Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 679

 

 

 

 

 

 

 

 

  2020         07          17                                   2020/ШЦТ/679     

 

 

                      

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Н.Түвшинбаяр,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Хохирогч Д. Эрдэнчулуун  

Шүүгдэгч: Г.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц. Дэлгэрням  нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Хоролбадамын Бд холбогдох эрүүгийн 1909030810586 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1967 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 407 дугаар ангид хорих ял эдэлж байгаа, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 14 дүгээр гудамж 5486 тоотод оршин суух, 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 74 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/23 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Сартуул овгийн Хоролбадамын Б /РД:ШЖ67041204/,

 

Холбогдсон хэргийн талаар / 2020 оны 05 дугаар 13-ны өдрийн 444 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Сэлбэ плаза төвд байрлах байранд “АНУ-д ажилд зуучилж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Д.Эрдэнэчулуунаас 8.285.560 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2009014870804 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Эрдэнэчулууны “...2017 оны 11 сард сонин дээрээс АНУ-руу ажилд зуучилна гэсэн зарын дагуу яриад 30-ны өдөр Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо 11 дүгээр хороолол Сэлбэ плаза 4-405 тоотод Х.Б гэдэг хүнтэй очиж уулзаад 2 сарын дотор явуулж өгнө төлбөр нь 2.500 доллар гэж тохироод гэрээ байгуулсан. Мөнгөө 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.450.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2.450.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 450.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 935.560 төгрөг нийт 8.285.560 төгрөгийг долларын ханшаар бодож өгсөн. Түүнээс хойш явуулах талаар утсаар холбогдоход “Би завгүй байна. 5 хоногийн дараа АНУ-аас хүн ирнэ, тэгээд шийд өгнө. Би өөрөө удахгүй залгана, завгүй байна” гэх мэтээр хоног хугацаа авсаар байгаад өдий хүрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хохирогч Д. Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ  “ Бид хоёр 2017 онд сонингийн зараар очиж танилцсан. Би 8.285.560  төгрөг шилжүүлээд 1 жил гаруй болсон. Тэгээд өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан. Надад тодорхой хугацаанд төлж барагдуулна гэх бичиг хийгээд өгчих юм бол өөр гомдол саналгүй..гэв.

            Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлсэн ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байсан санаж байна. Тухайн үед би АНУ-руу иргэдийг ажилд зуучилж өгөх ажлыг хийх шуурхай зар мэдээнд зар тавьж байсан. Эрдэнэчулуунаас 8.285.000 төгрөг авсан юм. Ингэж мөнгө зээлж аваад АНУ-руу явуулахаар бичиг баримтыг нь хөөцөлдсөн боловч бүтээгүй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

      Зээлийн гэрээ, зуучлалын үйлчилгээ авах гэрээ /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,  Мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Сэлбэ плаза төвд байрлах байранд “АНУ-д ажилд зуучилж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Д.Эрдэнэчулуунаас 8.285.560 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Эрдэнэчулууны мэдүүлэг, зээлийн гэрээ, зуучлалын үйлчилгээ авах гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтууд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Х.Бг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Х.Бд ял оногдуулахад хүндрүүлэх болон хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч Х.Б нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Х.Бд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасанаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор санал гаргасаныг шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа хувийн байдал, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хохирогч нь хохирол төлөх хугацаа тохирчихвол гомдолгүй гэж мэдүүлж байгаа зэргийг харгалзан  шүүгдэгчид 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн  1 жил 6 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг тогтоох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Эрдэнэчулуунд 8.285.560 төгрөгийг шүүгдэгч Х.Бгээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сартуул овгийн Хоролбадамын Бг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бг 1 /нэг/ жил 4 / дөрөв / сарын хугацаагаар хорих ял оногдуулж  шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1. 3. 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х. Бгийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 / гурав / жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 / нэг / жил 6 / зургаа / сар 13 / арван гурав / хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан 1 / нэг / жил 4 / дөрөв / сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х. Бгээс 8.285.560 / найман сая хоёр зуун наян таван мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулж хохирогч Д. Эрдэнэчулуунд олгосугай.

6.  Шүүгдэгч Х. Б нь хохирогч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            7 .  Шүүгдэгч Х.Бд энэ хэрэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож үргэлжлүүлэн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 8.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба тогтоолыг  эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш ,эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х. Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН