Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00475

 

"Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02791 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2313 дугаар магадлалтай

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Т.Мд холбогдох

“Түрээсийн гэрээ”-ний үүрэгт 9 800 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батсайханы хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ичинхорлоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав, хариуцагч Т.М, хариуцагчийн өмгөөлөгч Т.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Алтан төгрөг худалдааны төвтэй хариуцагч Т.М талбай түрээслэхээр 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Уг талбай сарын 1 392 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй байдаг боловч гэрээ байгуулах үед хариуцагч түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлээч гэснээр бид сарын 1 200 000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулсан. Хариуцагч 3 сар 1 200 000 төгрөгөөр түрээсийн төлбөр төлж байгаад түрээсийн төлбөр өндөр байгаа учраас жижиг талбай өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Бидэнд жижиг талбай байгаагүй учраас хариуцагчийн түрээсэлж байсан талбайн түрээсийн төлбөрийг бууруулахаар шийдсэн. Гэвч хариуцагч нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээгээ цуцлана, түрээсийн талбай хүлээлгэж өгнө гэдгээ бидэнд мэдэгдсэн, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн талбайг орхиж явсан. Бид тухайн үед хариуцагчийг түрээсийн гэрээний 8.2 дахь заалтыг сайн уншаарай гэж хэлж байсан. Түрээсийн гэрээний 8.2-т гэрээг дангаараа цуцалсан түрээслэгч гэрээний үлдсэн хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан тул гэрээний хугацаа дуусах хүртэлх сарын 1 200 000 төгрөгийн түрээсийн төлбөр буюу олох байсан орлогоо хохирлоор нэхэмжилж байна. Хариуцагч түрээсийн гэрээ зөрчсөнөөс тухайн талбай одоо хоосон байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид нэхэмжлэгч талд 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр жижиг талбай түрээсэлмээр байна гэсэн хүсэлт өгсөн боловч бидний хүсэлтэд хариу өгөөгүй. 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр талбай чөлөөлөх хүсэлтээ өгсөн. Биднийг талбай чөлөөлөх өргөдлөө өгөхөд нэхэмжлэгч талын нярав түрээсийн төлбөр 980 000 төгрөг болгоё гэсэн. Бид нар гарах өргөдлөө өгсөн учраас гарна гэснээрээ гаръя гэж хэлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр түрээсийн талбайгаас өөрсдийн эд хөрөнгөө зөөсөн. Т.М нэхэмжлэгч талд том тавилгаа дараа авъя гэхэд н.Алтанцэцэгтэй ярь гэж хэлсэн. н.Алтанцэцэгт талбайд үлдээж байгаа эд хөрөнгөө харуулахад хананд цаг хадсанаас болж унасан шаврыг бөглөж өг гэсэн тул бид ч түүний хэлснээр ханын 3 газрын шавар нааж өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр том тавилгаа авч, жижүүр байхгүй байсан учраас үйлчлэгчид түлхүүр өгсөн. Бид талбайг нэхэмжлэгч талд хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч тал бидний барьцааны 1 000 000 төгрөг, шилэн хаалганы 200 000 төгрөгийг өгөөгүй. Бид цаашид түрээсийн төлбөр төлж чадахгүй байдалд хүрсэн учраас талбайг чөлөөлсөн. 2018 оны 05 сар хүртэлх түрээсийн төлбөр төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч тал нэг талыг барьж, түрээслэгчийн гэрээ цуцлах эрхийг хүртэл тусгаагүй гэрээ байгуулсан. Иймд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч тал 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ түрээслэгчийн эрхийг хязгаарласан, бэлэн гэрээнд гарын үсэг зуруулсан, түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулж болно гэсэн атлаа үнийн өөрчлөлтөд түрээслэгчийн оролцох эрхийг заагаагүй гэсэн байна. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнд хууль зөрчсөн үйлдэл байхгүй байна. Гэрээ байгуулахдаа бид эдгээр хүмүүсийг албадаж шахаагүй, талуудад гэрээний нөхцөлөө тохиролцох боломж хангалттай байсан. Бид хариуцагч талд гэрээний гол нөхцөлийг танилцуулахад ямар нэгэн санал гараагүй, зөвшөөрч гэрээ байгуулсан. Өмнөх түрээслэгч К.Кулимаа түрээсийн төлбөрт сар бүр 1 000 000 төгрөг, дараа нь 3 сар 1 392 000 төгрөг төлж байсан. К.Кулимаагийн ажиллаж байсан талбайг Т.М 3 сар, 1 200 000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулж, түрээсэлсэн. Сүүлд Т.М 1 200 000 төгрөгийн түрээсийн төлбөр өндөр байна гэхэд бид түрээсийн төлбөрийг 980 000 төгрөг болгохоор шийдсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-д зааснаар хариуцагч тал хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээ цуцалж болохгүй. Түрээслэгч нар объектыг орхиж дуртай цагтаа гардаг. Түрээслүүлэгч түрээсийн үйл ажиллагаа явуулахын тулд түрээслэгч нарын ажиллах нөхцөлийг хангаж, дулаан, цахилгаан, усны төлбөр төлдөг. Хариуцагч тал түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, түрээслэгчийг санал болгосноор гэрээ цуцлах нөхцөл бүрдэнэ. Энэ талаар гэрээний 8.1-т заасан. Уг заалт нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2, 324 дүгээр зүйлийн 324.2-д нийцэж байгаа. Өрсөлдөөний тухай хуульд зааснаар эрх бүхий байгууллага зах зээлд давамгайлсан байгууллага гэдгийг тогтоосон байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал зах зээлд давамгайлсан этгээд гэсэн хуулийн нэр томъёонд багтахгүй. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр байх тул хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02791 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Т.Мгаас 9 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн Т.Мгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 750 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2313 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02791 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “295 дугаар зүйлийн 295.4” гэснийг “227 дугаар зүйлийн 227.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батсайханы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 19-ний өдрийн 2313 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Хөлслөгч Т.М нь 2018 оны 02 сарын 02-нд тус компанид хандаж ““Alivemax”-ын хамт олон” нэрээр хүсэлт гаргахдаа “...”Alivemax”-ын хамт олон 2017 оны 03 сарын 04-нд 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн. Гэвч одоо түрээс нэмэгдсэний учраас хүмүүс маань түрээсийн мөнгөө төлж дийлэхгүй, одоогоор 4 хүн үлдсэн. Түрээсийн үнээ өмнөх хэвээр нь байлгаж өгнө үү” гэснийг харгалзан, бид түүнтэй “Түрээсийн гэрээ” байгуулахдаа түрээсийн хөлсийг өмнө нь тэдэнтэй хамт ажиллаж байсан иргэн К. Калиматай хийж байсан гэрээний үнэ болох 1 392 000 төгрөгөөс бууруулж 1 200 000 төгрөг болгосон. Т.М энэ үнийг зөвшөөрч 2018 оны 02 сарын 01-нээс 2019 оны мөн өдөр хүртэл нэг жилийн хугацаатай “Түрээсийн гэрээ”-гээ байгуулаад гэрээ хэрэгжээд явж байсан. Энэ үнийг иргэн Т.М ганцаараа төлдөггүй, хамт олон төлдөг гэдгийг хүсэлтээс нь харж болно. Харин хамт олон гэдэг нь хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байдгийг тэд ч бидэнд хэлж байгаагүй, бид ч сонирхоогүй.

Мөн 2018 оны 4 сарын 01-нд тэд жижиг талбай түрээслэх хүсэлт гаргасныг бид шийдвэрлэх боломж хайж, жижиг талбай байгаагүй учир түрээсийн үнийг дахин бууруулж 980 000 төгрөг болгох байдлаар зохицуулах боломжтойг мэдэгдсээр атал \хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ үүнийг үгүйсгээгүй\ түрээслэгч 6 хоногийн дараа 5 сарын 01-нээр гарах гэж байгаагаа мэдэгдэн улмаар 5 сарын 15-даар түрээсийн байрыг орхин гарч явсан юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх түрээслэгчийн талбайн хэмжээг багасгуулж, гэрээнд өөрчлөлт оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй тул хариуцагч гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэж /Магадлалын 6 дугаар хуудасны төгсгөл, 7 дугаар хуудасны эхлэлд/ биднийг буруутгав.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан бид түрээслэгчийн гэрээнээс татгалзах болон гэрээг дангаараа цуцлах эрхийг хязгаарлаагүйг “Түрээсийн гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтаас харж болно. Гэхдээ энэхүү 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар түрээсийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн өөр түрээслэгчийг санал болгосон тохиолдолд гэрээг дангаараа цуцлах боломжтой байгаа. Мөн энэ нь зөвхөн гэрээний шаардлага ч биш хуулийн шаардлага. Иргэний хуулийн 289-р зүйлийн 289.2.4-т “Гэрээний үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах хүсэлтэй, төлбөрийн чадвартай хөлслөгчийг санал болгон гэрээгээ цуцлах тухай хөлслүүлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн бол хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлах” эрхийг хөлслөгчид олгосон байдаг. Т.М энэ үүргээ биелүүлээгүй хөлслөгч. Үүнийг л бид гэрээний үүргийн зөрчил гэж үзсэн. Зөрчил гаргасан бол хариуцлага хүлээж хөлслүүлэгчид учруулсан хохирлоо нөхөн төлөх ёстой гэж үзсэн. Энэ тухай бид нэхэмжлэлдээ, Т.Мгийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа, давж заалдсан гомдолдоо тодорхой бичиж тайлбарласны дээр анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанууд дээр ч ярьж, мэтгэлцсэн болно.

Түүнчлэн хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлээр, тухайлбал, мөн зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “...үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасны дагуу шийдвэрлэх ёстой байсан гэж үзсэн болно. Гэхдээ бид одоо хохирлын мөнгийг заавал гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.

Гагцхүү анхан болон давж заалдах шатны шүүх бидний нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлд бүрэн дүгнэлт өгөхгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүй байгаад л бид гомдолтой байна.

Иймд хөлслөгч Т. Маяа Иргэний хуулийн 289-р зүйлийн 289.2.4 дэх заалт болон түүнтэй 2018 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.1 болон 8.2 дахь заалтыг зөрчсөн, гэрээний үүргээ зөрчсөн тул мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 болон “Түрээсийн гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хариуцлага хүлээх ёстой байсанд зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс тухайн хэргийг шийдвэрлэсэн хуулийн зүйл заалтыг зөвтгөсөн өөрчлөлтийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 19-ний өдрийн 2313 дугаартай магадлал болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02791 дугаар шийдвэрт тус тус оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг  хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

“Т” ХХК нь Т.Мд холбогдуулан “Түрээсийн гэрээ”-ний үүрэгт 9 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 295 дугаар зүйлийн 295.4., 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасныг баримтлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийн “295 дугаар зүйлийн 295.4” гэснийг “227 дугаар зүйлийн 227.3” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Зохигч 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж, тус гэрээгээр түрээслүүлэгч “Т” ХХК өөрийн эзэмшлийн Алтан төгрөг үйлчилгээний төвийн 2 давхрын худалдааны зааланд байрлах талбайг Alimax компанийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэх, түрээслэгч Т.М сарын түрээсийн төлбөр 1 200 000 төгрөгийг тухайн сарын 01-нээс 05-ны хооронд төлөх, гэрээ нэг жилийн хугацаанд үргэлжлэхээр харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

Гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд хариуцагчийн эрхийг хязгаарласан гэх гэрээний 8.2. дахь заалт нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. дэх заалтад нийцжээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс засч,  зөвтгөсөн боловч үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчид учирсан хохирлыг зөв тодорхойлоогүй байх тул магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

“Т” ХХК нь хариуцагч Т.Мг гэрээг дангаараа цуцалсан тул гэрээний 8.2.-т заасныг үндэслэн гэрээний хугацаанд түрээслүүлэгчид зайлшгүй орох байсан орлогоор өөрт учирсан хохирлыг тодорхойлж нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, 205 дугаар зүйлийн 205.1.-д гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, 294 дүгээр зүйлийн 294.3.-т гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна, энэ хугацааг нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэжээ.

Иймд хариуцагчаас хөлслүүлэгчид мэдэгдэл өгсөн 2017 оны 04 дүгээр сарын 07-ноос гэрээ цуцлах хугацааг 3 сараар тоолж, энэ хугацаанд олох байсан орлогыг хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулна.

Хариуцагч нь мэдэгдэл өгснөөс хойш 3 сарын төлбөр төлөх үүрэгтэйгээс 2018 оны 4 дүгээр сарын төлбөрийг төлсөн, 5, 6 дугаар сарын төлбөрт  /1 200 000 х 2 сар/ 2 400 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс нэхэмжлэгч нь барьцааны 1 000 000 төгрөгийг буцааж өгөөгүй тул дээрх мөнгийг төлөх ёстой төлбөрт суутгаж /2 400 000 – 1 000 000/, үлдэх 1 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулах үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2313 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02791 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 287 дугаар зүйлийн 287.1., 227 дугаар зүйлийн 227.3.-т зааснаар хариуцагч Т.Мгаас 1 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хариуцагч Т.Мгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, 2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Т.Мгаас 37 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батсайханаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР     

ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД