Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 150/ШШ2019/00002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, шүүгч А.Нарантуяа, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй, явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

******* ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ аймаг Орхон сум, Бэлэндалай 2-р багт оршин суух *******, Сэлэнгэ аймаг Орхон сум, Бэлэндалай 2-р багт оршин суух *******, Сэлэнгэ аймаг Орхон сум, Бэлэндалай 2-р багт оршин суух *******, Сэлэнгэ аймаг Орхон сум, Бэлэндалай 2-р багт оршин суух *******, Сэлэнгэ аймаг Орхон сум, Бэлэндалай 2-р багт оршин суух ******* нарт холбогдох,

Хариуцагч Ноостын Жаргалсайханаас 8480850 төгрөг, хариуцагч оос 9942590 төгрөг, хариуцагч Содномдоржийн Амаржаргалаас 27069770 төгрөг, хариуцагч ээс 1296260 төгрөг, хариуцагч Сасханабайн Батаагаас 3571610 төгрөг нийт 50361080 төгрөгийн гэм хорын хохирол гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Урантогос, хариуцагч *******ы итэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхмаа, хариуцагч *******, *******, *******, *******, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цэрэнбат, Д.Даваахүү, иргэдийн төлөөлөгч Л.Намжилсүрэн, гэрч *******, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Урантогос шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт 1994 оноос эхлэн газар тариалангийн үйл ажиллагаа явуулж дотоодын хэрэгцээнд хүнсний улаанбуудайг нийлүүлэн ажиллаж байгаа. ******* ХХК-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлах Ажинт, Чулуут гэх нэгж талбарын 00000000 дугаар бүхий 20.09 га, 00000000 дугаар бүхий 137.25 га, 00000000 дугаар бүхий 8.23 га, 170900166 дугаар бүхий 54.85 га, 170900195 дугаар бүхий 34.38 га, 00000000 дугаар бүхий 56.31 га талбайнуудад 2017 онд улаанбуудайн тариалалт хийсэн байдаг. Дээрх тариан талбайнуудад 20.9 га ангилсан тариа, 137.25 га-н 24 га ангилсан тариа, 8.23 га ангилан хадсан тариа, 38 га ангилсан тариа, 56.31 га-с 5 га ангилсан тариа, 54.85 га босоо тариа, нийт 146.3 га улаанбуудайн талбайд 2017 оны 10 сарын 08-ны өдөр *******, *******, *******, *******, ******* нар малаа оруулж ангилсан болон хурааж дуусаагүй байсан улаанбуудайг идэж сүйтгэж талхлан хураан авах боломжгүй болгосон байдаг. 2017 оны 10 сарын 17-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын хохирол тогтоох комиссын хурлын тогтоолоор ******* ХХК-д 100.725.000 төгрөгний хохирол учирсан болохыг тогтоосон байдаг. Малчид тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журмын 6.3 дахь заалтыг үндэслэн хохирлын 50 хувь болох 50.362.500 төгрөгийг тариан талбайд малаа оруулсан хариуцагч нараас гаргуулахаар тогтоосон байдаг. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын байгал орчны улсын байцаагчийн шийтгэх тогтоолоор тухайн хариуцагч нарт Зөрчлийн тухай хуулийн 8-р зүйлийн 1.8-д зааснаар 300.000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Зөрчлийн улмаас учирсан хохирлыг тухайн хариуцагч нар төлөхгүй байсан учраас ******* ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хариуцагч *******аас 8.480.850 төгрөг, *******оос 9.942.590 төгрөг, *******аас 27.069.770 төгрөг, *******ээс 1.296.260 төгрөг, *******гаас 3.571.610 төгрөг, нийт 50.661.080 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2017.10.08-с эхэлж цас орсон байдаг. Тухайн үед цасан шуурганаар мал орсон байдаг. Тэр талаар сонсоод захирал бид хоёр машинтай, хоёр тракторчин, нэг сахиултай мал оруулахгүй гэж гаргах гэж тэмцсэн. Үнэхээр тэмцсэн боловч чадаагүй. Цас орж эхлэхээс өмнө бүх хүмүүсээ татаж авчраад хамгаалалт хийж байсан. Малчид манай талбайгаас 6,7 км зайтай намаржиж байсан гээд байгаа ч хүмүүс бүгд л мэдэж байгаа шүү дээ. Адуунд бол энэ зай асуудал биш. Гүйгээд л ирнэ шүү дээ. Эднийхний малнууд байсан. Бүгдийг нь зүсээр нь хэлж чадахгүй ч гэсэн бүгдийнх нь малнууд байсан. Батаа сая манайх үхэргүй айл гэж байна. Тэргэнд хөллөдөг үхэр чинь хүртэл байж байсан шүү. Би чамд үүнийг хэлэхэд чи дуугүй л байж байсан. Ер нь бол эднийхний мал байнга ордог. Ганц энэ жил ч биш. Тэгээд ч мал нь нэг янзын им тамгатай биш. Өөр өөр им тамгатай байдаг. Би эд нартай арваад жил хөрш байгаа болохоор сайн мэднэ. Ургацын талаар Цэрэнбат өмгөөлөгчийн хэлсэнд тайлбар хэлэхэд манайх хэзээ ч ургац алдаж үзээгүй компани. Ямар нэгэн юман дээр чинь мэргэжил гэдэг юм байдаг шүү дээ. Манай захирал мэргэжлийн агрономич хүн байдаг. Эрдэм шинжилгээний ажилтан хүртэл хийж байсан хүн. Манайхыг жил бүр ямар ургац авдаг байсан талаар ургац хураалтын дэвтэр дээр тодорхой бичиж тэмдэглэсэн байгаа. Ургац алдсан газартай манайхыг харьцуулж болохгүй. Яаж тордож байгаагаас л шалтгаална шүү дээ. Цасан шуургатай шөнөөр мал оруулахгүй гэж араас нь хөөцөлдөж бүгд тариагаа хамгаалж байсан. Тэрийг энэ улсууд мэдэж байгаа. Манайхыг харуул хамгаалалтгүй гэж байна. Тэгэхэд бүгд ажиллаж байсан. Эд нар манай талбай руу малаа оруулчхаад манай манаач нарт нэрмэл хүртэл авчирч уулгаж байсан. Нэг биш удаагийн үйлдлүүд гарч байсан. Тэр болгоныг мэдээгүй юм шиг өнгөрөөдөг байсан. Энгийн иргэнийг малаар нь торгох гэж байна гэж байна. Бид нар ч гэсэн амьдрах гэж ядаж байгаа энгийн л иргэн шүү дээ. Мал үржүүлэх тариа тарих бол адилхан л хүнд ажилтай эд шүү. Орхонтуул Орхоны малчид гэж ялгаварлаж байна гэж хэллээ. Манайд ямар ч тэгж ялгаварлах шаардлага байхгүй. Банди гуай 700 адуугаа Чулуутын төв дээр хашдаг. Банди гуайн адуу 2016 онд нэг удаа орж байсан. Өөрсдөө тохироод төлбөрөө төлөөд явсан. Эд нарын мал ороогүй хоног хугацаа жил гэж байхгүй. 2017 оны 05 сарын 17-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг даргын захирамж гарсан байдаг. Мал бүхий иргэд газар тариалангийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх гэсэн утгатай захирамж гардаг. Жил болгон захирамж гардаг. Бүх ААН-үүдээр тараадаг. Заавал хугацаа гэж тавьдаггүй. Тарьсан тариан талбай битгий хэл уриншинд мал оруулдаггүй. Мал ороогүй гэж улаан цагаан худлаа ярьж болохгүй. Бичлэг хүртэл байгаа. Малчид бол биднээс дутахааргүй тариан талбай тариалалтын тухай мэдлэгтэй байдаг. Мэдэж л байгаа. Цас орохоор бол ангилан хадалт хийчихвэл дараа нь цас хайлсны дараа хураагаад авчихдаг технологи байдаг юм. Ингэж ангилсан талбай руу мал жагсаалаараа яваад идээд баагаад баагаад явчихдаг юм байна лээ. Тэгчихээр ямар ч хураах нөхцөлгүй болдог юм байна лээ. Эднийхэн шөнөдөө нэг нэгээрээ ээлжилж бүх адуугаа хариулж манаж хонодог. Батаа тэр өглөө үүрээр ирээд адуугаа туугаад явсан. Би бүгдийг нь мэдэж байгаа. Ингэж худлаа ярьж болохгүй байх гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манайх тэр жилийн намар ******* ХХК-н талбайтай ойрхон нутаглаагүй. Тэнд манай мал ороогүй. Хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2017 оны 10 сард манай мал Орхон хөгжлийн талбайд орох ямар ч үндэслэл байхгүй. Нэхэмжилж байгаа мөнгийг төлөх шаардлага байхгүй гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2017 намар манайх хоёр сумын зааган дээр намаржсан. Их цас ороход бригадын дарга поль руу мал оруулахгүй шүү гэж хэлж байсан болохоор малаа огт оруулаагүй гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2017 онд манайх Ажинт гэдэг газар намаржиж байсан. Манайд угаасаа адуу мал гээд байх юм байхгүй. Хонь ямаатай. Эдний талбай руу мал оруулаагүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манайх 2017 намар Баясаагийн талбайн тэнд намаржсан. Манайх дан ганц хоньтой л байсан. Манай үхэр тэгэхэд манайд байгаагүй. Адуу бол угаасаа байхгүй. Гэтэл манай малыг үхэртэйгээ байсан гээд 8 сая гаруй төгрөгний нэхэмжлэл гаргасан байсан. Би тэгэхэд нь манайд үхэр байхгүй байхад яагаад ийм торгууль тавьсан юм бэ гэхэд хасуулж болно гэж хэлчихээд одоо болтол хасаагүй байгаа. 10 сарын 08-ны өдөр мал гаргах ямар ч боломжгүй цасаар шуурч байсан. 7-8-нд шилжих шөнө маш их цас орсон. Мал гаргах ч боломжгүй байсан. Нэхэмжилж байгаа мөнгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэв.

            Шүүх зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******аас 8.480.850 төгрөг, хариуцагч *******оос 9.942.590 төгрөг, хариуцагч *******аас 27.069.770 төгрөг, хариуцагч *******ээс 1.296.260 төгрөг, хариуцагч *******гаас 3.571.610 төгрөг нийт 50.361.080 төгрөгийн гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд: Манайх тэр жилийн намар ******* ХХК-н талбайтай ойрхон нутаглаагүй. Тэнд манай мал ороогүй. Хүлээн зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч ******* шүүх хуралдаанд: 2017 оны 10 сард манай мал Орхон хөгжлийн талбайд орох ямар ч үндэслэл байхгүй. Нэхэмжилж байгаа мөнгийг төлөх шаардлага байхгүй гэж,

Хариуцагч ******* шүүх хуралдаанд: 2017 намар манайх хоёр сумын зааган дээр намаржсан. Их цас ороход бригадын дарга поль руу мал оруулахгүй шүү гэж хэлж байсан болохоор малаа огт оруулаагүй гэж,

Хариуцагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхмаа шүүх хуралдаанд: Манайх 2017 намар Баясаагийн талбайн тэнд намаржсан. Манайх дан ганц хоньтой л байсан. Манай үхэр тэгэхэд манайд байгаагүй. Адуу бол угаасаа байхгүй. Гэтэл манай малыг үхэртэйгээ байсан гээд 8 сая гаруй төгрөгний нэхэмжлэл гаргасан байсан. Би тэгэхэд нь манайд үхэр байхгүй байхад яагаад ийм торгууль тавьсан юм бэ гэхэд хасуулж болно гэж хэлчхээд одоо болтол хасаагүй байгаа. 10 сарын 08-ны өдөр мал гаргах ямар ч боломжгүй цасаар шуурч байсан. 7-8-нд шилжих шөнө маш их цас орсон. Мал гаргах ч боломжгүй байсан. Нэхэмжилж байгаа мөнгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч *******: 2017 онд манайх Ажинт гэдэг газар намаржиж байсан. Манайд угаасаа адуу мал гээд байх юм байхгүй. Хонь ямаатай. Эдний талбай руу мал оруулаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Сэлэнгэ аймгийн Орхон сумын  Ажинт, Чулуут нэртэй газарт байрлалтай ******* ХХК-ийн тариалангийн 146.3 га улаан буудайн тариан талбайд “2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр *******, *******, *******, *******, ******* нарын нэр бүхий 5 айл  малаа оруулж ангилсан болон хурааж дуусаагүй байсан улаан буудайг идэж, сүйтгэн талхалсан” гэсэн гомдлыг ******* ХХК-ын захирал Д.Жаргалсайхан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид гаргасан байна.

            ******* ХХК-ын гомдлын дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагч ******* 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зөрчлийн хэрэг нээн хэрэгт ажиллагаа явуулан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэр бүхий 5 малчинд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8-д заасны дагуу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны замын зардал 59400 төгрөг, хохирол төлбөрт Ноостын Жаргалсайханаас 8480850 төгрөг, оос 9942590 төгрөг, Содномдоржийн Амаржаргалаас 27069770 төгрөг,  ээс 1296260 төгрөг, Сасханабайн Батаагаас 3571610 тус тус гаргуулахаар шийтгэл оногдуулжээ.

            Шийтгэлийн хуудсанд “шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 2017 оны 12 сарын 30-ны өдрийн дотор  Сум дундын прокорорт гомдол гаргаж болохыг дурдсугай” гэж гомдол гаргах эрхийг буруу тайлбарлан заасан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т ...оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ, 2.1-т Захиргааны хэргийн шүүх энэ хууийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ... гэж тус тус заасны дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг шийдвэртээ тусгах байжээ.

            Хэдийгээр шийдвэртээ оролцогчдын гомдол гаргах эрхийг буруу тайлбарлан заасан боловч хариуцагч нар нь Сум дундын прокурорт ч гомдол гаргаагүй байх тул Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн  гаргасан шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон гэж үзлээ.    

            Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын хохирол тогтоох комисс 2017 оны10 дугаар сарын 17-ны өдрийн №1 тоот хохирлын үнэлгээний тогтоолд малчдыг өдрийн цагаар малаа оруулсан гэж үзэж хохирлын 50 хувь болох 50.362.500 төгрөгийг малчдаар гаргуулахаар шийдвэрлэжээ.

            Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын хохирол тогтоох комиссын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот  хохирлын үнэлгээг үндэслэн нэр бүхий малчдад ноогдох төлбөрийг хувиарлах тухай тогтоолын 1. ******* ХК-д учирсан хохирлыг хариуцлага алдаж малаа оруулсан малчдын малд Монгол улсын Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг үндэслэн адуу 6.0, үхэр 6.0, тэмээ 5.0, ямаа 0.9 гэсэн итгэлцүүрээр хонин толгойд шилжүүлэн тус бүрд нь малын тоог нь үнэслэн хохирлыг тооцсугай, 6-д  ******* 8.480.850 төгрөг, ******* 3.571.610 төгрөг, ******* 27.069.770 төгрөг, 9.942.590 төгрөг, 1.296.260 төгрөгийн хохирлыг тус тус хуваарилсан байна.

Зөрчлийн материалд авагдсан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын хохирол тогтоох комиссын хурлын тэмдэглэлд: ...Байгаль хамгаалагч ******* “тэр орчимд намаржиж байсан Орхон сумын 3, 4-н өрх айл харагдсан. Тариан талбайн ойролцоо 200м орчим зайд байсан. Малын хувьд адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн 3000 гаран тооны мал байсан”... гэх тэмдэглэл,

Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: ...нэг бүрчлэн им тамгыг ялгах боломжгүй байсан. Зарим тамга нь мэдэгдэхгүй байсан. Багцаагаар 3000 орчим мал байсан байх. Малчдын А дансыг зөрчил гаргасан малчид хэдэн тооны малтай гэдгийг мэдэж авахын тулд авсан. Хохирлыг тооцохдоо хэдэн мал хохироосон байна уу? гэдгээр биш ямар хохирол учирсан байна гэдгийг тогтоосон... гэх мэдүүлэг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: ...Тухайн үед бол талбайд орсон малыг бид нар 3000 гэж нэг бүрчлэн тоолоогүй,  бид малын тоог биш гарсан хохирлоо л хэлсэн. Малын тоог комисс тогтоосон юм уу сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг зэргээр хэний хэдэн тооны ямар мал орсон болохыг тогтоохгүйгээр малчдын 2016 оны жилийн эцсийн мал тооллогын малын А дансыг үндэслэж Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан хонин толгойд шилжүүлэн хохирлыг тооцсон нь илт үндэслэлгүй болсон байна.

Мөн Малчид, тариаланчдын зохицлыг хангах журмын 3.2.4-т заасан таримал ургамлын талбайд мал тэжээвэр амьтад орж хохирол учирсан тохиолдолд хохирлыг сумын комисс тухайн таримал тариалсан эзэн, тарианд орсон мал, тэжээвэр амьтаны эздийг байлцуулан тогтоож баталгаажуулна гэснийг зөрчиж малын эздийг байлцуулаагүй байна.

            Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 тоот Малчид, тариаланчдын зохицлыг хангах журмын 4.3-т тарьмал ургамал бүхий талбайд мал орж хохирол учруулсан бол орсон малын тоо, зүс, ээмэг, тамга, малын мөр,  тарьмал ургамалыг  сүйтгэсэн байдлыг фото зураг, видео камераар баталгаажуулан баримтжуулна... гэж заасныг зөрчиж журмын дээрх заалтыг баримтлаагүй байна.  

             

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч *******аас 8480850 төгрөг, хариуцагч *******оос 9942590 төгрөг, хариуцагч *******аас 27069770 төгрөг, хариуцагч *******ээс 1296260 төгрөг, хариуцагч *******гаас 3571610 төгрөг нийт 50361080 төгрөгийн гэм хорын хохирол гаргуулах тухай ******* ХХК-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409.763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ******* ХХК-ны нэхэмжлэлтэй, *******аас 8.480.850 төгрөг, *******оос 9942590 төгрөг, *******аас 27069770 төгрөг, *******ээс 1296260 төгрөг, *******гаас 3571610 төгрөг нийт 50361080  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарснаас хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН

 

                                       ШҮҮГЧИД                        А.НАРАНТУЯА

                                                Б.ЭРДЭНЭМӨНХ