Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 208/МА2019/00013

 

 

******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 150/2018/00160/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч:

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Нэхэмжлэгчийн

итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Урантогос

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цэрэнбат

Хариуцагч С.Амарсанаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор ************** ХК-ийн нэхэмжлэлтэй *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох холбогдох  эд хөрөнгөд учирсан 50.361.080 төгрөгийн хохирол гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэлдээ: ******* ******* ХК нь Сэлэнгэ аймгийн *******туул сумын нутагт 1994 оноос эхлэн газар тариалангийн үйл ажиллагаа явуулж дотоодын хэрэгцээнд хүнсний улаанбуудайг нийлүүлэн ажиллаж байгаа. ******* ******* ХК-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн *******туул сумын нутагт байрлах *******, гэх нэгж талбарын ******* дугаар бүхий 20.09 га, дугаар бүхий 137.25 га, дугаар бүхий 8.23 га, дугаар бүхий 54.85 га, дугаар бүхий 34.38 га, дугаар бүхий 56.31 га талбайнуудад 2017 онд улаанбуудайн тариалалт хийсэн байдаг.

Дээрх тариан талбайнуудад 20.9 га ангилсан тариа, 137.25 га-н 24 га ангилсан тариа, 8.23 га ангилан хадсан тариа, 38 га ангилсан тариа, 56.31 га-с 5 га ангилсан тариа, 54.85 га босоо тариа, нийт 146.3 га улаанбуудайн талбайд 2017 оны 10 сарын 08-ны өдөр *******, *******, *******, *******, ******* нар малаа оруулж ангилсан болон хурааж дуусаагүй байсан улаанбуудайг идэж сүйтгэж талхлан хураан авах боломжгүй болгосон байдаг. 2017 оны 10 сарын 17-ны өдрийн Сэлэнгэ аймгийн *******туул сумын хохирол тогтоох комиссын хурлын тогтоолоор ******* ******* ХК-д 100.725.000 төгрөгний хохирол учирсан болохыг тогтоосон байдаг. Малчид тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журмын 6.3 дахь заалтыг үндэслэн хохирлын 50 хувь болох 50.362.500 төгрөгийг тариан талбайд малаа оруулсан хариуцагч нараас гаргуулахаар тогтоосон байдаг. Сэлэнгэ аймгийн *******туул сумын байгал орчны улсын байцаагчийн шийтгэх тогтоолоор тухайн хариуцагч нарт Зөрчлийн тухай хуулийн 8-р зүйлийн 1.8-д зааснаар 300.000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Зөрчлийн улмаас учирсан хохирлыг тухайн хариуцагч нар төлөхгүй байсан учраас ******* ******* ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хариуцагч *******аас 8.480.850 төгрөг, *******оос 9.942.590 төгрөг, *******аас 27.069.770 төгрөг, *******ээс 1.296.260 төгрөг, *******гаас 3.571.610 төгрөг, нийт 50.661.080 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:..Манайх тэр жилийн намар ******* ******* ХХК-н талбайтай ойрхон нутаглаагүй. Тэнд манай мал ороогүй. Хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...2017 оны 10 сард манай мал ******* хөгжлийн талбайд орох ямар ч үндэслэл байхгүй. Нэхэмжилж байгаа мөнгийг төлөх шаардлага байхгүй гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...2017 намар манайх хоёр сумын зааган дээр намаржсан. Их цас ороход бригадын дарга поль руу мал оруулахгүй шүү гэж хэлж байсан болохоор малаа огт оруулаагүй гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...2017 онд манайх ******* гэдэг газар намаржиж байсан. Манайд угаасаа адуу мал гээд байх юм байхгүй. Хонь ямаатай. Эдний талбай руу мал оруулаагүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхмаа шүүхэд гаргасан тайлбартаа: ...Манайх 2017 намар Баясаагийн талбайн тэнд намаржсан. Манайх дан ганц хоньтой л байсан. Манай үхэр тэгэхэд манайд байгаагүй. Адуу бол угаасаа байхгүй. Гэтэл манай малыг үхэртэйгээ байсан гээд 8 сая гаруй төгрөгний нэхэмжлэл гаргасан байсан. Би тэгэхэд нь манайд үхэр байхгүй байхад яагаад ийм торгууль тавьсан юм бэ гэхэд хасуулж болно гэж хэлчихээд одоо болтол хасаагүй байгаа. 10 сарын 08-ны өдөр мал гаргах ямар ч боломжгүй цасаар шуурч байсан. 7-8-нд шилжих шөнө маш их цас орсон. Мал гаргах ч боломжгүй байсан. Нэхэмжилж байгаа мөнгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай шийдвэрээр:

  -******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, *******аас 8.480.850 төгрөг, *******оос 9942590 төгрөг, *******аас 27069770 төгрөг, *******ээс 1296260 төгрөг, *******гаас 3571610 төгрөг нийт 50361080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409.763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 07-08 шилжих шөнө нийт нутгаар цас орсон. Эдгээр айлууд талбайгаас 20-30 метрийн зайд байсан. Өмнөх өдөр нь би тэр хавийн айлуудаар орж уулзаж ...тариа хураагаагүй байна шүү... гэж хэлсээр байхад эдгээр айлууд малаа оруулсан. Бидний зүгээс хоёр манаачтай, мотоциклтой талбайгаа манаж хоносоор байхад шөнө мал нь орсон. Маргааш нь хонио үхэр гээд ороогүй мал байхгүй, нэг талаас нь хөөгөөд гаргахаар нөгөө талаас нь орсон байх жишээтэй. Та нар малаа яагаад оруулаад байгаа юм бэ?, бид тариагаа хураагаагүй байна шүү дээ гэхэд цас ороод байхад бид яахын бэ?, шүүхдээ өгвөл өгөхгүй юу, гээд тоохгүй байсан. Би захиралтай хамтраад бичлэг хийгээд, талбайгаас малыг нь гаргахаар 5 бүлэг болж хуваагдаад малыг нь хөөж гаргаад дийлдэхгүй байсан. Хэлээд байхад ойлгохгүй, хэл амаа ололцохгүй байсан учраас сумаас хохирол тогтоох комисс дуудсан. Бид нар гуйж хэлээд байхад эдгээр хүмүүс талбайгаас малаа гаргаагүй. Бид сүүлдээ дийлэхээ болиод 137 га хойд талбайгаа хаяад урд талын талбайгаа хамгаалъя гэхэд дахиад тийшээ орсон байсан. Манай тариалсан ургацыг улсын ургацын хураалт тогтоох комиссоос ирж үзээд 13.5 центнер ургац авах боломжтой байна гэж үзсэн. Түүнээс бидний амаар ургац авна гэж яриагүй улсын комисс тэгж хэлсэн. Бид учирсан хохирлоо нэхэмжилж байна гэв Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус компани нь Сэлэнгэ аймгийн ******* туул сумын нутаг *******, нэртэй газарт нэгж талбарын ******* дугзар бүхий 20.09 га, дугаар бүхий 137.25 га, дугаар бүхий 8.23 га, дугаар бүхий 54.85 га, дугаар бүхий 34.38 га, дугаар бүхий 56.31 га талбайнуудад улаан буудайн тариалалт хийсэн юм. Дээрх тариан талбайн 20.09 га ангилсан тариа, 137.25 га-ийн 24 га ангилсан тариа, 8.23 га ангилан хадсан тариа, 34.38 га ангилсан тариа, 56.31 га-аас 5 га ангилсан тариа 54,85 га босоо тариа нийт 146.3 га улаан буудайн тариан талбайд 2018 оны 10-р сарын 08-нд ******* нэртэй газарт нутаглаж байсан *******, *******, *******, *******, ******* нар малаа оруулж ангилсан болон хурааж дуусаагүй байсан улаан буудайг идэж сүйтгэн талхлан хураан авах боломжгүй болгосон юм гэв. Манай компани Сэлэнгэ аймгийн Ажинчулуут гэх газар ангилсан тариа, нийт 146.3 га газар улаанбуудай тариалсан. Гэтэл эдгээр хүмүүс тариа тарьсан талбай руу малаа оруулж тариаг маань талхлаад ямар ч хураах боломжгүй болгосон. Сумаас хохирол тогтоох комиссыг дуудаад хохирлын акт тогтоосон. 100.725.000/нэг зуун сая долоон зуун хорин таван мянга/ төгрөгийн хохирол гараад хариуцагч нараас тавин хувийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сэлэнгэ аймгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаяр тэдгээр хүмүүсийг зөрчлийн хуулиар хариуцагч нарыг тус бүрээр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгосон.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Урантогос давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: 2017 оны 10-р сарын 17-ны өдрийн 01 тоот Сэлэнгэ аймгийн *******туул сумын хохирол тогтоох комиссын хурлын тогтоолоор ******* ******* ХК-д 100.725.300 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоож, Малчид тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журмын 6-р зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн хохирлын 50 хувь буюу 50.362.500 төгрөгийн хохирлыг тариан талбайд малаа оруулсан *******, *******, *******, *******, ******* нараар төлүүлэхээр тогтоосон юм. Мөн Сэлэнгэ аймгийн *******туул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаяр нь Сэлэнгэ аймгийн *******туул сумын Шар ус 1-р багийн нутаг ******* гэдэг газарт ******* ******* ХК-ийн тариан талбайд мал бэлчээж ангилсан болон хурааж дуусаагүй байсан тариа буудайг сүйтгэн талхлан хохирол учруулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1-р зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу дээрх мал оруулсан иргэдэд тус бүр шийтгэлийн хуудсаар 300 000 төгрөгийн торгууль, хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Манай компани нь энэ зөрчлийн улмаас учирсан шууд хохирол болох 50.361.080 төгрөгийг хууль ёсоор хариуцвал зохих этгээдүүдээс нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн юм. Гэвч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж журам барьж эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргав. Дээрх зөрчлийн улмаас нэхэмжлэгчид бодитоор учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар иргэний нэхэмжлэл гаргаж байгааг анхаарч үзсэнгүй.

Анхан шатны шүүх Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 тоот Малчид тариаланчдын зохицлыг хангах журам баримталж зөрчлийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэсэн нь манай компанид илэрхий хохиролтой, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн мөн гэм хор, хохирол учруулсан этгээдүүдээс хохирлоо нэхэмжлэх боломжгүй болгож байгаад гомдолтой байна.

Ер нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ойлгоогүй, Малчид тариаланчдын зохицлыг хангах журмын 3.2.4, 4.3-т заасан заалтад үнэлэлт өгч, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хэрэг ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлэхгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1 дэх шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлэх, 40.2 дахь заалтыг тус тус зөрчсөн юм.

Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байхад шүүгч 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128 дугаартай захирамжаараа давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн асуудлыг хариуцагч нар болон тэдний өмгөөлөгч бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. хугацаа хэтрүүлсэн эсэх асуудлыг шийдвэрлээгүй гэж үзэж гомдолтой байна . ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд гаргасан шүүхийн шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 112.2 дах хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна. ************** ХК-ийн гэм хорын хохирол 50.362.500 төгрөгийг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар болон тэдний өмгөөлөгч бид дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж анхан шатны шүүхэд тайлбар гаргаж шүүх хуралдаанд энэ тайлбараа хамгаалж оролцсон байгаа.

Тодруулбал: 1. Сэлэнгэ аймгийн ******* туул сумын хохирол тогтоох комисс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн актын дагуу ******* сумын малчин С.Амарсайхан *******, *******, *******, ******* нарын малчдаар ******* ******* ХК-ийн ******* туул сумын , ******* нэртэй газар байрлалтай тариан талбай руу мал оруулж уг компанид 100.725.000 төгрөгийн хохирол учруулсны 50 хувь буюу 50.362.500 төгрөгийн хохирлыг малын тоо толгойд нь хувь тэнцүүлэн төлүүлэхээр хохирол нөхөн төлүүлэх акт тавьсан байна. Уг актыг хууль зөрчиж гаргасан, яг хэний ямар им тамгатай хичнээн тооны мал байсныг газар дээр тоолж, малчдад өөрсдөд нь үзүүлж харуулж акт тавиагүй тул хүчин төгөлдөр акт гэж үндэслэлгүй ч Тухайлбал Сэлэнгэ аймгийн *******туул сумын хохирол тогтоох комисс нь хохирлын актыг тавихдаа тариан талбай руу мал оруулсан гэх малчдын хичнээн тооны ямар зүс, им тамгатай мал орсныг газар дээр нь тогтоож малчдад нь нүдээр үзүүлж тэднийг байлцуулан хохирлыг тогтоож актыг тавиагүй, ******* туул сумын БОХУБ Ш.Анхбаяр нь ******* сумын Бэлэндалай багийн Засаг дарга Н.Төрсайханаас нэр бүхий 5 иргэнийн 2016 оны жилийн эцсийн мал тооллогын А дансыг авч үүн дээрээ тулгуурлан акт тавьсныг шүүхэд ирүүлсэн албан тоотуудаар нотлон тогтоогдож байгаа болно. Ганцхан жишээ хэлэхэд ******* нь 2016 оны жилийн эцсийн мал тооллого 36 үхэр тоолуулсан, актыг 36 үхрийг хонин толгойд шилжүүлж актанд тусгасан байдлаас А дансанд тулгуурлаж хохирлын акт тавьсныг нотолж байгаа юм. Тариан талбай руу мал оруулсан гэх 5 малчны хэнд нь ч мал орсон талаар мэдэгдээгүй акт тавихдаа байлцуулаагүй бөгөөд 12 сарын дундуур өвөлжөөндөө байхад нь актыг танилцуулахаар ирсэн байх ба актыг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй гэдгийг нь ч танилцуулаагүй байна. Түүнчлэн Зөрчил хянан шийдвэрлэх 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тухай хохирол тогтоосон актын дагуу шийтгэх хуудсаар ногдуулсан торгуулийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд гаргахаар хуульчилсан байхад ******* туул сумын БОХУБ Ш.Анхбаяр нь прокурорт гомдол гарга гэж тусгасан нь хууль зөрчиж, малчдын эрх ашгийг хохироож гомдол гаргах эрхийг хязгаарласан тул актыг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай гэр нэхэмжлэгчийн яриад байгаа тариан талбайгаас 10 гаруй километрийн зайтай байдаг. Манай мал тариан талбай руу ороогүй, тухайн үед сумаас зааж өгсөн зуслангийн газартаа байсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь эд хөрөнгөд учруулсан гэм хорын төлбөрт хариуцагч *******аас 8.480.850 төгрөг, *******оос 9.942.590 төгрөг, *******аас 27.069.770 төгрөг, *******ээс 1.296.260 төгрөг, *******гаас 3.571.610 төгрөг нийт 50.361.080 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдлынхоо үндэслэлийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн гэж тайлбарлажээ.

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч ******* Хөгжил ХК-ийн эзэмшлийн тариан талбайд мал орж сүйтгэснээс зохигчдын хооронд маргаан үүсэж, нэхэмжлэгч нь ******* сумын нэр бүхий 5 малчдын мал тариан талбайд орсноор мал орсон хэсгийн талбайгаас ургац хураан авах боломжгүй болж ургац алдсан гэж тайлбарладаг бол хариуцагч нар нь тариан талбайд малаа оруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд Сэлэнгэ аймгийн *******туул сумын Хохирол тогтоох комиссын хохирлын үнэлгээ тогтоох тухай 01 дугаартай, Хохирлын үнэлгээг үндэслэн нэр бүхий малчдад ноогдох төлбөрийг хуваарилах тухай 03 дугаартай тогтоолууд, мөн зөрчилд шийтгэл ногдуулах тухай 062, 063, 064, 065, 066 дугаартай шийтгэлийн хуудас зэргийг ирүүлсэн бөгөөд тухайн баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй гэж хариуцагч нар маргажээ.

Хэргийг судлан үзвэл: Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй, нэхэмжлэгч нь тариан талбайд нэр бүхий 5 иргэний мал орсон гэж тайлбарлаж байгаа боловч хэн хэний хэдэн толгой мал тариан талбайд орсон, тариан талбайд мал оруулсан тухай захиргааны зөрчлийг шалгах, хохирол учирсан талаар болон үнэлгээ тогтоох комиссын актыг үйлдэхдээ эрх бүхий этгээд хууль зөрчсөн эсэх зэрэгт дүгнэлт өгөхгүйгээр зөвхөн Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан Малчид, тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журмыг баримтлан хэргийн үйл баримт хангалтай тогтоогдоогүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзлээ.

2016 онд Тариалангийн тухай хууль батлагдсан бөгөөд тус хуулиар Тариалан эрхлэгчид учруулсан хохирлыг хэрхэн тооцох тухай зохицуулсан бөгөөд Сумын хохирол тогтоох комисс нэхэмжлэгчид учруулсан хохирлыг тооцохдоо Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Газрын төлбөр тооцох үзүүлэлт, тэдгээрийг тодорхойлох журмыг төсөөтэй хэрэглэсэн байхад шүүх зохих дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдаагүй нотлох баримт буюу хариуцагч нарт холбогдуулан шалгасан гэх захиргааны зөрчлийн хэргийн материалыг шүүх хуралдааны үед шинжлэн судалсан атлаа уг материалыг хэрхэн үнэлсэн, хэрэгт нотлох баримтаар авсан эсэх нь ойлгомжгүй байна.

Хариуцагч нарт холбогдуулан шалгасан зөрчлийн хэргийн материал нь шалгасан газрынхаа дугаар бүхий хадгаламжийн нэгжийн бүртгэлтэй байдаг бөгөөд тухайн материалаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар зохигчдын хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлж болох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3, 44.4-д зааснаар хуулбарлан авч баталгаажуулах, эх хувьтай тулган нотлох баримт байгаа газарт үзлэг явуулж тэмдэглэл хөтлөх зэргээр хэрэгт нотлох баримтаар авах боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 409.763 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН