Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2022/00407

 

 

 

 

 

 

 

2022 01 27

101/ШШ2022/00407

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 20/1 дүгээр байр, 12 тоотод оршин сууж байсан, одоо АНУ-д оршин суух, АНУ-ын иргэн ******* /паспортын дугаар 0/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 363 тоотод оршин байрлах,******* ХХК /рд:/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, Ч.Л, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Америк улсын иргэн Бретт Рашворт нь 2019 оноос эхлэн*******д англи хэлний багшаар ажилд орсон. Гэтэл хөдөлмөрийн гэрээг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон ажилтныг ажил олгогчийн санаачилгаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө 30 хоногийн өмнө мэдэгдэх байтал уг үүргээ биелүүлээгүй, мэдэгдээгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгчид бичгээр гардуулж өгөөгүй. Гэхдээ хөдөлмөрийн гэрээг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож байгааг амаар мэдэгдсэн, бичгээр мэдэгдэх ёстой байсан. Мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил, албан тушаал нь байнгын ажлын байр байхад хариуцагч нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж хууль зөрчсөн атлаа гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуулийг ноцтой зөрчсөн. Мөн ажлаас чөлөөлсөн тушаалыг захирал Д.Гантуяа гэж гаргасан байдаг. Гэтэл тус сургуулийн гүйцэтгэх захирал Б.Баясгалан болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагддаг. Тушаал гаргах эргүй этгээд тушаал гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна. Түүнчлэн ээлжийн амралттай байгаа ажилтаныг ажлаас чөлөөлөх хориглодог байтал нэхэмжлэгчийг ээлжийн амралттай хугацаанд нь ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт ажлын 6 хоногийн цалин 1,714,284 төгрөг гаргуулах болон ээлжийн амралтын дутуу олгосон зөрүү 2,045,325 төгрөг гаргуулах тухай шаардлагуудаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийг англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Хатчаар уламжлан гадаад багш нарын хөдөлмөрийн харилцааны асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд Брэттийн хөдөлмөрийн гэрээг сургуулийн зүгээс сунгахгүй талаар Хатчаар уламжлан холбогдох багш нарт мэдэгдсэн. Бретт Рашворт Хатч бид нарын хөдөлмөрийн гэрээг дахин сунгахгүй болсон талаар надад мэдэгдсэн, ажилгүйдлийн тэтгэмж авахад хэрэгтэй бичиг баримтуудаа авъя гэж Миний амралтын мөнгийг бүтнээр нь олговол надад өөр сургуулиас хүсэх зүйл байхгүй, гомдолгүй гэж дэд захиралд имэйл илгээсэн. Бретт Рашворттой байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2021.08.31-нд дуусч байгаа бөгөөд гэрээнд заасны дагуу талууд гэрээг шинэчлэх, өөрчлөх, сунгах эсэх талаар ийнхүү 30-аас доошгүй хоногийн өмнө ажилтанд мэдэгдсэн тул гэрээг түүнээс сарын дараа цуцлах эрх ажил олгогчид үүссэн. Багш нарын ээлжийн амралт 5 сарын 24-ний өдрөөс эхэлсэн, ээлжийн амралтын олговрыг уг өдрөөс ажлын 48 хоногоор тооцож бүрэн олгох тул 5 сарын 31-ний өдрөөр гэрээг цуцлахад ажилтанд ямар нэг хохирол учрахгүй. Харин ч ажилтны хувьд дараах ажлын байраа хайх, олох, ажил олгогчийн хувьд дараах ажилтныг хайх, олоход хугацаа олгоно гэж үзэн тушаал 5 сарын 31-ний өдрөөр албан тушаалаас нь чөлөөлсөн. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс бүх багш нарын ээлжийн амралт эхэлсэн бөгөөд Бретт Рашвортад ажлын 48 хоногоор тооцож ээлжийн амралтын олговрыг бүрэн олгосон, уг олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, тайланг хүргүүлсэн. Бүх ажилчид 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс ээлжийн амралтаа авч, амралтын мөнгөө бодуулж авсан. Иймд 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 6 өдрийн цалин дутуу олгосон гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Ажлаас чөлөөлсөн тушаалыг Д.Гантуяа гэх нэрээр гаргасан боловч гарын үсгийг түүний өмнөөс Б.Баясгалан захирал зурсан. Д.Гантуяа нь манай сургуулийн захирлаар ажилладаг хүн байгаа. Бретт Рашворттой байгуулсан хөдөлмөрийн гэрээг ч Д.Гантуяа захирал байгуулсан.

Нэхэмжлэгч нь Монгол Улсад оршин суух зөвшөөрөл нь дууссан байх үедээ бусдад итгэмжлэл олгож, уг итгэмжлэлийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл нь хэлбэрийн болон хуульд заасан шаардлага хангахгүй байна. Бретт Рашворттой хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах зайлшгүй шаардлагатай байсан. Учир нь гадаадын иргэн тул Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авдаг. Уг зөвшөөрлийг 6 сараар авдаг тул Гадаадын иргэн харьяатын газраас зөвшөөрөл олгох эсэх нь ирээдүйд тодорхойгүй байдаг тул хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцоод хугацаатай байсан. Ингээд хөдөлмөрий гэрээний хугацаа нь дууссан тул тухайн жилийн ээлжийн амралтын мөнгөө бүтэн бодуулаад харилцан тохиролцоод ажлаас нь чөлөөлсөн. Өнөөдөр Бретт Рашворт нь Монгол Улсад байхгүй, АНУ-руугаа явсан байгаа. Ажилдаа буцаж орох сонирхол үнэхээр байгаа эсэх нь тодорхойгүй, ажилдаа орлоо гэж бодоход түүнийг Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг өгөх эсэх нь тодорхойгүй байна. Тэрээр Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хугацаагаа хэтрүүлэн, хууль зөрчиж байсан тул түүнд оршин суух зөвшөөрөл өгнө гэдэг нь эргэлзээтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- Нэхэмжлэгчээс гаргасан итгэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2021/11772 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, баталгаат шуудангийн дугтуй,

- хариуцагчаас гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, итгэмжлэл, и-мэйл, тус мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, ээлжийн амралтын тооцоо, цалингийн хүснэгт, Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан хийсэн шилжүүлгийн мэдээлэл, ажлаас чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээ, тойрох хуудас, ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралт, ажилд томилсон тушаал, эвийн хэлэлцээр хийх тухай бичиг, хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын лавлагаа, Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаа, фэйсбүүк захидалд хийсэн үзлэгийн тэмдэглэл,

- шүүх бүрдүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/11026 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, сургуулийн захирлыг томилох тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журам зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч АНУ-ын иргэн ******* /Бретт Рашворт/ нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, ажиллаж байх хугацаанд 6 өдрийн дутуу олгосон цалин 1,714,284 төгрөг, амралтын мөнгөний зөрүү 2,045,325 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажиллаж байх хугацаанд 6 өдрийн дутуу олгосон цалин 1,714,284 төгрөг, амралтын мөнгөний зөрүү 2,045,325 төгрөг тус тус гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинг 42,902,082 төгрөг гаргуулна гэж тодруулсан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...англи хэлний багшийн ажил нь байнгын ажлын байр байхад хугацаатай байгуулж, ажил олгогчийн санаачилгаар ээлжийн амралттай байх хугацаанд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх гэж байгаагаа мэдэгдээгүй. Ажлаас чөлөөлөх тушаалыг эрх бүхий этгээд гаргаагүй, ажлаас чөлөөлсөн тушаал нь хэлбэрийн шаардлага хангаагүй гэж,

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, ажилтанд хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй болсон талаар мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээний хугацааны цалин хөлс, амралтын мөнгийг бүрэн олгож ажлаас нь чөлөөлсөн. Ажилтан нь өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлттэй байгаагаа ч илэрхийлсэн. Нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Б.Төртүвшин нь нэхэмжлэгчийг төлөөлөн нэхэмжлэл гаргахгүй этгээд гэж тус тус тайлбарлаж, маргасан.

 

Олонлог академи сургуулийн захирал Д.Гантуяа, нэхэмжлэгч ******* /Бретт Рашворт/ нар 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай англи хэлний багшаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээний хугацаа дуусахад дахин хөдөлмөрийн гэрээ байгуулж 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байна. /хх-ийн 11-16, 45-52/

 

Хариуцагч Олонлог академи сургуулийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/08 тоот тушаалаар Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, сургуулийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.13.2-т заасныг тус тус үндэслэн ******* /Бретт Рашворт/ 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, англи хэлний багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 44/

 

Шүүх нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан болох нь тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/11026 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлээ баталгаат шуудангаар дамжуулан шүүхэд гаргасан болох нь шуудангийн дугтуйнд тэмдэглэгдсэн дардасаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 05 дугаар сарын 14/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргажээ. /хх-86-88, 109/

 

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, талуудын тайлбар зэргээс үзэхэд ажилтан ******* /Бретт Рашворт/-ын гүйцэтгэж байсан англи хэлний багшийн албан тушаал нь байнгын ажлын байр байна. Байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд хугацаагүй байх журамтай бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно гэж заасан. /хх-ийн 95-102/

 

Сургуулийн үйл ажиллагааны онцлог, гадаадын иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа 6 сар байдаг, уг хугацааг цаашид 6 сараар сунгах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас олгох эсэхээс хамааран ажилтны Монгол Улсад оршин суух хугацаа өөрчлөгдөж болох шаардлага, шалтгааныг харгалзан хөдөлмөрийн гэрээг талууд хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасантай нийцсэн гэж үзэхээр байна.  

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Ажил олгогч, ажилтан нар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах хүсэл зоригоо илэрхийлж, хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, уг гэрээнд талуудын хэн аль нь гарын үсэг зурсан байна.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусахаар боловч сургуулийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан хичээлийн жил 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дууссантай холбоотойгоор уг өдрөөс хойш гэрээний хугацаа дуусах өдрийг хүртэл хугацаанд ажилтаны цалин хөлсийг ээлжийн амралтын олговроор тооцон олгосон байна.

 

Ажил олгогчийн зүгээс цаашид хөдөлмөрийн гэрээг сунгагдахгүй тухай ажилтанд мэдэгдсэн, ажилтаны зүгээс хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах саналтай байгаа болохоо илэрхийлээгүй, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болохыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож ээлжийн амралтын олговор авснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон болох нь ******* /Бретт Рашворт/, сургуулийн дэд захирал Б.Ирмүүн нарын фэйсбүүкээр харилцсан захидал, уг захидлыг баталгаат орчуулагчаар орчуулсан бичвэрт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. /хх-28-30, 171-175/

 

Тодруулбал уг захидалд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* /Бретт Рашворт/-оос ...Сайн уу Ирмүүн. Би англи хэлний тэнхимд маш их өөрчлөлт орж байгаа талаар сонслоо. Хатч миний гэрээг ирэх хичээлийн жилд сунгахгүй болсон талаар надад хэлсэн, тийм болохоор би ирэх жил яах талаараа бодоод эхэлж байна. Би ажилгүйдлийн тэтгэмжийн талаар Нийгмийн даатгалд өргөдөл өгмөөр байна. Энэ талаар хүнээс сонссон бөгөөд сургуулиас захиа авах хэрэгтэй гэсэн. Би захиа болон нийгмийн даатгалын дэвтрээ авч болохуу гэж, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ...Сайн уу, Ирмүүн. Би одоо бичиг баримтаа авахаар сургууль явах гэж байна. Доржоо сургууль дээр байгаа болов уу, надад лавлаад өгөөч, надад түүний утасны дугаар байхгүй юм байна. Би тэгэхдээ сайн ойлгохгүй байна. Надад хэлэхдээ миний гэрээ ирэх хичээлийн жил сунгагдахгүй гэж хэлсэн. Ажлаас гарах өргөдөл өгөхийн тулд би өөрийн хүсэлтээр ажлаас гарах хэрэгтэй гэсэн үг биз дээ. Хэрвээ миний гэрээ сунгагдахгүй юм бол сургууль надад ажлаас халагдах тушаал өгөх хэрэгтэй биш гэж үү..., Би энэний талаар сайн мэдэхгүй бөгөөд сургуульд ямар нэгэн асуудал үүсгэхийг хүсэхгүй байна. Би амралтынхаа цалинг авах юм бол надад өөр хүсэх зүйл байхгүй ээ, тийм болохоор энэ талаар хөөцөлдөхөө болилоо гэжээ.

 

Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тойрох хуудсыг үйлдсэн байна. /хх-ийн 65/

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн англи хэлний багшийн албан тушаал нь байнгын ажлын байр байхад ажил олгогчоос хууль зөрчиж хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, хугацаа дууссан үндэслэлээр ажилтны санаачилгаар ажлаас чөлөөлсөн, ажлаас чөлөөлөх гэж байгаагаа мэдэгдээгүй гэх тайлбар няцаагдаж байна.

 

Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан зохицуулалт нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах хэдий ч талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор, улмаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад хугацааг сунгахгүй бол хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болох агуулгатай байна. Түүнчлэн цаашид сунгагдахгүй болсон нөхцөл байдлыг нотлох үүргийг ажил олгогчид хуулиар хүлээлгээгүй байна.

 

Зохигчид ажилтныг ажлаас чөлөөлөх өдөр хүртэлх ажилласан хугацааны цалин хөлсийг бүрэн олгосон, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ээлжийн амралтын олговорт 15,728,243 төгрөг бодогдсоноос хүн амын орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэргийг хасч 13,682,218 төгрөгийн мөнгөн хөрөнгийг ажилтанд олгосон үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан. Энэ нь хэрэгт авагдсан цалингийн хүснэгт, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын лавлагаа, ээлжийн амралтын тооцоо, Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан хийсэн шилжүүлгийн мэдээлэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон. /хх-ийн 31-32, 36, 89-92, 165-167/

 

Түүнчлэн ажилтан ******* /Бретт Рашворт/ нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хичээлийн үйл ажиллагаа зогсож, хөдөлмөрийн гэрээг цаашид сунгагдахгүй талаар мэдсэн. Тэрээр ээлжийн амралтын олговроо аваад хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүсэл зоригоо ажил олгогчид илэрхийлсэн, ажил олгогчоос түүнд ээлжийн амралтын мөнгөн хөрөнгийг гэрээний хугацаа дуусах 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар тооцож олгосноор талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа дууссан байх тул ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар үндэслэлгүй байна. /хх-ийн 66-68/

 

Хэдийгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалтыг баримталсан байх боловч хэргийн бодит үйл баримтаар талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахгүй талаар харилцан тохиролцож, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон болох нь тогтоогдсон. Иймд ажлаас чөлөөлсөн тушаалд хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох шууд үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчээс гаргасан тушаал хэлбэрийн шаардлага хангаагүй гэх тайлбар ач холбогдолгүй байна.

 

Нөгөө талаар, нэхэмжлэгч ******* /Бретт Рашворт/ нь одоо АНУ-д оршин сууж байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаа зэргээр тогтоогдсон. Хариуцагчаас гаргасан ...нэхэмжлэгч нь буцаж манай сургуульд ажиллах боломжгүй. Тэрээр АНУ-д байгаа ба түүнийг ажилд эгүүлэн авах эсэх нь зөвхөн манай сургуулиас хамаарахгүй, түүнд Монгол Улсад оршин суух эрхийг дахин олгох эсэх нь эргэлзээтэй... гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгэж чадаагүй болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 164,

 

Олонлог академи сургууль ХХК-ийг Б.Баясгалан үүсгэн байгуулсан болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэргээр тогтоогдсон.******* ХХК-ийн захирал Б.Баясгалангийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Олонлог академи бүрэн дунд сургуулийн захирлаар Д.Гантуяаг, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/61 тоот тушаалаар сургуулийн дэд захирлаар Б.Ирмүүнийг тус тус томилсон байна. /хх-ийн 21-22, 69, 94/

 

Бага, дунд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийг үүсгэн байгуулагчийн томилсон захирал удирдана гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй гэж тус тус заажээ.

 

Дээрх хуульд заасны дагуу үүсгэн байгуулагчаас томилсон сургуулийн захирал Д.Гантуяа нь нэхэмжлэгч ******* /Бретт Рашворт/-той хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан эрх бүхий этгээд ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч ******* /Бретт Рашворт/-оос Б.Төртүвшинд олгосон итгэмжлэлийг хуульд заасан шаардлага хангаагүй, хугацаа дууссан бичиг баримтыг үндэслэж олгосон, төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж маргасан.

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2021/18431 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгч АНУ-ын иргэн ******* /Бретт Рашворт/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төртүвшингээс хариуцагч******* ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. /хх-ийн 2-5, 125-128/

 

Тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШТ2021/00471 дүгээр тогтоолоор шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2021/18431 дүгээр захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. /хх-ийн 155-158/

 

Иймд хариуцагчаас гаргасан итгэмжлэл хуульд заасан шаардлага хангаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төртүвшингээс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 75,104 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж олгох нь зүйтэй.

 

Хэргийн 110-111 дүгээр талд авагдсан эвийн хэлэлцээр хийх тухай гэх өмгөөлөгч Ц.Монголоос******* ХХК-д хүргүүлсэн гэх баримт нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нэхэмжлэгчээс сургуульд тавьсан санал байх ба энэ нь хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэж үзэж шүүх үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 05 дугаар сарын 14/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Олонлог академи сургууль ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч АНУ-ын иргэн ******* /Бретт Рашворт/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төртүвшингээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төртүвшингээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 75,104 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ