Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2018/01983

 

 

 

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2018/01983

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ИНЕГ-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  И.Б ХХК-д холбогдох,

 

Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, хариуцагчийн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ийгл телевиз нь тус газрын үйл ажиллагааны талаар нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл, сурталчилгаа нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр Иргэний нисэхийн ерөнхий газраас төлбөрийн 135 дугаар даалгавраар 2014 оны 02 сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг, мөн төлбөрийн 183 дугаар даалгавраар 2014 оны 04 сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэлээр шилжүүлж авсан.

Гэтэл гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгэхгүйгээр хувь хүний нэр төрийг гутаасан мэдээ мэдээлэл тараасан. Тус телевизийн энэхүү үйлдэл нь байгууллага иргэний хоорондын маргаан, хувийн ашиг сонирхолд байгууллагын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж хувь хүний нэр төрийг гутаасан зөрчил болсон гэж Монгол Улсын Сангийн яамны Улсын байцаагчийн 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 30/01-12 дугаар албан шаардлагад дурдаж, ******* (Ийгл телевиз) ХХК-иас 20,000,000 төгрөгийг тус газрыг Худалдаа хөгжлийн банк дахь 499133504 тоот данс руу шилжүүлж, зөрчлийг арилгуулах үүргийг тус газарт үүрэг болгосон тул улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргах болсон.

Иймд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь Сангийн яамны Дотоод аудитын хорооны 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоол, Сангийн яамны Улсын байцаагчийн 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 30/01-12 дугаар албан шаардлагаар тус тус нотлогдсон тул ******* ХХК-иас 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Тус байгууллага нь Иргэний нисэхийн ерөнхий газартай 2014 оны 01 сараас эхлэн хамтран ажилласан ба мөн оны 04 сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан болно. Иргэний нисэхийн ерөнхий газраас хамтын ажиллагааны хүрээнд нэвтрүүлэг хийлгэхээр захиалга өгсөн ба тэрхүү захиалгын хүрээнд эрэн сурвалжлах нэвтрүүлэг болон зочны цаг нэвтрүүлгүүд хийгдсэн болно.

Мөн хамтран ажиллах гэрээний хугацаанд захиалагч байгууллагын мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, зар сурталчилгааг телевизийн эфирээр дамжуулахаар тохиролцож, гэрээний үүргээ биелүүлсэн.

Ийнхүү хамтран ажиллах гэрээний хүрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул захиалагч байгууллага төлбөрөө төлөх үүргийнхээ дагуу гэрээний төлбөрүүдийг цаг тухайд нь шилжүүлсэн ба манай байгууллага нь Иргэний хуульд заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэж, гэрээний хугацаа дууссанаар уг гэрээ дуусгавар болсон.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байдаг. Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ нь 2014 оны 04 сарын 01-ний өдрөөс 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн.

Мөн нэхэмжлэлд дурдаж буй иргэний нэр төрийг гутаасантай холбоотой хяналтын шатны шүүхийн 548 тоот тогтоол нь 2014 оны 10 сарын 03-ны өдөр гарсан байна. Хэрвээ мөн гэрээний үүргийн биелэлт болон тухайн шүүхийн шийдвэртэй холбоотой эрх ашиг нь зөрчигдөж байна гэж үзэж байгаа бол хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд манай байгууллага дээр дурдсан үндэслэлээр Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний нисэхийн ерөнхий газар болон ******* ХХК нь 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс ажил хэргийн харилцаатай байсан, улмаар 2014 оны 04 сарын 01-ний өдөр Хамтран ажиллах гэрээ-г бичгээр байгуулсан үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй.

Хэрэгт авагдсан 2014 оны 04 сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ хэмээн томъёолсон гэрээгээр Иргэний нисэхийн ерөнхий газар нь өөрийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээлэл, сурталчилгааг эфирийн болон техникийн шаардлага хангасан байдлаар телевизэд хүлээлгэн өгөх, гэрээний үнийг төлөх, харин ******* ХХК нь өөрийн эзэмшлийн Ийгл телевизээр Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээлэл, сурталчилгааг хуваарийн дагуу нэвтрүүлэхээр тус тус харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх-31х/

Дээр дурдсан гэрээг зохигч талууд хамтран ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ хэмээн тайлбарлаж байх боловч талуудын хүлээсэн эрх, үүрэг, гэрээний шинж зэргээс үзэхэд талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарч байна.

Учир нь, хамтран ажиллах гэрээний хувьд гэрээний талууд ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллаж, хамтын үйл ажиллагааг удирдах удирдлагын бүтэц, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашиг, алдагдлыг хэрхэн хуваах зэрэг асуудлыг харилцан тохиролцдог бол ажил гүйцэтгэх гэрээний хувьд хөлсөөр ажиллах гэрээний харилцаатай төстэй шинжтэй боловч гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдгаараа ялгаатай.

Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар нь Сангийн яамны зүгээс хийсэн шалгалтаар ... байгууллага иргэний хоорондын маргаан, хувийн ашиг сонирхолд байгууллагыг ашиглаж мөнгө зарцуулсан зөрчил дутагдал илэрсэн, уг зөрчлийг арилгуулах талаар Улсын байцаагчийн албан шаардлага гарсан, зөрчил дутагдлыг арилгахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарладаг бол хариуцагч ******* ХХК нь гэрээний дагуу мэдээ, мэдээлэл, сурталчилгааг эфирээр нэвтрүүлсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр Иргэний нисэхийн ерөнхий газраас 2014 оны 02 сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 04 сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус ******* ХХК-д шилжүүлсэн, ******* ХХК нь Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс бэлтгүүлсэн, зөвшөөрсөн мэдээ, нэвтрүүлгийг өөрийн телевизийн эфирээр нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

2014 оны 01 сарын 22-ны өдрөөс 2014 оны 05 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 01.30 27.05 минутын хугацаатай нийт 21,275,000 төгрөгийн үнэ бүхий мэдээ, нэвтрүүлгийг өөрийн эфирээр нэвтрүүлсэн гэсэн хариуцагч талын тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй болно. /хх-48х, үзлэг хийсэн тэмдэглэл/

Иймд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Сангийн яамны дотоод аудитын хорооны 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 14 дүгээр тоот тогтоол /хх-8х/, Сангийн яамны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 30/01-12 тоот албан шаардлагад /хх-9-10х/ Иргэний нисэхийн ерөнхий газар нь Төсвийн тухай хуулийн 6.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.3-т заасныг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, цаашид хяналтыг сайжруулж, дахин зөрчил гаргахгүй байхыг анхааруулсан агуулгатай байхаас хариуцагч ******* ХХК-д гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан төлүүлэх агуулга тусгагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний нисэхийн ерөнхий газар нь өөрөө гэрээ байгуулан, өөрөө мэдээ, нэвтрүүлэг бэлдүүлэн, өөрөө эфирээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгосон, улмаар өөрөө холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн атлаа ******* ХХК-иас тодорхой ажил үйлчилгээ үзүүлсний хөлсийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2014 оны 12 сарын 31-ний өдрөөс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Иргэний нисэхийн ерөнхий газраас Хамтран ажиллах гэрээ гэх гэрээний дагуу ******* ХХК-д холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болжээ.

Сангийн яамны зүгээс явуулсан шалгалтаар зөрчил дутагдал илэрсэн учир энэ үэес шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч Иргэний нисэхийн ерөнхий газрын зөрчсөн гэх Төсвийн тухай хуулийн 6.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.3 дахь заалтын зохицуулалт нь ******* ХХК-тай гэрээ байгуулах, гэрээний хугацаа дуусгавар болох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан, Иргэний нисэхийн ерөнхий газар, холбогдох албан тушаалтан нь хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаагаа мэдэж байсан, мэдэх боломжтой байсан учир нэхэмжлэгчийн уг тайлбар үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний нисэхийн ерөнхий газраас ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар ******* ХХК-д холбогдох, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан 20,000,000 төгрөг гаргуулах тухай, Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР