Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2022/00569

 

 

 

 

 

 

2022 02 10

101/ШШ2022/00569

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Арвит 18-01 тоот хаягт байрлах Баянтэгш импекс ХХК /регистрийн дугаар:2609436/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороолол, Доржийн гудамж, 104 дүгээр байр, 2 дугаар орц 208, 209 тоот хаягт байрлах******* ХХК /регистрийн дугаар:5758637/-нд холбогдох,

 

Гэрээний үүрэг болох 1331013/0036 буюу шинэчилсэн 1332303302 нэгж талбарын дугаартай 5713 мкв газар, 1331013/0035 буюу шинэчилсэн 1332303186 нэгж талбарын дугаартай 6042 мкв газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагч******* ХХК-нд даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Баянтэгш импекс ХХК нь******* ХХК-тай 2013 оны 10-р сарын 17-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Баянтэгш импекс ХХК нь өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 5-р хороонд байрлах газрыг Их Сүндэр Констракшн ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, тухайн газарт одоогийн Алтан сан цогцолбор төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөх, хамтран******* ХХК-ийн хувьцааны 11 хувийг эзэмших, орон сууцны хорооллын газрын хөрснөөс дээш барилгын 8000 метр кв барилгын талбайг өмчлөх, төсөл хэрэгжиж дууссанаар баталгааны мөнгийг буцааж өгөх,******* ХХК нь тухайн газарт төслийн барилга угсралтын ажлыг барилгын тухай хуульд заасны дагуу стандарт нормд нийцсэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ашиглалтад оруулах, төсөл хэрэгжих баталгаа болгож баталгааны мөнгийг төлөхөөр тохиролцсон. Энэхүү хамтран ажиллах гэрээний 4.2.1 дэх заалтын дагуу газар эзэмших гэрчилгээг******* ХХК-д шилжүүлэх Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г 2013 оны 11-р сарын 8-ны өдөр байгуулсан. Баянтэгш импекс ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж өөрийн эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 6042 мкв бүхий аж ахуйн зориулалттай газрыг******* ХХК-д шилжүүлэн өгсөн.

Бидний хооронд байгуулсан 2013 оны 10-р сарын 17-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 8.2-т зааснаар******* ХХК нь гэрээний 2.2.-т заасан 2 жилийн хугацаа дуусч 3 сар өнгөрөхөд барилга угсралтын ажлыг чанартай бүрэн дуусгаж хүлээлгэж өгөөгүй эсхүл 2014 онд багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй тохиолдолд мөн гэрээг дангаар цуцлах тохиолдолд тухайн төсөлд оруулсан шууд бус хөрөнгө оруулалт, гэрээний баталгаа төлбөрийг манай компанийн өмчлөлд үлдээж, газар эзэмших эрхийг Баянтэгш импекс ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхээр тохиролцсон байсан.

Одоогоор гэрээгээр тохиролцсоны дагуу барилга угсралтын ажил дуусаагүй тул хариуцагчтай гэрээгээр тохиролцсоны дагуу газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэх шаардлага гаргаж байна.

Хариуцагч тал дуусаагүй 75 хувийн гүйцэтгэлтэй барилгын үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ гэрчилгээг гаргуулж, манай байгууллагад шилжүүлж өгөх байсан боловч барилга бүрэн баригдаж дуусаагүй улсын комисс хүлээж аваагүй ийм нөхцөл байдалд байгаа тул бид ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Мөн газрын зарим хэсэг нь буюу 902 мкв газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Галт-Анд ХХК-ийн өмчлөлд шилжсэн нөхцөл байдлууд үүссэн байна.

Бид гэрээгээ цуцлаагүй бөгөөд харин хариуцагч тал гэрээгээр хүлээсэн барилгыг бүрэн гүйцэд барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээгээр хүлээсэн газар эзэмших эрхийг буцаан шижлүүлэх үүргийг хариуцагчид даалгуулах шаардлага гаргаж байгаа болно.

Иймд хариуцагч тал нь барилгыг бүрэн гүйцэд барьж хүлээлгэн өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Хамтран ажиллах гэрээний 8.2, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.4-т тус тус заасан үүргийн хүрээнд газруудыг буцаан шилжүүлэн авах үндэслэл бүрдээд байгаа юм. Одоогийн байдлаар энэхүү барилгууд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын битүүмжид байгаа дуудлага худалдаагаар ороод зарагдсан асуудлаар маргаан үүсээд явж байгаа. Суурин газрууд нь Гант Ант ХХК руу шилжсэн байсан. Бид энэхүү шилжсэн газруудыг хасаад үлдсэн газруудаа буцааж авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг. Бид удаа дараа шаардлага хүргүүлсэн байдаг. Гуравдагч этгээдийн зүгээс бие даасан шаардлага гаргасан байж байгаад шаардлагаас татгалзсан байдаг. Иймд манай зүгээс нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна.

Иймд Хамтран ажиллах гэрээний 8.2, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.4-т тус тус заасны дагуу буюу гэрээний үүрэг болох 1331013/0036 буюу шинэчилсэн 1332303302 нэгж талбарын дугаартай 5713 мкв газар, 1331013/0035 буюу шинэчилсэн 1332303186 нэгж талбарын дугаартай 6042 мкв газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагч******* ХХК-нд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Их Сүндэр констракшн ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани Баянтэгш импекс ХХК-тай 2013 оны 10 сарын 17-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан.

Энэ гэрээгээр Баянтэгш импекс ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг******* ХХК-ийн нэр дээр шилжүүлж, Алтан сан цогцолбор төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөх,******* ХХК-ийг 11 хувийг эзэмших, 8000 мкв барилгын талбайг өмчлөх, төсөл хэрэгжүүлж дууссанаар баталгааны мөнгийг буцаан өгөх,******* ХХК нь тухайн газарт төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулах, төсөл хэрэгжих баталгаа болгож баталгааны мөнгийг төлөхөөр тохиролцсон байдаг.

Энэхүү хамтран ажиллах гэрээнд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг******* ХХК-нд шилжүүлэх газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г 2013 оны 11 сарын 08-ны өдөр байгуулсан юм.

Манай компанийн барьж байгаа Алтан сан цогцолбор хорооллын барилгыг өнөөдрийн байдлаар бүрэн дуусаагүй нь үнэн.

Их сүндэр констракшн ХХК нь барилгын ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусгаж, хүлээлгэн өгөх ёстой байсан боловч барилгын санхүүжилтийн асуудлаас шалтгаалж энэ хугацааг хэтрүүлээд байна. Манай 2 компанийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ, Газар эзэмших эрх шижлүүлэх гэрээ-нд зааснаар 3013/0036 ГД:0228372, 3013/0035 ГД:0228640 тоот гэрчилгээтэй газрыг Баянтэгш импекс ХХК-нд буцаан шилжих ёстой гэдэгтэй бид маргахгүй байна.

Иймд бидний хооронд байгуулсан 2013 оны 10 сарын 17-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 8.2, 2013 оны 11 сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 1.4 заалтын дагуу тухайн үед манай компанийн шилжүүлэн авсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3013/0036 ГД:0228372, 3013/0035 ГД:0228640 тоот гэрчилгээтэй газрыг Баянтэгш импекс ХХК-нд буцаан шижлүүлэхийг хариуцагчийн хувьд зөвшөөрч байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан шаардлагадаа:

Их сүндэр констракшн ХХК нь 2013 оны 10 сарын 15-ны өдөр үүсгэн байгуулагдаж, Тан Чун Лей нь 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж, Монгол улсын улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн. 2013 оны 10 сарын 17-нд Баянтэгш импекс ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. 2013 оны 11 сарын 06-ны өдрийн хамтран ажиллах гэрээг үндэслэн Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцааны эрх шилжүүлэх гэрээг Тан Чун Лей нь Баянтэгш импекс ХХК-ийн захирал П.Мэндсайхантай байгуулж 11 хувийн хувьцаагаа шилжүүлсэн.

Баянтэгш импекс ХХК нь өөрийн эзэмшлийн газраа шилжүүлэхээр,******* ХХК нь барьцааны баталгаа болгон 11 хувийн хувьцаа болон 1,500,000 юаныг шилүүлэхээр газрын төлбөрт баригдсан барилгаасаа өгөхөөр тус тус тохиролцосон. Үүний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Алтан сан хотхоны нэг, хоёрдугаар барилга барьж дууссантай холбогдуулан Хамтран ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2 дугаар барилга болох үйлчилгээний талбайн тооцооллыг гарган барилгыг хүлээлцсэн байдаг. Улмаар Пүрэвхайдавын Мэндсайханд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22204073536 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ 2015 оны 8 сарын 10-ны өдөр олгогдсон.

Мөн нэмэлт гэрээгээр 79 орон сууцыг өмчлөн авахаар тохиролцсоны дагуу 2016 оны 9 сарын 08-ны өдөр 1 дүгээр барилгын 2 дугаар орцны 79 ширхэг орон сууцыг баримт үйлдэн хүлээлгэн өгсөн. Баянтэгш ХХК нь 79 орон сууцыг аль эрх өөрийн эзэмшилд авч, зарим хэсгийг бусдад шилжүүлэн, зарим хэсгийг хөлслүүлэн үр шимийг нь хүртсээр байгаа төдийгүй 2 дугаар орцонд Баянтэш импекс ХХК үйл ажиллагаа явуулдаг.

Түүнчлэн П.Мэндсайхан нь зарагдаагүй үлдсэн 7 орон сууцаа хүртэл манай компаниар худалдан борлуулахаар гэрээ хийж борлуулж байсан. П.Мэндсайхан нь 11 хувийн хувьцаагаа буцааж өгөөгүй. Барьцааны 1,500,000 юаныг буцаан өгөхгүйн тулд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Түүнийг нь хууль бусаар компанийн гүйцэтгэх удирдлагыг авсан БНХАУ-ын иргэн Wulijisiren нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул аргагүйн эрхэнд гуравдагч этгээдээр оролцож байна.

Их Сүндэр констракшн ХХК-ийн барилгын 1, 2 дугаар барилга дууссан хэдий ч улсын комисс аваагүй, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй. 3, 4 дүгээр барилга хараахан дуусаагүй нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Мөн ажил гүйцэтгэх гэрээний маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүйтэй холбоотой.

Иймд манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэгчээс манай компанийн 11 хувийн хувьцааг буцаан гаруулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Хамтран ажиллах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ,

Хариуцагчаас: Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм,

Бид даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс: Компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны 10 сарын 17-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 20131017-01 тоот хамтран ажиллах гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэх гэрээ, 20131017-01 тоот гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт-1 гэх гэрээ, 2013 оны 11 сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 11 сарын 06-ны өдрийн эрх шижлүүлэх гэрээ, 2013 оны 11 сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Газрын байршлын кадастрын зураг, 1, 2 дугаар орцны барилгын талбайг хувиарлах дэлгэрэнгүй хүснэгт, Борлуулалтын гэрээ гаргаж өгөх хэлэлцээр, хүснэгт, 2016 оны 5 сарын 02-ны өдрийн №16/АС509, №16/АС504, №16/АС506, №16/АС503, 2016 оны 12 сарын 14-ний өдрийн №33435 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж, 2017 он 12 сарын 25-ны өдрийн №00003 дугаартай шүүхийн шийдвэр, бэлэн мөнгөний орлогын баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө хураах, битүүмжлэх тогтоол, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захиргааны хэрэг үүсгэх тухай, гуравдагч этгээдээр оролцуулах тухай захирамжыг тус тус гаргаж өгсөн.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газраас баримтууд, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн архиваас шүүхийн шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 сарын 15-ны өдрийн А/207 тоот захирамж, аж ахуй нэгж байгууллагын жагсаалт, 2020 оны 5 сарын 04-ний өдрийн А/607 дугаартай захирамж, иргэн аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт, шүүхээс хариуцагчийг албадан ирүүлэх захирамж болон Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаа зэрэг баримтыг тус тус бүрдүүлсэн.

 

Шүүхэд гаргасан зохигчдын тайлбар болон шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Баянтэгш ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 1332303186 нэгж талбарын дугаартай 6042 мкв, 1332303302 нэгж талбарын дугаартай 5713 мкв газрыг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага гаргаж байна.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн. /1хх-67 дугаар тал/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Тан Чун Лэйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан******* ХХК-ийн 11 хувийн хувьцааг буцаан гаргуулах тухай бие даасан шаардлагаасаа татгалзсан байна. /2хх-ийн 47 дугаар тал/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг******* ХХК нь орон сууц барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №20131017/-01 тоот Хамтран ажиллах гэрээний 8 дугаар зүйлийн 8.2, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 1.4-т заасны дагуу гэрээний үүрэг болох 1332303186 нэгж талбарын дугаартай 6042 мкв, 1332303302 нэгж талбарын дугаартай 5713 мкв газрыг буцаан шилжүүлэх үндэслэлтэй гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч Баянтэгш импекс ХХК болон хариуцагч******* ХХК нарын хооронд 2013 оны 10 сарын 17-ны өдөр №20131017-01 дугаар бүхий Хамтран ажиллах гэрээ гэх гэрээ байгуулагдан Баянтэгш импекс ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгч, Сингапур цэцэрлэгт хороолол төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөх, Их сүндэр консракшн ХХК нь тухайн газар барилга барьж, ашиглалтанд оруулах, орон сууцны хорооллын газрын хөрснөөс дээш барилгын талбайн 8000мкв барилгын талбайг А талын өмчлөлд өгөх, компанийн хувьцааны 11 хувийг А талд эзэмшүүлэх, төсөл хэрэгжих баталгаа болгон 1,500,000 юанийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь тус гэрээний хуулбараар /х.х-ийн 8-16 дугаар тал/ тогтоогдож байна.

Мөн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг талууд байгуулж, тус гэрээгээр Баянтэгш импекс ХХК нь өөрийн эзэмшлийн Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороон нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 3013/0036 ГД№0228372, 3013/0035 ГД:0228640 дугаар бүхий аж ахуйн зориулалттай талбайн газар эзэмших эрхийг эрх хүлээн авагч буюу******* ХХК-нд шилжүүлэх,******* ХХК нь газар эзэмших эрхийг шижлүүлж авсны төлбөрт тухайн газарт баригдах орон сууцны хорооллын газрын хөрснөөс дээш барилгын 8000 мкв талбайг өмчлах борлуулах, авто зогсоолын нийт талбайн 11 хувьд ногдох талбайг борлуулах эрхийг эрх шилжүүлэгч буюу Баянтэгш импекс ХХК-нд шилжүүлэх, төсөл хэрэгжих баталгаа болгож 1,500,000 юанийг эрх шилжүүлэгчид хадгалуулах, эрх шилжүүлэгч нь өмчлөлийн барилгын талбайн эхний ээлжийн борлуулалтын орлого 1,500,000 юаньтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнд хүрэхэд баталгааны мөнгийг эрх хүлээн авагчид эргүүлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 17-18 дугаар тал/

Түүнчлэн талууд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20131017-01 тоот хамтран ажиллах гэрээнд 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байх бөгөөд уг гэрээгээр А тал буюу Баянтэгш импекс ХХК нь 2 дугаар барилга болох үйлчилгээний барилгын баруун талын хэсгийг бүхэлд нь буюу 4141.90 мкв талбайг өмчлөх, орон сууцны барилгын талбайгаас А тал нь 1 дүгээр барилгын өмнө талын барилгын 1-7 давхарын ...нийт 57 орон сууцны барилгын талбайг өмчлөх эдгээр талбайн тооцоолол нь ...3889.90 мкв байх, орон сууцны болон үйлчилгээний барилгын талбайгаас А талын өмчлөх барилгын талбай нь дээрх тооцооллын дагуу нийт ...8031.8 мкв байхаар, мөн 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр дахин №20131017-01 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт-1 гэх гэрээг байгуулж уг хэлцлээр 2 дугаар байр буюу үйлчилгээний төвийг хувиарилах хэмжээг тохиролцсон байна. /1хх-ийн 89-91, 96-97 дугаар тал/

2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №20131017-01 дугаартай Хамтран ажиллах гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулгад дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газрыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгөх, хариуцагч нь тухайн газар өөрийн хөрөнгөөр орон сууцны хороолол барьж нэхэмжлэгчийн өмчлөлд тодорхой хэмжээний үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх өгөхөөр хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн байх тул тус харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ-ний агуулгад илүү нийцэхээр байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Харин зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийн агуулга, хүсэл зоригийн илэрхийлэлд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинж агуулагдаагүй байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ бэлэн мөнгөний орлогын ордер, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 6 сарын 18-ны өдрийн №7/4753 тоот албан тоот түүнд хавсарган ирүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204073536 дугаарт бүртгэлтэй, №000431476 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 03-06/7476 тоот албан бичиг зэрэг баримтуудаар Баянтэгш импекс ХХК нь газар эзэмших эрхийг хариуцагчид шилжүүлж өгсөн, хариуцагч******* ХХК нь хувьцаа болон баталгааны мөнгө, түүнчлэн Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Цайз /13202/б Доржийн гудамж 104/2/а/ тоот хаягт байршилтай, 3362 мкв талбайтай, Үйлчилгээний зориулалттай 75 хувийн гүйцэтгэлтэй 1-6 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзэх үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй. /1хх-ийн 99-111, 147, 166, 2хх-ийн 29 дүгээр тал/

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 10 сарын 17-ны өдрийн №20131017-01 дугаар хамтран ажиллах гэрээ гэх нэртэй гэрээний 8.2-т Б тал нь тус гэрээний 2.2-т заасан 2 жил /2014 оноос хойш/-ийн хугацаа дуусаж 3 сар өнгөрөхөд барилга угсралтын ажлын чанартай бүрэн дуусгаж өгөөгүй тохиолдолд, 2014 онд багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй тохиолдолд, Б тал энэхүү гэрээг дангаар цуцлах тохиолдолд тухайн төсөлд оруулсан шууд ба шууд бус бүхий л хөрөнгө оруулалт, гэрээний баталгаа төлбөрийг А талын өмчлөлд үлдээж, газар эзэмших эрхийг буцаан А талын эзэмшилд бүрэн шилжүүлнэ гэж, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 1.4-т эрх хүлээн авагч тал нь 2014 оноос хойш 2 жил 3 сарын хугацаа өнгөрөхөд барилга угсралтын ажлыг чанартай бүрэн дуусгаж хүлээлгэж өгөөгүй тохиолдолд, 2014 онд багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй тохиолдолд, мөн хамтран ажиллах гэрээг эрх хүлээн авагч тал дангаар цуцлах тохиолдолд тухайн төсөлд оруулсан шууд ба шууд бус бүхий л хөрөнгө оруулалт, гэрээний баталгаа төлбөр эрх шилжүүлэгч талын өмчлөлд үлдэж, газар эзэмших эрхийг буцаан эрх шилжүүлэгч талын эзэмшилд бүрэн шилжүүлнэ гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгчээс дээрх хоёр гэрээний 8 дугаар зүйлийн 8.2, 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчид гэрээний үүргийг гүйцэтгүүлэх буюу гэрээгээр тохиролцсоны дагуу газар эзэмших эрхийг буцаан шижлүүлэхийг даалгах шаардлага гаргаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж, гэрээ цуцлагдаагүй, гэрээнээс учирсан хохирол нэхэмжлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлага гаргасан гэж тайлбарласан.

Хуульд заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүний хүсэл зоригын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зохицуулсан.

Дээрх хуулийн зохицуулалтаар гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг хэм хэмжээ болгон хуульчилсан байх хэдий ч чөлөөт байдлыг хуулийн хүрээнд байхаар хязгаарласан зохицуулалтыг хийсэн байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь хуульд заасан дараах шаардлагыг ажил гүйцэтгэгчид гаргах боломжтой байхаар хуулиар зохицуулсан байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар, түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл, ажлыг шинээр гүйцэтгүүлэхийг шаардах, 325.2.2-д доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлыг нөхөн төлүүлэх, 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлага гаргах эрхийг зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний талуудын гаргах шаардах эрхийг хуулиар зохицуулсан байх бөгөөд маргаан бүхий 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №20131017-01 дугаар гэрээний 8.2, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 1.4-т дэх хэсэгт заасан ...газар эзэмших эрхийг буцаан А талын эзэмшилд бүрэн шилжүүлнэ гэх үүрэг хүлээсэн тохиролцоо нь дээрх хуулийн хүрээг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний харилцаа дуусгавар болоогүй, цуцлагдаагүй нөхцөлд гэрээний заалтыг үндэслэн гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн газар эзэмших эрхийг хариуцагчаас буцаан шаардах эрхгүй байх тул дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн 1331013/0035 буюу шинэчилсэн 1332303186 нэгж талбарын дугаар бүхий 6042 мкв газар, 1331013/0036 буюу шинэчилсэн 1332303302 нэгж талбарын дугаартай 5713 мкв газрыг хариуцагч******* ХХК-иас буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тус хэрэгт хариуцагч талд нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагыг таницуулах, хэргийн материал танилцуулах, шүүх хуралдааны товыг мэдэгдэх зэрэг ажиллагааг хийхэд******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох БНХАУ-ын иргэн Wulijisiren нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол улсын хилээр гарсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй, хуульд заасан бусад эрхээ хэрэгжүүлээгүй болно.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг албадан ирүүлэх захирамж гаргасан ба тус захирамжийн дагуу холбогдох ажиллагааг явуулсан боловч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Монгол улсын хилээр гарсан тул захирамжийн биелэлтийг хангах боломжгүйд хүрч, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд маргааныг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Баянтэгш импекс ХХК-ийн 1331013/0035 буюу шинэчилсэн 1332303186 нэгж талбарын дугаар бүхий 6042 мкв газар, 1331013/0036 буюу шинэчилсэн 1332303302 нэгж талбарын дугаартай 5713 мкв газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагч******* ХХК-нд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Тан Чун Лэйгийн Баянтэгш импекс ХХК-нд холбогдуулан гаргасан 11 хувийн хувьцааг буцаан гаргуулахыг даалгах тухай бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА