Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 02219

 

         Г.Н-ны нэхэмжлэлтэй,

         иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/02340 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Н-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б-т холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 2 560 000 төгрөг, алданги 1 280 000 төгрөг, ашиглалтын зардалд 554 999 төгрөг нийт 4 394 999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москвагийн гудамж, 45 дугаар байр 5 тоотод байрлах 30,5 м.кв, 1 өрөө орон сууцыг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар Л.Б, түүний охин Т.Б-т хөлслүүлсэн. Тэгээд дахин нэг жилийн хугацаагаар хөлслөхөөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш Л.Б, Т.Б нар эд хөрөнгө хөлсөлсний төлбөрөө төлөхгүй байсан бөгөөд удахгүй төлнө гэсээр байгаад 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөг төлж, түүнээс хойш төлбөр төлөөгүй. Байрны үлдэгдэл төлбөр 2 560 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ашиглалтын төлбөрт /СӨХ, цахилгаан, контор/ 554 999 төгрөгийг төлөөгүй байна. Иймд гэрээний үндсэн төлбөрт 2 560 000 төгрөг, алданги 1 280 000 төгрөг, ашиглалтын зардал 554 999 төгрөг нийт 4 394 999 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-ны гаргасан хариуцагч Т.Б-т холбогдох гэрээний үүрэг 4 394 999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Н давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим зөрчсөн. Өөрөөр хэлбэл, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх зарчимтай. Харин хариуцагч нэхэмжлэлийг гардан аваад хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар тайлбар өгөөгүй, нотлох үйлдэл хийгээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзахаа илэрхийлээгүй байхад “...Т.Б-ийн хувьд тухайн гэрээний оролцогч бус цаашлаад нэхэмжлэлд дурдсан орон сууцыг хамтран хөлсөлж байсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэж, мөн “...төлбөр, алданги болон ашиглалтын зардлыг төлөх үүргийг хариуцагч Т.Б хариуцан арилгах үүрэгтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна...” гэж илт нэг талыг барьсан, дээр дурдсан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн дүгнэлт хийлээ. Бид нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Т.Б нь Л.Б-ийн охин ба тэд тухайн орон сууцыг хамт хөлсөлдөг байсан гэдгийг хэлсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 42 дугаар зүйлд зааснаар нотлох баримт юм.

Шүүх шаардах эрхтэй холбоотой Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 302 дугаар зүйлийн 302.1, 306 дугаар зүйлийн 306.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тодруулбал, орон сууц хөлслөх гэрээг хэлбэрийн хувьд амаар болон бичгээр хийж болох, хэд хэдэн хөлслөгчтэй байж болох, хэд хэдэн хөлслөгч байвал нэг нь тухайн гэрээг байгуулж болох, гэр бүлээрээ хөлсөлж байгаа бол түүний гишүүн нь орон сууц хөлслөгчийн ямар эрх, үүрэг эдлэх, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх тухай зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Т.Б-т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг, алданги, ашиглалтын зардалд 4 394 999 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ” гэж заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 13.30 цагт хянан хэлэлцүүлэхээр товлосон боловч хариуцагч Т.Б-т тус шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Хэрэгт 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид утсаар мэдэгдсэн тэмдэглэл үйлдсэн баримт авагдсан. /хэргийн 30 дугаар тал/

Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ хаана болохыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гэж заасан журмын дагуу шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдээгүй атлаа түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул хариуцагчид шүүх хуралдааны тов хүргэгдээгүй гэж үзнэ.  

Шүүх шийдвэр гаргахдаа хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг бүрэн хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Түүнчлэн хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхтэй байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М-аас бусад зохигчдод хэрэг танилцуулаагүй байна. /хэргийн 28 дугаар тал/

Зохигчдод хэргийн материал танилцуулсан баримтгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

Иймд давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад хамаарах асуудлаар хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/02340 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Э.ЗОЛЗАЯА

                                                                                                           Д.БАЙГАЛМАА