Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2018/01322

 

 

 

 

 

       2018 оны 05 сарын 22 өдөр

              Дугаар 184/ШШ2018/01323

              Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .... дүүрэг, ... дугаар хороо... дугаар гудамж,.. тоотод оршин суух, Х. овогт Б.О. /РД:.., утас-.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ...дүгээр хороо, .. тоотод оршин суух, Р. овогт Д.Г. /РД:., утас-./-т холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Оээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Д.Гтай танилцаж үерхэж байгаад гэр бүл болсон ч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй юм. Бид 5 жил гарны хугацаанд хамт амьдарч байгаад гэр бүлийн маргаан гарч намайг Д.Г нь хүүхдүүдийн хамт хөөж явуулсан. Хамт амьдарч байх хугацаанд бидний дундаас 2010 онд том хүү Г.Б., 2013 онд бага охин Г.Х. төрсөн. Хүүхдүүд миний асрамжид байдаг ба нөхөр Д.Г нь одоо өөр гэр бүлтэй болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй. Иймд хүүхдүүддээ асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Д.Г нь биднээс тусдаа амьдраад 4 жил болж байгаа боловч нэг ч удаа хүүхдүүд дээрээ ирж байгаагүй, тусламж үзүүлж байгаагүй. Том хүүгийн хүүхдийн ... төгрөгийг хадгалах нэрийдлээр өөртөө авч ашигласан. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хоёр хүүхдээ өөрийн асрамжид үлдээн эцэг Д.Гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Д.Гын амьдралын нөхцөл бололцоог харж үзээд хүүхдийн тэтгэлэг төлөх хугацааг 1 жил 8 сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн бөгөөд хүсэлтийг нь хүлээн авсан гэв.

 

Хариуцагч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Мөн хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Хүүхдийн .... төгрөгийн дансыг Б.Оийн нэр дээр 960,000 төгрөгийн хамт шилжүүлж өгсөн. 2020 оны 01 дүгээр сараас эхлэн хүүхдийн тэтгэлгийн мөнгийг алагсалгүй сар сард нь төлна гэж тохирсон. .... оны 01 дүгээр сард миний цалингийн зээл дуусч байгаа юм гэв.

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Д.Гд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Д.Г, Б.О нар нь 20... онд танилцаж, тэдний дундаас 2010 оны.. дугаар сарын ...-ны өдөр хүү Г. Б., 2013 оны .. дүгээр сарын ...-ны өдөр охин Г. Х. нар төрж, одоо эхийн асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан Г-..., Г-. дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээг нотариат гэрчилсэн хуулбараар, өрхийн эмчийн тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

 

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй байх бөгөөд “...таарамжгүй байдлаас болоод 4 жил тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулна” гэсэн нэхэмжлэгчийн, “...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн хариуцагчийн тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн талууд хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй, тусдаа амьдарсан үеэс хүүхдүүд эхийн асрамжид байсан, эхийн асрамжид үлдээхийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эхийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд Б.О, Д.Г нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдаж, 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү Г.Б., 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр охин Г. Х.нарыг эх Б.Оийн асрамжид үлдээж, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү Г.Б., 2013 оны ... дүгээр сарын...-ны өдөр охин Ганбаатарын Хишгээ нарыг эх Б.Оийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Г.Б., охин Г.Х. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.Гаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Б.От, хариуцагч Д.Гыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Д.Гаас 136,496 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ