Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2022/00064

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 04 дүгээр багт оршин суух, И овогт Ж.А-н нэхэмжлэлтэй,,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 багт үйл ажиллагаа явуулах, ХААН банкны Б аймаг дахь салбар /захирал Л.Ө/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ХААН банкны Б аймаг дахь салбарын захирлын 2021 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн А/5180/0048/21 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ХААН банкны орон нутгийн Иргэдийн банкны Б салбарын Б тооцооны төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н

Хариуцагч: Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү, Н.А /цахимаар/, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Ж.Э /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч ХААН банкны Б аймаг дахь салбар /захирал Л.Ө-д холбогдуулан ХААН банкны Б аймаг дахь салбарын захирлын 2021 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн А/5180/0048/21 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ХААН банкны орон нутгийн Иргэдийн банкны Б салбарын Б тооцооны төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

 

1.Миний бие Б аймгийн Б суманд нөхөр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд нөхөр нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Миний хувьд бага насны 2 хүүхэдтэй. 2014 оны 10 дугаар сараас эхлэн Хаан банкны Б аймаг дахь салбарын Б тооцооны төвд ажиллаж эхэлсэн ба 2021 оны 06 дугаар сар хүртэл тус банканд тогтвор суурьшилтай ажиллаж байсан.

2. Ажил олгогчийн зүгээс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр харилцааны менежер Д.Р нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ахлах теллер А.Е-д 2 сая төгрөгийн онлайн цалингийн зээлийг судалж олгохдоо удирдлагын тодорхойлолт авахгүйгээр зээл олгосон зөрчилд эрхлэгчийн зүгээс зөвшөөрөл олгож зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр анхааруулах захидал олгосон. Банкны ажилтнуудад онлайн зээл олгохдоо харилцааны менежер энэ талаар тооцооны төвийн эрхлэгчид мэдэгдээгүй ба банкны зээл олгох системээрээ дамжуулаад зээл олгосон. Тухайн үед харилцааны менежер Д.Р нь удирдлагын тодорхойлолт авалгүйгээр онлайн цалингийн зээл олгож зөрчил гаргасныг ч мэдээгүй. Мөн харилцааны менежер Д.Р нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зөрчил гаргасныг салбарын захирал Л.Ө нь мэдэж байсан. Салбарын захирал Л.Ө нь удирдлагын тодорхойлолт олгохоос татгалзсан мөртлөө Д.Р-н зүгээс цалингийн зээл олгож зөрчил гаргасан.

3. Ийнхүү бусдын гаргасан зөрчлийг нэхэмжлэгчид хамаатуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Хаан банкны Хөдөлмөрийн дотоод журмын 9.3-т “сахилгын зөрчилд гаргасан, эсхүл гүйцэтгэл хангалтгүй ажилтанд удирдах албан тушаалтны зүгээс Анхааруулах захидал өгөх хариуцлага ногдуулж болно. Энэ нь ажилтны зөрчил гаргасан болон гүйцэтгэл хангалтгүй байгааг тогтоож, тодорхойлж байгаа баримт бөгөөд цаашид ажилтныг дахин зөрчил, алдаа дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийг сайжруулах зорилготой юм. Анхааруулах захидал нь нөлөөллийн арга хэмжээ бөгөөд сахилгын шийтгэлийн төрөлд хамаарахгүй юм” гэж зааснаас харахад анхааруулах захидал нь нөлөөллийн шинжтэй арга хэмжээ бөгөөд сахилгын шийтгэлд хамаарахгүй. Хэрэв энэ зөрчил нь надад хамаатай гэж үзэж байгаа бол ажил олгогч хуульд зааснаар 1 сарын дотор сахилгын хариуцлага ногдуулах ёстой байсан. Үүнээс өмнө Ж.А нь  аймгийн төвд ирээд хэд хэдэн удаа удирдлагуудтай уулзаж байсан боловч дээрх зөрчлийн талаар дурдаагүй байсан. Миний зүгээс хамгийн сүүлийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр анхааруулах захидлыг ирж гардаж авсан. Харин 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан гэх анхааруулах захидалд огноог нөхөж тавьсан, худал баримт бичиг байна гэж бидний зүгээс үзэж байна. Ажил олгогч 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Учир нь дээр дурдсанчлан анхааруулах захидал нь тус банкны дотоод журмын дагуу сахилгын шийтгэл болохгүй.

4. Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцалсан бас нэг үндэслэлээ удирдлага доорх ажилтнууд ажилдаа ирээгүй байхад тэдгээрийн домайн нэр, нууц үгийг ашиглан системд ирснээр бүртгэж, удирдах ажилтан хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн байдлаар тайлбарладаг. Хаан банкны ажилтнууд бид ажил эхлэхээс өмнө ажлын байрандаа ирж бэлтгэл хангадаг байсан. Өөрөөр хэлбэл өглөөний 7 цаг 30 минутад ирэхийг шаарддаг байсан, ажилтан А.Е нь эхнэр өвдөж хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2 минутын дараа очно хамт бүртгүүлчхээрэй гэж кодоо өгсөн ба бүртгэл хийсний дараа 1 минут болоогүй байхад хүрээд ирж байсан.Мөн 2021 оны 04 дүгээр 09-ний өдөр мөн бид нар 7 цаг 30 минутын үед ирээд А.Е тосож хамт бүртгүүлье ирэх болж байна уу гэхэд “очиж байгаа бүртгэл хийчхээрэй гэж кодоо хэлсэн тул бүртгэж дууссаны дараа 2 минутад ирсэн. Манай тооцооны төвийн ажилтнууд бүгд нэгэн зэрэг системд кодоо оруулан бүртгүүлдэг байсан учраас ажилтнууд бид түүний хүсэлтээр кодыг оруулан бүртгэж байсан. Түүнээс биш ямар нэгэн буруу зөрүү юм хийгээгүй 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөн бүртгэл хийх үеэр А.Е залгаж очиж байгаа кодыг маань оруулж байгаач гэхээр нь удалгүй ирэх байх гэж бодоод түүнийг ирснээр нь бүртгэсэн боловч тухайн өдөрт нь огт ажилдаа ирээгүй, А.Е-г гэрт нь хайж очсон, тэгээд гэртээ ч гэсэн байхгүй байсан учраас А.Е-г ажил тасалсан гэдгийг аймгийн төвд байгаа тооцооны төв хариуцсан мэргэжилтэн К.Ү-д утсаар залгаж мэдүүлж ажилласан юм.

5.Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцалсан бас нэг үндэслэлээ мэдээллийн аюулгүй байдлын бодлого зөрчсөн хэмээн тайлбарласан. Гэтэл ажил олгогчийн зүгээс мэдээллийн аюулгүй байдлын бодлогын талаар танилцуулж байгаагүй ба хөдөлмөрийн дотоод журамд зааснаар энэ нь зөрчилд тооцогдохгүй.

6.Иймд Хаан банкны Б аймаг дахь салбарын захирал Л.Ө-н 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/5180/0048/21 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Хаан банкны орон нутгийн Иргэдийн банкны Б салбарын Булган тооцооны төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

2.Хариуцагч ХААН банкны Б аймаг дахь салбарын захирал Л.Ө хариу тайлбартаа: Тус салбарын захирлын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/5180/0048/21 дугаартай тушаалаар  Хаан банкны орон нутгийн Иргэдийн банкны Б салбарын Б тооцооны төвийн эрхлэгч Ж.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж цуцалсан. Ж.А нь Хаан банкны орон нутгийн Иргэдийн банкны Б салбарын Б тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа дараах зөрчлүүдийг гаргасан. Тухайлбал 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажилтанд зээл олгохдоо удирдлагын тодорхойлолтыг авалгүйгээр зээл олгож, зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж зээл олгох журам зөрчсөн. Нэхэмжлэгч өөрийн гаргасан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрдөг боловч эдгээр зөрчлүүд надад хамааралгүй гэж тайлбарладаг нь үндэслэлгүй. Тооцооны төвийн эрхлэгч зээлийн гэрээний тухай шийдвэр гаргаж, зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан юм. Зээл олгох ажиллагаанд бүрдүүлэх материалууд, зөвшөөрөл, тодорхойлолтууд бүрэн байгаа тохиолдолд зээл олгох журамтай. Гэтэл нэхэмжлэгч зээл олгохдоо удирдлагын тодорхойлолт гараагүй байхад буюу зээл олгох шийдвэр гараагүй байхад ажилтанд зээл олгоод зөрчил гаргасан. Түүний энэ зөрчил нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийн Зөрчил тогтоосон актаар тогтоогдсон. Нэхэмжлэгч энэ зөрчил тогтоосон актыг хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурсан. Энэхүү гарын үсэг Ж.А-н зурсан гарын үсэн мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хаан банкны ажилтанд зээл олгох журмын 4.5.1-т зааснаар ажилтанд зээл олгохдоо удирдлагаас тодорхойлолт авах журамтай. ХААН банкны онлайн цалингийн зээлийн журмын 5.4 дэх заалтад заасан ХААН банкны ажилтны зээлийн журмын 4.5.1-д заасан харьяалагдах удирдлагын тодорхойлолт авч зээл судалж журмын дагуу ажиллаагүй зөрчил гаргасан.  ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02/420 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Мэдээллийн аюулгүй байдлын бодлогын 8.3.1 дэх /хэрэглэгч нь өөрийн нууц үгийг хаа нэгтээ /цаасан дээр, файл хэлбэрээр/ бичиж тэмдэглэн хадгалахгүй, бусдад задруулахгүй/ мэдээлэл технологийн ажилтнууд болон гадаад, дотоод аудиторуудад мөн задруулахгүй /байж аюулгүй байдлыг бүрэн хариуцаж ажиллана/ гэдэг заалтыг мөрдөж ажиллаагүй. Эрхлэгчээр ажиллаж байсан Ж.А Мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг 4 удаа давтан зөрчиж ахлах теллерээр ажиллаж байсан А.Е-ий нууц кодыг ашиглаж ирцийг бүртгэсэн. ХААН банкны Б салбарын Б тооцооны төвд эрхлэгчээр ажиллаж байсан Ж.А нь ажил үүргийн хувьд өөрийн удирдлага доор ажиллаж байсан ахлах теллерийн удаа дараагийн хууль бус үйлдлийг шалгаж тогтоогоогүй, таслан зогсоогоогүй, ажилтнуудад тавих хараа хяналтыг сулруулснаас ахлах теллерээр ажиллаж байсан А.Е  нь 3 удаагийн үйлдлээр нийт 47,500,000 төгрөгийн үнийн дүнтэй ашиглан үйлдсэнийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар албан тоот хүргүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс ХААН банкны 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Анхааруулах захидал, ХААН банкны Б аймаг дахь салбарын захирлын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/5180/0048/21 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банкны Б аймаг дахь салбарын захирлын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/138 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус захирлын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/137 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.А-н Хаан банктай 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 03 сарын 20-ны өдөр төрсөн З.Е-н 8301000257 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн З.А-н 8301000745 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.А, Е.М нарын Монгол Улсын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ж.А-с Е.М-т олгосон итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, нэхэмжлэгч Ж.А түүний нөхөр С.З нарын 8301000343 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Хариуцагчаас иргэний хэрэгт ХААН банкны Б аймаг дахь салбарын захирлын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б аймаг дахь цагдаагийн газарт хандсан 5180/439 дугаартай албан бичиг, ХААН банкны Б аймаг дахь салбарын захирал Л.Ө-н тус салбарын Тооцооны төв хариуцсан менежер З.Ү-д олгосон итгэмжлэл, ХААН банкны мэдээллийн аюулгүй байдлын бодлогын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банкны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Анхааруулах захидлын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банкны Хөдөлмөрийн дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банкны ёс зүйн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.А-н ажлын байрны тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Ж.А-той байгуулсан хөдөлмөрийн Хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банк ХХК-ийн хүний нөөц хариуцсан дэд захирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны 06/720 дугаартай хуулбар үнэн тэмдэг дарагдсан “Контрактын хугацаа сунгасан тухай” тушаал болон контрактад нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, ХААН банк ХХК-ийн хүний нөөц хариуцсан дэд захирлаас ХААН банкны Б аймаг дахь салбарын захирал Л.Ө-д эрх хэмжээ олгосон тухай хүснэгт /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, ХААН банк ХХК-ийн Иргэдийн банк хариуцсан дэд захирал Д.А-с ХААН банкны Б аймаг дахь салбарын захирал Л.Ө-д 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэл /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, ХААН банкны Б аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү-ий 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн өмгөөлөгчөөр Н.Б-г оролцуулахыг хүссэн хүсэлт болон Н.Б өмгөөлөгчтэй байгуулсан өмгөөллийн гэрээний хуулбар, ХААН банкны 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Анхааруулах захидал, Ж.А-н [email protected] цахим хаяг болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү-ий [email protected] цахим хаягаар 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бичсэн цахим шуудангийн хуулбар, өмгөөлөгч Н.Б-н мэдэгдэх хуудас,  ХААН банкны Б аймаг дахь салбарын захирал Л.Ө-н өмгөөлөгч Ж.Э-тэй байгуулсан өмгөөллийн гэрээ, ХААН банк ХХК-ийн хүний нөөц хариуцсан дэд захирлын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29/12306 дугаартай итгэмжлэл, ХААН банкны Б аймаг дахь салбарын захирал Л.Ө-н ахлах хуулийн зөвлөх Н.А-д олгосон итгэмжлэл, ХААН банк ХХК-ийн 0000121512 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.М-н тус ХХК-ийн Хууль эрх зүйн газрын захирал Э.Х-т олгосон итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.М-н 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/539 дугаартай “Эрх хэмжээ олгох тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банкны ажилтны зээлийн журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү-ний [email protected] цахим хаягт нэхэмжлэгч Ж.А-ийн [email protected] цахим хаягаас 2021 оны 5 дугаар сарын 12, 13, 20-ний өдрүүдэд бичсэн цахим шуудангийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч Ж.А-ийн [email protected] цахим хаяг болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү-ний [email protected] цахим хаягаар 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бичсэн цахим шууданд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ж.А-н гарын үсгийн туршилтын загвар болон чөлөөт бичилт, хариуцагч талын хүсэлтээр хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү-ний [email protected] цахим хаягт нэхэмжлэгч Ж.А-ийн [email protected] цахим хаягаас 2021 оны 5 дугаар сарын 12, 13, 20-ний өдрүүдэд бичсэн цахим шууданд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Ж.А-н ХААН банкны Б аймаг дахь салбарын захирлын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/5180/0048/21 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ХААН банкны орон нутгийн Иргэдийн банкны Б салбарын Б тооцооны төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд ХААН банкны Б аймаг дахь салбарын захирлын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/5180/0048/21 дугаартай тушаалыг эс зөвшөөрч байна. Намайг удирдлага дахь ажилтан ажилдаа ирээгүй байхад түүний домайн дугаар, нууц үгийг ашиглан системд удаа дараалан ирцийг бүртгэсэн, удирдлага дахь ажилтан журам зөрчсөн зөрчлийг таслан зогсоогоогүй гэх мэтээр буруутгаж намайг ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна. Хаан банкны ажилтнууд бид ажил эхлэхээс өмнө ажлын байрандаа ирж бэлтгэл хангадаг байсан. Өөрөөр хэлбэл өглөөний 7 цаг 30 минутад ирэхийг шаарддаг байсан, ажилтан А.Е нь эхнэр өвдөж хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2 минутын дараа очно хамт бүртгүүлчхээрэй гэж кодоо өгсөн ба бүртгэл хийсний дараа 1 минут болоогүй байхад хүрээд ирж байсан. Мөн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөн бид нар 7 цаг 30 минутын үед ирээд А.Е-г тосож хамт бүртгүүлье ирэх болж байна уу гэхэд “очиж байгаа бүртгэл хийчхээрэй гэж кодоо хэлсэн тул бүртгэж дууссаны дараа 2 минутад ирсэн. Манай тооцооны төвийн ажилтнууд бүгд нэгэн зэрэг системд кодоо оруулан бүртгүүлдэг байсан учраас ажилтнууд бид түүний хүсэлтээр кодыг оруулан бүртгэж байсан. Түүнээс биш ямар нэгэн буруу зөрүү юм хийгээгүй 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөн бүртгэл хийх үеэр А.Е залгаж очиж байгаа кодыг маань оруулж байгаач гэхээр нь удалгүй ирэх байх гэж бодоод түүнийг ирснээр нь бүртгэсэн боловч тухайн өдөрт нь огт ажилдаа ирээгүй, А.Е-г гэрт нь хайж очсон, тэгээд гэрт нь ч гэсэн байхгүй байсан учраас А.Е-г ажил тасалсан гэдгийг аймгийн төвд байгаа тооцооны төв хариуцсан мэргэжилтэн К.Ү-д утсаар залгаж мэдүүлж ажилласан юм. Иймээс дээрх зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд

Хариуцагч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Л.Ө-н шүүхэд гаргасан тайлбартаа ... ХААН банкны онлайн цалингийн зээлийн журмын 5.4 дэх заалтад заасан ХААН банкны ажилтны зээлийн журмын 4.5.1-д заасан харьяалагдах удирдлагын тодорхойлолт авч зээл судалж журмын дагуу ажиллаагүй зөрчил гаргасан.  ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02/420 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Мэдээллийн аюулгүй байдлын бодлогын 8.3.1 дэх /хэрэглэгч нь өөрийн нууц үгийг хаа нэгтээ /цаасан дээр, файл хэлбэрээр/ бичиж тэмдэглэн хадгалахгүй, бусдад задруулахгүй/ мэдээлэл технологийн ажилтнууд болон гадаад, дотоод аудиторуудад мөн задруулахгүй /байж аюулгүй байдлыг бүрэн хариуцаж ажиллана/ гэдэг заалтыг мөрдөж ажиллаагүй. Эрхлэгчээр ажиллаж байсан Ж.А Мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг 4 удаа давтан зөрчиж ахлах теллерээр ажиллаж байсан А.Е-ны нууц кодыг ашиглаж ирцийг бүртгэсэн. ХААН банкны Баян-Өлгий салбарын Б тооцооны төвд эрхлэгчээр ажиллаж байсан Ж.А нь ажил үүргийн хувьд өөрийн удирдлага доор ажиллаж байсан ахлах теллерийн удаа дараагийн хууль бус үйлдлийг шалгаж тогтоогоогүй, таслан зогсоогоогүй, ажилтнуудад тавих хараа хяналтыг сулруулснаас ахлах теллерээр ажиллаж байсан А.Е нь 3 удаагийн үйлдлээр нийт 47,500,000 төгрөгийн үнийн дүнтэй ашиглан үйлдсэнийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар албан тоот хүргүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэж  маргасан болно.

 

4. Хариуцагч ХААН банк нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч Ж.Ахтотыгийн гаргасан зөрчлүүдийг шалгаж тогтоосон ба зөрчил тогтоосон актад зөрчил гаргагч Ж.А нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тодорхойлсон.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.Нэхэмжлэгч Ж.А нь ХААН банкны Б аймаг дахь салбарын захирлын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/5180/0048/21 дугаартай тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргасан байна.

Хариуцагч ХААН банкны Б аймаг дахь салбарын захирал болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа үйл баримтыг нотолж чадаагүй болно.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ХААН банкны Б аймаг дахь салбарын захирлын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/5180/0048/21 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ХААН банкны Хөдөлмөрийн дотоод журмын 9.1 дэх заалт болон ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7, 4.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Орон нутгийн Иргэдийн банкны Б салбарын Б тооцооны төвийн эрхлэгч Ж.А нь сахилгын зөрчил гаргаж 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Анхааруулах захидал авсан ба дахин зөрчил гаргаж өөрийн удирдлага дах ажилтан нь ажилдаа ирээгүй байхад түүний домайн дугаар, нууц үгийг ашиглан системд удаа дараалан ирцийг нь бүртгэсэн, удирдлага дахь ажилтан нь журам зөрчиж, энэ үйлдлийг өөрөө гүйцэтгэж, зөрчлийг таслан зогсоогоогүй, хяналт тавих үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй үйлдэл нь ХААН банкны Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4, 4.3.1, 4.3.5, Ёс зүйн дүрмийн 4.1, 4.2, 5.1.1, 5.2.1, 5.4.4, 5.7.3, 5.10.3, 5.13.1, Ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.10, 2.13, 2.56, Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.9, 3.7.3, 5.7.9, дэх заалтуудыг зөрчиж, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 5.7.30-д заасан ноцтой зөрчлийг гаргаж, сахилгын зөрчлийг давтан гаргасан тул түүнд “Ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулж 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн эрхийн актаар нэхэмжлэгч Ж.А-г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн байна.   

Ажил олгогчийн шийдвэр /тушаал/ нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн акт нь түүнд тавигдах шаардлагыг хангасан, улмаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан нь хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай юм.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нотлох баримтуудаар Ж.А-г орон нутгийн Иргэдийн банкны Б салбарын Б тооцооны төвийн эрхлэгчээр ХААН банкны захирлын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/138 дугаартай ажилд авах тухай тушаалаар  2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаатай ажиллуулсугай гэсэн эрхийн актаар ажиллуулж байсан байна.

5.2.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч  ажилтан нар нь харилцан тохиролцож 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан байх ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болсон байна. 

Хөдөлмөрийн гэрээний 1.1-т ажлын байрны нэр эрхлэгч, гэрээний 1.5.1-т зааснаар 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулав гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байр”-д ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар “хугацаагүй” байна.

Ажил олгогч ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, Хөдөлмөрийн гэрээний 1.5.1-т тус тус зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан нь мөртлөө ажил олгогч ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болсон байна.

5.3.Нэхэмжлэгч Ж.А-г ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалдаа Хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.9, 3.7.3, 5.7.9, дэх заалтуудыг зөрчиж, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 5.7.30-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэжээ, гэтэл энэхүү заалт нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээнд 5.7.30 гэх заалт буюу хэсэг огт байхгүй байх ба байхгүй заалтыг тушаалдаа үндэслэл болгож ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон байна.

ХААН банкны Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4, 4.3.1, 4.3.5, Ёс зүйн дүрмийн 4.1, 4.2, 5.1.1, 5.2.1, 5.4.4, 5.7.3, 5.10.3, 5.13.1, Ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.10, 2.13, 2.56, Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.9, 3.7.3, 5.7.9, дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж тушаалдаа баримталсан боловч ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолтыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн зөрчил тогтоосон актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдгийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд ажилтан Ж.А нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагч ХААН банкны 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Анхааруулах захидал илгээсэн байх ба энэхүү анхааруулах захидалтай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр танилцаж, хүлээн зөвшөөрсөн А гэж гарын үсэг зурсан байх ба 2016 оны ХААН банкны Хөдөлмөрийн дотоод журын 9.3-т сахилгын зөрчил гаргасан, эсхүл гүйцэтгэл хангалтгүй ажилтанд удирдах албан тушаалтны зүгээс “Анхааруулах захидал” өгөх хариуцлага ногдуулж болно. Энэ нь ажилтны зөрчил гаргасан болон гүйцэтгэл хангалтгүй байгааг тогтоож, тодорхойлж байгаа баримт бөгөөд цаашид ажилтныг дахин зөрчил, алдаа дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийг сайжруулах зорилготой юм. Анхааруулах захидал нь нөлөөллийн арга хэмжээ бөгөөд сахилгын шийтгэлийн төрөлд хамаарахгүй юм гэсэн байна.

Хариуцагч ХААН банк нь 2021 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Зөрчил тогтоосон актыг хавтас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба энэхүү зөрчил тогтоосон актуудыг үзэхэд зөрчлүүдийг  2021 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус тус ирүүлсэн буюу сахилгын зөрчлийг ажил олгогч 2021 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр илрүүлсэн боловч ирүүлснээс хойш нэг сар, арван гурван хоногийн дараа буюу 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчсөн байна.

2021 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зөрчил тогтоосон актаас үзэхэд зөрчил тогтоосон ажилтны нэр З.Ү, албан тушаал ТТХМенежер, харьяалах нэгж Б салбар гэсэн байх ба хяналт шалгалтыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөл буюу хэний үүрэг даалгавраар хяналт шалгалт хийх болсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилсон эсэх, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн нь эргэлзээтэй байх ба актад уг үйлдэл нь 2021 оны 03 дугаар сарын 31, 2021 оны 04 дүгээр сарын 05, 2021 оны 04 дүгээр сарын 19, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний хоорондох ажлын хариуцлага алдсан, зөрчсөн ба ажилтны өөрийн тайлбар зэргээр тогтоогдсон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа нь бусад хөндлөнгийн болон хуулийн байгууллагаар шалгаж тогтоосон, ажилтны гэм буруугийн талаар үйлдэл эс үйлдэл байгааг тогтоосон албан ёсны дүгнэлт биш байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгон хуульд нийцсэн ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулах ёстой байсан. Гэтэл зөрчил гаргагчийг ажлаас нь халах тухай тушаалд заасан үндэслэлээ шалгасан талаарх материал болон хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тул хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй гэж үзлээ.

Сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн байхаас гадна тухайн ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хуулиуд, сахилгын болон ёс зүйн дүрэм зэргийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байж болно гэж тодорхойлсон байдаг.

Мөн шинэчилсэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэжээ.

5.3. 1999 оны 05 сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй  эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж,

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 135 дугаар зүйлийн 135.1-т энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх/ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж нарийвчлан зохицуулсан байхад ажил олгогч ХААН банкны Б салбарын захирал нь энэхүү заалтыг зөрчиж ажил олгогчийн санаачилгаар  ажилтан Ж.А-г ажлаас нь чөлөөлсөн үндэслэлгүй болсон байна.  

Нэхэмжлэгч Ж.А-г ажлаас халахад гурав хүртэлх насны хүүхэдтэй байсан нь хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 08 дугаар сарын 17-ний өдөр З.А, 2020 оны 03 сарын 20-ны өдөр З.Е нар төрсөн болох нь 8301000745, 8301000257 дугаар төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

5.4. Ажилтан Ж.А нь “зөрчил гаргаж өөрийн удирдлага дахь ажилтан нь ажилдаа ирээгүй байхад түүний домайн дугаар, нууц үгийг ашиглан системд удаа дараалан ирцийг бүртгэсэн” гэж тушаалдаа дурдсан боловч ажилтан А.Е-ны домайн дугаар, нууц үгийг ашиглан системд удаа дараалан ирцийг бүртгэснээс болж ажилтан болон тухайн байгууллагад ямар нэгэн хохирол учирсан эсэх, эрх ашиг сонирхолд нөлөөлхүйц сөрөг үр дагаврыг  буй болгосон эсэх  талаарх нотлох баримт гарган өгч хариуцагч үгүйсгэж чадаагүй болно.

Хариуцагч тал 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02420 тоот тушаалын хавсралтаар баталсан Мэдээллийн аюулгүй байдлын бодлого-ыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба энэхүү Мэдээллийн аюулгүй байдлын бодлого-ыг нэхэмжлэгч танилцуулаагүй гэж маргасан боловч  үүнийг үгүйсгэж чадаагүй болно.

5.5.Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч Ж.А-н [email protected] цахим хаяг болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү-ий [email protected] цахим хаягаар 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бичсэн цахим шууданд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ж.А-н гарын үсгийн туршилтын загвар болон чөлөөт бичилт, хариуцагч талын хүсэлтээр хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү-ний [email protected] цахим хаягт нэхэмжлэгч Ж.А-н [email protected] цахим хаягаас 2021 оны 5 дугаар сарын 12, 13, 20-ний өдрүүдэд бичсэн цахим шууданд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн ба энэ талаар зохигчид маргаагүй болно.

 

5.6.Нэхэмжлэгчийн энэхүү тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасан байх тул хариуцагч ХААН банкны Б аймаг дахь салбараас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан ХААН банкны Б аймаг дахь салбарын захирлын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/5180/0048/21 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.А-г ХААН банкны орон нутгийн Иргэдийн банкны Б салбарын Б тооцооны төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч ХААН банкны Б аймаг дахь салбараас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4 дэх хэсэгт  зааснаар  мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс  хойш  шүүх хуралдаанд оролцсон  зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан авахыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б