Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00720

 

 

Б-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/00407 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 538 дугаар магадлалтай,

АНУ-ын иргэн Б-ын нэхэмжлэлтэй,

“О” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч АНУ-ын иргэн Б нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, ажилласан хугацааны 6 өдрийн дутуу олгосон цалин 1,714,284 төгрөг, амралтын мөнгөний зөрүү 2,045,325 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...6 өдрийн цалин, амралтын мөнгөний зөрүү гаргуулахыг хүссэн шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинд 42,902,082 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/00407 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 05 дугаар сарын 14/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч АНУ-ын иргэн Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т гээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т гээс улсын тэмдэгтийн хураамжид 2021.09.22-ны өдөр урьдчилан төлсөн 75,104 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 538 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/00407 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б-ыг “О” ХХК-ийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 35,041,114 төгрөгийг хариуцагч “О” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу шимтгэл, хураамжийг нөхөн төлж, төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “О” ХХК-д даалгасугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт ажлын 6 хоногийн цалин 1,714,284 төгрөг гаргуулах болон ээлжийн амралтын дутуу олгосон зөрүү 2,045,325 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, 3 дахь заалтын “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т гээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 75,104 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж олгосугай.” гэснийг “хариуцагч “О” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 333,156 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж, 3 дахь заалтын дугаарыг 4 гэж, 4 дэх заалтын дугаарыг 5 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б ын нэхэмжлэлтэй, “О” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.21-ний өдрийн 00538 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг Дээд шүүхийн тайлбараас буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасны улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж дараах үндэслэлүүдээр үзэж байна. Үүнд:

4.1. Б оос Б.Т д олгосон итгэмжлэл нь хууль ёсны бус, хүчингүй итгэмжлэл болох нь 3 баримтаар нотлогдоно.

4.1.1. Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. “Үйлчлүүлэгч нь ... монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ ... орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулна”, 34.1. “Энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан үйлчлүүлэгч, түүнчлэн бусад оролцогч оролцож байгаа бол нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлнө” гэж заасан бөгөөд уг шаардлагыг хангасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Нэхэмжлэгч тал итгэмжлэл нь хуулийн энэ шаардлагыг хангасан болохыг уг тэмдэглэлийг ирүүлж нотлох үүрэгтэй.

4.1.2. Б ын Монгол улсад оршин суух зөвшөөрөл нь 2021.07.01-нд дууссан. Энэ нь итгэмжлэлд хавсрагдан, хэрэгт авагдсан байгаа. БЗДүүргийн ИХАШШ-ийн шүүгчийн 2021.07.09-ний өдрийн захирамжийн дагуу итгэмжлэлийг англи хэл дээр үйлдсэн 2021.08.17-ны өдөр Б ын хувийн байдлыг тогтоох бичиг баримтын хугацаа нь дууссан, хуулийн хүчин төгөлдөр бичиг баримт биш болсон байсан. Тодруулбал, Нотариатын тухай хуулийн 21.2.5. “нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах”, 27.1. “Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг ...ийг үндэслэх”, 31.1.1 “үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал”, нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэж заасныг зөрчсөн, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7.4.4. “Монгол Улсад зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийн хугацаанд байх” үүргээ биелүүлээгүй хүнд итгэмжлэл олгосон нь нотариатын хууль бус үйлдэл мөн.

4.1.3. Нэхэмжлэгчээс ирүүлсэн бүх итгэмжлэл, бичиг баримтуудыг “Монарк агентлаг” ХХК-ийн захирал М.Ариунаа англи, монгол хэл дээр орчуулсан бөгөөд энэ хүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчид болох Ц.Монголын төрсөн охин, Монголын Амгалангийн төрсөн эгч /дүү/ буюу итгэмжлэгдэгч-төлөөлөгчийн талын хүн. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel.mn нээлттэй мэдээллийн сан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Б.Т . М.Амгалан нарын гаргасан тайлбар /хэргийн 130 дугаар тал/-аар нотлогдоно. Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хоёр ба түүнээс дээш талууд нотариатын үйлдэл хийлгэж байгаа тохиолдолд нэг тал нь нөгөө талдаа орчуулагч /хэлмэрч/-ийн үүрэг гүйцэтгэхийг хориглоно.” заалтыг зөрчиж төлөөлүүлэгч болон төлөөлөгч нь бие биедээ орчуулга хийсэн. ИХШХШТХ-ийн 49 дүгээр зүйлийн 49.1. “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүргийг гүйцэтгэхийг хориглоно.” гэсэн заалт мөн зөрчигдсөн. Бид эхний 2 үндэслэлийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргаж маргасан боловч шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой дээрх хуулиудыг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

4.2. Б  Б.Т гээр өөрийгөө төлөөлүүлсэн, ингэхдээ түүнд өмгөөлөгч авах эрхийг олгоогүй. /хэргийн 3-р тал/ Гэтэл итгэмжлэлээр олгогдсон эрхийг нь хэтрүүлж, хууль зөрчиж хэрэгт өмгөөлөгч оролцуулсан нь ИХШХШТХ-ийн 32 дугаар зүйлийн 32.4. “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно.”, 32.2. “Төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байна.”, 34.2. “Өмгөөлөгч гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөхдөө ... үүрэгтэй.”, Дээд шүүхийн 2002 оны 263 дугаар “ИХШХШТХ-ийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 8-д “...сайн дурын төлөөлөгчийн төлөөлөх эрх нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлээр, гэрээгээр төлөөлөгчийн төлөөлөх эрх нь төлөөлүүлэгч төлөөлөгчийн хооронд хийгдсэн бичгийн гэрээгээр тодорхойлогдоно. ...итгэмжлэлээр болон гэрээгээр төлөөлж буй этгээд нь итгэмжлэл ба гэрээнд заагдсан эрх, үүргийг хүлээнэ.” заалтуудад нийцээгүй, уг заалтуудыг хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй. Эдгээр заалт нь 1. Зөвхөн иргэн, хуулийн этгээд өмгөөлөгчөөр өөрийгөө төлөөлүүлэх эрхтэй болохоос итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөр өөрийгөө төлөөлүүлэх эрхгүй, 2. Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн гэрээний үндсэн дээр оролцох бөгөөд гэрээг шүүхэд ирүүлэх шаардлагатай гэсэн утга агуулсан байна. Уг хуулийн 34.1. “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно.” гэх заалтад тусгасан эрх зүйн туслалцаа авах эрх бүхий тал нь энэ хэргийн хувьд зөвхөн нэхэмжлэгч өөрөө болох нь итгэмжлэлээр тогтоогдож байхад итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эрх бүхий тал гэж үзэн, түүний хүсэлтээр өмгөөлөгчийг оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

4.3. Хэдийгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2 заалтыг баримталсан боловч хэргийн бодит байдал, талуудын хоорондын цахим захидал, бусад баримтуудаар талууд хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй талаар харилцан тохиролцож, ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрыг бүрэн олгож, түүнд хохиролгүйгээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь тогтоогдож байгаа. Хуулийн холбогдох заалтыг тушаалд зөв баримтлаагүй, хэлбэрийн буюу хууль хэрэглээний алдаа нь хэргийн бодит байдлыг үгүйсгэж, талуудын тохиролцоог няцааж, ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох хангалттай шалтгаан, шууд үндэслэл болохгүй.

4.4. Ажлаас чөлөөлсөн тушаалыг Д.Гантуяа биш Б.Баясгалан гаргах ёстой гэж нэхэмжлэгч маргадаг, тушаалд Б.Баясгалан захирал гарын үсэг зурсан болох нь уг тушаал дахь гарын үсэг, хэрэгт авагдсан бусад тушаалууд дахь гарын үсгээр, хариуцагчийн тайлбараар батлагдана. Гэтэл шүүх Б.Баясгалан биш Д.Гантуяа тушаалыг гаргах байсан энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй /магадлалын 6-р тал/ гэж дүгнэсэн нь гомдлын энэ үндэслэлийг огт ойлголгүйгээр буруу дүгнэлт хийснийг харуулна. Компанийн тухай хуулийн 83.8. “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэснийг үндэслэн “О” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч Б.Баясгалан тушаалд гарын үсэг зурсан нь хуульд нийцсэн.

4.5. Удирдлагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгохоор гэрээний “гэрээ сунгах” бүлгийн 1-р заалтын эхний үндэслэлд, дотоод журмын 4 дэх бүлгийн 4.13-т “хөдөлмөрийн гэрээг “Хөдөлмөрийн хууль”-д заасан үндэслэлээр дуусгавар болгоно”, 4.13 заалтын 2-т “...ажилтан ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон, эсхүл тавигдсан нөхцөлийг хангаж чадахгүй бол ажил олгогчийн санаачилгаар” гэж тус тус заасан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил”-д хамаарах ба Дээд шүүхийн /2007 оны 33-р тогтоол/ тайлбарт “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид ... эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ... ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг ... хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.” гэсэнтэй нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэрээнд “ноцтой зөрчил” гэж бичихийг шаардаагүй, харин ажил олгогчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон үйлдэл, эс үйлдлүүд байх, энэ үйлдэл, эс үйлдлүүдээ гэрээнд тусгахыг шаардсан бөгөөд гэрээний дээрх заалт энэ шаардлагыг хангасан, журманд мөн давхар тусгасан. Дээрх тайлбарын “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана.” гэх шаардлагын хувьд тэнхимийн эрхлэгч Талли Батлер /Хатч/-ын тавьсан шаардлагад тэнцэхгүй, ажлын нөхцөл шаардлагыг хангаж чадахгүй, үндэслэлгүйгээр цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавьсан зэрэг нь гэрээнд заасан зөрчилд тооцогдож, гэрээг цуцлах болж байгааг ажилтанд хэлсэн, ажилтан ойлгосон, зөвшөөрсөн болох нь цахим бичгүүдээр тогтоогдох бөгөөд энэ нөхцөл байдал нь гэрээг цуцлахдаа 40.1.4-т заасан үндэслэл үүссэнийг харуулна. Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөх ажиллагаа нь агуулга болон хэлбэрийн шаардлага хангасан байхыг шаардах бөгөөд агуулгын шаардлагыг хангасан гэж үзэж байна. Тушаалд заасан дотоод журмын 4.13.2 заалт нь агуулгаараа хуулийн 40.1.4-т заасан үндэслэлд хамаарч байгаа, хэргийн бодит нөхцөл байдалтай тохирч байгаа. Тушаалын хэлбэр нь хэргийн бодит нөхцөл байдлыг зөв тогтооход шаардлагатай нотлох баримтуудын зөвхөн нэг нь юм. Зөвхөн нэг баримтанд үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 40.1. “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэсэнтэй нийцэхгүй байна. Тушаал хэлбэрийн шаардлага хангаагүй нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох хангалттай бөгөөд шууд үндэслэл болохгүй. Болсон үйл явдал, бодит байдлыг нотлох баримтуудтай нь уялдуулж, бүрэн ойлголгүйгээр “...энэ хуулийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болоогүй байхад ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь үндэслэлгүй болжээ.” /магадлалын 6-р тал/ гэж өнгөц дүгнэсэн. Түүнчлэн “Хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д заасан “ажил, албан тушаалыг хэвээр хадгалах” гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ.” гэж Дээд шүүх тайлбарласан бөгөөд энэ нь ажилтан ажилдаа эргэж орох хүсэлт гаргасан тохиолдолд хэрэгжих заалт, ажилтан цаашид ажиллахыг хүсэхгүй байгаа тохиолдолд ээлжийн амралттай хугацаанд ажлаас чөлөөлж болохгүй гэсэн утга агуулаагүй байна. Хуулийн 40.3. “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.” гэдэг заалтыг ажилдаа эргэж орохыг хүссэн ажилтны хувьд гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахгүй байх утга агуулж байхад тайлбараас өөрөөр тайлбарлаж дүгнэлт хийсэн. Бусад багш нарын эрх ашгийн үүднээс “Ээлжийн амралт олгох тухай” тушаалыг даруй гаргах шаардлагатай байсан, уг тушаалд нэр бүхий англи хэлний багш нарын амралтын дуусах хугацааг заагаагүй бөгөөд энэ нь тэд нар үргэлжлүүлэн ажиллахгүй болсон нь тодорхой болсныг харуулна, тушаалд тэдний нэрийг зөвхөн ээлжийн амралтын олговрыг нь тооцох зорилгоор оруулсан. Уг тушаалд амралт дуусах хугацаа заагдаагүй багш нарын хувьд ээлжийн амралтаа эдэлж байгаа гэж шууд дүгнэх нь өрөөсгөл юм. Гэрээг дуусгавар болгох ажил олгогчийн саналыг хүлээн авч, ээлжийн амралтын олговроо бүтнээр нь авбал болоо, ямар нэг гомдол саналгүй гэдгээ илэрхийлж байсан болохоос ажилдаа үргэлжлүүлэн ажиллая, гэрээгээ сунгая гэх санал гаргаагүй нь цаашид ажиллах хүсэл, сонирхолгүй байсныг нотолно. Энэ нь өмгөөлөгч гэх Ц.Монголоос ээлжийн амралтын олговор, 24/V-31/V-нийг дуусталх хоногийн цалин хөлс, өөрийнхөө өмгөөлөгчийн хөлсийг шаардсан “Эвийн хэлэлцээр”-ээр давхар нотлогдоно.

4.6. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох цалин хөлсний талаар талууд тохиролцоонд хүрээгүй нь хөдөлмөрийн гэрээний харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй гэж үзэх, Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 21.3. “...талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй.” гэсэнтэй нийцнэ. Нэгэнт талууд гэрээний гол нөхцөлийг тохироогүй бол гэрээ хүчингүй буюу уг гэрээг дагаж мөрдөх үндэслэлгүй байхаар хуульчилсан байхад гэрээг “өнөөдрийг” хүртэл үйлчилнэ гэж үзэн нэхэмжлэгчийн шаардсан хугацааны цалин хөлсийг олгох шийдвэр гаргаснаараа хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

4.7. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан бөгөөд энэ нь хуульд нийцсэн. Хөдөлмөрийн гэрээний хугацаатай холбоотой маргааныг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул энэ талаар нэхэмжлэгч маргах эрхгүй. Тодруулбал, хөдөлмөрийн гэрээний хугацааны талаарх маргаан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д хамаарах шүүхээр хянан шийдвэрлүүлэх маргаан бөгөөд 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж хуульчилсан.

4.8. Гэрээ нь 2021.09.01-нд дуусах байсан нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээгээр нотлогдоно. Шүүх ч гэрээг 2021.09.01-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан /магадлалын 6-р талын 4 дэх заалт/ нь хууль зөрчөөгүй гэсэн атлаа ажилгүй байсан хугацааг гэрээний хугацаанаас хэтрүүлж, 2022.01.27-ны өдрийг хүртэл гэж тооцсон нь ойлгомжгүй, үндэслэлгүй, хууль бус байна. Ингэж тооцох хуулийн үндэслэл, заалтаа дурдаагүй, тайлбарлалгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2/, 40.1. “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 40.2. “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 23.2.2. “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай”, “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.”, 37.1.3. “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” “Шүүгч гагцхүү хуульд захирагдана” /Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1/ зэрэг олон хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн, гэрээний талуудын эрх тэгш, бие даасан байдал, гэрээний эрх чөлөөнд хөндлөнгөөс оролцохгүй байх иргэний эрх зүйн суурь зарчим /Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2/-д халдсан байна. Гэрээг сунгагдсанд тооцох хуульд заасан нөхцөл бий болоогүй, гэрээг сунгах эрхийг зөвхөн талууд эдлэхээр хуулиар зохицуулсан байхад шүүх хуулиар олгоогүй эрх эдэлж, гэрээг сунгаж, гэрээний талуудын чөлөөт, бие даасан байдалд халдсан гэж ойлгохоор байна. Ажилтныг гэрээний хугацаа дуусах өдрийг хүртэл ажилд нь эгүүлэн томилох, уг хугацаа хүртэлх цалин хөлсний асуудал яригдана уу гэхээс гэрээний хугацаанаас хэтрүүлж ажил олгогчид үүрэг хүлээлгэж, ажилтанд давуу байдал бий болгох хуулийн үндэслэл байхгүй. Давж заалдах шүүх нотлох баримтыг илт буруу үнэлж, хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааг ингэж буруу тооцсоноороо Шүүхийн тухай хуулийн 50.1.1-д заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгож”, 50.1.23. “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ... зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаж” шүүгчид хуулиар хориглосон үйлдлүүдийг хийсэн гэж үзэж байна.

4.9. Нэхэмжлэгч 2021.12.03-нд Монгол улсаас гарсан, одоогоор тус улсад оршин суугаагүй нь Хил хамгаалах ерөнхий газрын 2021.12.09-ний 2-6/5520 албан бичгээр нотлогдоно. /хэргийн 164-р тал/ Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 18 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно.”, мөн зүйлийн 5-д “Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно.” гэж тус тус заасан. Иргэний хуулийн 1.2. “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын ... зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ.”, 7.1. “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна.”, 7.2. “Иргэн гэж иргэний эрх зүйн харилцаанд оролцогч-Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно.”, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1. “Энэ хуулийн заалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөгч, тус улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн /цаашид “гадаадын иргэн” гэх/, гадаадын иргэнийг уригчид хамаарна.”, 5.1.1. “гадаадын иргэн” гэж Монгол Улсын иргэний харьяалалгүй бөгөөд гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг” гэж зааснаас үзэхэд Б  нь нэгэнт Монгол улсын иргэний эрх зүйн харилцааны оролцогч биш болсон, Монгол улсын хууль тогтоомж түүнд үйлчлэх үндэслэлгүй болсон байна. Энэ үндэслэлийг давж заалдах шатны шүүх хуралдааны үед хариуцагч гаргаж тавьсан боловч шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, магадлалдаа дурдаагүй.

Иймд хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

5. Магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 001/ШХТ2022/00466 дугаар тогтоол гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч АНУ-ын иргэн Б нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, ажилласан хугацааны 6 өдрийн дутуу олгосон цалин 1,714,284 төгрөг, амралтын мөнгөний зөрүү 2,045,325 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...6 өдрийн цалин, амралтын мөнгөний зөрүү гаргуулахыг хүссэн шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинд 42,902,082 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулжээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “...нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 35,041,114 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгон, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч ажлын 6 хоногийн цалин 1,714,284 төгрөг гаргуулах болон ээлжийн амралтын дутуу олгосон зөрүү 2,045,325 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлтийг оруулсан байна.

9. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзэн, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсэг болох “...давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...хөдөлмөрийн гэрээ 2021.09.01-нд дуусах байсан нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээгээр нотлогдоно. Шүүх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн атлаа ажилгүй байсан хугацааг гэрээний хугацаанаас хэтрүүлж, 2022.01.27-ны өдрийг хүртэл тооцсон нь ойлгомжгүй, хууль бус. ... магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хангах үндэслэлтэй байна. 

11. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т талууд байнгын ажлын байранд хугацаагүй байгуулах хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохыг заасан бөгөөд хугацааг тохирох нь гэрээний гол нөхцөл, харин гэрээг сунгах эсэхийг талууд тохиролцон шийдвэрлэхээр байна. Мөн, энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ажил олгогч нь ажилтны ээлжийн амралттай үед ажлын байрыг хэвээр хадгалахыг хуульчилсан.

12. Нэхэмжлэгч  Б  нь “О” ХХК-д 2019 онд англи хэлний багшаар томилогдон, хөдөлмөрийн гэрээг жил бүр сунган ажиллаж байсан ба тэрээр 2021.05.24-2021.08.10-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай байсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021.08.31-нд дуусах байсан боловч ажил олгогч нь 2021.06.03-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, уг тушаалд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Сургуулийн дотоод журмын 4.13.2-т заасныг тус тус баримталсан байна.

13. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...англи хэлний багшийн албан тушаал нь байнгын ажлын байр байхад ажил олгогчоос хууль зөрчин хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, улмаар хугацаа дууссан үндэслэлээр ээлжийн амралттай байхад хууль бусаар ажлаас чөлөөлсөн, ажлаас чөлөөлөх гэж байгаагаа мэдэгдээгүй гэж тодорхойлон маргажээ.

14. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, нэхэмжлэгч Б  болон сургуулийн дэд захирал Б.Ирмүүн нарын фэйсбүүкээр харилцсан захидал, уг захидлын бичвэрт үзлэг хийсэн тэмдэглэл, цалингийн хүснэгт, ээлжийн амралтын тооцоо, банкны шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 2021.05.24-ний өдрөөс хичээлийн үйл ажиллагаа зогсож, хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болсон талаар мэдсэн, тэрээр ээлжийн амралтын олговроо аваад хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүсэл зоригоо ажил олгогчид илэрхийлсэн, ажил олгогчоос түүнд ээлжийн амралтын мөнгийг гэрээний хугацаа дуусах хугацаагаар тооцож /2021.05.24-ний өдрөөс 2021.09.01-ний өдөр хүртэл хугацааны ээлжийн амралтын олговорт 15,728,243 төгрөг бодогдсоноос хүн амын орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэргийг суутган тооцож/, 13,682,218 төгрөгийг олгосон зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

Тодруулбал, талууд тохиролцож хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон байх тул нэхэмжлэгч Б ыг ээлжийн амралттай байх хугацаанд нь хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүх ...хэдийгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан зохицуулалтыг баримталсан байх боловч хэргийн бодит үйл баримтаар талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахгүй талаар харилцан тохиролцож хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, иймд ажлаас чөлөөлсөн тушаалд хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох шууд үндэслэл болохгүй... гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв болжээ. 

15. Давж заалдах шатны шүүх тухайн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, ...хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалж хууль зөрчсөн, ...гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь ажиллах байсан тул энэ хугацааны цалинг авах эрхтэй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасанд нийцээгүй, иймээс энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгоно.

16. Харин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгчээс Б.Т д олгосон итгэмжлэл нь хууль ёсны бус, хүчингүй итгэмжлэл болох нь тогтоогдсон, ...Б.Т  нь өмгөөлөгч авах эрхгүй,  өмгөөлөгч оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.4, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасантай нийцээгүй... гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

Учир нь Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна”, 7.2-т “Иргэн гэж иргэний эрх зүйн харилцаанд оролцогч-Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно” гэж зааснаар нэхэмжлэгч Б  нь иргэний эрх зүйн харилцааны оролцогч бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг эдэлнэ.   

17. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 538 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/00407 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.04.21-ний өдөр төлсөн 333,156 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД