Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 00128

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Н.Хулан

Иргэдийн төлөөлөгч Д.М

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Б.Э-

Хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Шинжээч Ж.Гэрэлмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, А.Нацагдорж

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овгийн Б-ы Б-д холбогдох 201614000523 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгч Х- овгийн Б-ы Б-, Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй. РД:********************

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2015 оны 01 сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** дугаар байрны 11 тоотод согтуугаар хэрүүл маргаан хийж, эхнэр Б.Э-ийн цээжин тус газарт нь хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан, эхнэр Б.Э-тэй хамтран амьдрах хугацаандаа 2013 оны 10 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн ** тоотод хадам эх Н-гийн гэрт агсам тавьж Б.Э-ийг өшиглөж зодсон, 2014 оны 11 сарын 22-ны өдөр согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн ** тоотод Б.Э-ийн хоолойд заазуур тулгаж хоолойг нь зүссэн, 2014 оны 07 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн ** тоотод согтуугаар Б.Э-ийн үснээс зулгаан чирж цохиж зодсон, 2015 оны 04 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод согтуугаар хэрүүл маргаан хийж Б.Э-ийг хутгаар чичиж байнга зодож тарчлаасан  гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 1. Хохирогч Б.Э-ийн “Би Б-тай 2011 онд албан ёсоор гэр бүл болсон. 2009, 2013 онд 2 хүүхэд төрүүлсэн. Хамт амьдарч байхад дарамттай байдаг байсан. Байнга утас шалгаж, хаана ч явсан хаана байна хурдан ир гэж араас утасдана. Өөрөө болохоор 5 дахь өдөр болгон архи ууж, хонуут өнжүүтээр явдаг байсан. Хаана байна гээд залгахаар тийм ч найз нөхөдтэйгээ явна, эсхүл тэнд ч ажилтай байна гэдэг байсан. Сүүлдээ утсаа салгаж унтраагаад таг болдог байсан. 2010 оны 2 сард согтуу ирээд хүүхдээ харсангүй гэж зодож эхэлсэн. Ямар нэг баярт үйл явдлын үеэр согтчихоод хамаатан саданг минь доромжилж зоддог байсан. Ээжийг минь хүртэл байшинтай нь шатаана гэж хэлдэг байсан. Сүүлдээ ээжийнд минь машинтай аваачиж зоддог байсан. Сүүлдээ аавд нь хэлж энэ хүнийг яах вэ? гэж хэлэхэд ямар ч үр дүнд хүрээгүй. Улсын баяраар ч мөн адил түлхүүрээ хаялаа танайхнаас болсон чамаас болсон гэж шалтаглаж зодсон. 1 сарын 9 –нд намайг ирж ав гэхээр нь очсон. Би тэнд архи уугаагүй. Надад хундагатай архи өгсөн ч ёслоод өгсөн. Тэгээд харих замдаа хэрүүл хийж гэртээ орсон хойноо гар хүрсэн. Чи үхдэггүй юм бол хүүхдээ ална гээд охин руу минь дайрахад би урдуур нь орсон. Тэгээд би 3 удаа хутгалуулсан байсан. Пүрэвсүрэн гэж урьд нь амьдарч байсан эмэгтэйтэйгээ холбогдож байхад нь хүртэл би ингэж болохгүй, гэр бүлээ бод, чи тусдаа амьдралтай болсон хүн гэж зөндөө хэлсэн ч тоогоогүй. Тэр шөнө намайг эмнэлгийн машинаар, Б-ыг цагдаагийн машинаар авч явж байсан. Би тэр үед хүүхдүүдээ аавтай нь үлдээчих юмсан, элэг бүтэн байлгах юмсан л гэж бодож байсан. Толгойд маш олон зүйл бодогдож, үнэхээр хэцүү байсан. Сарангуа байцаагч эмнэлэгт байхад байцаалт авсан. Би өөрийгөө хутгалсан гэж мэдүүлэг өгөөгүй. Тэр байцаагчийн бичиж өгсөн мэдүүлэг дээр л гарын үсэг зурсан. Би Б-аас эмчилгээний зардалд нийт 442 820 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа ч нэхэмжлэх хүсэлтэй байна. Миний бие одоо байнгын зовиуртай байдаг. 2015 он хүртэл “Даувн бэйкерид” байнгын зогсоо ажил хийж байсан. Гэмтлээс болоод би одоо зогсоо байдалтай ажиллаж чадахааргүй болсон” гэсэн мэдүүлэг.

 

2. Орхон  аймгийн  Шүүхийн  шинжилгээний  албаны  шинжээчийн 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 672 дугаартай  дүгнэлтийн “1. Б.Э-ийн биед цээжний  зүүн талд  цээжний хөндийд  нэвтэрсэн хатгагдсан шарх, зүүн гуя, цавинд хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүү, 2 гарын шуунд зулгаралт, доод уруулд язарсан шарх зэрэг гэмтэл үүсч байжээ.  2. Хатгагдаж зүсэгдсэн шарх нь хурц үзүүр ирмэгтэй  зүйлийн 3 удаагийн  хатгагдах, зүсэгдэх, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.  4. Цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.11-д заасны дагуу  гэмтлийн хүнд зэрэгт, гуя, цавинд үүссэн хатгагдаж  зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт, хүзүү, 2 гарын шуунд үүссэн зулгаралт, доод уруулд үүссэн язарсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д  заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэмтлүүд байжээ.  5. 2015-01-10-ны өдөр үүссэн байж болох гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт.  /хх –ийн 88-р хуудас /

 

            3. Шүүх шинжилгээний 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 89  дугаартай дүгнэлтийн “Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн гаргасан 672 тоот дүгнэлт  үндэслэлтэй байна. Б.Э-ийн биед тухайн үед  цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний  хөндийд  шингэн  хуралдалт, зүүн гуянд шарх, хүзүүнд зулгаралт, доод уруулд язарсан шарх үүсчээ. Гэмтлийн зэргийн зааврын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 99-100-р хуудас /

 

4. Гэрч А.Н-гийн “Манай хүргэн гадуур яваад байна гэж охин хэлдэг байсан. Би охиндоо ялихгүй зүйлээр шалтгалж хэрүүл маргаан хийж болохгүй  шүү гэдгийг захиж байсан. Манай охин хүргэн хоёр 3-4 жилийн дараа байр авч орж байсан. Тэрнээс хойш амьдарч байгаад манай охин 2015 онд салах өргөдөл өгч шүүх шийдвэрлээд салсан. Манай охин хамт амьдрахад маш дарамттай байна гэж хэлж байсан. Манай охин  амьдарч байх хугацаандаа хааяа эрүү ам нь хөхөрсөн байхад нь асуудаг.  Тэгэхэд  Б- намайг зодсон гэж хэлдэг байсан. Охин нэг цагаан сараар ирэхгүй байхаар нь гайхаад  байсан чинь цагаан сарын сүүлээр орж ирсэн. Манай охины нүд хөхөрсөн байхаар нь яасан гэсэн чинь машинтай явж байгаад аваарт ороод гэж  хэлж байсан. Дараа нь манай охин хэлэхдээ төрсөн охин нь тоглож байгаад толгойгоороо шүүгээ мөргөөд гэмтсэн  байсан чинь Б- хүүхэд харж чадсангүй гээд зодсон гэж  хэлж байсан. Охин нэг өдөр гэрт ирээд байж байхад хоолойнд нь хоёр ширхэг шулуун зүсэгдсэн юм шиг  шарх байхаар нь  асуусан чинь хүүхэд маажсан гэж хэлж байсан. Би тухайн үедээ итгээгүй, охин нуугаад хэлээгүй. Би бага хүүхдийг нь хараад  байж байгаад  айлд  очих гээд  охиноо дуудаад  хүүхдээ  аваарай гэсэн чинь  ирж авахгүй  байгаад  байсан. Маргааш нь Б- залгаад цагдаагийн хэсэг дээр байна гэхээр нь асууж байгаад яваад очсон чинь 5-р микрийн  цагдаагийн хэсгийн өрөөнд  байгаагүй. Гэрээр нь ороод үзэе гээд орсон чинь Б- гэртээ нэг архи тавиад уугаад сууж байсан. Би юу болсон яагаад ингэж байгаа юм бэ гэхэд би хөл рүү нь хутгалсан гэж хэлсэн. Би өөрийгөө хутгалсан гэж хэлж байсан. Дараа нь манай  охины том  охин  гэрт  байж байгаад  ээжийн мээмнээс цус гараад гэхээр нь дүү нь  хазсан юм уу  гэж асуусан чинь  аав хутгалсан гэж хэлэхээр нь охинтойгоо яриад  Б- чамайг  хутгалсан юм уу   гэхэд тэгсэн гэж байсан. Тэгээд асуусан чинь Б- намайг хутгалаад цус гараад байхаар нь охиноороо алчуур авчруулаад дарж байгаад  эмнэлэг дуудаач  гэсэн чинь дуудаж өгөхгүй байсан гэж байсан. Үүний дараа бас Б- хутга  бариад дайрахаар нь ноцолдож байгаад хөргөгчинд хутга дүрсэн гэж хэлж  байсан. Манай охиныг нэг мөр гүйцээнэ гээд хутга бариад дайрсан гэж хэлж байсан. Осол гаргасны дараа ажлаас халагдах гэж байна гээд бөөн архи уусан. Б- нэг өдөр бага хүүхдээ аваад гэртээ архи задлаад  сууж байхаар нь одоо чи архи ууж болохгүй хэрэггүй чи өдөр шөнөгүй архи ууж байна гэж хэлээд  болиулах гэхэд уурлаж байгаад архи уугаад дуусгасан гэсэн. Тэгэж байгаад мах  идэж байсан хутга хоёр хүүхэд рүүгээ шидсэн чинь сандал дор нь унасан гэж  хэлж байсан. Тэгсэн бага хүүхдээ хацар амыг нь чимхэж байгаад цонхруу бариад явахаар нь манай охин очиж аваад том охиноо дохиж байгаад гадагшаа гаргасан гэсэн. Манай охин Б.Эрднэмөнх нь Б.Б-д зодуулсан талаараа хэлэхгүй нуугаад байдаг. Би ер нь харж байгаад юу болсныг мэдээд байдаг. Дараа нь ярьж байхад Б- зодсон гэж хэлдэг байсан. Яг зодуулсны маргааш нөгөөдөр нь бол хэлэхгүй нуугаад байдаг байсан. Манайд нэг агсан тавих үед нь аав Б-ыг нь дуудаад өгсөн. Тэгэхэд аавынхаа үгэнд орохгүй агсараад  байсан. Манай охин машиныг нь бариад явж байхад том цэвэр усаар толгой руу нь цохиод явсан” гэсэн мэдүүлэг.  /хх-ийн 58-59-р хуудас /

           

            5. Гэрч Д.Т-ын “Э-, Б- хоёр гэр бүлийн маргаан бол байсан гэхдээ хутга шөвөг болж байсан талаар бол мэдээгүй байсан. 2015 оны 05 дугаар сард Э- яриад Б- согтуу орж ирээд агсан тавиад  бага хүүхдээ авч цонхоор шидэх гээд би булааж авлаа та ирээд аваач гэхээр нь нөхрийн хамт очиж авч байсан. Тэгэхэд би үнэхээр их дарамттай байна гэхээр тэгж шийдэж байгаа бол өөрөө мэд гээд өмгөөлөгч авч өгсөн. Э- өмгөөлөгч намайг дуудаад танай дүү чинь хутгалуулж байсан байна шүү дээ  гэхээр нь нөхөр бид хоёр Э-ийг хутгалсан байна гэдгийг мэдэж  авсан. Би хадам дүүгээ нөхөрч няцарсан нүүртэй байхыг харж  байсан. Тэгээд асуухаар дандаа худлаа хэлдэг байсан. Тухайн үед авто осолд ордог гэж худлаа хэлээд өнгөрдөг байсан”  гэсэн мэдүүлэг. /хх-ийн 61-р хуудас /

 

            6. Гэрч  Б.М-гийн “Тусдаа гарснаас хойш бол амьдралын талаар сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ агсан  согтуу тавиад  байгааг мэдэж байсан. Өнгөрсөн жилийн 5 сард салах өргөдөл өгөхөд нь юу болж байсныг эхнээс нь мэдэж эхэлсэн. Манай охин дүүг зодож цохидог, хутга барьж дайрч байсан, хутгалж байсныг сүүлд нь мэдэж авсан. 2015 оны 01 сард хутгалж байсныг нь хүртэл мэдсэн. Манай хүргэн Б- ээжийн гэрт агсан тавиад эхнэр Э-ийг  цохиод авахаар нь  би чамайг алаад  өгье гээд  босоод ирэхэд эхнэр болиулаад гэрээс гарч цагдаа дуудсан. Нэг жилийн цагаан сараар авто осолд ороод хөхөрч  няцарсан нүүртэй орж ирсэн гэж ээж хэлж  байсан” гэсэн   мэдүүлэг.  / хх-ийн 62-р хуудас /

 

           7. Гэрч Б.М-ын “2015 оны 01 дүгээр сард намайг хөдөөнөөс ирсэн чинь бэр эгч Э-, ах Б- хоёр маргалдаад Б- ах Э- эгчийн  гуяанд нь хутгалсан гэж эгч З-ын хүү О-  надад утасдаж хэлсэн. Би хэрэг гарсны маргааш нь хөдөөнөөс ирээд орой ах Б-ы гэрт очиход О-, Б- ах хоёр гэртээ байж байсан. Б- ахын хөл нь доглож байсан. Би тухайн үедээ яасан гэж асуугаагүй. Дараа нь Б- ах хутгаар зүссэн гэж хэлж  байсан. Хэн зүссэн талаар асуугаагүй. Би ахын гэрээс эмнэлэг дээр ирэхэд Э- эгчээс юу болсон талаар асуухад өчигдөр шөнө найзындаа юм ууж ирээд хоорондоо маргалдаад Б- хутгаар гуяанд хатгаад гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 66-р хуудас/

 

           8. Гэрч М.Д-ийн “2016 оны 08 дугаар сарын эхээр эхнэр Э-тэй юм яриад сууж байгаад нөхрийн талаар асуухад манай нөхөр бас их хэцүү шүү дээ манай нөхөр Б- нь зоддог, үг хэлээр доромжилж  байсан. Зодсон асуудал нь 2-3 удаа болж байсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг / хх-ийн 80-р хуудас /

          

           9. Гэрч П.М-ийн “2015 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд миний гар утас дуугарч эхэлсэн. Би утсаа харахад Б-, Э- хоёр ээлжилээд залгаад байсан. Гар утас  дуугараад байхаар нь авсан чинь Б-ы охин нь яриад эгчээ та хурдан хүрээд ирээч гээд байсан. Би хүүгийн хамт Б-ы ** тоотод яваад  очиход хаалгаа Б- тайлсан. Б- дотоожтойгоо хөлнөөс нь цус гарсан, хүзүүнээс маажсан юм уу гэмээр улаасан байдалтай хаалга тайлсан. Э- том өрөөний шалан дээр хэвтээд хөхөвч, дотоож хоёртойгоо даавуу  нөмөрсөн байдалтай хэвтэж байсан.Э-ийн зүүн хөхний дороос, гуяанаас цус гарсан байдалтай байсан. Б-, Э- хоёрын шарх нь хутгаар зүсэхэд ангайдаг шиг харагдсан цус гарсан байдалтай байсан. Би Э-өөс юу болсон талаар асуухад бид хоёр муудалцаад гэж хэлсэн. Хүүгээ үлдээгээд өөрөө гарч 103-т дуудлага өгсөн. Би дуудлага өгөхдөө хутганы шархтай гэдгийг  хэлсэн. Маргааш нь би эмнэлэг хүргэж өгч байхдаа асуухад  бид хоёр маргалдаад ийм байдалд орчихлоо ах эгч нараасаа тусламж гуйсангүй. Бид хоёрт өөр туслах найз нөхөд байхгүй болохоор чамайг дуудсан шүү гэж хэлж байсан. Э- эмнэлэгт очиж үзүүлчихээд надад хэлэхдээ гайгүй гэнэ уушиг руу ороогүй гэж байна эмчилгээ хийлгээд болоо гэж хэлсэн гэж надад хэлсэн.  Дараа нь надтай  нэг ярьж байхдаа би цагдаад нөхөр хутгалаагүй би өөрөө хутгалсан гэж хэлсэн  гэж хэлж байсан. Намайг түргэн дуудах үед Б- түргэн дуудвал ална шүү гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг / хх-ийн 81-82-р хуудас / болон шүүгдэгч Б.Б-ы мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 127-р хуудас/ зэрэг нотлох   баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул үнэлэх боломжтой гэж үзэв.

 

           Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Бүжинлхам ялын шүүмжлэлдээ “ Шүүгдэгч Б.Б- нь эхнэр Э-ийн биед хүнд гэмтэл учруулсан, байнга зодож тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох браимтуудаар нотлогож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй гэв.

 

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд мэтгэлцэхдээ “ мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн. Шинжээчийн дүгнэлтээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь хүнд гэмтэл болох талаар эргэлзээгүй дүгнэлт гарсан учир хэргийг шийдвэрлэж хохирлыг гаргуулж өгнө үү” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Нацагдорж, О.Сарантуул нар мэтгэлцэхдээ “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан, нотлох баримтын шаардлага хангахгүй учир дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтан буцаах нь зүйтэй” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Б- нь 2015 оны 01 сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** дугаар байрны 11 тоотод согтуугаар эхнэр Б.Э-ийн цээжин тус газарт нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан, Б.Э-төй хамтран амьдрах хугацаандаа 2013 оны 10 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн ** тоотод Б.Э-ийг өшиглөж зодсон, 2014 оны 11 сарын 22-ны өдөр согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн ** тоотод Б.Э-ийн хоолойд заазуур тулгаж хоолойг нь зүссэн, 2014 оны 07 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн ** тоотод согтуугаар Б.Э-ийн үснээс зулгаан чирж зодсон, 2015 оны 04 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод согтуугаар Б.Э-ийг хутгаар чичиж байнга зодож тарчлаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж мэтгэлцэж байх боловч хохирогч Б.Э-ийн бие махбодид цээжний хөндийд нэвтэрсэн гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах талаар шинжээчийн гаргасан дүгнэлтүүд нь үндэслэлтэй бөгөөд дээрхи дүгнэлтүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б-д Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эхнэр Б.Эрдэнэмөнийг байнга зодож тарчлаасан гэх гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хамаарч байх тул уг хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б-д ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж үзэв.

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.-д зааснаар шүүгдэгч Б-д Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт оногдуулах ял шийтгэлээс 2 жилийн хорих ялыг өршөөн хасах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Э- нь эмчилгээ, эм тарианы зардал нийт 442 820 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ нь баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б-аас гаргуулж хохирогч Б.Э-өд олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 293, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                 ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Х- овгийн Б-ы Б-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, бусдыг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.-д зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 5 /тав/ жил, 1/нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1., Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.-д зааснаар шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.-д зааснаар оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 3 жил 1 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.-д заасныг журамлан 52.5.-д зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-аас 442 820 /дөрвөн зуун дөчин хоёр мянга найман зуун хорь/ гаргуулж хохирогч Б.Э-өд олгосугай.

 

            8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ц.АЛТАНГАДАС

 

                                     ШҮҮГЧИД                                  Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 

                                                 Ж.БАЙГАЛМАА