Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2022/00021

 

“Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2022/00092 дугаар шийдвэртэй, *** үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** оршин суух С.Б-д холбогдох,

бензиний үнэ 7100000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Айбекийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, хариуцагч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Айбек, орчуулагч А.Ахмерей нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлд:

1.1. С.Б нь “Х ” ХХК-ийн ШТС-2-аас 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр А-80 бензин 4000 литр, нэг литрийн үнэ 1450 төгрөгөөр 5,800,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр А-80 бензин 5000 литр, нэг литрийн үнэ 1500 төгрөгөөр 7,500,000 төгрөг бүгд 13,300,000 төгрөгийн бензинийг зээлээр аваад борлуулж өгөхөөр тохиролцсон баримт өгсөн боловч үүнээс 7,100,000 төгрөгийг одоо хүртэл төлж өгөхгүй байна.

1.2. С.Б зээлээр бензин авахдаа Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна сумын 1 дүгээр багийн Ардчилсан намын штабыг удирдаж ажиллана сонгуулийн зардлын санхүүжилт сонгуулийн дараа хийгдэнэ гэж тайлбарлаж авсан. Сонгуулийн дараа зээлээ төлөхийг шаардахад манай сумын намын дарга нь санхүүжилтийг аваад Улаанбаатар хотод зугтсан байна төлж өгнө гэсээр байгаад өдий хүрчээ.

1.3. Төлбөрийг нэхэмжилж сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хүсэлт гаргахад хуралд уригдсан С.Б нь “Х ” ХХК-ийн ШТС-2-аас 2017 оны 6 сарын 19-ний өдөр А-80 бензин 4000 литр нэг литрийн үнэ 1450 төгрөгөөр 5,800,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр А-80 бензин 5000 литр үнэ 1500 төгрөгөөр 7,500,000 төгрөг бүгд 13,300,000 төгрөгийн бензинийг зээлээр аваад борлуулж өгөхөөр тохиролцсон нь үнэн гэж зөвшөөрч байгаа боловч 7100000 төгрөгийг төлж өгөхгүй би төлсөн баримт үзүүлнэ гэж худлаа элдэв шалтаг зааж төлөхөөс татгалзаж хуран мэхэлж зугтаж байна. Иймд хариуцагч С.Б-аас 7,100,000 /долон сая нэг зуун мянган/ төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие С.Б нь Өлгий сумын 13 дугаар багийн иргэн “Х ” ХХК-ийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

2.2. С.З-н нэхэмжилсэн бензиний үнэ болох 7,100,000 төгрөгийг тухайн үед уг мөнгийг төлж барагдуулж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч С.З нь 7,100,000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй гэж байгаа. Харин би түүний байнгын үйлчлүүлэгч нь өдий хүртэл бензинийг борлуулж тооцоог нь хийдэг. С.З-ийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2022/00092 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч С.Б-с бензиний үнэ 7,100,000 /долоон сая нэг зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-с 128,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтыг тал бүрээс нь бодиттой дүгнээгүй. Зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.2. Хариуцагч С.Б нь “Х” ХХК-аас 2017 онд 06 дугаар сард А-80 бензин 400 л, литрийн үнийг 1450 төгрөгөөр 5.800.000 төгрөгөөр, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр А-80 бензин 5000 л, литрийн үнийг 1500 төгрөгөөр 7.500.000 төгрөг бүгд 13.300.000 төгрөгийн бензинийг зээлдэж авч борлуулсан.  

4.3. С.Б нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацаанд хэсэгчлэн өгөх үүргийг хүлээн, уг үүргээ зөрчилгүй, тухай бүр биелүүлж байсан.  

 

4.4. Хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 700.000 төгрөг, 8 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөг,  10 дугаар сарын 03-ны өдөр 250.000 төгрөг,  3 дугаар сарын 04-ний өдөр 200.000 төгрөг банканд, 02 дугаар сарын 18-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 700.000 төгрөг бэлнээр, 1.350.000 төгрөгийг банканд тус тус шилжүүлсэн. С  гэгчийн авсан 1,200.000 төгрөг, “Х ” ХХК-нд нийт 1.350.000 төгрөгийг бэлнээр болон банкаар дамжуулан авсныг итгэмжлэгдсэн төлөөлөгч Хуаныш нь шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй.  

4.5. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн 7.100.000 төгрөгөөс “Х ” ХХК-нд бэлнээр болон банкаар өгсөн 1.350.000 төгрөгийг, С  гэгчийн бэлнээр авсан 1.200.000 төгрөг нийт 2.550.000 төгрөгийг хасаж тооцохгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж өгнө үү.  

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Иргэн С.Б нь “Х ” ХХК-аас 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр А-80 бензин 4000 л, литрийн үнэ 1450 төгрөгөөр 5.800.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр А-80 бензин 5000 л нэг литрийн үнэ 1500 төгрөгөөр 7.500.000 төгрөг бүгд 13.300.000 төгрөгийн бензинийг зээлээр аваад борлуулж өгөхөөр тохиролцон баримт өгч, авсныг хүлээн зөвшөөрч байгаа боловч 7.100.000 төгрөгийг төлөхгүй 4 жил гаруй хугацаанд тус компанийг хохироож байна.

5.2. Нийт авсан бензиний үнэ 13.300.000 төгрөгөөс түгээгч С-д 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 700.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, болон бусад өгсөн мөнгө нь хасагдаад төлөгдөөгүй үлдсэн мөнгө 7.100.000 төгрөг байгааг С.Б өөрөө тооцоо нийлж, хүлээн зөвшөөрөөд уг мөнгийг төлсөн баримт өгнө гэж эвлэрүүлэн зуучлагчид тайлбарласан. Уг тайлбарыг өгснөөс хойш 3 жил өнгөрсөн боловч төлсөн баримт ч өгөөгүй, мөнгөө ч төлөөгүй, утсаа ч авахаа больсон.

5.3. С.Б нь 13.300.000 төгрөгийн бензин авсныг хүлээн зөвшөөрч, үүнээс 7.100.000 төгрөгийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, бүх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байхад үүрэг хариуцлагаа биелүүлэхээс татгалзаж, хуулийг яагаад хүндэтгэхгүй байна. Анхан шатны шүүх бүх нотлох баримтыг үндэслэн тооцоолж, 7.100.000 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн гэж шийдвэрт гаргасан.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх “Х ” ХХК-ийн хариуцагч С.Б-д холбогдуулан гаргасан 7.100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж, гомдолд заасан үндэслэлээр хянан хэлэлцээд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг ойлгоно.

 

3. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэж хэргийн үйл баримт, талуудын хооронд үүссэн маргааны агуулгыг сэргээн тогтоохдоо хуульд заасан журмыг баримталсан боловч шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогдсон, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг үнэлээгүй орхигдуулсан буюу зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тогтоож чадаагүй, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, тайлбарлаж хэрэглэвэл зохих мөн хуулийн зүйл, хэсгийг хэрэглээгүй зэрэг алдаа гаргасан байх тул шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэхгүй.  

 

4. Зохигчийн тайлбар, хэргийн 39 дэх талын арын нүүрэнд авагдсан бичмэл баримтыг харьцуулан шинжлэн судлахад, худалдан авагч С.Б нь худалдагч “Х ” ХХК-аас 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 4000 л бензинийг 1450 төгрөгөөр, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5000л бензинийг 1500 төгрөгөөр, нийт 13300000 төгрөгийн бензин худалдаж авсан нь тогтоогдсон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байна. Худалдан авагч нь худалдаж авсан бензиний үнээс 1200000 төгрөгийг “Х ” ХХК-ийн түгээгч ажилтай гэх С гээр дамжуулан төлсөн нь баримтаар болон зохигчийн тайлбараар тогтоогдсон, үлдсэн 12100000 төгрөгөөс 5000000 төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШЗ2019/00572 дугаар “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжаар иргэн С.Бс гаргуулж “Х ” ХХК-д төлүүлэхээр шийдвэрлэсэн, шүүгчийн уг захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдаж авсан бензиний үнийг төлөх үүрэгтэй байхад хариуцагч С.Б нь төлбөл зохих  нийт 13300000 төгрөгийн үнэтэй бензиний үнээс 1200000 төгрөгийг бэлнээр төлсөн, 5000000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр төлөхөөр болсон тул үлдсэн 7100000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлээгүй орхигдуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангах гол нөхцөл юм.

 

6. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд хариуцагчийн өмгөөлөгчийн “2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн 250000 төгрөгийг авсан уу”, “2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бэлэн 700000 төгрөг гэж хэн бичсэн бэ?”, “3 дугаар сарын 04-ний өдөр 200000 төгрөг банканд хийснийг авсан уу?”, “3 дугаар сарын 18-ны өдөр 200000 төгрөг авсан уу?” гэх асуултууд хэргийн 39 дэх талын арын нүүрэнд хавсаргасан баримтат мэдээлэлд тулгуурласан бөгөөд эдгээр асуултуудын бүгдэд нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “авсан” гэж хариулсан байдлыг давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас үнэлж дүгнээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас дээрх үнийн дүнтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна. /Шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дугаар хуудас, хэргийн 50 дугаар тал/

 

7. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд “урьд С  гэгчээр дамжуулж төлсөн 1200000 төгрөгийг нэхэмжлэгч илүү нэхэмжилсэн тул хасаж тооцож өгнө үү” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй тул хүлээж авахгүй. Нэхэмжлэгч “Х ” ХХК нь анх нэхэмжлэл гаргахдаа С.Бы худалдаж авсан бензиний үнэ 13300000 төгрөгөөс 1200000 төгрөгийг хасаж тооцон, 12100000 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэлээ шүүхэд мэдүүлж байсан нь эвлэрүүлэн зуучлагчид хандсан өргөдөл, шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбар, баримтуудаар тус тус тогтоогдсон, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо худалдан авагчийн бэлнээр төлсөн уг мөнгөн дүнг хасаж тооцсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

8. Иргэний хуулийн 262 дугаар зүйл буюу зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнээс нэмэгдсэн шинжтэй байдаг. Гэтэл “Х ” ХХК болон С.Б нарын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлд зээлээр худалдах-худалдан авах гэрээний дээрх шинж байхгүй атал анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үнийг тодорхой хугацааны дараа төлөх нөхцөлийг л үндэслэж, маргааны үйл баримтад Иргэний хуулийн 262 дугаар зүйлийг буруу хэрэглэснийг зөвтгөж, хуульд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2022/00092 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч С.Бс 5750000 /таван сая долоон зуун тавь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1350000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Бс 106950 /нэг зуун зургаан мянга есөн зуун тавь/  төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  хариуцагч С.Б-ын өмгөөлөгч Д.А-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128550 төгрөгийг мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, С.Б-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК