Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/1256

 

Х.Б-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан,

хохирогч Д.Э-,

шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/679 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Б-д холбогдох эрүүгийн 1909030810586 дугаартай хэргийг 2020 оны 9 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х.Б-, 1967 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, одоо Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа хорих 407 дугаар ангид уг ялаа эдэлж байгаа

            Х.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, “Сэлбэ плаза” төвийн байранд “АНУ-д ажилд зуучилж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Д.Э-аас 8.285.560 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Х.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Б-гийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 13 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 2 жил 10 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х.Б-гээс 8.285.560 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-д олгож, Х.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Х.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эцгийнхээ эртний хөөргийг худалдан борлуулж, хохирлоо төлж барагдуулахаар зар өгсөн байгаа. Энэхүү хөөрөг нь 10.000.000 төгрөг хүрэх боломжтой. Өөрийн гэм буруугаа ухаарч гэмшиж байна. Эрүүл мэндийн байдал хүнд байгаа бөгөөд үргэлж даралт ихсэх, толгой өвдөх, нойргүйдэх зэргээс болж сүүлийн үед унаж татдаг болсон. Би энэ хэргийг нэмж үйлдээгүй. Өмнө үйлдсэн хэргүүдтэйгээ нэгтгэн шалгуулах хүсэлтийг мөрдөгч, прокурорт гаргаж байсан боловч анхаарч үзээгүй. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

             Шүүгдэгч Х.Б-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаангүй. Харин анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг зөрчиж, хэт яллах талыг баримталсан, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэгт үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, хүнд ял шийтгэсэн гэж үзэж байна. Хохирогч Д.Э-ыг хохироосон гэх үйлдэл нь өмнөх шийтгэх тогтоолд дурдсан нэр бүхий 13 хохирогчийг хохироосон үйлдэлтэй нэг цаг хугацаанд, нэг газар, нэг үйлдлийн аргаар үйлдэгдсэн. Өөрөөр хэлбэл одоо шийдвэрлэгдэж буй хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг байхад нэг гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж, эрх зүйн байдал нь дордож байна. Гэвч шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаагаа илэрхийлсэн тул эдгээрийг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Д.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Б-г гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаад баярлаж байна. Өөр гомдол санал байхгүй.” гэв.

            Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзээд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнд 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Х.Б- нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, “Сэлбэ плаза” төвийн байранд “АНУ-д ажилд зуучилж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Д.Э-тай “Зуучлуулах үйлчилгээ авах” гэрээ байгуулан түүнээс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр өөрийн болон бусдын дансаар дамжуулан нийт 8.285.560 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Д.Э- нь “...2017 оны 11 дүгээр сард “АНУ-руу ажилд зуучилна” гэсэн сонины зарын дагуу 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, “Сэлбэ плаза” төвийн 4-405 тоотод Х.Б- гэдэг хүнтэй очиж уулзаад “2 сарын дотор явуулж өгнө, төлбөр нь 2500 ам.доллар” гэж тохироод гэрээ байгуулсан. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.450.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2.450.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 450.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 935.560 төгрөг нийт 8.285.560 төгрөгийг ам.долларын ханшаар бодож өгсөн. Түүнээс хойш утсаар холбогдоход “Би завгүй байна. 5 хоногийн дараа АНУ-аас хүн ирэхээр шийд өгнө. Удахгүй залгана” гэх мэтээр хоног хугацаа авсаар байгаад өдий хүрсэн. ...” /хх 18-19/ гэж Х.Б-д мөнгө шилжүүлэх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- шүүгдэгч Х.Б-гийн яллагдагчаар өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байсан санаж байна. Тухайн үед би “АНУ-руу ажилд зуучилна” гэсэн зарыг шуурхай зар мэдээ сонинд тавьж байсан. Д.Э-аас 8.285.000 төгрөгийг авсан. Ингэж мөнгө аваад АНУ-руу явуулахаар бичиг баримтыг нь хөөцөлдсөн боловч бүтээгүй юм. ...” /хх 35-37/ гэсэн мэдүүлгүүд,

- хохирогч, шүүгдэгч нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Зуучлуулах үйлчилгээ авах” гэрээний хуулбар /хх 9-10/, мөнгөн гүйлгээний баримтууд /хх 11-12, 38-41/ зэргээр давхар нотлогджээ.

Шүүгдэгч Х.Б- нь хохирогчоос дээрх мөнгийг авахдаа, өөрийгөө гадаад улс руу иргэдийг ажилд зуучлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн ойлгуулж, “...АНУ-аас хүмүүс ирэхээр уулзуулна, удахгүй залгана...” гэх зэргээр хэлсэн зүйл нь бодитойгоор хэрэгжих боломжгүй байсан бөгөөд тэрээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг өөртөө авч хэрэглэсэн байдал тогтоогдов.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Х.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон ба шүүхээс түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Хэргийн материалаас үзэхэд, шүүгдэгч Х.Б- нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журам/-ийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зохицуулсан.

Шүүгдэгч Х.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн буюу “Залилах” гэмт хэрэгт удаа дараагийн үйлдлээр холбогдсон байх ба зарим үйлдэлд нь тусдаа мөрдөн шалгах ажиллагаа явагдаж яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр ял шийтгүүлсэн байна.

Түүний үйлдсэн “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, “Сэлбэ плаза” төвийн байранд “АНУ-д ажилд зуучилж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Д.Э-тай “Зуучлуулах үйлчилгээ авах” гэрээ байгуулан түүнээс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр өөрийн болон бусдын дансаар дамжуулан нийт 8.285.560 төгрөгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг нь дээрх шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдож, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарна.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж тус тус зааснаас үзвэл түүний үйлдсэн нэг төрлийн гэмт хэрэг тус бүрийг шүүхээр хянан шийдвэрлэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь эрх зүйн байдлыг дордуулахаар байх боловч тэрээр зарим хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад өөр бусад гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа асуудлаа мэдэгдээгүй нь өөрийн эрх зүйн байдлыг дордуулах үр дагаварыг үүсгэжээ.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн шүүгдэгч Х.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болон хохирогч Д.Э-аас “хохирол нөхөн төлсөн тохиолдолд гомдол саналгүй” тухайгаа мэдүүлсэн зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцнэ гэж дүгнэлээ.

            Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын “...ял хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/679 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар...” гэснийг “...8 /найм/ сарын хугацаагаар...” гэж,

- 3 дахь заалтын “...1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэснийг “...8 /найм/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                   ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                   ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН