Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар  130/ШШ2022/00092

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Х  ХХК /захирал С.З/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн У сумын 01 дүгээр багт оршин суух Т овогт С.Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Бензиний үнэ 7,100,000 /долон сая нэг зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х

Хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч Д.А

Орчуулагч: А.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал С.З нь хариуцагч С.Б-д холбогдуулан бензиний үнэ 7,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1. Иргэн С.Б нь “Х” ХХК-ийн ШТС-2-аас 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр А-80 бензин 4000 литр нэг литрийн үнэ 1450 төгрөгөөр 5,800,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр А-80 бензин 5000 литр нэг литрийн үнэ 1500 төгрөгөөр 7,500,000 төгрөг бүгд 13,300,000 төгрөгийн бензинийг зээлээр аваад борлуулж өгөхөөр тохиролцсон баримт өгсөн боловч үүнээс 7,100,000 төгрөгийг одоо хүртэл төлж өгөхгүй байна.

2. Иргэн С.Б зээлээр бензин авахдаа Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна сумын 1 дүгээр багийн Ардчилсан намын штабыг удирдаж ажиллана сонгуулийн зардлын санхүүжилт сонгуулийн дараа хийгдэнэ гэж тайлбарлаж авсан билээ. Сонгуулийн дараа зээлээ төлөхийг шаардахад манай сумын намын дарга нь санхүүжилтийг аваад У хотод зугтсан байна төлж өгнө гэсээр байгаад өдий хүрчээ.

3.Төлбөрийг нэхэмжилж сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хүсэлт гаргахад хуралд уригдсан С.Б нь “Х” ХХК-ийн ШТС-2-аас 2017 оны 06 сарын 19-ний өдөр А-80 бензин 4000 литр нэг литрийн үнэ 1450 төгрөгөөр 5,800,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр А-80 бензин 5000 литр үнэ 1500 төгрөгөөр 7,500,000 төгрөг бүгд 13,300,000 төгрөгийн бензинийг зээлээр аваад борлуулж өгөхөөр тохиролцсон нь үнэн гэж зөвшөөрч байгаа боловч 7100000 төгрөгийг төлж өгөхгүй би төлсөн баримт үзүүлнэ гэж худлаа элдэв шалтаг зааж төлөхөөс татгалзаж хуран мэхэлж зугтаж байна.

4.Иймд хариуцагч С.Б-с 7,100,000 /долон сая нэг зуун мянган/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С.Б хариу тайлбартаа: Миний бие С.Б нь Өлгий сумын 13 дугаар багийн иргэн Х ХХК-ийн захирал С.З-н сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. С.З-н нэхэмжилсэн бензиний үнэ болох 7,100,000  төгрөгийг тухайн үед уг мөнгийг төлж барагдуулж өгсөн юм. Гэтэл нэхэмжлэгч С.З нь 7,100,000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй гэж байгаа юм. Харин би түүний байнгын үйлчлүүлэгч нь өдий хүртэл бензинийг борлуулж тооцоог нь хийж байдаг юм. Иймд С.З-н сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс Х ХХК-ийн 000021961 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШЗ2019/00572 дугаартай “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамж, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 90 дугаартай Эвлэрлийн гэрээ, гарын баримт, улсын тэмдэгт төлсөн баримт, Х ХХК-ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн итгэмжлэл олгох тухай албан тоот, Бүгд найрамдах К улсын иргэн Х.Х-н Монгол улсад оршин суух үнэлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х ХХК-ийн 2017 оны 06, 07 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайлангийн Маягт ТТ-03 зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас өмгөөлөгч Д.А-тэй байгуулсан өмгөөллийн гэрээ, Х ХХК-ийн захирал С.З-тай 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Б-ны иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гарын баримтыг Монгол хэл дээр орчуулсан баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал С.З дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: С.Б нь нь “Х” ХХК-ийн ШТС-2-аас 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр А-80 бензин 4000 литр нэг литрийн үнэ 1450 төгрөгөөр 5,800,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр А-80 бензин 5000 литр нэг литрийн үнэ 1500 төгрөгөөр 7,500,000 төгрөг бүгд 13,300,000 төгрөгийн бензинийг зээлээр аваад борлуулж өгөхөөр тохиролцсон баримт өгсөн боловч үүнээс 7,100,000 төгрөгийг одоо хүртэл төлөхгүй байгаа тул С.Б-с 7,100,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Х ХХК-ийн захирлын нэхэмжилж бензиний үнэ 7,100,000  төгрөгийг тухайн үед төлж барагдуулж өгсөн юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал С.З нь хариуцагч С.Б-с бензиний үнэ 7,100,000  төгрөг гаргуулахыг хүсжээ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэжээ.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал, хариуцагч С.Б нарын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан аман хэлцэл хийгдсэн байна. 

Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 4000 литр бензин авлаа. С.Б гэж, 2017 оны 07 сарын 28-ний өдөр Х компаниас 5000 л бензин /1500/ А80 авлаа. С.Б. 2017.07.28 гэж тус тус гарын баримтад бичигдсэн байна.

Хариуцагч С.Б нь худалдагч ХЫЫЫ ХХК-иас зээлээр бензин худалдаж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 06 дугаар сарын 19, 2017 оны 07 дугаар сарын 20-ний өдрүүдэд бензин авсан талаарх гарын баримтаар болон талуудын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаж байгаа тайлбараар нотлогдож байна.

5.Хариуцагч С.Б-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

6.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Нэхэмжлэгч Х ХХК нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлсэн, худалдан авагч С.Б нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн өгөх үүргийг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь зохигч нарын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч С.Б нь шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Газар тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний ар талд бичигдсэн 2017 оны 07 дугаар сарын 20-ний өдөр авлаа С гэж бичигдсэн байдал, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр бичигдсэн бэлэн, авлаа, банк зэрэг бичигдсэнээр бензиний үнийг төлсөн гэж гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү баримтаар бензиний үнийг төлсөн байна гэдэг нь нотлогдохгүй байна.

Энэхүү хавтаст хэрэгт авагдсан баримтад “2017.07.28. 700,000₮ авлаа С, 500,000₮ авлаа С 8/20, 250,000₮ 10/3, 700,000₮ 10/10, 200,000₮ 3/4, 200,000₮ 3/18, нийт 1,850,000₮, 300,000₮ 10/19, 300,000₮ 10/24, 500,000, 1,100,000 нийт 2,200,000₮, 500,000, 100,000, 1,500,000 төгрөг” гэж бичигдсэн байх ба тооцоход 4,6500,000 төгрөг гарч байгаа ба энэхүү баримтаар зээлээр авсан бензиний үнийг төлсөн гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч буюу худалдагч Хазына ХХК нь худалдан авагч С.Б-ны өмчлөлд  эд хөрөнгө буюу бензин шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээсэн боловч С.Б нь энэхүү үүргээ биелүүлээгүй, хүлээсэн үүргээ зөрчсөн байна. 

Нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч С.Б нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан гэрээний харилцаа үүссэн учраас нэхэмжлэгч С.Б нь шаардах эрхтэй байна.

7. Нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал С.З хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 90 дугаартай Эвлэрлийн гэрээгээр “Уригдсан тал С.Б-с “Х ХХК-ийн нэхэмжилсэн 12100000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулахаар тохиролцож, Өргөдөл гаргагч Хазына ХХК-ийн маргаантай байгаа 7,100,000 төгрөгөө иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах журмаар шийдвэрлэхээр болсон” байна.

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШЗ2019/00572 дугаартай “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамжаар дээрх эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна.

Хариуцагч С.Б нь шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Газар тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч 2017 онд зээлээр авсан бензиний үнийг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

8. Нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагч С.Б-с 128,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч С.Б-с бензиний үнэ 7,100,000 /долоон сая нэг зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-с 128,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.Б