Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00703

 

 

БИ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/00569 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч БИ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ИСК ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэг болох 1331013/0036 буюу шинэчилсэн 1332303302 нэгж талбарын дугаартай 5,713 м.кв газар, 1331013/0035 буюу шинэчилсэн 1332303186 нэгж талбарын дугаартай 6,042 м.кв газрыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Хамтран ажиллах гэрээний 8.2, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар 133013/0035 буюу шинэчилсэн 1332303186 нэгж талбарын дугаартай 6,042 м.кв,

1.2. 1331013/0036 буюу шинэчилсэн 1332303302 нэгж талбарын дугаартай 5,713 м.кв газрын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч ИСК ХХК-д даалгуулна.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 101/ШШ2018/00003 дугаар шийдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны А/167 дугаар тушаалыг тус тус үндэслэн 1331013/0036 буюу шинэчилсэн 1332303302 нэгж талбарын дугаартай 6,615 м.кв газраас 3, 4 дугаар блок барилгын 902 м.кв газрыг салгаж ГА ХХК-нд шилжүүлсэн байх тул уг 902 м.кв газарт холбогдох хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх 1331013/0036 буюу шинэчилсэн 1332303302 нэгж талбарын дугаартай 5,713 м.кв газрыг буцаан шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага багасгаж байна. БИ ХХК нь ИСК ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Уг гэрээгээр БИ ХХК нь өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороонд байрлах газрыг ИСК ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, тухайн газарт одоогийн Алтан сан цогцолбор төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөх, хамтран ИСК ХХК-ийн хувьцааны 11 хувийг эзэмших, орон сууцны хорооллын газрын хөрснөөс дээш барилгын 8,000 м.кв барилгын талбайг өмчлөх, төсөл хэрэгжиж дууссанаар баталгааны мөнгийг буцааж өгөх, ИСК ХХК нь тухайн газарт төслийн барилга угсралтын ажлыг барилгын тухай хуульд заасны дагуу стандарт нормд нийцсэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ашиглалтад оруулах, төсөл хэрэгжих баталгаа болгож баталгааны мөнгийг төлөхөөр тохиролцсон. Энэхүү хамтран ажиллах гэрээний 4.2.1 дэх заалтын дагуу газар эзэмших гэрчилгээг ИСК ХХК-д шилжүүлэх гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан. БИ ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж өөрийн эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6,042 мкв бүхий аж ахуйн зориулалттай газрыг ИСК ХХК-д шилжүүлэн өгсөн. ИСК ХХК нь гэрээний 2.2.-т заасан 2 жилийн хугацаа дуусч 3 сар өнгөрөхөд барилга угсралтын ажлыг чанартай бүрэн дуусгаж хүлээлгэж өгөөгүй эсхүл 2014 онд багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй тохиолдолд мөн гэрээг дангаар цуцлах тохиолдолд тухайн төсөлд оруулсан шууд бус хөрөнгө оруулалт, гэрээний баталгаа төлбөрийг манай компанийн өмчлөлд үлдээж, газар эзэмших эрхийг БИ ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхээр тохиролцсон байсан. Одоогоор гэрээгээр тохиролцсоны дагуу барилга угсралтын ажил дуусаагүй тул хариуцагчтай гэрээгээр тохиролцсоны дагуу газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэх шаардлага гаргаж байна.

Хариуцагч нь дуусаагүй 75 хувийн гүйцэтгэлтэй барилгын үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, манай байгууллагад шилжүүлж өгөх байсан боловч барилга бүрэн баригдаж дуусаагүй улсын комисс хүлээж аваагүй ийм нөхцөл байдалд байгаа тул бид ашиглах боломжгүй байгаа. Мөн газрын зарим хэсэг нь буюу 902 м.кв газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ГА ХХК-ийн өмчлөлд шилжсэн. Бид гэрээгээ цуцлаагүй бөгөөд харин хариуцагч тал гэрээгээр хүлээсэн барилгыг бүрэн гүйцэд барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээгээр хүлээсэн газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэх үүргийг хариуцагчид даалгуулах шаардлага гаргаж байгаа болно.

Одоогийн байдлаар энэхүү барилгууд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын битүүмжлэлд байгаа дуудлага худалдаагаар ороод зарагдсан асуудлаар маргаан үүсээд явж байгаа. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг. Гуравдагч этгээдийн зүгээс бие даасан шаардлага гаргасан байж байгаад шаардлагаас татгалзсан байдаг.

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Манай компани БИ ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээгээр БИ ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг ИСК ХХК-ийн нэр дээр шилжүүлж, Алтан сан цогцолбор төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөх, ИСК ХХК-ийг 11 хувийг эзэмших, 8,000 м.кв барилгын талбайг өмчлөх, төсөл хэрэгжүүлж дууссанаар баталгааны мөнгийг буцаан өгөх, ИСК ХХК нь тухайн газарт төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулах, төсөл хэрэгжих баталгаа болгож баталгааны мөнгийг төлөхөөр тохиролцсон. Манай компанийн барьж байгаа Алтан сан цогцолбор хорооллын барилгыг өнөөдрийн байдлаар бүрэн дуусаагүй. ИСК ХХК нь барилгын ажлыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусгаж, хүлээлгэн өгөх ёстой байсан боловч барилгын санхүүжилтийн асуудлаас шалтгаалж энэ хугацааг хэтрүүлээд байна. Манай 2 компанийн хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 8.2, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 1.4 заалтын дагуу тухайн үед манай компанийн шилжүүлэн авсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3013/0036 ГД:0228372, 3013/0035 ГД:0228640 тоот гэрчилгээтэй газрыг БИ ХХК-д буцаан шилжүүлэхийг зөвшөөрч байна.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч БИ ХХК-ийн 1331013/0035 буюу шинэчилсэн 1332303186 нэгж талбарын дугаар бүхий 6042 мкв газар, 1331013/0036 буюу шинэчилсэн 1332303302 нэгж талбарын дугаартай 5713 мкв газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагч ИСК ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Тан Чун Лэйгийн БИ ХХК-д холбогдуулан гаргасан 11 хувийн хувьцааг буцаан гаргуулахыг даалгах тухай бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх гэрээний заалтуудыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан заалтуудын хүрээг зөрчсөн учир нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхгүй гэж дүгнэжээ. Шүүх гэрээний талууд нь зөвхөн доголдлыг арилгуулах, доголдолтой холбоотой зардлыг нөхөн төлүүлэх, доголдлын улмаас хөлсийг бууруулах, хохирол шаардахаар хуулиар зохицуулсан ба бусад үүргийг шаардах боломжгүй байдлаар хуулиар хязгаарласан гэсэн дүгнэлтийг хийжээ. Өөрөөр хэлбэл, гэрээний талууд үндсэн үүргээс бусад нэмэлт үүргүүдийг шаардах тохиолдолд энэ нь хуулийн хүрээг зөрчин гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зохицуулсан. Энэхүү гэрээний чөлөөт байдлын хүрээнд гэрээнд зайлшгүй тусгавал зохих нөхцөл болох гэрээний үндсэн үүргийн талаарх агуулгыг агуулсан нөхцөлөөс гадна бусад нөхцлийн талаар тохиролцох нь талуудад нээлттэй. Гэрээний оролцогч талуудад хуулиар хориглосноос бусад зөвшөөрөгдөх суурь зарчим үйлчилнэ.

Дээрх гэрээний чөлөөт байдлын хүрээнд БИ ХХК, ИСК ХХК-ууд хамтран ажиллах гэрээндээ үндсэн үүргээс гадна нэмэлт үүрэг болох “...барилга угсралтыг бүрэн хүлээлгэж өгөөгүй тохиолдолд ...газрыг буцаан шилжүүлнэ” гэж тохиролцсон. Энэхүү тохиролцоог шүүх Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтын хуулийн хүрээг зөрчсөн гэж дүгнэсэн нь талууд үндсэн үүргээс гадна нэмэлт үүргийн талаарх нөхцөл тохиролцож болохгүй мэтээр гэрээний чөлөөт байдлыг хязгаарласан илтэд үндэслэлгүй шийдвэр болсон байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2 дахь хэсэгт зааснаар “Үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно” гэж зохицуулсан. Тухайн зохицуулалт нь гэрээний оролцогч талууд нь үндсэн үүргээс гадна нэмэлт үүргийг ногдуулж болох талаар тодорхой зохицуулалт юм. Ялангуяа хууль тогтоогч нь энэхүү зохицуулалтаар үүргийн харилцаа нь зөвхөн үүргийн гүйцэтгэлээр бүрэн төгс дуусгавар болох бус үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхтэй зайлшгүй нөхцөлдсөн байхыг тодорхойлж өгсөн.

Талуудын байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 8.2, мөн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 1.4-т заалтууд нь ИСК ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэхгүй, барилга угсралтын ажил цаашид явагдахгүй болсон тохиолдолд БИ ХХК-ийн өмчлөлд байсан барилга баригдаагүй хэсгийн үлдэх талбайг буцаан шилжүүлэх үүргийг ИСК ХХК хүлээлгэх, ийнхүү тухайн үүргийг хүлээснээр БИ ХХК-ийн эрх ашгийг хамгаалагдаж талуудын хооронд хамтран ажиллах итгэлцэл үүсэх урьдчилсан нөхцөл болсон юм.

Шүүх дээрх талуудын хүсэл зорилгыг үгүйсгэж, БИ ХХК-ийн эд хөрөнгийг хамгаалах ИСК ХХК-д хүлээлгэсэн нэмэлт үүргийг хуулийн хүрээ зөрчсөн гэх дүгнэлт хийх нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж, нэмэлт үүрэг хүлээж болохыг үгүйсгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх талуудын байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-г “Ажил гүйцэтгэх гэрээ” гэж дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Тодруулбал, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж зохицуулсан. Гэрээний оролцогч талууд болох БИ ХХК, ИСК ХХК-ууд хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтран ажиллах тохиролцоог хийсэн ба ингэхдээ БИ ХХК нь өөрийн эзэмшлийн газраар хөрөнгө оруулж, тухайн оруулсан хөрөнгөндөө өгөөж хүртэхээр тохиролцсон. Шүүхийн дүгнэсэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан тодорхой үр дүн шилжүүлэх, түүнд нь тохирсон хөлсийг төлөх талаар тохиролцсон гэдгээс илүүтэйгээр нэг тал нь газраар хөрөнгө оруулж, нөгөө тал нь түүн дээр барилга барьж, оруулсан хөрөнгөндөө ногдох өгөөжийг хувааж авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинжийг илүү агуулж байгаа юм. Иймд шүүх талуудын хооронд үүссэн харилцааг “Ажил гүйцэтгэх гэрээ” гэж буруу дүгнэж, улмаас “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний зохицуулалт болох Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх заалтуудыг хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч нь ИСК ХХК-аас БИ ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэгтэй маргадаггүй. Мөн хариуцагч ИСК ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч БИ ХХК-д газраа буцаан шилжүүлэхийг зөвшөөрч байгаа талаар шүүхэд гаргасан тайлбартаа удаа дараа илэрхийлсэн. Шүүх нь дээрх хариуцагчийн зөвшөөрлийн талаар дүгнээгүй, зохигчдын нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбарыг бодитоор үнэлж дүгнэсэнгүй. Манай компани нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсний төлөө хариу үүрэг болох үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг авч чадахгүй болж, тухайн дутуу баригдсан барилгуудын суурийн газрыг ГА ХХК гэх гуравдагч компанид алдчихсан, улмаар өөрийн өмчлөлд байсан бусад бүх газраа гуравдагч этгээдэд алдахад хүрч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч БИ ХХК нь хариуцагч ИСК ХХКхолбогдуулан

1.1. Хамтран ажиллах гэрээний 8.2, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар 133013/0035 буюу шинэчилсэн 1332303186 нэгж талбарын дугаартай 6,042 м.кв,

1.2. 1331013/0036 буюу шинэчилсэн 1332303302 нэгж талбарын дугаартай 5,713 м.кв газрын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч ИСК ХХК-д даалгуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрсөн байна. /1хх1-2, 67/

 

А. Хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

А.1. БИ ХХК нь ИСК ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. /1хх8-11/

 

А.2.Уг гэрээгээр БИ ХХК нь өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороонд байрлах газрыг ИСК ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, тухайн газарт Алтан сан цогцолбор төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөх, хамтран ИСК ХХК-ийн хувьцааны 11 хувийг эзэмших, орон сууцны хорооллын газрын хөрснөөс дээш барилгын 8,000 м.кв барилгын талбайг өмчлөх, төсөл хэрэгжиж дууссанаар баталгааны мөнгийг буцааж өгөх, ИСК ХХК нь тухайн газарт төслийн барилга угсралтын ажлыг Барилгын тухай хуульд заасны дагуу стандарт нормд нийцсэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ашиглалтад оруулах, төсөл хэрэгжих баталгаа болгож баталгааны мөнгийг төлөхөөр тохиролцсон. /1хх8-11/

 

А.3. Энэхүү хамтран ажиллах гэрээний 4.2.1 дэх заалтад заасан газар эзэмших эрхийг ИСК ХХК-д шилжүүлэх гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан. /1хх17/

 

А.4. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6,042 м.кв бүхий аж ахуйн зориулалттай газрын эзэмших эрх ИСК ХХК-д шилжсэн баримт авагджээ.

 

А.5. Талууд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 8.2-т ИСК ХХК нь гэрээний 2.2.-т заасан 2 жилийн хугацаа дуусч 3 сар өнгөрөхөд барилга угсралтын ажлыг чанартай бүрэн дуусгаж хүлээлгэж өгөөгүй, эсхүл 2014 онд багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй тохиолдолд, мөн гэрээг дангаар цуцлах тохиолдолд тухайн төсөлд оруулсан шууд бус хөрөнгө оруулалт, гэрээний баталгаа төлбөрийг манай компанийн өмчлөлд үлдээж, газар эзэмших эрхийг БИ ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхээр тохиролцсон. /1хх9-10/

 

А.5. Алтан сан цогцолбор хорооллын барилгыг өнөөдрийн байдлаар бүрэн барьж дуусаагүй талаар талууд тайлбарласан байна./1хх1, 67/

 

А.6. Дээрх гэрээгээр шилжүүлсэн газрын зарим хэсэг нь буюу 902 м.кв газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ГА ХХК-ийн өмчлөлд шилжсэн талаар талууд тайлбарласан./2хх195, 215/

 

А.7. Дээрх 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 1.4 дэх заалтын дагуу шилжүүлэн авсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3013/0036 ГД:0228372, 3013/0035 ГД:0228640 тоот гэрчилгээтэй газрыг БИ ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагч зөвшөөрсөн тайлбар гаргасан./2хх195/

 

А.8. Хэргийн баримтаас ИСК ХХК-д дээрх нэхэмжлэлийн зүйл болох газрыг эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн хугацаа 2019 онд дуусгавар болсон, газар эзэмших гэрээг сунгасан талаар баримтгүй. /1хх223/

 

Улмаар газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/607 тоот захирамжаар хүчингүй болгосон баримт авагдсан. /2хх166-167/

 

В. Газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч зөвшөөрсөөр байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргажээ. /2хх231-235/

 

Анхан шатны шүүхээс маргааны зүйлийг зөв тодорхойлсон боловч хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах нь зүйтэй байжээ.

 

Нэхэмжлэгч “гэрээ цуцлагдаагүй, гэрээнээс учирсан хохирол нэхэмжлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлага гаргасан гэж тайлбарласан бол дахин “гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул гэрээгээр шилжүүлсэн газар эзэмших эрхээ буцааж авна” гэж зөрүүтэй тайлбарлажээ. /2хх214-218/

 

Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг шаардсан бөгөөд газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийн тулд уг эрх хүчинтэй, мөн шилжүүлэгч этгээд нь эрх бүхий байх ёстой юм.

 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно. Хэргийн баримтаас хариуцагчийн газар эзэмших эрх хүчингүй болсон байгааг анхан шатны шүүх анхаарч тодруулаагүй байна.

 

Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх юм.

 

Тухайн хэрэгт газрын өмчлөгч болох төрийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байхад холбогдох Засаг даргыг гуравдагч этгээдээр оролцуулаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн “Газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг хүлээж аваагүй” гэх агуулгатай гомдол үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгчийн буцаан шилжүүлэхийг шаардаж буй хөрөнгө буюу газар эзэмших эрх нь төрийн өмч байгаа нөхцөлд уг үл хөдлөх хөрөнгө болох газар дээр хэний эзэмшил, өмчлөлийн ямар ямар барилга байршиж байгаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй эсэх, бусад гуравдагч этгээдүүд, орчны газар эзэмшигчдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. Хүчингүй болсон гэх ИСК ХХК-ийн эзэмшилд байсан газар одоо гуравдагч этгээдийн эзэмшилд шилжсэн эсэх үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.2-т заасан шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/00569 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БЯМБАСҮРЭН

 

                                           ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД