Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 129/ШШ2022/00090

 

    
                                     129/ШШ2022/00090    


                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      


Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй баг Зэгстэйн 2 дугаар хороололд оршин суух Х овгийн А.А-д 
Хариуцагч: Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэг
Нэхэмжлэлийн шаардлага: урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 08 сар болон ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.А, 
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, 
Хариуцагчийн төлөөлөгч Т.О, 
Хариуцагчийн өмгөөлөгч М.Б,
Гэрч С.М, А.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.А нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 08 сар болон ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:     
Нэхэмжлэгч А.А миний бие Архангай аймгийн Өгийнуур сумын хүүхдийн Цэцэрлэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр галч, манаачаар анх ажилд орсон. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр буюу бүтэн сайн өдөр хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангах ажлаар Улаанбаатар хот руу явсан. Маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хамт ажилладаг галч, манаач А.Ч над руу утсаар ярьж өнөөдөр ажил цуглаж байна, биднийг цэцэрлэгийн хашааны шарилж зулгаа гэж байна гэсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотод ирсэн байна, надад 8 сарын 16-нд ажил цуглах талаар мэдэгдээгүй, миний цахилгаан хадуурыг гэрээс аваад хадчих гэж хэлсэн. Би 2021 оны 08 дугаар сарын 23-ны өглөө ажилдаа ирээд 09 цагаас 11 цагийн хооронд ажил дээр байж байгаад явсан. Намайг ажил дээр ирэхэд Ч, Э хоёр байсан. П.Э 2021 оны 8 сарын 16-нд ажил цуглахад ирээгүй хүмүүсийг 9 сарын 01-нд ажилдаа ир гэж хэлсэн учраас би 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажлаа хийгээгүй. Ийм учир би ажлаа таслаагүй, зөрчил гаргаагүй. Тийм ч учраас би 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр хандсан. Мөн ажлаас халах мэдэгдэлд намайг 2021 оны 8 сарын 24-нөөс 2021 оны 9 дүгээр сарын 1-ний хооронд ажил тасалсан гэж үзээгүй байсан. Би 2021 оны 8 сарын 16-ны өдөр Улаанбаатарт хувийн ажилтай явж байгаа талаараа эрхлэгчдээ мэдэгдээгүй нь үнэн. Эрхлэгч өөрөө 2021 оны 9 сарын 1-нд ажилдаа ирээрэй гэж хэлсэн мөртлөө миний 8 сарын цалин, нийгмийн даатгалыг бодохгүй намайг хохироосон, 8 сарын нийгмийн даатгалыг төлүүлэх талаар би өөрөө болон эхнэр С.М-р  удаа дараа хэлүүлсэн, өргөдөл өгсөн боловч өргөдлийг хүлээж авахгүй над руу буцааж шидээд байсан. Надад хот руу явах ажил байсан учраас Ч ахтай ярьж тохироод гараагаа солиод би 2021 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд дараалж гараад Ч ах 10 сарын 23-нд гарсан. 2021 оны 10 сарын 01-ний өдөр намайг ажил дээрээ ирэхэд хүн ирээгүй байсан болохоор би хот руу явчихсан. 2021 оны 10 дугаар сарын 02, 03-ны өдөр амралтын өдөр байсан. Бид нар өөрсдөө хоорондоо ярилцаад гараандаа гардаг. Би галч, манаачийн хуваарь ерөөсөө хараагүй. Цаг бүртгэдэгийг мэдэхгүй. Эрхлэгчээс гараагаа солихдоо зөвшөөрөл аваагүй. Намайг 7 сарын 1-нд ажил хүлээлгэж өгөхөд тень байсан. Иймд Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “А.А-г ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал нь хууль зөрчиж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул намайг урьд эрхэлж байсан Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн галч, манаачийн ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 8 дугаар сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж, 2021 оны 11 дүгээр сарын 2-ноос хойш ажлаас үндэслэлгүй халагдсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцож гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
2. Хариуцагч Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн төлөөлөгч Т.О  хариу тайлбартаа: 2021 оны 8 сарын 10-нд цэцэрлэгийн алба группт миний бие 8  сарын 16-наас бүгд ажилдаа орно шүү бэлэн байгаарай гэж мэдэгдсэн. 2021 оны 8 сарын 16-нд А.А-с бусад бүх ажилчид ажилдаа ирсэн. А.А 8 сарын 16-нд А.Ч-тэй холбогдож ажил эхэлсэн гэж мэдчихээд 8 сарын 17, 18-нд хүрээд ирэх боломж байсан боловч ирээгүй. Харин манай гэрээс хадуур аваад наад шарилжаа хадаад манайд хашаанд буулгаарай гэж хэлж ажилчдаар хашаандаа шарилж буулгуулсан байдаг. Би тэр үед ажиллаж байсан учраас түүний ажилдаа ирээгүйг мэдэж байсан. 2021 оны 8 сарын 16-наас хойш надтай холбоо бариагүй, чөлөө аваагүй, яах нь мэдэгдэхгүй байсан учраас би түүнийг ажиллахгүй, ажлаасаа гарч байгаа юм байна гэж ойлгосон. 2021 оны 8 сарын 25-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдэх багш ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд манай байгууллагын багш ажилчид 100% хамрагдах ёстой байсан. А.А-г шинжилгээнд явъя гэж 2021 оны 8 сарын 24-нд А багш холбогдоход би амжихгүй хотод байна гээд яваагүй. 8 сарын 24-нд хотод байсан хүнийг 23-нд ажилдаа ирсэн гэдэгт би итгэхгүй байна. Би цаг бүртгэгчийн бүртгэл, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэнэ. Сүүлийн үед А-н эхнэр С.М байгууллагын ажилд оролцож хэл ам хийж бид тийм ч эрхтэй, ингэх ч ёстой гэж ажлын байранд дайран орж ирэн янз бүрийн бичиг цаас нэхэж зураг дарж, утас мессежээр элдвээр хэлж доромжилдог болсон. Манай байгууллагыг нурсан, сөнөсөн, дампуурсан, миний биеийг чадваргүй, мэдлэггүй, боловсролгүй гэх мэтээр дайрч доромжилж байна. 2021 оны 10 сарын 23-нд А.Амгаланбат ажиллах байсан боловч ажил тасалсан. А.А-д 2021 оны 10 сарын 22-нд албан мэдэгдэл өгөх гэсэн боловч гэртээ байхгүй, хотод явж байна гэж хэлүүлсэн. А.А-г 10 сарын 23-нд ажилтай тул ажилдаа ирэхийг сануулахаар залгахад утсыг нь эхнэр нь авч явахгүй, очихгүй нөхөж хийдэг гэж намайг загнасан. Байгууллагаас эд зүйл алдсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрдөг. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөд өгвөл би алдагдсан зүйлийг төлөөд өгье гэж хэлдэг. Би А.А-г гараатай байх хугацаанд нь өөрийн тенийг гарт нь хүлээлгэж өгсөн. А.А-с ажил хүлээж авсан хүнээс тень хүлээж авсан уу гэж асуухад “би бүх өрөө тасалгаагаар орж ажил хүлээж авсан, тень байгаагүй” гэж хэлсэн. Тэгээд А.А-с асуухад хэн мэддэг юм, тэнд байсан онцгой, мэргэжлийн хяналтынхан чинь аваад явсан юм байгаа биз” гэж хэлсэн. Энэ бол А.Амгаланбатын өөрийнх нь хариуцлагатай холбоотой. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө намайг ажилдаа ирэхэд А.А-т, н.Г, н.Ч нар ажил дээр байсан. Галлагааны ажил эхэлж байгаа, 10 дугаар сарын 01, 02, 03-ны өдрүүдэд ажилла гэсэн үүрэг даалгавар өгөхөд тэр өдрүүдэд А.А ажилдаа ирээгүй, бусад галч манаач нар ажилласан. А.А 2021 оны 10 дугаар сарын 01, 02, 03-ний өдрүүдэд ажилдаа ирээгүй байж байгаад 10 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд, 10 сарын 18, 19-ний өдрүүдэд өөрөө дур мэдээд ажилд гарсан. 10 сарын 23-ны өдөр гарах байсан гараагаа н.Чүлтэмсүрэн ахтай тохироод гарсан гэдэг. Энэ талаар надтай зөвшилцөөгүй. Үүнийгээ “та нартай та наргүй, чамтай чамгүй би өөрөө зохицуулаад болдог юм” гэж хэлдэг. А.А-н ажил таслах, дур зоргоороо авирлах байгууллагыг үл тоох, элэг барих, хариуцлагагүй байдал, гэр бүлтэйгээ нийлж хэл ам, хэрүүл тэмцэл хийх, ажлаас хойш суух зэрэг нь байх ёстой хэмжээнээс хэтэрсэн. А.Амгаланбат 2021 оны 8, 10 дугаар сард удаа дараа ажил тасалсан, байгууллагаас эд зүйл алдаж Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмын холбогдох заалтуудыг удаа дараа ноцтой зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Жил бүрийн 8 дугаар сар боловсролын байгууллагынхны ажлын сар байдаг. Энэ жишгээр багш ажилчид 8 дугаар сард ажилласан хугацаанаасаа цалингаа авч нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ба ажил 2021 оны 08 сарын 16-нд эхэлсэн тул энэ хугацаанаас ажилчдын цалин бодогдож нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. А.А 8 сард ажиллаж цалин аваагүй учир нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй бөгөөд түүний ажиллаагүй нь цагийн бүртгэл, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог тул 8 сард нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх ёсгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 сарын 02-ны өдрийн “А.А- ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” б/14 дүгээр тушаал, Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 6 сарын 16-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” б/08 дугаар тушаал хавсралтын хамт, 2020 оны 9 сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 12 сарын 17-ны өдрийн “А.Амгаланбатыг ажилд авах тухай” б/18 дугаар тушаал, А.А-н Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргад гаргасан өргөдөл, Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.О, нягтлан бодогч С.М нарт гаргасан өргөдөл, Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.Оюунзулын 2021 оны 10 сарын 21-ний өдрийн мэдэгдэл, А.Ам-н 2021 оны 10 сарын 28-ны өдөр гаргасан мэдэгдлийн хариу, А.Амгаланбатын Архангай аймгийн Өгийнуур сумын нийгмийн даатгалын байцаагчид 2021 оны 10 сарын 15-ны өдөр гаргасан өргөдөл, 2021 оны 11 сарын 01-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас, Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын 2021 оны 10 сарын 29-ний өдрийн б/29 дүгээр “сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын “Сонсох ажиллагаа явуулах тухай” албан бичиг, Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2021 оны 10 сарын 26-ны өдрийн 22 дугаартай мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, сумын Засаг даргад хүргүүлсэн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.Ою-н тайлбар, 2021 оны 10 сарын 29-ний өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл, Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2021 оны 06, 07, 08 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, багш, ажилчдын 2021 оны 8, 10 сарын цагийн тооцоо, мессеж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

4. Хариуцагчаас Хүүхдийн цэцэрлэгийн 2021 оны ажлын цаг ашиглалтын бүртгэл, Цэцэрлэгийн алба нэртэй групп чаатаар харилцсан бичлэг, Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2020 оны дотоод журам, Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн галч, манаач А.А-д сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл, Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн нярав П.Э, багш Д.А нарын шүүхэд гаргасан тайлбар, 17 хүний гарын үсэг бүхий А.А-н нэхэмжлэлд гэсэн хариу, Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 9 сарын 02-ны өдрийн мэдэгдэл, Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн ня-бо С.М-н тодорхойлолт, Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.О-н 2021 оны 10 сарын 24-ний өдрийн 27 тоот албан бичиг, мессеж, Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 02 сарын 19-ний өдрийн “хүсэлт гаргах тухай” 05 тоот албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж шүүхэд гаргаж өгсөн.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр А.Ч, П.Э, Б.П, С.М гийн ажилчдын 2021 оны нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн ажилчдын 2021 оны 8 сарын цаг ашиглалтын бүртгэлийн эх баримтанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн галч манаач нарын 2021 оны 10 сард ажиллах хуваарь, Архангай аймгийн Өгийнуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 06 сарын 16-ны б/08 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал хавсралт, Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2021 оны 8, 9, 10, 11, 12 сарын ажлын цаг ашиглалтын бүртгэл, төсвийн зарлагын хуваарилалт, 2021 оны цаг ашиглалтын бүртгэл, галч, манаач нарын 2021 оны 11, 12 сард ажиллах ээлжийн хуваарь, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 1/37 тоот албан бичиг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

6. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр П.Э, Б.Ч, Д.А, И.М-н, О.Б, А.Г нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А.А-н нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 08 сар болон ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна. 

.    2. Хөдөлмөрийн тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдөж, 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсон. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөж байх үед шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдсөн үед маргааныг хянан шийдвэрлэж байна.  
Хариуцагч А.А-н хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг ажил олгогч гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримталсан учир маргаан бүхий үйл баримтыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох хэм хэмжээгээр тайлбарлаж, харин хэргийг шийдвэрлэхдээ 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ баримтлалаа.

3. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Би ажил цуглах талаар мэдээгүй, намайг Улаанбаатар хотод байхад 2021 оны 08 сарын 16-нд Чүлтэмсүрэн над руу утасдаж өнөөдөр ажил цуглаж байна гэж хэлсэн. Би тэр өдөр эрхлэгчтэй ярих гэсэн боловч утас нь холбогдоогүй, 2021 оны 8 сарын 23-ны өдөр ажилдаа очиход П.Э “8 сарын 16-нд ирээгүй хүмүүсийг 9 сарын 1-нд ирээрэй” гэж хэлсэн гэж надад хэлсэн. Ийм учраас 2021 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл би ажлаа таслаагүй тул 8 сарын нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлнэ. 2021 оны 10 сарын 01-ний өдөр намайг ажил дээрээ ирэхэд хүн ирээгүй байсан болохоор би Улаанбаат хот руу явчихсан. 10 сарын 02, 03 амралтын өдөр байсан. Би хот руу явах ажилтай байсан учраас н.Ч ахтай ярьж тохироод гараагаа сольж, би 2021 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд дараалж гараад Чүлтэмсүрэн ах 10 сарын 23-нд гарсан. Би эрхлэгчээс чөлөө болон зөвшөөрөл аваагүй. Намайг 6 сард ажлаа хүлээлгэж өгөхөд тень байсан гэжээ. 

4. Хариуцагч нэхэмжлэлийг доорхи үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Ажил 2021 оны 08 сарын 16-нд эхэлнэ гэдгийг би групп чаатад бичсэн. А.А 8 сарын 16-нд А.Ч-тэй холбогдож ажил эхэлсэн гэж мэдчихээд 8 сарын 17, 18-нд ажилдаа ирэх боломж байсан боловч ирээгүй, эрхлэгч надтай холбоо бариагүй, чөлөө аваагүй, яах нь мэдэгдэхгүй байсан. Би түүнийг ажилдаа ирээгүйг нь тэр үед нь мэдсэн ба ажиллахгүй, ажлаасаа гарч байгаа юм байна гэж ойлгосон. 2021 оны 8 сарын 25-нд байгууллагын ажилчид бүгд шинжилгээнд хамрагдаж байхад Улаанбаатар хотод байна гээд мөн шинжилгээ өгөөгүй. Би 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр галч, манаач нарт галлагааны ажил эхэлж байгаа, 10 дугаар сарын 01, 02, 03-ны өдрүүдэд ажилла гэсэн үүрэг даалгавар өгөхөд А.Амгаланбат ирээгүй, бусад галч манаач нар ажилласан. А.А 2021 оны 10 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд, 10 сарын 18, 19-ний өдрүүдэд өөрөө дур мэдээд ажилд гарсан өөрийн гарах ёстой өдрөө ажилдаа ирээгүй. Энэ талаар надтай зөвшилцөөгүй. Үүнийгээ “та нартай та наргүй, чамтай чамгүй би өөрөө зохицуулаад болдог юм” гэж хэлдэг. А.А 2021 оны 06 сард ажиллаж байхдаа байгууллагаас халаалтын тень алдсан. А.А-н ажил таслах, дур зоргоороо авирлах, байгууллагыг үл тоох, элэг барих, хариуцлагагүй байдал, гэр бүлтэйгээ нийлж хэл ам, хэрүүл тэмцэл хийх, ажлаас хойш суух зэрэг нь байх ёстой хэмжээнээс хэтэрсэн. А.А 2021 оны 8, 10 дугаар сард удаа дараа ажил тасалсан, байгууллагаас эд зүйл алдаж Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмын холбогдох заалтуудыг удаа дараа ноцтой зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Жил бүрийн 8 дугаар сар боловсролын байгууллагынхны ажлын сар байдаг. Энэ жишгээр цэцэрлэгийн багш ажилчид 8 дугаар сард ажилласан хугацаанаасаа цалингаа авч нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Манай ажил 2021 оны 08 сарын 16-нд эхэлсэн тул энэ хугацаанаас ажилчдын цалин бодогдож нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. А.Амгаланбат 8 сард ажиллаж цалин аваагүй учир нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй бөгөөд түүний ажиллаагүй нь цагийн бүртгэл, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог тул 8 сард нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх ёсгүй гэжээ.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 сарын 02-ны өдрийн “А.А-г ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай б/14 дугаар  тушаал, 2020 оны 09 сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 06 сарын 16-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай б/08 дугаар тушаал, Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 12 сарын 17-ны өдрийн “А.А-г ажилд авах тухай” б/18 дугаар тушаал, 2021 оны 10 сарын 21-ний өдрийн ажлаас чөлөөлөх болон сонсох ажиллагаа хийх тухай мэдэгдэл, 2021 оны 08, 10 сарын ажлын цаг ашиглалтын бүртгэл, 2020 оны 01 сарын 10-ны өдрийн хурлаар баталсан Архангай аймгийн Өгийнуур сумын хүүхдийн цэцэрлэгийн дотоод журам, 2021 оны 10 сарын 28-ны өдрийн А.Амгаланбаттай хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэл, гэрч И.М, Д.А, А.Ч, П.Э, Б.Ч, О.Б\, С.М, А.Г нарын мэдүүлэг, Өгийгуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2021 оны нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, галч манаач нарын 2021 оны 10-р сард ажиллах ээлжийн хуваарь, 2021 оны 6, 7, 8 сарын багш ажилчдын цагийн тооцоо, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 1/47 тоот албан бичиг, нягтлан бодогч С.М-н тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

    - Нэхэмжлэгчийн 2021 оны 08 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
    А.А нь 2021 оны 08 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр нийгмийн даатгалын байгууллагад хандаж Нийгмийн даатгалын улсын байцаагч 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудсаар хариу өгсөн байна. 
    Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгт А.А нь галч, манаачийн ажил эрхэлж байсан нь түүнийг ажилд авсан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 12 сарын 17-ны өдрийн “А.А-г ажилд авах тухай” б/18 дугаар тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. 
Нэхэмжлэгч А.А-д 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс ажлын 15 хоногийн хугацаагаар ээлжийн амралт олгож, амарсан нь зохигчийн тайлбар, Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 06 сарын 16-ны өдрийн б/08 тоот тушаалаар тогтоогдсон бөгөөд тус байгууллагын ажил 2021 оны 08 сарын 16-нд эхэлсэн үйл баримттай зохигч маргаагүй. Тухайн байгууллагын ажлын цаг ашиглалтын 2021 оны 08 сарын бүртгэлд багш, ажилчид 08 сарын 16-ны өдрөөс ажилласнаар бүртгэгдэж, А.А 08 сарын 16-наас 08 сарын 31-ний өдрүүдэд ажлын цагийг тасалснаар бүртгэгджээ. 
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн зүйлийн 2.3, 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөг.
Нэхэмжлэгч А.А 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл ажилдаа ирээгүй нь ажлын цаг ашиглалтын бүртгэлээр, байгууллагын эрхлэгчээс чөлөө аваагүй нь зохигчийн тайлбараар тогтоогддог тул 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс 08 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллага төлөх үндэслэлгүй байна. Харин 2021 оны 08 сарын 16-ны өдөр хүртэл А.А-с хамаарахгүй шалтгаанаар тухайн байгууллага ажиллаагүй тул ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.3-г үндэслэн зохих журмын дагуу төлөх үүргийг байгууллага хүлээнэ гэж үзлээ. Иймд А.А-н 2021 оны 08 сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 сарын 13-ны өдрийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг хариуцагч Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгт даалгах нь зүйтэй.

- Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 
Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 сарын 02-ны өдрийн б/14 дүгээр тушаалаар тус цэцэрлэгийн галч, манаач ажилтай А.А-г “эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж чөлөө зөвшөөрөл авалгүй олон хоногоор удаа дараа ажил тасалсан. Ажлын шаардлага тавихад гэр бүлтэйгээ нийлж урдаас эсэргүүцдэг ажлаас хойш суудаг, залхуу хойрго, ажил хариуцаж байх үедээ байгууллагаас эд зүйлс алдаж үрэгдүүлсэн зөрчлүүдийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 3 дугаар бүлгийн 10 дахь заалт, 5 дугаар бүлгийн 15, 16 дугаар заалт, хөдөлмөрийн гэрээний 1.13-ын г, д, е заалт, 3-ын в, г, д заалтуудыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. 
    2021 оны 08 сарын 16-ны өдөр Өгийнуур сумын хүүхдийн цэцэрлэгийн ажил эхэлж байгааг хамт ажилладаг А.Ч-с нэхэмжлэгч А.А мэдсэн боловч 2021 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл ажилдаа ирээгүй, мөн цэцэрлэгийн эрхлэгч нь галч манаач нарт галлагаа эхэлж байгаа учраас “2021 оны 10 сарын 01, 02, 03-ны өдөр ажилла” гэдэг үүрэг даалгаврыг 2021 оны 09 сарын 29-ний өдөр өгөхөд А.А дээрх өдрүүдэд ажилдаа ирээгүй, ажлаа тасалсан нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарладаг.  
    Нэхэмжлэгч А.А-ыг ажлын цаг ашиглалтын бүртгэлд 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс 2021 оны 8 сарын 31-ний өдрүүдэд,  2021 оны 10 сарын 01, 02, 03-ний өдрүүдэд  тус тус ажил тасалснаар бүртгэсэн бөгөөд тухайн өдрүүдэд нэхэмжлэгч нь цэцэрлэгийн эрхлэгчээс чөлөө аваагүй, 2021 оны 08 сарын 16-наас 08 сарын 23-ны өдөр хүртэл, 2021 оны 10 сарын 01-ний өдөр ажлаа тасалсан гэдэгтэй тус тус маргахгүй байна. 
Хүүхдийн цэцэрлэгийн дотоод журмын 5.13-т “Зайлшгүй чөлөө авах хүндэтгэн үзэх шалтгаантай ажилчид өөрийн биеэр захиргаанд бичгээр өргөдөл гаргаж хариуг авснаар хүчин төгөлдөр гэж үзнэ” гэжээ. 
Нэхэмжлэгч 2021 оны 08 сарын 23-ны өдөр ажилдаа ирсэн нь гэрч А.Ч, гэрч П.Э, Б.Ч нарын мэдүүлгээр тогтоогддог боловч А.А нь хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу чөлөө хүссэн өргөдлийг бичгээр гаргаж, эрхлэгчийн зөвшөөрснөөр 2021 оны 08 сарын 23-ны өдрөөс 2021 оны 09 сарын 01-ний хүртэл ажилдаа ирээгүй гэдгээ нотолж чадахгүй байна. 
Хариуцагчийн төлөөлөгч байгууллагын галлагаа эхлэх байсан тул 2021 оны 10 сарын 02, 03-ны өдөр буюу амралтын өдөр ажиллуулах үүрэг даалгавар өгч ажиллуулсан гэж тайлбарлаж байгаа боловч галч манаач нарыг ажлын бус цагаар ажиллуулахгүй бол байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саад учрах байсан гэдгээ нотлох баримтаар нотлоогүй. Мөн 2021 оны 10 сарын 23-ны өдөр А.А-г ажил тасалсан гэж ажлын цаг ашиглалтын бүртгэлд бүртгээгүй. 
Иймд А.А нь 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс 2021 оны 8 сарын 31-ний өдрүүдэд,  2021 оны 10 сарын 01-ний өдөр тус тус ажил тасалж хөдөлмөрийн гэрээний 1.13-ийн Г-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу “ажлын цагийг удаа дараа /2-с дээш удаа буюу 16 цаг/ тасалсан ...бол хугацаанаас нь өмнө цуцлана” гэсэн зөрчлийг гаргасан байна. 
2021 оны 10 сарын 28-ны өдөр Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн галч, манаач А.А тус байгууллагын эрхлэгч Т.Оюунзул сонсох ажиллагаа хийхдээ “А.А нь 2021 оны 8 сарын 16-23-ны хооронд ажил тасалсан, 2021 оны 06 сард ажил хариуцаж байхдаа цэцэрлэгээс эд зүйл алдаж үрэгдүүлсэн, 2021 оны 8 сарын 25-нд бүх ажилчид аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинжилгээнд явах гэж дуудахад санаатайгаар тасалсан” гэсэн зөрчлүүд гаргасан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж танилцуулж, тайлбар авчээ. 
Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлд заасан сонсох ажиллагаа нь захиргааны актаар тухайн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүйг тодорхойлж, энэ талаар урьдчилан мэдэгдэж санал, тайлбар гаргах бололцоог бүрдүүлэх агуулгатай ажиллагаа юм. 
Хариуцагч, түүний өмгөөлөгч “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нь сонсох ажиллагаа хийх үүрэггүй” гэж тайлбарладаг. Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага нь сонсох ажиллагаа хийсэн тохиолдол уг ажиллагааг хийхгүй байж болох байсан гэсэн үндэслэлээр тэмдэглэлийг үнэлэхгүй байх боломжгүй юм. 
Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нь “2021 оны 8 сарын 16-23-ны хооронд ажил тасалсан, 2021 оны 06 сард ажил хариуцаж байхдаа цэцэрлэгээс эд зүйл алдаж үрэгдүүлсэн, 2021 оны 8 сарын 25-нд бүх ажилчид аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинжилгээнд явах гэж дуудахад санаатайгаар тасалсан” гэсэн зөрчлийн улмаас галч, манаач ажилтай А.А-г ажлаас чөлөөлөх захиргааны акт гаргах гэж буйгаа сонсох ажиллагаагаар мэдэгдэж улмаар 2021 оны 11 сарын 02-ны өдрийн б/14 дүгээр тушаалаар тус цэцэрлэгийн галч, манаач ажилтай А.А-г ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ. 
А.А нь  2021 оны 08 сарын 16-ны өдрөөс 2021 оны 8 сарын 23-ны хооронд ажил тасалж хөдөлмөрийн гэрээний 1.13-ийн Г-д заасан хөдөлмөрийн харилцааг зогсоох зөрчлийг гаргасан байх тул хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар түүнд ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна. 
 Нэхэмжлэгч А.А 2021 оны 06 сард ажиллаж байхдаа байгууллагаас халаалтын тень алдаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчлийг гаргасан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарладаг.
Хариуцагчийн төлөөлөгч уг алдсан гэх халаагуурыг тус байгууллагын эд хөрөнгө биш гэж тайлбарладаг ба А.А байгууллагын мэдлийн өмч хөрөнгийг хариуцсан ажилтан болох нь тогтоогдоогүй тул энэ үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлгүй гэж үзлээ. 
Нэхэмжлэгч А.А-н 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс 2021 оны 8 сарын 23-ны хооронд ажил тасалсныг хариуцагчийн төлөөлөгч Т.О тэр даруйд мэдсэн гэж тайлбарладаг. 
Хариуцагч Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.О нь А.А-н ажил тасалсныг 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс 2021 оны 8 сарын 23-ны хугацаанд мэдсэн атлаа 2021 оны 11 сарын 02-ны өдрийн б/14 дүгээр тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 123 дугаар зүйлийн 123.4-т “сахилгын зөрчлийг ажил олгогч илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар” заасан хугацааг хэтрүүлсэн байна. 
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-г урьд эрхэлж байсан Архангай аймгийн Өгийнуур сумын хүүхдийн цэцэрлэгийн галч, манаачийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.А-г ажилд эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар  хариуцагч байгуулагаас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгох нь, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлүүлэх нь зүйтэй.
Нөхөн олгох олговрыг тогтоохдоо Хүүхдийн цэцэрлэгийн ажилчдын 2021 оны нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг /хх-102х/ үндэслэж А.А-н  авсан 2021 оны 7 сарын 411,030,  9 сарын 515,850, 10 сарын 489,168 төгрөгийн цалингаас дундаж цалин хөлсийг тодорхойлж, ажилгүй байсан хугацааны цалин нийт 1,163,572 төгрөгийн олговрыг хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. 
 
6. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхдээ шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасны дагуу талууд хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэйг тайлбарласан бөгөөд талууд шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн болно. 

7. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар А.А-г Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн галч, манаачийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгээс өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1,163,572 /нэг сая нэг зуун жаран гурван мянга таван зуун далан хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгосугай. 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар А.А-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгт даалгасугай.

4. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т зааснаар А.А-н 2021 оны 8 сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 сарын 13-ны өдрийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг Архангай аймгийн Өгийнуур сумын Хүүхдийн цэцэрлэгт даалгасугай.

5. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

6. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

    7. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА