Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 211/МА2022/00009

 

 


                            


          А.А-ын нэхэмжлэлтэй иргэний 
          хэргийн тухай


            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 
2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 129/ШШ2022/00090 дүгээр шийдвэртэй 
А.А нэхэмжлэлтэй
ХЦ-т холбогдох 
урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 08 дугаар сар болон ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг 
хариуцагчийн төлөөлөгч Т.О-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов. 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч А.А миний бие ХЦ-т 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр галч, манаачаар анх ажилд орсон. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр буюу бүтэн сайн өдөр хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангах ажлаар Улаанбаатар хот руу явсан. Маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хамт ажилладаг галч, манаач А.Ч над руу утсаар ярьж “өнөөдөр ажил цуглаж байна, биднийг цэцэрлэгийн хашааны шарилж зулгаа гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотод ирсэн байна, надад 08 дугаар сарын 16-нд ажил цуглах талаар мэдэгдээгүй, миний цахилгаан хадуурыг гэрээс аваад хадчих гэж хэлсэн. Би 2021 оны 08 дугаар сарын 23-ны өглөө ажилдаа ирээд 09 цагаас 11 цагийн хооронд ажил дээр байж байгаад явсан. Намайг ажил дээр ирэхэд н.Ч, н.Э хоёр байсан. П.Э 2021 оны 08 дугаар сарын 16-нд ажил цуглахад ирээгүй хүмүүсийг 09 дүгээр сарын 01-нд ажилдаа ир гэж хэлсэн учраас би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажлаа хийгээгүй. Ийм учир би ажлаа таслаагүй бөгөөд зөрчил гаргаагүй. Тийм ч учраас би 08 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр хандсан. Мөн ажлаас халах мэдэгдэлд намайг 2021 оны 08 дугаар сарын 24-нөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ажил тасалсан гэж үзээгүй байсан. Би 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатарт хувийн ажилтай явж байгаа талаараа эрхлэгчдээ мэдэгдээгүй нь үнэн. Эрхлэгч өөрөө 2021 оны 09 дүгээр сарын 01-нд ажилдаа ирээрэй гэж хэлсэн мөртлөө миний 08 дугаар сарын цалин, нийгмийн даатгалыг бодохгүй намайг хохироосон. 08 дугаар сарын нийгмийн даатгалыг төлүүлэх талаар би өөрөө болон эхнэр С.М-аар удаа дараа хэлүүлсэн, өргөдөл өгсөн боловч өргөдлийг хүлээж авахгүй над руу буцааж шидээд байсан. Надад хот руу явах ажил байсан учраас н.Ч ахтай ярьж тохироод, гараагаа солиод би 2021 оны 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд дараалж гараад н.Ч ах 10 дугаар сарын 23-нд гарсан. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр намайг ажил дээрээ ирэхэд хүн ирээгүй байсан болохоор би хот руу явчихсан. 2021 оны 10 дугаар сарын 02, 03-ны өдөр амралтын өдөр байсан. Бид нар өөрсдөө хоорондоо ярилцаад гараандаа гардаг. Би галч, манаачийн хуваарь ерөөсөө хараагүй. Цаг бүртгэдгийг мэдэхгүй. Эрхлэгчээс гараагаа солихдоо зөвшөөрөл аваагүй. Намайг 07 дугаар сарын 01-нд ажил хүлээлгэж өгөхөд тень байсан. Иймд ХЦ-ийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “А.Аыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал нь хууль зөрчиж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул намайг урьд эрхэлж байсан ХЦ-ийн галч, манаачийн ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 08 дугаар сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж, 2021 оны 11 дүгээр сарын 2-ноос хойш ажлаас үндэслэлгүй халагдсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцон гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч ХЦ-ийн төлөөлөгч  Т.О шүүхэд болон анхан шатны шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2021 оны 08 дугаар сарын 10-нд цэцэрлэгийн албан ёсны группт миний бие 08 дугаар сарын 16-ны өдрөөс бүгд ажилдаа орно шүү бэлэн байгаарай гэж мэдэгдсэн. 2021 оны 08 дугаар сарын 16-нд А.Ааас бусад бүх ажилчид ажилдаа ирсэн. А.А 08 дугаар сарын 16-нд А.Ч-тэй холбогдож ажил эхэлсэн гэж мэдчихээд 08 дугаар сарын 17-18-нд хүрээд ирэх боломж байсан боловч ирээгүй. Харин “манай гэрээс хадуур аваад наад шарилжаа хадаад манайд хашаанд буулгаарай” гэж хэлж ажилчдаар хашаандаа шарилж буулгуулсан байдаг. Би тэр үед ажиллаж байсан учраас түүний ажилдаа ирээгүйг мэдэж байсан. 2021 оны 08 дугаар сарын 16-наас хойш надтай холбоо бариагүй, чөлөө аваагүй, яах нь мэдэгдэхгүй байсан учраас би түүнийг ажиллахгүй, ажлаасаа гарч байгаа юм байна гэж ойлгосон. 2021 оны 08 дугаар сарын 25-нд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийгдэх багш, ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд манай байгууллагын багш, ажилчид 100 хувь хамрагдах ёстой байсан. А.Аыг шинжилгээнд явъя гэж 2021 оны 08 дугаар сарын 24-нд н.А багш холбогдоход “би амжихгүй, хотод байна” гээд яваагүй. 08 дугаар сарын 24-нд хотод байсан хүнийг 23-нд ажилдаа ирсэн гэдэгт би итгэхгүй байна. Би цаг бүртгэгчийн бүртгэл, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэнэ. Сүүлийн үед А.Аын эхнэр С.М байгууллагын ажилд оролцон хэл ам хийж, бид тийм ч эрхтэй, ингэх ч ёстой гэж ажлын байранд дайран орж ирэн янз бүрийн бичиг цаас нэхэж, зураг дарж, утас мессежээр элдвээр хэлж доромжилдог болсон. Манай байгууллагыг нурсан, сөнөсөн, дампуурсан, миний биеийг чадваргүй, мэдлэггүй, боловсролгүй гэх мэтээр дайрч доромжилж байна. 2021 оны 10 дугаар сарын 23-нд А.А ажиллах байсан боловч ажил тасалсан. А.Аад 2021 оны 10 сарын 22-нд албан мэдэгдэл өгөх гэсэн боловч гэртээ байхгүй, хотод явж байна гэж хэлүүлсэн. А.Аыг 10 дугаар сарын 23-нд ажилтай тул ажилдаа ирэхийг сануулахаар залгахад утсыг нь эхнэр нь аваад “явахгүй, очихгүй, нөхөж хийдэг” гэж намайг загнасан. Байгууллагаас эд зүйл алдсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрдөг. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөд өгвөл би алдагдсан зүйлийг төлөөд өгье гэж хэлдэг. Би А.Аыг гараатай байх хугацаанд нь өөрийн тенийг гарт нь хүлээлгэж өгсөн. А.Ааас ажил хүлээж авсан хүнээс тень хүлээж авсан уу гэж асуухад “би бүх өрөө тасалгаагаар орж ажил хүлээж авсан, тень байгаагүй” гэж хэлсэн. Тэгээд А.Ааас асуухад “хэн мэддэг юм, тэнд байсан онцгой, мэргэжлийн хяналтынхан чинь аваад явсан юм байгаа биз” гэж хэлсэн. Энэ бол А.Аын өөрийнх нь хариуцлагатай холбоотой. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө намайг ажилдаа ирэхэд А.А, н.Г, н.Ч нар ажил дээр байсан. Галлагааны ажил эхэлж байгаа, 10 дугаар сарын 01, 02, 03-ны өдрүүдэд ажилла гэсэн үүрэг даалгавар өгөхөд тэр өдрүүдэд А.А ажилдаа ирээгүй бөгөөд бусад галч манаач нар ажилласан. А.А 2021 оны 10 дугаар сарын 01, 02, 03-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй байж байгаад 10 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд, 10 сарын 18, 19-ний өдрүүдэд өөрөө дур мэдээд ажилд гарсан. 10 дугаар сарын 23-ны өдөр гарах байсан гараагаа н.Ч ахтай тохироод гарсан гэдэг. Энэ талаар надтай зөвшилцөөгүй. Үүнийгээ “та нартай та наргүй, чамтай чамгүй би өөрөө зохицуулаад болдог юм” гэж хэлдэг. А.Аын ажил таслах, дур зоргоороо авирлах, байгууллагыг үл тоох, элэг барих, хариуцлагагүй байдал, гэр бүлтэйгээ нийлж хэл ам, хэрүүл тэмцэл хийх, ажлаас хойш суух зэрэг нь байх ёстой хэмжээнээс хэтэрсэн. А.А 2021 оны 08, 10 дугаар сард удаа дараа ажил тасалсан бөгөөд байгууллагаас эд зүйл алдаж Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмын холбогдох заалтуудыг удаа дараа ноцтой зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Жил бүрийн 08 дугаар сар боловсролын байгууллагынхны ажлын сар байдаг. Энэ жишгээр багш, ажилчид 08 дугаар сард ажилласан хугацаанаасаа цалингаа авч, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ба ажил 2021 оны 08 дугаар сарын 16-нд эхэлсэн тул энэ хугацаанаас ажилчдын цалин бодогдон нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. А.А 08 сард ажиллаж цалин аваагүй учир нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй бөгөөд түүний ажиллаагүй нь цагийн бүртгэл, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог тул 08 сард нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх ёсгүй.” гэжээ. 
 
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 129/ШШ2022/00090 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар А.Аыг ХЦ-ийн галч, манаачийн ажилд эгүүлэн тогтоож; Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ХЦ-ээс өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1.163.572 /нэг сая нэг зуун жаран гурван мянга таван зуун далан хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Аад олгож; Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар А.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ХЦ-т даалгаж; Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т зааснаар А.Аын 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг ХЦ-т даалгаж; Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж; Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж; Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч ХЦ-ийн төлөөлөгч Т.О-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Хариуцагчийн төлөөлөгч Т.О миний бие Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 129/ШШ2022/00090  тоот шийдвэрийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.13-ын Г-д ажлын цагийг удаа дараа /2-оос дээш удаа буюу 16 цаг/ тасалсан, мөн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол мөн байгууллагын дотоод журмын 6.2-т ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан, эсвэл зөрчлийг давтан 2 удаа гаргасан тохиолдолд... хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. 
Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн б/14 тоот тушаалаар тус цэцэрлэгийн галч, манаач ажилтай А.Аыг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж чөлөө зөвшөөрөл авалгүй олон хоногоор удаа дараа ажил тасалсан, ажлын шаардлага тавихад гэр бүлтэйгээ нийлж урдаас эсэргүүцдэг, ажлаас хойш суудаг, залхуу хойрго, ажил хариуцаж байх үедээ байгууллагаас эд зүйлс алдаж үрэгдүүлсэн зөрчлүүдийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 3 дугаар бүлгийн 10 дахь заалт, 5 дугаар бүлгийн 15, 16 дугаар заалт, Хөдөлмөрийн гэрээний 1.13-ын г, д, е заалтуудыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам, хуульд нийцсэн гэж үзэж байна. 
Хэрэгт сонсох ажиллагааны тэмдэглэл болон мэдэгдэл авагдсан. Сонсох ажиллагааны тэмдэглэлд “10.23-нд би бусад манаачтайгаа тохироод Ч ахыг орондоо ажиллуулсан” гэж бичигдсэн нь А.А 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ээлжтэй өдрөө гараагүй, цэцэрлэгийн эрхлэгчдээ мэдэгдэлгүйгээр дур мэдэн ээлжээ сольсноо хүлээн зөвшөөрдөг. Мөн түүнийг 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлаа тасалсан гэдгийг нотолж байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн дотоод журмын 5.13-т “зайлшгүй чөлөө авах хүндэтгэн үзэх шалтгаантай ажилчид өөрийн биеэр захиргаанд бичгээр өргөдөл гаргаж, хариуг авснаар хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан. Иймд цэцэрлэгийн эрхлэгч надад мэдэгдэж чөлөө авахгүйгээр ээлжээ дур мэдэн сольсныг ажлаа тасалсан гэж үзнэ. 
Хэдийгээр мэдэгдэл болон сонсох ажиллагааны тэмдэглэлд А.Аыг 2021 оны 10 дугаар сард ажил тасалсныг нэг бүрчлэн дурдаагүй боловч Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд үйлчилгээний албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө заавал сонсох ажиллагаа хийх, мэдэгдэл хүргүүлэхийг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиар үүрэг болгоогүй, заавал мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн байхыг шаардахгүй. Иймд мэдэгдэл болон сонсох ажиллагаанд А.Аыг 2021 оны 10 дугаар сарын 01, 02, 03, 23-ны өдрүүдэд ажлаа тасалсныг дурдаагүй байх нь түүнийг удаа дараа ажлаа тасалсан буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх нөхцөл байдлыг үгүйсгэхгүй үндэслэл болохгүй. 
ХЦ-ийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн б/14 тоот тушаалд ч “чөлөө зөвшөөрөл авалгүй олон хоногоор удаа дараа ажил тасалсан” гэсэн үг, өгүүлбэр байгаа.
Анхан шатны шүүхийн шийдвэрт “Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа нь захиргааны актаар тухайн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүйг тодорхойлж, энэ талаар урьдчилан мэдэгдэн санал, тайлбар гаргах бололцоог бүрдүүлэх ажиллагаа”, “А.Аыг ажлаас чөлөөлөх захиргааны акт гаргах гэж буйгаа сонсох ажиллагаагаар мэдэгдэж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн б/14 дүгээр тушаалаар тус цэцэрлэгийн галч, манаач ажилтай А.Аыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ” гэж дурджээ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд ХЦ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан захиргааны байгууллага биш, түүнчлэн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн б/14 тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт биш юм.
Иймд хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд сонсох ажиллагаа хийх, мэдэгдэл хүргүүлэхийг хуулиар үүрэг болгоогүй тул сонсох ажиллагаа хийхдээ, мөн мэдэгдэлд А.Аыг 2021 оны 10 дугаар сард ажил тасалсныг нэг бүрчлэн дурдаагүй байх нь А.Аын ажил тасалсан нөхцөл байдлыг үгүйсгээгүйгээс гадна А.Аад мэдэгдэх, сонсох ажиллагаанд дурдаагүй үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулахад саад болохгүй гэж бодож байна. 
Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 тоот тогтоолын 15.4-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон  байх шаардлагатай байх боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй” гэж, 15.4.1-д “Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна” гэж тус тус заасан. 
Хавтас хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлгүүдээр нэхэмжлэгч А.А нь 2021 оны 08 дугаар сарын 16-31-ний өдрүүдэд, мөн 10 дугаар сарын 01, 02, 03, 23-ны өдрүүдэд тус тус ажлаа тасалсан нь тогтоогддог. Зөрчлүүдийн хоорондох хугацаа 6 сараас хэтрээгүй учраас А.Аыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзнэ. Иймд ажил олгогчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн б/14 тоот тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 
Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 129/ШШ2022/00090 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгөхийг хүсэж байна.” гэжээ.  
ҮНДЭСЛЭХ нь:


Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч А.А нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд хандаж, хариуцагч ХЦ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 08 дугаар сар болон ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлд ХЦ-ийн эрхлэгчийн 2021 оны 11 сарын 02-ны  өдрийн б/14 дугаарын А.Аыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай  тушаал, 2021 оны 06 сарын 16-ны өдрийн б/08 дугаарын ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтын хуулбар, 2016 оны 12 сарын 17-ны өдрийн б/18 дугаарын А.Аыг ажилд авах тухай тушаалын хуулбар, 2020 оны 09 сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг хавсаргасан байна. 
Хариуцагчийн төлөөлөгч Т.О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, А.А нь 2021 оны 08, 10 дугаар сард удаа дараа ажил тасалсан бөгөөд байгууллагаас эд зүйл алдаж, Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмын холбогдох заалтуудыг удаа дараа ноцтой зөрчсөн тул ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэсэн тайлбар гаргаж, тус цэцэрлэгийн 2021 оны 08 сарын ажлын цаг ашиглалтын бүртгэлийн хуулбар, Цэцэрлэгийн алба гэсэн цахим хаягт бичсэн зарын хуулбар, Хүүхдийн цэцэрлэгийн дотоод журмын хуулбар, сонсох ажиллагааны тэмдэглэлийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.
Анхан шатны шүүх зохигчдоос гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэж, Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар А.Аыг ХЦ-ийн галч, манаачийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ХЦ-ээс өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1.163.572 /нэг сая нэг зуун жаран гурван мянга таван зуун далан хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Аад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар А.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ХЦ-т даалгаж; Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т зааснаар А.Аын 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг ХЦ-т даалгаж шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч Т.О давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэв.
ХЦ-ийн эрхлэгчийн 2021 оны 11 сарын 02-ны өдрийн б/14 дугаарын тушаалаар А.Аыг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж чөлөө зөвшөөрөл авалгүй олон хоногоор удаа дараа ажил тасалсан, ажлын шаардлага тавихад гэр бүлтэйгээ нийлж урдаас эсэргүүцдэг, ажлаас хойш суудаг залхуу хойрго, ажил хариуцаж байх үедээ байгууллагаас эд зүйлс алдаж үрэгдүүлсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч А.А нь ХЦ-ийн галч, манаачаар ажиллаж байхдаа 2021 оны 08 дугаар сарын 16-наас 23-н хүртэл хугацаанд ажил тасалсан, мөн 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс галлагаа эхлэхтэй холбоотой, тухайн ажлын байрны онцлогоос шалтгаалан, бэлтгэл хангах үүднээс 10 сарын 1, 2, 3-ны өдөр ажиллуулахаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэлгүй, ажил тасалсан, 10 дугаар сарын 23-ны өдөр удирдлагатаа мэдэгдэлгүйгээр дур мэдэн ээлжээ сольж ажиллан, хөдөлмөрийн гэрээний 1 дэх хэсгийн 1.13-ын  в, г, 3 дахь хэсгийн  б, з, и-д заасан заалтууд, Хүүхдийн цэцэрлэгийн дотоод журмын 6.2-т заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 50/, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар /хх-ийн 34/, нэмэлт тайлбар /хх-ийн 82/, ажлын цаг ашиглалтын бүртгэл /хх-ийн 163-169/, гэрч И.М /хх-ийн 64-65/, гэрч Д.А /хх-ийн 67-68/, гэрч А.Ч /хх-ийн 71/ гэрч П.Э /хх-ийн 75-76/, гэрч Б.Ч /хх-ийн 79-80/ гэрч О.Б /хх-ийн 123-125/ нарын мэдүүлэг, галч манаач нарын 2021 оны 10-р сард ажиллах ээлжийн хуваарь /хх-ийн 143/, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 189-193 зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Аын 2021 оны 08 дугаар сарын 16-наас 23-н хүртэл хугацаанд ажил тасалсан зөрчил гаргасан нь  тогтоогдож байгаа ч ажил олгогч зөрчлийг илрүүлснээс хойш хуульд заасан 1 сарын хугацааг хэтрүүлж, хариуцлага тооцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Мөн А.Аыг 2021 оны 10 сарын 1-ний өдөр ажил тасалсан гэдэгтэй зохигчид маргаагүй гэж дүгнэсэн нь зөв байна.
Харин хариуцагчийн төлөөлөгч галлагаа эхлэх байсан тул 2021 оны 10 дугаар сарын 02, 03-ны өдөр буюу амралтын өдөр ажиллуулах үүрэг даалгавар өгч ажиллуулсан гэж тайлбарлаж байгаа боловч галч манаач нарыг ажлын бус цагаар ажиллуулахгүй бол байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саад учрах байсан гэдгээ нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь  үндэслэлгүй болжээ. 
Учир нь байгууллагын халаалт эхлүүлэхтэй холбоотой 2021 оны 10 дугаар сарын 01-03-ны хооронд тус байгууллагын галч манаач нарыг ажиллуулах шийдвэрийг удирдлагаас гаргасны дагуу галч, манаач О.Б, А.Ч, А.Г нар тухайн өдрүүдэд ажиллаж, бэлтгэл ажлаа хангаснаас байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаагүй байна. 
Мөн нэхэмжлэгч А.А нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажиллах хуваарьтай боловч энэ өдөр ажиллаагүй, түүний тайлбараар ээлж сольж ажилласан гэж байгаа ч ээлж сольж ажиллах талаар удирдлагатаа мэдэгдээгүй нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул түүнийг  удаа дараа ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэх аргагүй байна.
Харин ажлын шаардлага тавихад гэр бүлтэйгээ нийлж урдаас эсэргүүцдэг, ажлаас хойш суудаг залхуу хойрго, ажил хариуцаж байх үедээ байгууллагаас эд зүйлс алдаж үрэгдүүлсэн зэрэг зөрчил гаргасан нь нотлогдож байгаа боловч ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан 2021 оны 08 дугаар сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн тухайд үндэслэлтэй дүгнэн, А.Аын 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг ХЦ-т даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.676 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 129/ШШ2022/00090 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар А.Аыг ХЦ-ийн галч, манаачийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэснийг  “Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч А.Аын ХЦ-ийн галч, манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 5 дахь заалтын “Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч А.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 102.676 /нэг зуун хоёр мянга зургаан зуун далан зургаа/ төгрөг гаргуулж, орон нутгийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч ХЦ-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.676 /нэг зуун хоёр мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.              

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Т.ДАВААСҮРЭН

       ШҮҮГЧИД             В.ЦЭЦЭНБИЛЭГ
     
                                    Н.ЭНХМАА