тохиролцож гэрээ байгуулсан. Ингээд урьдчилгаа 10,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэх төлбөрөө зээлээр төлөхөөр тохиролцсон. Бидний худалдан авахаар тохирсон байсан орон сууцыг Ш.Нармандах Голомт банкны ипотекийн зээлээр авсан, зээлээ төлж дуусгаагүй барьцаалбартай байсан. Бид Ш.Нармандахын өмнөөс Голомт банкны зээлийг нь төлдөг байсан. Бид 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд орон сууцны төлбөрт нийт 65,920,640 төгрөгийг бэлнээр болон дансаар цувуулан өгсөн. Бэлнээр өгсөн мөнгөнд талх, өндөгний үнэ ч багтаж байгаа. Г.Баярцэцэг бид хоёр хамтдаа хүнсний лангуу ажиллуулдаг байсан юм. Мөнгөө өгч чадахгүй болсон тохиолдолд талх, өндөгөөр орлуулж өгдөг байсан. Бид сүүлдээ мөнгөө хугацаандаа төлж чадахгүй болж, хааяа тодорхой хэмжээний хуримтлал өр үүсгээд тэрийгээ төлж явсаар сүүлдээ төлж чадахгүй болсон. Ш.Нармандах нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж дураараа авирлан биднийг орон сууцанд үргэлжлүүлэн оруулахгүйгээр бусдад сарын 550,000 төгрөгөөр түрээсэлж их хэмжээний ашиг олж, сүүлдээ энэ орон сууцаа бусдад зарсан. Бид орон байртай болох гэж хичээж чадахаараа төлбөр төлж байсан. Бидэнд орон сууцаа худалдах гэрээ байгуулсан мөртлөө өөр хүнд орон сууцаа зарж биднийг хохироосон.

Манай гэр бүл 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нийтийн байр түрээслэн амьдарч, сүүлдээ манай гэр бүл энэ байдлаас болоод үл ойлголцол гарч салж, тусдаа амьдарч байна. Бид Ш.Нармандахын орон сууцнаас гарсанаас хойш өөр байр түрээслэж, түрээсийн төлбөрт 22,550,000 төгрөгийг төлж хохироод байна. Хэрвээ Ш.Нармандах гэрээний үүргээ биелүүлж орон сууцаа бидэнд зарсан байсан бол бид өөр орон сууц түрээслэж хохирохгүй байх байсан. Хариуцагчийн байранд амьдарч байх хугацаандаа 1 өрөө орон сууцыг 2 өрөө болгож завсарлахад 800,000 төгрөг зарцуулсан. Нэгэнт гэрээний харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул бид өгсөн мөнгөө буцааж авмаар байна.

Үүнд орон сууцны үнэд нийт төлсөн 87,302,000 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол буюу Ш.Нармандахын буруутай үйлдлийн улмаас өөр байр түрээслэж суусан түрээсийн төлбөр 22,550,000 төгрөг, нийт 109,852,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж надад олгож өгнө үү. Энэ мөнгөнөөс Г.Баярцэцэг авах ёсгүй. Учир нь тэр хоёр дагавар хүүхэдтэйгээ надтай анх нийлж амьдарч байхдаа миний мөнгийг их зарцуулсан тул би 109,852,000 төгрөгийг ганцаараа авах ёстой гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгч Г.Баярцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.*******аас гаргасан тайлбар бүгд үнэн. Иймд Ш.Нармандахаас орон сууцны үнэд нийт төлсөн 87,302,000 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол буюу Ш.Нармандахын буруутай үйлдлийн улмаас өөр байр түрээслэж суусан түрээсийн төлбөр 22,550,000 төгрөг, нийт 109,852,000 төгрөг гаргуулмаар байна. Харин энэ мөнгийг С.******* бид хоёр тэнцүү хувааж авах ёстой гэж үзэж байна. Учир нь бид хоёр аль аль нь Ш.Нармандахад өгсөн мөнгийг тэнцүү гаргаж буюу хамдтаа ажиллуулж байсан лангууны орлогоосоо төлж байсан. Би мөн хоёр хүүхдийнхээ хадгаламжийн мөнгийг өгч байсан. Иймд 109,852,000 төгрөгийг Ш.Нармандахаас гаргуулж С.******* бид хоёрт тэнцүү олгож өгнө үү гэв.

Хариуцагч Ш.Нармандах шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие энэ орон сууцыг 2011 оны 6 сард Голомт банкны урт хугацааны зээлээр худалдан авсан. Улмаар худалдан борлуулахаар болж 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Г.Баярцэцэг, С.******* нартай 2015 оноос хойш гурван ч удаа гэрээ байгуулж байна. Энэ хүмүүс өөрсдөө зээлээр худалдаж авах хүсэлт тавьсан бөгөөд Голомт банкинд 21,800,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсныг гэрээнд тусгаж энэ зээлийг хариуцагч нар төлөхөөр болсон. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохирсон хугацаандаа төлбөр төлөхгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөны улмаас Голомт банкны зээлийг би өөрийнхөө орлогоор төлж байсан. Би удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, хугацаа олгосон боловч төлбөрийг төлөхгүй байсан тул 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр аргагүйн эрхэнд байрыг өөр хүнд түрээслэхээр болсон бөгөөд энэ хүмүүс энэ бүх цаг хугацаанд миний байранд үнэгүй амьдарсан. Улмаар 2015 оноос 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд байрыг би өөр хэн нэгэн этгээдэд худалдаагүй, энэ хүмүүсийн төлбөрөө бүрэн барагдуулахыг 3 жил тэвчээртэй хүлээсэн. Ингээд сүүлдээ байраа буцаан авч бусдад түрээслэн, худалдсан байгаа. Энэ мөнгөнөөс минь хүртэл нэхэмжлэгч нар мөнгө зээлж авч байснаа өгөөгүй байгаа. Энэ хугацаанд эдгээр хүмүүсээс 22,793,140 төгрөгийг надад шилжүүлсэн бөгөөд энэ мөнгийг буцаан өгнө. Нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

Хариуцагч Ш.Нармандах шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие нэхэмжлэгч нартай 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уулзаж, уг байрыг тухайн үед 68,000,000 төгрөгийн ханштай байсныг ярилцаж тохироод бэлэн мөнгөөр 58,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Тухайн үед байр маань 21,800,000 төгрөгийн барьцаанд байсан. Гэвч худалдан авагч тал мөнгө орж ирэхгүй байна, удахгүй байрны төлбөрийг төлнө гэх шалтгаанаар төлбөрийг хойшлуулж хугацаа алдсан. Ингээд байрны төлбөрийг боломжит хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр тохиролцон мөн Голомт банкны үлдэгдэл зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцож байранд минь нүүж орсон. Гэвч тохирсон ёсоор төлбөрүүдийг төлөөгүй тул би өөрийн орлогоос төлж байсан. 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Г.Баярцэцэг, С.******* нар бидэнд мөнгө хэрэгтэй байна, байранд чинь хүн суулгаад мөнгө зээлсний барьцаанд байранд суух хүсэлтэй хүн байна гээд А.Баттүшигийг надтай танилцуулсан. Учир нь Баттүшигээс зээлдүүлж байранд суух 11,000,000 төгрөгийг*******, ******* нар надаас зээлж эргэлдүүлье гэсэн санал хэлэхэд би зөвшөөрсөн. Ингээд 11,000,000 төгрөгийг Г.Баярцэцэгт зээлдүүлсэн. Гэтэл Г.Баярцэцэг, С.******* нар зээлсэн мөнгөө өгөөгүйн улмаас дахин нэг жилээр гэрээг сунгахаас аргагүй нөхцөл байдалд орсон. Ингээд мөнгөө өгөхгүй болохоор нь би арга буюу өөр хүн олж байрандаа оруулж өмнөх хөлслөгчийн мөнгийг өгч байрнаас гаргасан. Нэхэмжлэгч нар өнөөдрийг хүртэл хугацаанд надад зээлсэн 11,000,000 төгрөгөө өгөөгүй бөгөөд байр худалдан авна гэж итгүүлэн 2015 оноос хойш 2018 он хүртэл байранд минь амьдарч намайг өдий хүртэл хохироож байгаад гомдолтой байна. Иймд Г.Баярцэцэг, С.******* нараас тухайн байранд амьдарч байсан хугацаа буюу тухай байрыг ашиглаж байсан хугацаа болох 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 30 сар 22 хоног уг байрыг ашиглаж байсны төлбөр 550,000 төгрөгийг 30 сар 22 хоногоор тооцож 16,903,000 төгрөгийг гаргуулна. Г.Баярцэцэгээс зээлийн гэрээний үүрэг 11,000,000 төгрөг, алданги 5,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв. 

 

Нэхэмжлэгч С.******* сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан хариу тайлбартаа:

Биднээс авсан мөнгөнөөс нэг ч төгрөгийг төлөөгүй, хүүгүй олон жил ашиглаж байна. Иймд биднээс мөнгө тооцож нэхэх учиргүй. Хоёрдугаарт, бид тухайн орон сууцны зардлыг сар бүр төлөөд барагдуулсан тул байр түрээслэж тооцож бодсон сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь шударга ёсонд нийцэнэ гэж бодож байна гэв.

 

Нэхэмжлэгч Г.Баярцэцэг сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан хариу тайлбартаа:

Надад Ш.Нармандах 11 сая төгрөг өгөөгүй. Хэдийгээр энэ зээлийн гэрээг 11,000,000 төгрөг гэж байгуулсан хэдий ч надад бодитоор 4,700,000 төгрөгийг л өгсөн. Иймд би өөрийн авсан 4,700,000 төгрөгийг төлнө. Бид нараас авсан байрны мөнгөө өгөөгүй биднийг хохироочихоод одоо байранд амьдарч байсан хугацааны түрээсийн төлбөрийг төлөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хэрэг авагдсан нотлох баримтууд болох:

- Нэхэмжлэгч талаас гаргасан 2018 оны 5 сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 2019 оны 10 сарын 22-ны өдрийн нийтийн байранд өрөө түрээслүүлэх гэрээ, 2018 оны 5 сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээ, 2018 оны 05 сарын 25-ны өдрийн орон сууц хөлслөх болон зээлийн холимог гэрээ, 2020 оны 06 сарын 21-ний орон сууц хөлслөх, зээлийн холимог гэрээ, орлогын мэдүүлгийн баримтууд, гараар бичсэн тооцоолол, фото зураг, дансны хуулгууд, 2017 оны 04 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, кассын орлогын ордерийн баримтууд, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 07 сарын 20-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ,

 

- Хариуцагч талаас гаргасан 2015 оны 11 сарын 03-ны өдрийн зээлийн хөрөнгөөр ирээдүйд орон сууц худалдах авах гэрээ, дансны хуулгууд, 2018 оны 05 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2018 оны 05 сарын 25-ны өдрийн орон сууц хөлслөх болон зээлийн холимог гэрээ, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2015 оны 11 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн дансны хуулга,

- хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.*******, Г.Баярцэцэг нар нь хариуцагч Ш.Нармандахад холбогдуулан орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 87,302,000 төгрөг, гэрээ цуцалсанаас учирсан хохиролд 22,550,000 төгрөг, нийт 109,852,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлээр шаардсан нийт 109,852,000 төгрөг нь бүхэлдээ надад ногдох мөнгөн хөрөнгө тул ганцаараа авна гэж, нэхэмжлэгч Г.Баярцэцэг нь С.*******ын хамтаар орон сууцны төлбөрийг төлж байсан тул 109,852,000 төгрөгийг С.*******тай тэнцүү хувааж авна гэж тус тус шаардсан.

 

Хариуцагч Ш.Нармандах нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 22,793,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, бусад хэсэгт маргаж, нэхэмжлэгч нараас 16,903,000 төгрөг, нэхэмжлэгч Г.Баярцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг тус тус гаруулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Ш.Нармандахаас 50,273,140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******, Г.Баярцэцэг нарт олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 59,578,860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч С.*******, Г.Баярцэцэг нараас 16,903,000 төгрөг, нэхэмжлэгч Г.Баярцэцэгээс 7,050,000 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч Ш.Нармандахад олгож, сөрөг нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүрэгт хамаарах үлдэх 9,450,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч С.*******, Г.Баярцэцэг нар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Ш.Нармандахтай зээлийн хөрөнгөөр ирээдүйд орон сууц худалдан авах гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр Ш.Нармандах нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 6 дугаар байр 47 тоотод байрлах 36.7 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдах, орон сууцны үнийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх, С.*******, Г.Баярцэцэг нар нь орон сууцны үнэд 58,000,000 төгрөг төлөх, үүнээс 21,866,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийн сар бүрийн төлбөр болох 256,000 төгрөгийг Ш.Нармандахын өмнөөс сар бүрийн 20-ны өдрийн дотор төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 77 дугаар тал/

 

Мөн зохигчдын хооронд 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дахин үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах болзолт гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр С.*******, Г.Баярцэцэг нар нь худалдан авч буй орон сууцны Голомт банкны ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 18,230,000 төгрөгийг төлөх, орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр болох 10,770,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд сарын 3 хувийн хүүтэй төлөх үүргийг, Ш.Нармандах нь орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн тохиолдолд орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 4 дүгээр тал/

Зохигчдын хэн аль нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээний үргэлжлэл бөгөөд орон сууцны үнэд төлөх төлбөрийн хэмжээ, үлдэгдэл зэргийг дахин тодорхойлж байгуулсан гэрээ болохыг тус тус тайлбарласан.

 

Дээрх нэр бүхий худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 6 дугаар байр, 47 тоотод байрлах 36.7 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц нь Голомт банкны ипотекийн зээлийн барьцаанд Ш.Нармандах нь барьцаалсан байсан, тус банкнаас авсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг дуусгавар болгоогүй байсан болохыг нэхэмжлэгч нар мэдэж байсан талаар талуудын хэн аль нь тайлбарласан, уг үйл баримт нь ипотекийн гэрээ, орон сууцны зээлийн гэрээ, худалдах-худалдан авах гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон. /2-р хх-ийн 63-67 дугаар тал/

 

Бусдын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл байгуулах тохиолдолд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж, 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус зааснаар гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх журамтай.

 

Талууд дээрх нэр бүхий худалдах-худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байна. Мөн талуудыг худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох орон сууц нь Голомт банкид орон сууцны ипотекийн зээлийн гэрээний барьцаанд 26,000,000 төгрөгийн хэмжээгээр барьцаалагдсан, эрхийн зөрчилтэй байжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдах-худалдан авах журамтай. Гэтэл талууд Иргэний хуулийн 109, 110-т заасан хэлбэрийн шаардлага, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг тус тус зөрчиж орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байна.

 

Иймд талуудын талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн... хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Зохигчид үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус үйл баримтад маргаагүй, харин тус хэлцлээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үнийн дүнд маргасан.

Хүчин төгөлдөр бус хэлцэлтэй холбоотойгоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж, 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж тус тус зааснаар талууд дээрх гэрээний дагуу харилцан бие биедээ шилжүүлсэн зүйлээ буцаан өгөх журамтай.

 

Нэхэмжлэгч С.*******, Г.Баярцэцэг нар нь маргааны зүйл болох орон сууцанд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл амьдарч, орон сууцыг хариуцагч Ш.Нармандахад хүлээлгэн өгсөн талаар талуудын хэн аль тайлбарласан, уг үйл баримтад маргаагүй. Нэхэмжлэгч нар нь хүчин төгөлдөр бус гэрээний дагуу өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авсан байсан орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлсэн байна.

 

Харин нэхэмжлэгч нар нь орон сууцны үнэд нийт 87,302,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 22,550,000 төгрөг, нийт 109,852,000 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч нь орон сууцны үнэд нийт 22,793,140 төгрөг төлсөн, уг мөнгөн хөрөнгийг буцаан төлнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээс үзэхэд нэхэмжлэгч Г.Баярцэцэгийн эзэмшлийн данснаас нийт 22,793,140 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Ш.Нармандахын эзэмшлийн данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 32-72, 78-155, 179, 193, 196-198 дугаар тал/ Энд банкны орлогын баримтуудад тусгагдсан үнийн дүн, он, сар нь банкны дансны хуулгатай давхцаж байгаа буюу орлогын баримтад тусгагдсан мөнгөн дүн нь тусдаа төлөгдсөн төлбөр биш байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Мөн талууд анх 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ байгуулах үедээ 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас хариуцагчид орон сууцны төлбөрт зориулж бэлнээр хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигчдын хэн аль нь маргахгүй тайлбарладаг.

 

Нэхэмжлэгч С.******* хариуцагч Ш.Нармандах нар 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр С.******* нь 16,000,000 төгрөгийг Ш.Нармандахад зээлдүүлэхээр тохиролцсон байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нараас ...уг зээлийн гэрээг байгуулсан зорилго нь орон сууцны үлдэх үнийг хэд хэдэн удаагийн үйлдлээр цувуулан бэлнээр мөнгө болон бараа/хүнсний бүтээгдэхүүн/-гаар төлдөг байсан. Ингээд бэлнээр төлж байсан төлбөрүүдийнхээ тооцоог Ш.Нармандахтай нийлж, нийт бэлнээр өгсөн мөнгөний тооцоог гаргаж, үүнийгээ зээлийн гэрээ хэлбэрээр баталгаажуулсан. Бодитоор зээлийн гэрээ байгуулж, 16,000,000 төгрөгийг зээлдүүлсэн зүйл байхгүй гэж тайлбарласан. /хх-ийн 173 дугаар тал/

 

Хариуцагч Ш.Нармандах нь нэхэмжлэгч С.*******аас 16,000,000 төгрөгийг бодитоор зээлж аваагүй гэж тайлбарладаг боловч дээрх 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг ямар учраас байгуулах болсон үндэслэлээ тодорхой тайлбарлаж чадаагүй.

 

Иймд 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ гэх баримтаар орон сууцны үнэд бэлнээр хүлээлгэн өгсөн мөнгөн хөрөнгийн үнийн дүнг талууд тооцоо нийлэх замаар гаргаж, нийт 16,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болохыг баталгаажуулсан гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

Хэргийн 32 дугаар талд авагдсан мөнгө хүлээлгэн өгсөн баримтад нийт 1,480,000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ гэх баримтаар тооцоо нийлсэнээс хойш буюу 2019 онд үйлдсэн, уг баримтад хариуцагч Ш.Нармандахын гарын үсгээ тухай бүр зурж хүлээн авсан баримтад мэдээлэл агуулагдаж байна.

 

Харин хэргийн 181, 192 дугаар талд авагдсан нэхэмжлэгч нараас нотлох баримтаар цуглуулж өгсөн бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн гэх гараар бичсэн бичвэрт зурагдсан гарын үсгийг хариуцагч Ш.Нармандахаас ...миний гарын үсэг биш... гэж маргадаг ба Г.Баярцэцэгийн өөрийн хөтөлсөн тэмдэглэл бүхий баримтууд байна. Иймд дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч нараас бэлэн мөнгө хариуцагчид шилжүүлсэн гэж үзэхэд дутагдалтай, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхээргүй байна.

 

Дээр дурдсанаар хэргийн баримтуудаар нэхэмжлэгч С.*******, Г.Баярцэцэг нараас урьдчилгаанд бэлнээр өгсөн 10,000,000 төгрөг, дансаар шилжүүлсэн 22,793,140 төгрөг, тооцоо нийлэх замаар бэлнээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө 16,000,000 төгрөг, 2019 онд бэлнээр өгсөн 1,480,000 төгрөг, нийт 50,273,140 төгрөгийг хариуцагчид орон сууцны үнэд төлсөн байна. Иймд уг 50,273,140 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч нар нь орон сууцны үнэд нийт 87,302,000 төгрөгийг шилжүүлсэн гэж нэхэмжилсэнээс 50,273,140 төгрөг нь баримтаар нотлогдож, үлдэх мөнгөн хөрөнгө нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч нар орон сууцны үнэд төлсөн гэх нийт төлбөрт багтах 16,000,000 төгрөгөөс нь зээлийн хүү тооцож 5,381,360 төгрөгийг 87,302,000 төгрөгт хамаарч байгаа гэж тодорхойлж хүү гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ нь талуудын хоорондын тооцоо нийлсэн баримт болох нь тогтоогдсон, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүсээгүй тул зээлийн хүү нэхэмжлэх эрхгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нарын гэрээ цуцалснаас учирсан хохиролд 22,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь, талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь хүчин төгөлдөр гэрээг цуцалсантай холбоотойгоор хохирол шаардах эрхийг тодорхойлсон. Иймд талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул гэрээ цуцалснаас учирсан хохирол шаардах хууль зүйн үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс учирсан хохирлоо шаардах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч нар нь маргааны зүйл болох орон сууцыг Голомт банкны зээлийн барьцаанд байгаа болохыг хариуцагчтай гэрээ байгуулах үедээ мэдэж байсан, эрхийн зөрчилтэй гэдгийг мэдсээр атлаа хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулсан. Иймд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан явдалд хариуцагчийг дангаар шууд буруутгах үндэслэл болохгүй.

 

Нөгөө талаар, нэхэмжлэгч нар нь өөрсдийн амьдран суух зориулалтаар бусадтай орон сууц хөлслөх гэрээ байгуулж, хөлсний үнэд төлсөн гэх 22,550,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч С.******* нь Г.Баярцэцэгтэй хамтын амьдралтай байх хугацаанд хүнсний лангуу ажиллуулж, уг лангуунаас олсон орлогоос орон сууцны үнэ төлдөг байсан талаар өөрөө тайлбарладаг атлаа Ш.Нармандахад шилжүүлсэн мөнгө Г.Баярцэцэгт хамааралгүй, би ганцаараа буцааж авна гэж шаардсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, С.*******, Г.Баярцэцэг нарын хооронд үүссэн зан харилцааны тааламжгүй байдал нь Г.Баярцэцэгээс орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг үгүйсгэхгүй юм. Мөн хариуцагч Ш.Нармандахын эзэмшлийн данс руу нэхэмжлэгч Г.Баярцэцэгийн эзэмшлийн данснаас мөнгө шилжүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Эдгээр үндэслэлүүдээр хариуцагч Ш.Нармандахаас 50,273,140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******, Г.Баярцэцэг нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 59,578,860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч нь нэхэмжлэгч нараас 16,903,000 төгрөг, нэхэмжлэгч Г.Баярцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг тус тус гаруулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нар С.*******, Г.Баярцэцэг нар нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд маргааны зүйл болох орон сууцанд амьдарсан, уг амьдарсан хугацааны төлбөрийг сарын 550,000 төгрөгөөр тооцож, 30 сар 22 хоногийн төлбөр 16,903,000 төгрөгийг гаргуулна гэж шаардсан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч С.*******, Г.Баярцэцэг нар нь хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд маргааны зүйл болох орон сууцыг өөрсдийн эзэмшилээ байлгасан, энэ хугацаанд хамтдаа амьдарч байсан үйл баримтад маргаагүй.

 

Шинжээч Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 6 дугаар байр 47 тоотод байрлах 36.7 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны түрээсийн үнийн зах зээлийн судалгааг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд он тус бүрээр гаргаж, нийт 16,950,000 төгрөг болохыг тодорхойлсон. /2-р хх-ийн 93-106 дугаар тал/

 

Иймд хариуцагч Ш.Нармандахаас гаргасан 16,903,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч С.*******, Г.Баярцэцэг нараас уг мөнгөн хөрөнгийг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Ш.Нармандах нь нэхэмжлэгч Г.Баярцэцэгтэй 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Ш.Нармандах 11,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, Г.Баярцэцэг нь хугацаандаа зээлийн төлбөр төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 156 дугаар тал/

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Хариуцагч нь дээрх гэрээний дагуу 11,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Баярцэцэгт зээлдүүлсэн гэж, алданги 5,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь хариуцагч Ш.Нармандах нь зээлийн гэрээний дагуу 11,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Баярцэцэгт хүлээлгэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Харин нэхэмжлэгч Г.Баярцэцэг нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний дагуу 4,700,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан талаар тайлбарласан. Иймд Ш.Нармандах, Г.Баярцэцэг нарын хооронд 4,700,000 төгрөгийн хэмжээгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Нэхэмжлэгч Г.Баярцэцэг нь 4,700,000 төгрөгөөс зээлийн төлөлт төлөөгүй талаар тэрээр өөрөө тайлбарлаж, уг мөнгөн хөрөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин алдангийн төлбөр төлөхгүй гэж маргасан.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.6 дахь хэсэгт зээлдэгч хугацаандаа мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж заасан байна.

Зээлийн гэрээний талууд анзын тохиролцоог бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг хангасан, анзын тохиролцоог Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох замаар чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд тохиролцсон байх тул нэхэмжлэгч Г.Баярцэцэгийн алданги төлөхгүй гэх татгалзал үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч Г.Баярцэцэгээс зээлийн гэрээний үндсэн үүрэг 4,700,000 төгрөг, алданги 2,350,000 төгрөг, нийт 7,050,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ш.Нармандахад олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Ш.Нармандахаас 50,273,140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******, Г.Баярцэцэг нарт олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 59,578,860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч С.*******, Г.Баярцэцэг нараас 16,903,000 төгрөг, нэхэмжлэгч Г.Баярцэцэгээс 7,050,000 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч Ш.Нармандахад олгож, сөрөг нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүрэгт хамаарах үлдэх 9,450,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хэргийн 199 дүгээр талд авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ш.Нармандахаас Г.Баярцэцэгт 23,000,000 төгрөг зээлдүүлсэн гэх гэрээ нь бодитоор хэрэгжээгүй, уг гэрээний дагуу 23,000,000 төгрөгийг Ш.Нармандахаас шилжүүлээгүй, маргаан бүхий орон сууцны төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулах зорилгоор байгуулсан гэрээ болохыг талуудын хэн аль нь тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Нармандахаас 50,273,140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******, Г.Баярцэцэг нарт, нэхэмжлэгч С.*******, Г.Баярцэцэг нараас 16,903,000 төгрөг гаргуулж хариуцагч Ш.Нармандахад тус тус олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 59,578,860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Баярцэцэгээс 7,050,000 төгрөг гаргуулж хариуцагч Ш.Нармандахад олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 9,450,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 756,875 төгрөг, хариуцагчаас төлсөн 324,965 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 409,315 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч нараас 242,465 төгрөг, нэхэмжлэгч Г.Баярцэцэгээс 127,750 төгрөг тус тус гаргуулж хариуцагчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ