Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2313

 

“Т-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02791 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.М-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 9 800 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Ш.И,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.К-,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Алтан төгрөг худалдааны төвтэй хариуцагч Т.М- талбай түрээслэхээр 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Уг талбай 1 392 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй. Гэрээ байгуулах үед хариуцагч түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлээч гэснээр бид сарын 1 200 000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулсан. Хариуцагч 3 сар 1 200 000 төгрөгөөр түрээсийн төлбөр төлсөн. Хариуцагч манайд түрээсийн төлбөр өндөр байгаа учраас жижиг талбай өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Бидэнд жижиг талбай байгаагүй учраас хариуцагчийн түрээсэлж байсан талбайн түрээсийн төлбөрийг бууруулахаар шийдсэн. Тухайн үед хариуцагч бидэнд талбай чөлөөлнө гэсэн хүсэлт гаргасан. Бид тухайн үед хариуцагчийг түрээсийн гэрээний 8.2 дахь заалтыг сайн уншаарай гэж хэлж байсан. Иймд түрээсийн гэрээний 8.2-д зааснаар гэрээний хугацаа дуусах хүртэлх сарын 1 200 000 төгрөгийн түрээсийн төлбөр буюу олох байсан орлогоо хохирлоор нэхэмжилж байна. Хариуцагчийн түрээсийн гэрээ зөрчсөнөөс талбай одоо хоосон байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэгч талд 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр жижиг талбай түрээсэлмээр байна гэсэн хүсэлт өгсөн боловч бидний хүсэлтэд хариу өгөөгүй. 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр талбай чөлөөлөх хүсэлтээ өгсөн. Биднийг талбай чөлөөлөх өргөдлөө өгөхөд нэхэмжлэгч талын нярав түрээсийн төлбөр 980 000 төгрөг болгоё гэсэн. Т.М- бид нар гарах өргөдлөө өгсөн учраас гарна гэснээрээ гаръя гэж хэлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр түрээсийн талбайгаас өөрсдийн эд хөрөнгөө зөөсөн. Т.М- нэхэмжлэгч талд том тавилгаа дараа авъя гэхэд н.Алтанцэцэгтэй ярь гэж хэлсэн. н.Алтанцэцэгт талбайд үлдээж байгаа эд хөрөнгөө харуулахад хананд цаг хадсанаас болж унасан шаврыг бөглөж өг гэсэн тул бид ч түүний хэлснээр ханын 3 газрын шавар нааж өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр том тавилгаа авч, жижүүр байхгүй байсан учраас үйлчлэгчид түлхүүр өгсөн. Бид талбайг нэхэмжлэгч талд хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч тал бидний барьцааны 1 000 000 төгрөг, шилэн хаалганы 200 000 төгрөгийг өгөөгүй. Бид цаашид түрээсийн төлбөр төлж чадахгүй байдалд хүрсэн учраас талбайг чөлөөлсөн. 2018 оны 05 сар хүртэлх түрээсийн төлбөр төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэг талыг барьж, түрээслэгчийн гэрээ цуцлах эрхийг хүртэл тусгаагүй гэрээ байгуулсан. Иймд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ түрээслэгчийн эрхийг хязгаарласан, бэлэн гэрээнд гарын үсэг зуруулсан, түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулж болно гэсэн атлаа үнийн өөрчлөлтөд түрээслэгчийн оролцох эрхийг заагаагүй гэсэн байна. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнд хууль зөрчсөн үйлдэл байхгүй байна. Гэрээ байгуулахдаа бид эдгээр хүмүүсийг албадаж шахаагүй, талуудад гэрээний нөхцөлөө тохиролцох боломж хангалттай байсан. Бид хариуцагч талд гэрээний гол нөхцөлийг танилцуулахад ямар нэгэн санал гараагүй, зөвшөөрч гэрээ байгуулсан. Өмнө түрээслэгч К.К- түрээсийн төлбөрт сар бүр 1 000 000 төгрөг дараа нь 3 сар 1 392 000 төгрөг төлж байсан. К.К-гийн ажиллаж байсан талбайг Т.М- 3 сар, 1 200 000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулж, түрээсэлсэн. Сүүлд Т.М- 1 200 000 төгрөгийн түрээсийн төлбөр өндөр байна гэхэд бид түрээсийн төлбөрийг 980 000 төгрөг болгохоор шийдсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-д зааснаар хариуцагч тал хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээ цуцалж болохгүй. Түрээслэгч нар объектыг орхиж дуртай цагтаа гардаг. Түрээслүүлэгч түрээсийн үйл ажиллагаа явуулахын тулд түрээслэгч нарын ажиллах нөхцөлийг хангаж, дулаан, цахилгаан, усны төлбөр төлдөг. Хариуцагч тал түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн түрээслэгчийг санал болгосноор гэрээ цуцлах нөхцөл бүрдэнэ. Энэ талаар гэрээний 8.1-т заасан. Уг заалт нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2, 324 дүгээр зүйлийн 324.2-д нийцэж байгаа. Өрсөлдөөний тухай хуульд зааснаар эрх бүхий байгууллага зах зээлд давамгайлсан байгууллага гэдгийг тогтоосон байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал зах зээлд давамгайлсан этгээд гэсэн хуулийн нэр томъёонд багтахгүй. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр байх тул хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Т.М-гаас 9 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн “Т-О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн Т.М-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 750 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим үндэслэл болон тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрөх дараах үндэслэл байна.

Шүүх 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Т-О” ХХК, Т.М- нарын хооронд байгуулсан Түрээсийн гэрээг тодорхой үндэслэл зааж Эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзсэнтэй маргахгүй. Харин “Т-О” ХХК-иас үйлчилгээний талбай хөлсөлсөн этгээд болох Т.М- нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлд заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээг дуусгавар болгох нөхцөл бүрдээгүй байхад гэрээг нэг талын санаачилгаар цуцалж хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээг зөрчсөн буруутай байдалд шүүх анхаарал хандуулахгүйгээр түүний зүгээс компанид учруулсан хохирлыг Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн алдаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгө хөлслөх гэрээ хууль болон гэрээнд заасан үндэслэлээр дуусгавар болсон тохиолдолд л өмнө дурьдсан 295 дугаар зүйлээр хөлсүүлэгчийн хохирлыг тооцох ёстой гэж бид үзэж байна. Хөлслөгч Т.М нь компани түүний хүсэлтийг харгалзан, түүнтэй Түрээсийн гэрээ байгуулахдаа түрээсийн хөлсийг өмнө нь тэдэнтэй хамт ажиллаж байсан К.К-тай хийж байсан гэрээний үнэ болох 1 392 000 төгрөгөөс бууруулж 1 200 000 төгрөг болгосон. Т.М- энэ үнийг зөвшөөрч 2018 оны 02 дугаар сарын 01-нээс 2019 оны мөн өдөр хүртэл нэг жилийн хугацаатай Түрээсийн гэрээ байгуулсан.

Гэрээ хэрэгжээд 3 сар болсон байсан. 04 дүгээр сарын 01-ний өдөр тэд жижиг талбай түрээслэх хүсэлт гаргасныг бид шийдвэрлэх боломж хайж, улмаар түрээсийн үнийг бууруулж 980 000 төгрөг болох боломжгойг мэдэгдсээр атал 6 хоногийн дараа 05 дугаар сарын 01-нээр гарах гэж байгаагаа мэдэгдсэн, улмаар 05 дугаар сарын 15-аар түрээсийн байрыг орхин явсан.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлд Эд хөрөнгө хөлслөх гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох хөлслөгчийн эрхийг тодорхойлохдоо

- нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар /манай зүгээс гэрээний үүргээ зөрчсөн асуудал байгаагүй/

- хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан /бид нэмэгдэл хөлс шаардаагүй харин ч үнээ бууруулсаар байсан/

- хуульд заасан бусад үндэслэл гэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2 дахь хэсэгт заасан боломжийг хөлслөгчид олгосон байдаг. Бидний гэрээнд ч энэ заалт бий. Гэтэл энэ үүргээ ч Т.М- биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, хөлслөгч хүссэн цагтаа гэрээ байгуулж бусдын эд хөрөнгийг ашиглаад, хүссэн цагтаа хаяад явж болдоггүй, хөлслүүлэгчид ч эрх, ашиг сонирхол байдгийг хууль тогтоогч энэхүү заалтаараа тодотгосон.

Ийнхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлаад, түрээсийн талбайг шууд орхиод гарах хуульд заасан эдгээр үндэслэлийн аль нь ч Т.М-д байгаагүй учир бид түүнийг тус компанитай гэрээ байгуулж, тодорхой үүрэг хүлээсэн үүргээ хөлслөгчийн хувьд, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээгээ зөрчсөн, бидэнд хохирол учруулсан гэж үзээд байгаа юм. Мөн ийм тохиолдолд шүүх хөлслөгчид учирсан хохирлыг Иргэний хуулийн 295 дугаар зүйлээр биш, мөн хуулийн 227 дугаар зүйлийг баримталж, тухайлбал, мөн зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байгаа болно.

Ийм учраас бид түрээний гэрээний үлдсэн хугацааны төлбөрийг хохиролд тооцож нэхэмжилсэн болон энэ тухайгаа шүүхэд гаргасан бичгийн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа тодорхой хэлсэн байгаа. Иймд шүүхийн зүгээс бидний гаргасан энэхүү үндэслэлийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзсэнд гомдолтой байна.

Хөлслүүлэгч байгууллагын хувьд, иргэд, байгууллагын эрхлэх ажил, үйлчилгээний хэрэгцээ, шаардлагьн хангасан байр, талбайгаар хөлслөгчдийг хангах замаар хөрөнгө зарж босгосон үл хөдлөх хөрөнгийнхөө өөрийн өртгийг нөхөх, тухайн үл хөдлөх хөрөнгийн бүхий л ашиглалтын зардал, татвар хураамжийг төлөх, ажилчдаа цалинжуулах, түрээслэгчдэд болон тэдний үйлчлүүлэгчдэд ажиллаж, үйлчлүүлэх тааламжтай нөхцлийг бүрдүүлэх зэрэгт ихээхэн хэмжээний хөрөнгө, хүч зарцуулдаг, бизнесийн тодорхой төлөвлөгөөтэй ажилладаг хөлслөгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх нь бидний ажилд ихээхэн саад хохирол учруулдаг юм.

Дараагийн зүйл. Шүүх шийдвэртээ “Харин талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлах, дуусгавар болохтой холбоотой 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан Түрээсийн гэрээ түрээслэгчийн санаачилгаар болон түрээслэгчийн буруугаас хугацаанаас өмнө цуцлагдах тохиолдолд түрээслэгч гэрээний үлдсэн хугацааны түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх стандарт нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар шударга ёсны зарчимд харш, түрээслэгч талдаа хохиролтой байна гэсэн дүгнэлтийг хийж, Түрээсийн гэрээний 8.2 дахь заалтын энэ хэсэг хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Үүнийг бид хууль бус дүгнэлт гэж үзэж, зөвшөөрөхгүй байна. Учир нь.

- гэрээний энэ заалт бол Иргэний хууль /324 дугаар зүйл/-ийн заалт. Хуулийн заалт хуулиндаа байхаараа шударга ёсны зарчимд нийцээд, гэрээнд орохоороо шударга бусын илэрхийлэл болно гэдэгтэй санал нийлэхгүй байна.

- түүнчлэн шүүх энэхүү дүгнэлтийг хийхдээ Гэрээний 8.2 дахь хэсгийн заалтыг бүрэн авалгүйгээр эхний хэсэг /Түрээсийн гэрээ түрээслэгчийн санаачлагаар болон түрээслэгчийн буруугаас хугацаанаас өмнө цуцлагдах тохиолдолд түрээслэгч гэрээний үлдсэн хугацааны түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй/-т нь дүгнэлт хийсэн байдаг. Гэтэл энэхүү эхний өгүүлбэрийн дараа “Харин түрээслэгч өөрийнхөө оронд энэ түрээсийн гэрээний нөхцлөөр төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг санал болгож, түрээслүүлэгч түүнийг хүлээн зөвшөөрч гэрээ хийсэн нөхцөлд түрээслэгч өмнө дурдсан нөхцлөөс чөлөөлөгдөнө” гэсэн заалт байгаа бөгөөд энэ заалт нь Эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.4 дэх хэсгийн “гэрээний үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах хүсэлттэй, төлбөрийн чадвартай хөлслөгчийг санал болгон гэрээгээ цуцлах тухай хөлслүүлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн бол хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлах” эрхийг хөлслөгчид олгосон заалттай яв цав нэг агуулгатай байгаа. Иймд шүүх Түрээсийн гэрээний 8.2 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02791 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчид холбогдох хэсгийг нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “Т-О” ХХК нь хариуцагч Т.М-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 9 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдаж, хариуцагч нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг үйлчилгээний төвийн 2 давхрын худалдааны зааланд байрлах талбайг нэг сарын 1 200 000 төгрөгийн төлбөртэйгөөр, 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон байх ба гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн үйлчилгээний төвийн талбайг иргэд, хуулийн этгээдэд хуваан түрээслүүлдэг байх бөгөөд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ. Үүнд талууд маргаагүй. /хэргийн 5-7 дугаар тал/

 

Хариуцагч Т.М- нь 2018 оны 02 дугаар сараас мөн оны 04 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөрт 3 600 000 төгрөгийг төлсөн байх ба энэ талаар талууд маргаагүй байна. /хэргийн 10 дугаар тал/

 

Төлбөр төлөх хүндрэлтэй байгааг харгалзан жижиг талбай түрээслэхээр хариуцагчаас 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтэд нэхэмжлэгч хариу өгөөгүй тул тэрээр мөн оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ цуцлах тухай саналыг хүргүүлж, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр талбайг чөлөөлж, гэрээ дуусгавар болсон үйл баримтын талаар талууд маргаагүй. /хэргийн 35-36 дугаар тал/ Талууд гэрээ байгуулах үед хариуцагч барьцаанд 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байгааг анхан шатны шүүх талбайг хүлээлгэн өгөх хүртэл хугацааны төлбөрт тооцож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй бөгөөд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч талбайн хэмжээг багасгуулж гэрээнд өөрчлөлт оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй тул хариуцагч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт  гэж заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг хариуцагч гэрээнээс татгалзаж дуусгавар болгосонтой холбоотой буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирол гэж шаардаж байгаа талаар тайлбарлаж байхад шүүх хөлсөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг зохицуулсан мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсгийг баримтласан нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэрээнд өөрчлөлт оруулах саналыг нэхэмжлэгч хүлээн аваагүйтэй холбоотойгоор гэрээ хугацаанаасаа өмнө дуусгавар болж, гэрээний зүйл болох талбайг буцаан хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй байхад эд хөрөнгө хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулсантай холбоотой хохирол шаардах эрхийн зохицуулалтыг баримталсан нь үндэслэлгүй юм.

 

Хариуцагчийн хөлсөлж байсан талбайг нэхэмжлэгч бусдад одоог хүртэл хөлслүүлээгүй байгаагаас олох байсан 9 800 000 төгрөгийн хэмжээгээр хохирсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг гшүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүлйийг 227.3 дахь хэсэгт зааснаар хохирол учирсан нь тогтоогдоогүй талаар шүүх дүгнэсэн нь зөв байна.

 

Түүнчлэн, талуудын байгуулсан гэрээний 8.2 дахь хэсэгт түрээслэгч санаачлагаараа гэрээг цуцлах эрхгүй байхаар тусгасан нь хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байгаа хэдий ч гэрээг бүхэлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж, мөн хуулийн 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох үндэслэлд хамаарахгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 167  дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02791 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “295 дугаар зүйлийн 295.4” гэснийг “227 дугаар зүйлийн 227.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                                       С.ЭНХТӨР