Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2314

 

 

ИНЕГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01983 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ИНЕГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “И б” ХХК-д холбогдох

 

20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ийгл телевиз нь тус газрын үйл ажиллагааны талаар нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл, сурталчилгаа нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр Иргэний нисэхийн ерөнхий газраас төлбөрийн 135 дугаар даалгавраар 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөг, 183 дугаар даалгавраар 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэлээр шилжүүлж авсан. Гэтэл гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгэхгүйгээр хувь хүний нэр төрийг гутаасан мэдээ мэдээлэл тараасан. Тус телевизийн энэхүү үйлдэл нь байгууллага иргэний хоорондын маргаан, хувийн ашиг сонирхолд байгууллагын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж хувь хүний нэр төрийг гутаасан зөрчил болсон гэж Сангийн яамны Улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 30/01-12 дугаар албан шаардлагад дурдаж, “И б” ХХК-иас 20 000 000 төгрөгийг тус газрыг Худалдаа хөгжлийн банк дахь 499133504 тоот данс руу шилжүүлж, зөрчлийг арилгуулах үүргийг тус газарт үүрэг болгосон тул улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргах болсон.

Иймд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь Сангийн яамны Дотоод аудитын хорооны 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоол, Сангийн яамны Улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 30/01-12 дугаар албан шаардлагаар тус тус нотлогдсон тул “И б” ХХК-иас 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллага нь ИНЕГ тай 2014 оны 01 сараас эхлэн хамтран ажилласан ба мөн оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан. Иргэний нисэхийн ерөнхий газраас хамтын ажиллагааны хүрээнд нэвтрүүлэг хийлгэхээр захиалга өгсөн ба тэрхүү захиалгын хүрээнд эрэн сурвалжлах нэвтрүүлэг болон зочны цаг нэвтрүүлгүүд хийгдсэн. Мөн хамтран ажиллах гэрээний хугацаанд захиалагч байгууллагын мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, зар сурталчилгааг телевизийн эфирээр дамжуулахаар тохиролцож, гэрээний үүргээ биелүүлсэн. Ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул захиалагч байгууллага төлбөрөө төлөх үүргийнхээ дагуу гэрээний төлбөрүүдийг цаг тухайд нь шилжүүлсэн ба манай байгууллага нь Иргэний хуульд зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэж, гэрээний хугацаа дууссанаар уг гэрээ дуусгавар болсон.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байдаг. Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн. Мөн нэхэмжлэлд дурдаж буй иргэний нэр төрийг гутаасантай холбоотой хяналтын шатны шүүхийн 548 тоот тогтоол нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Хэрвээ мөн гэрээний үүргийн биелэлт болон тухайн шүүхийн шийдвэртэй холбоотой эрх ашиг нь зөрчигдөж байна гэж үзэж байгаа бол хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд манай байгууллага дээр дурдсан үндэслэлээр Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар “И б” ХХК-д холбогдох, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан 20 000 000 төгрөг гаргуулах тухай, ИНЕГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ИНЕГ  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01983 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь шүүх хэрэгт байгаа нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч талын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргийг буруу үнэлж дүгнэснээс болж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш болсон.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн гэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч ИНЕГ  хариуцагч “И б” ХХК-д холбогдуулан гэрээний төлбөрт шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээлэл, сурталчилгааг эфирийн болон техникийн шаардлага хангасан байдлаар телевизэд хүлээлгэн өгөх, гэрээний үнийг төлөх, хариуцагч нь бэлтгэсэн мэдээ, мэдээллийг өөрийн эзэмшлийн Ийгл телевизээр хуваарийн дагуу нэвтрүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байх ба гэрээний агуулга, талуудын хүлээсэн эрх, үүрэг, гэрээний шинж зэргээс үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. /хэргийн 31-32 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрийн үйл ажиллагааг хариуцагч байгууллагын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд танилцуулах үйл ажиллагааг явуулж ирсэн болон 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хамтран ажиллах нэртэй гэрээг бичгээр байгуулсан үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй байна.

 

Улмаар нэхэмжлэгчээс 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус ажлын хөлсөнд тооцож хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн зүгээс бэлтгүүлсэн, зөвшөөрсөн мэдээ, нэвтрүүлгийг өөрийн телевизийн эфирээр нэвтрүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан дүрс бичлэг, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогджээ.

 

Тодруулбал, хариуцагч 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 01.30-27.05 минутын хугацаатай нийт 21 275 000 төгрөгийн үнэ бүхий мэдээ болон нэвтрүүлгийг өөрийн эфирээр нэвтрүүлсэн гэсэн тайлбарыг гаргаж, нотлох баримтаар СД хавсаргасныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй тул хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна. /хэргийн 48, 73 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сангийн яамны зүгээс хийсэн шалгалтаар ... байгууллага иргэний хоорондын маргаан, хувийн ашиг сонирхолд байгууллагыг ашиглаж мөнгө зарцуулсан зөрчил дутагдал илэрсэн, уг зөрчлийг арилгуулах талаар Улсын байцаагчийн албан шаардлага гарсан, зөрчил дутагдлыг арилгуулахаар шаардсан гэж тайлбарлаж байх бөгөөд хэрэгт авагдсан Сангийн яамны дотоод аудитын хорооны 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тоот тогтоол болон Сангийн яамны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 30/01-12 тоот албан шаардлагад нэхэмжлэгчийг төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, төр өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглох хуулийн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, цаашид хяналтыг сайжруулж, дахин зөрчил гаргахгүй байхыг анхааруулсан агуулгатай байгаа нь дээрх гэрээнд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж нэхэмжлэгч төлбөрийг буцаан шаардах эрхийг үүсгэхгүй юм. Мөн Т.Батжаргалын нэхэмжлэлтэй Ийгл телевизтэй холбоотой нэр төр сэргээлгэх нэхэмжлэлтэй холбоотой иргэний хэрэг нь энэ хэргийн зохигчдын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, эсхүл үүргээ зөрчсөн гэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийг гэрээ байгуулан, мэдээ, нэвтрүүлэг бэлдүүлэн, эфирээр нэвтрүүлэх зөвшөөрлийг хариуцагчид олгосон, улмаар өөрөө холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн атлаа хариуцагчаас тодорхой ажил үйлчилгээ үзүүлсний хөлсийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй, мөн талуудын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой шаардлага гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ИНЕГ-ын хариуцагч “И б” ХХК-д холбогдуулан гаргасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167  дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01983 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ИЧИНХОРЛОО

 

                                      ШҮҮГЧИД                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                                       С.ЭНХТӨР