Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 119

 

Д.Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00650/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1038 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Б-,

Нэхэмжлэгч Ш.Б-,

Нэхэмжлэгч А.Б- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдох

          “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ний захирлын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б-гээс:

Би “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-д 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс дулааны оруулгын слесариар анх ажилд орсон. 2013 оноос хойш гагнуурчнаар ажиллаж 2018 оны 04 дүгээр сар хүртэл тасралтгүй 13 жил 6 сар ажилласан. Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн

Б/74 дугаартай захирлын тушаалаар ажлаасаа халагдсан. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 08 цагт ажилдаа очоод ажлаа хийж байгаад 12:00 цагийн үед цайны цагаар зах дээр байдаг байгууллагын гэрээт цайны газар өдрийн хоол идэхээр очиход цайны газарт н.Батболд, н.Ганбат, Ш.Б-, А.Б- нар байсан. Тухайн үед А.Б- шинэ байранд орсон бүгдээрээ манайд очиж цай ууя гээд бид хамтдаа явсан. А.Б-ынд цайлж байхад н.Ганбат, н.Батболд хоёр дуудлагад явсан. А.Б-, Ш.Б- бид гурав үлдэж 1 шил архи задалж тойруулсан. Ингээд би 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө ажилдаа очиход шуурхай хуралд бид тавыг дуудсан. Би болсон процессыг ярьсан. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны орой аваар эсэргүүцэх дасгал дээр ерөнхий инженер н.Хүрэлтогоо ирж Ш.Б-, А.Б- бид 3-ын ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа тухай тушаалыг уншиж зарласан. Байгууллагын дотоод журамд зааснаар алба нэгжийн саналыг авч хурлаар оруулж байж ажлаас халах тухай тушаал, шийдвэр гардаг. Тушаал унших үед албаны дарга н.Болор-Эрдэнэ албан дотроо хэлэлцээд санал авах ажиллагаа хийж байсан. Гэтэл албаны саналыг огт авч хэлэлцэхгүйгээр шууд л ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаал гаргасанд гомдолтой байна. Би ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, миний гаргасан зөрчил ажлаас халагдах зөрчил биш юм. Иймд “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Б-аас:

Би 2005 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Дархан Дулааны сүлжээ” ТӨХК-д гагнуурчнаар ажилд орсон. 2005 оноос хойш тасралтгүй 12 жил 7 сар ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай захирлын тушаалаар ажлаасаа халагдсан. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 08 цагт ажилдаа ирээд ажлаа хүлээж аваад ажиллаж байсан. Дархан сумын 17 дугаар хороолол 10 дугаар байрны ялтас хэрэгцээний халуун усгүй гэсэн дуудлага авч слесарь А.Б-той хамт очиж үзлэг хийхэд хэрэгцээний халуун ус хүйтэн байсан. Тэгээд инженер н.Ариунбулагийг дуудаж ялтас үзүүлэхэд ялтас хэвийн байна гэж оношлоод н.Ариунбулаг явсан. Слесарь А.Б- бид хоёр байгууллагын гэрээт гуанзанд хоол идэхээр очиход Д.Б-, н.Батболд, н.Ганбат нартай таарсан. А.Б- шинэ байранд ороод удаагүй учир манайд очиж үдийн цай ууя гэж хэлсэн. Гэрт нь очоод цай хоол болж байхад н.Батболд, н.Ганбат 2 дуудлага аваад явсан. Д.Б-, А.Б- бид 3 үлдэж 1 шил архи задалж тойруулсан. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө ажилдаа очиход шуурхай хуралд А.Б-, Д.Б-, н.Ганбат, н.Батболд бид 5-ийг дуудсан. Шуурхай хуралд би болсон процессыг ярьсан. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны орой аваар эсэргүүцэх дасгал дээр байж байхад ерөнхий инженер н.Хүрэлтогоо ирж А.Б-, Д.Б- бид 3-ын ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа тухай тушаалыг уншиж танилцуулсан. Байгууллагын дотоод журамд зааснаар алба нэгжийн саналыг авч хурлаар оруулж байж ажлаас халах тухай тушаал, шийдвэр гардаг юм. Тушаал унших үед дотоод журамд заасны дагуу албаны дарга н.Болор-Эрдэнэ албан дотроо хэлэлцээд санал авах ажиллагаа хийж байсан. Гэтэл албаны саналыг огт авч хэлэлцэхгүйгээр шууд л ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаал гаргасанд гомдолтой байна. Би ажлын өдөр гэртээ архи хэрэглэж, тухайн өдрийн буюу 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үдээс хойших ажлын цагийг тасалсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Байгууллагын дотоод журамд зааснаар ажлын цагийг тасалсан ажилтанд сануулах болон цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэл ноогдуулахаар заасан байдаг бөгөөд миний гаргасан зөрчил нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах зөрчлийн төрөлд хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Б-оос:

Би 2005 оны 10 дугаар сард “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-д дулааны оруулгын слесариар ажилд орж 2018 оны 04 сар хүртэл тасралтгүй 12 жил 6 сар ажилласан. Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байсан. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 08 цагт ажилдаа очоод ажлаа хийж байхад 17 дугаар хороолол 10 дугаар байрны ялтас хэрэгцээний халуун усгүй гэсэн дуудлага авч гагнуурчин Ш.Б-тай хамт очиж үзлэг хийхэд хэрэгцээний халуун ус хүйтэн байсан. Ингээд инженер н.Ариунбулагийг дуудсан. н.Ариунбулаг ирээд ялтсыг үзээд хэвийн байна гэж оношлоод явсан. Ш.Б- бид 2 зах дээр байдаг байгууллагын гэрээт цайны газар очиж хоол идэхээр очиход н.Ганбат, н.Батболд, Д.Б- нартай таарсан. Тухайн үед манайх цэргийн ангийн 2 дугаар 30 айлд шинэ байранд ороод удаагүй байсан болохоор би байрандаа аваачиж цай уулгахаар болж бид хамт манайх руу явсан. Гэрт очоод цайлж байхад н.Ганбат, н.Батболд 2 дуудлагад явсан. Д.Б-, Ш.Б- бид 3 үлдээд 1 шил архи задалж тойруулсан. Тэр үед н.Б-, Ш.Б- нар ам зөрж жаахан маргалдсан. 16:00 цагийн үед бид 3 манайхаас гарч гэрийн гаднаас салж Ш.Б- бид 2, дулаан хуваарилах 1-р төвийн байранд очиж хувцсаа солихоор явсан. Би ажлын шкафын түлхүүрээ мартсан байсан болохоор хувцсаа сольж чадаагүй. Тэр өдөр ажил тасалсан гээд бүртгэсэн байсан. Орой 18:00 цаг өнгөрч байхад ерөнхий инженер н.Хүрэлтогоо, Үйлдвэрчний хорооны дарга н.Бадамгарав, хяналтын албаны дарга н.Лхагвасүрэн, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженер н.Эрдэнэчимэг, хангах албаны инженер н.Ариунболд нар манайд ирж миний зургийг дарж авсан байсан. 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өглөө ажилдаа очиход шуурхай хуралд Ш.Б-, Д.Б-, н.Ганбат, н.Батболд бид 5-ийг дуудсан. Шуурхай хуралд өмнөх өдөр нь юу болсон тухай дарга нар асуухад би болсон процессыг ярьсан. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны орой аваар эсэргүүцэх дасгал дээр ерөнхий инженер н.Хүрэлтогоо ирж Ш.Б-, Д.Б- бид 3-ын ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа тухай тушаалыг ажилчдын дунд уншиж зарласан. Байгууллагын дотоод журамд зааснаар алба нэгжийн саналыг авч хурлаар оруулж байж ажлаас халах тухай тушаал, шийдвэр гардаг. Тушаал унших үед дотоод журамд заасны дагуу албаны дарга н.Болор-Эрдэнэ албан дотроо хэлэлцээд санал авах ажиллагаа хийж байсан байдаг. Гэтэл албаны саналыг огт авч хэлэлцэхгүйгээр шууд л ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг гаргасанд гомдолтой байна. Би ажлын байран дээр архи болон согтууруулах ундаа ууж хэрэглэсэн зүйл огт байхгүй юм. Байгууллагын дотоод журамд зааснаар ажлын цагийг тасалсан ажилтанд сануулах болон цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэл ноогдуулахаар заасан байдаг бөгөөд миний гаргасан зөрчил нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах зөрчлийн төрөлд хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдоос:

А.Б-, Д.Б-, Ш.Б- нар тус компанид олон жил тогтвор суурьшилтай ажилласан ажилчид. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр А.Б-, Д.Б-, Ш.Б- нар нь өглөө ажилдаа очиж ажлаа хийж байгаад өдөр цайны цагаар Дархан захын ойролцоо гэрээт цайны газарт цай ууж байсан. Тэгтэл хамт ажилладаг А.Б- нь шинэ байранд орсон гээд байрны найр хийж, тухайн цайны газарт цай ууж байсан ажилчдаа гэртээ урьсан байдаг. Ингээд Д.Б-, Ш.Б- нар нь ажлын цаг дуусаагүй байхад А.Б-ын гэрт очиж, хоол цай ууж, ганц, хоёр шил архи задалж уусан асуудал үүсдэг. Тус компани ажлынхаа шуурхай хурлыг хийж А.Б-, Д.Б-, Ш.Б- нарыг ажлын цагаар ажлын байранд болон ахуйн байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын байранд согтуу ирсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр А.Б-, Д.Б-, Ш.Б- нарыг ажлаас чөлөөлсөн талаарх тушаалыг нийт ажилчдад уншиж сонсгон нэхэмжлэгч нарт тушаалыг гардуулсан байдаг. Нэхэмжлэгчид ажлаа таслаад ажлынхаа хүний гэрт очоод согтууруулах ундаа хэрэглэсэн асуудал нь Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна. Хөдөлмөрийн гэрээний 131 дүгээр зүйлийг хэрэглэхийн тулд 131.1-т ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч эрх олгогдсон албан тушаалтан Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрээр сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан. А.Б-, Д.Б-, Ш.Б- нарт сахилгын шийтгэл оногдуулахдаа тухайн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээний зүйл заалтуудыг харж, анхаарах талаар 131-т заасан байгаа. А.Б-, Д.Б-, Ш.Б- нар нь ажлын болон ахуйн байранд согтууруулах ундаа хэрэглээгүй, харин ажлаа тасалсан асуудал яригдаж байгаа. А.Б-, Д.Б-, Ш.Б- нарт сахилгын шийтгэл оногдуулахдаа Нэгжийн удирдлага буюу Ашиглалтын албаны дарга н.Болор-Эрдэнэ, захиргаа удирдлагын хэлтэст ажлаа тасалсан албан тушаалтнуудад сануулах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэсэн агуулгатай санал өгсөн. Гэвч саналыг өгөх үед А.Б-, Д.Б-, Ш.Б- нарыг ажлаас халах тушаал аль хэдийнээ гарсан. Нэхэмжлэгч нарыг ажлаас халах тушаал нь сахилгын шийтгэл оногдуулах процессыг зөрчсөн. Иймд тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан нөхцөлийг бүрдүүлж байгаа. Ц.Болор-Эрдэнэ гэх ашиглалтын албаны дарга буюу тухайн нэгжийн удирдлагаас дээрх 3 албан тушаалтанд сануулах сахилгын шийтгэлийг авах саналыг хүргүүлж байх явцад буюу 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр саналыг хүргүүлэхэд хэдийнээ Б/74 тушаал гарсан бүх ажилчдад танилцуулагдаж байсан асуудал нь Хөдөлмөрийн дотоод журмын 11.5-т заасан процессын үйл ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Б/74 тоот тушаалыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батжаргалаас:

Ажил олгогчийн зүгээс А.Б-, Д.Б-, Ш.Б- нартай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Архи уусан үндэслэлийг зөвшөөрөхгүй. Ш.Б-тай 127/2018 тоот Хөдөлмөрийн хугацаагүй гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан. Тус гэрээний 6 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг 6.8-т дараах тохиолдлуудыг ноцтой зөрчил гэж үзэж Хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж нэг бүрчлэн зааж өгсөн. Тус гэрээний 6.10-т Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилтан согтуу буюу хэвийн бус ирсэн, согтууруулах ундаа зарсан бол энэ үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэж Хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасан. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим намайг ажлаасаа гараад явж байхад машинтай хүмүүс ирсэн. Д.Б-гийн ээж, ах нь байна гээд хэдэн хүн Д.Б-г дагуулан ирсэн байсан. Д.Б- нь нүүр нүдгүй зодуулсан, цус болсон байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Ш.Барсболд намайг зодсон гэв. Би одоо яах вэ, хаана хандах вэ? гэж надаас асуусан. Би Д.Б-гийн 2 ах, ээжид нь хандан Цагдаагийн газар яаралтай өргөдөл гаргаж ханд, гэмтлийн зэрэг тогтоолго гэж шаардлагатай зөвлөгөөг өгсөн. Гэтэл Д.Б-гийн ээж, ах нар нь ерөнхий инженертэй чинь уулзъя гээд н.Хүрэлтогоотой уулзсан. Үүний дараа ерөнхий инженер н.Хүрэлтогоо үүрэг өгч, хяналтын хэлтсийн дарга н.Лхагвасүрэн, хяналтын инженер н.Дашчимэг, хөдөлмөр аюулгүй байдлын инженер нар нь иргэдийн өгсөн мэдээллийн дагуу 3 ажилтанд хяналт хийлгэж, ашиглалтын албаны 1 дүгээр байр буюу А.Б-, Д.Б-, Ш.Б- нарын ажлын байранд хяналт, шалгалт явуулсан. Ш.Б-, А.Б- хоёр үдээс хойш ажилдаа ирээгүй учир тэдний гэрт очиход нэг нь гэртээ согтуу унтаж байсан, нөгөө нь гэртээ байгаагүй. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд буюу ажлаас халах тушаал гарахын өмнөх 2 хоногийн хугацаанд нэгжийн удирдлага болон ашиглалтын албанаас А.Б-, Д.Б-, Ш.Б- нарт ямар хариуцлага тооцох талаарх саналаа Захиргаа удирдлагын хэлтсийн даргад албан ёсоор өгөхгүй удаасан. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр сургалт, мэдээлэл сурталчилгааны ажил дууссаны дараа ерөнхий инженерийн зүгээс А.Б-, Д.Б-, Ш.Б- нарыг ажлаас халах тушаалыг нийт ажилтнуудад уншиж сонсгосон. Ажлаас халсан тушаалыг уншиж сонсгохын өмнө 16:00 цагт мэдээлэл эхэлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр А.Б-, Д.Б-, Ш.Б- нар нь өөрсдөө бичгээр архи уусан нь буруу, дахин ийм асуудал гаргахгүй, арга хэмжээ битгий аваач гэсэн агуулгатай өргөдөл бичиж, захиралтай уулзсан. Ерөнхий инженер хяналтыг 3 ажилтнаар хийлгэж, энэ үндэслэлээр А.Б-, Д.Б-, Ш.Б- нарыг гүйцэтгэх захирал тушаал гаргаж ажлаас халсан. Тийм учраас Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах процессын алдаа гаргаагүй гэж үзэж байна. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 08:00 цагт шуурхай хурал орохын өмнө архи согтуурлыг хэмжих багажаар А.Б-, Д.Б-, Ш.Б- нарын согтолтын зэргийг үзэхэд А.Б- 0,20 хувийн согтолттой, Ш.Б- 1,05 хувийн согтолттой байсан. Д.Б-гийн согтолтын зэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үзэхэд 1,29 хувийн согтолттой гарсан. А.Б- гэртээ согтуу, хүнтэй харилцах чадваргүй унтаж байсан. Ш.Б- гэртээ хариагүй байсан. Байгууллагын хурлын тэмдэглэлээс харахад нэхэмжлэгч нар нь сүүлийн хэдэн сарын хугацаанд сар бүр цалингаас хасуулдаг, ажилдаа хэвийн бус ирсэн, сарын үр дүнгээ нойллуулдаг зэрэг арга хэмжээ авагдсан байна. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох, хөдөлмөрийн харилцааг тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэсэн заалттай байдаг. Энэ заалтыг үндэслэн А.Б-, Д.Б-, Ш.Б- нарын гаргасан зөрчилд нь ногдох сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1038 дугаар шийдвэрээр:

            Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-, А.Б-, Ш.Б- нарын хариуцагч Дархан-Уул аймгийн “Дархан Дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдуулан гаргасан “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ний захирлын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

            Нэхэмжлэгч нарын зүгээс огт сахилгын зөрчил гаргаагүй гэж маргаагүй болохыг онцлох нь зүйтэй. Харин гаргасан зөрчилд ногдуулсан шийтгэл нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан шийтгэлийн хэлбэрийг зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгуулахаар маргасан. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэл бүрдсэн хэмээн үзэж хэргийг шийдвэрлэсэн нь тушаалыг бодитоор хянаж чадаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэлийн 3 төрлөөс аль нэгийг ногдуулж болохоор хуульчилсан байдаг. Гэтэл шүүх хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг ажилтнуудад ногдуулсан сахилгын шийтгэл нь зохих ёсоор хуулийн хүрээнд ногдсон эсэх асуудлыг хянаагүйн улмаас нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн, хууль бус шийдвэр гаргасан. “Дархан Дулааны сүлжээ” ТӨХК-н Хөдөлмөрийн дотоод журмын 11.5, 12.1.8-д зааснаар нэхэмжлэгч нарт гаргасан сахилгын зөрчлийг шалган тогтоох, тушаал шийдвэр гаргаж сахилгын шийтгэл ногдуулах, ямар зөрчилд ямар төрлийн шийтгэл ногдуулах талаар тодорхой дурдсан боловч ажил олгогч давуу байдлаа ашиглаж Хөдөлмөрийн дотоод журамдаа захирагдахгүйгээр шууд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б-, Ш.Б-, А.Б- нар хариуцагч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-нд холбогдуулж,тус компанийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК нэхэмжлэгч нарыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь үндэслэлтэй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажлын цагаар архи уун согтуурч, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул тус компанийн захирлын гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/74 дугаартай тушаал үндэслэлтэй гарсан байна гэж дүгнээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Д.Б-  2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс, нэхэмжлэгч Ш.Б- 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс, нэхэмжлэгч А.Б- 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 2018 оны 04 дүгээр сарын 18 хүртэлх хугацаанд тус компани ашиглалтын албанд дулааны оруулга, шугам хоолойн слесариар ажиллаж байжээ.

Болсон үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Б-, Ш.Б-, А.Б- нар 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажилдаа ирж, үдээс өмнө тус бүр үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаад өдрийн цайны завсарлагаар байгууллагын гэрээт цайны газар таарч, хамт А.Б-ынд очиж, ажлын цагаар архи уун  үдээс хойших ажлаа тасалцгаасан байна.

Нэхэмжлэгч нар ажлын цагаар архи ууж, ажил тасалсан зөрчил гаргаснаа бүгд хүлээн зөвшөөрч, энэхүү зөрчилд ажил олгогчийн зүгээс авсан арга хэмжээг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд байгууллагын дотоод журамд заасан шат дараалсан арга хэмжээ авах боломжтой байсан гэж маргадаг болно.

Хариуцагч “Дарханы Дулааны сүлжээ”-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тушаал” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3, 6.10 дахь заалт, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 12.3.5, 11.4, 11.5, 11.9 дэх заалт, Дотоод хяналт мониторингийн хэлтсийн тодорхойлолтыг үндэслэн гарсан байна.

Ажил олгогчоос ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.3, 6.10 дахь заалтаар  “ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу / хэвийн бус/ ирсэн, согтууруулах ундаа зарсан” бол ноцтой зөрчил гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нарын хэн аль нь ажлын цагаар архи ууснаа хүлээн зөвшөөрдөг боловч ажлын байранд согтууруулах ундаа хэрэглээгүй, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг зөрчөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогддог бөгөөд хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж, ажлаас халах үндэслэл болсон гэж үзэхэд учир дутагдалтай

Компанийн хөдөлмөрийн дотоод журмын  11.4 дэх заалт нь сахилгын шийтгэл хүлээсэн ажилтны шагналын талаар, 11.9 дэх заалт нь ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох талаар тус тус зохицуулсан, 11.5 д “Сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг нэгжийн удирдлага гаргаж, бичгэн хэлбэрээр Захиргаа удирдлагын хэлтсийн даргад өгнө. Нэгжийн удирдлага зөрчил илрүүлэгчийн санал тодорхойлолтыг үндэслэн зөрчил гаргасан ажилтанд гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байх бөгөөд хэргийн 120, 128 дугаар талд авагдсан баримтаас үзвэл зөрчил гаргагч нарын нэгжийн удирдлага 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж зөрчил гаргагч нарт “сануулах” арга хэмжээ авхуулахаар  санал нэгдэж, хурлын тэмдэглэлийг компанийн гүйцэтгэх удирдлагад хүргүүлсэн боловч нэгжийн удирдлагын санал ирэхээс өмнө гүйцэтгэх захирлын тушаал гарсан байна.

Мөн тушаалын үндэслэл болсон Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн тодорхойлолт нь зөрчил гаргагч нарыг 04 дүгээр сарын 19-ний өглөө ажилдаа ирэхэд нь алкотестр багажаар шалгасан тодорхойлолт байх ба захирлын тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэл нь 04 дүгээр сарын 18-ны өдрийн зөрчилд ногдуулсан тул тэрхүү тодорхойлолт хамаарахгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Д.Б-, Ш.Б-, А.Б- нарын гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж үзэхээргүй байна.

Тус компани хөдөлмөрийн дотоод журмаар энэ төрлийн зөрчилд сануулах шийтгэл ногдуулахаар журамласан байна.

Хөдөлмөрийн дотоод журам гэдэг бол тус байгууллагын хувьд ажил олгогч, ажилтан аль аль нь хөдөлбөргүй дагаж мөрдөх учиртай эрх зүйн ач холбогдол, үр дагавар бүхий баримт бичиг бөгөөд ямар зөрчилд ямар төрлийн шийтгэл ногдуулах талаар тодорхой дурдсан байгаа боловч ажил олгогч давуу байдлаа ашиглаж хөдөлмөрийн дотоод журамдаа захирагдахгүйгээр шууд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэсэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

“Дарханы Дулааны сүлжээ”-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 тоот тушаалын үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй байгаа тул тус тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл байгууллагын дотоод журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байранд архи уусан, зарсан, ажилдаа согтуу ирсэн нь хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах үндэслэл болохоор заасан байх бөгөөд  нэхэмжлэгч нар 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үдээс хойш ажлын байранд архи уугаагүй, харин ажил тасалсан байна.

Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь сануулах арга хэмжээ авах үндэслэл болохоор дотоод журмаараа журамласан байх бөгөөд 04 дүгээр сарын 18-ны өдөр ажил тасалсан үйлдэлд нь арга хэмжээ аваагүй, 04 дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа ирэхэд нь хэмжих багажаар үзэхэд архи уусан байсан гэж тайлбарлаж байгаа нь тушаалын үндэслэлтэй нийцэхгүй байна.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан зохион байгуулалтын болон тодорхойлсон асуудал, үндэслэл зэрэгт бодитой хандаж, үндэслэл бүхий баримтад тулгуурлан арга хэмжээ авч байх үүрэг нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааны тэгш эрхийн зарчимтай холбоотой.

Хөдөлмөрийн сахилга бат алдсан ажилтанд сахилгын арга хэмжээ авахдаа энэ бүх байдалд анхаараагүй нь ажил олгогч тогтсон дүрэм журам, гэрээнд захирагдаагүй байна гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч “Дарханы Дулааны сүлжээ”-иас нотлох баримтаар гаргаж өгсөн нэхэмжлэгч нарын 2017, 2018 оны эхний 3 сарын цалингийн тодорхойлолтоос тооцож үзвэл нэхэмжлэгч Д.Б-гийн сарын дундаж цалин 1.672.761 төгрөг, нэхэмжлэгч Ш.Б-ын сарын дундаж цалин 1.660.024 төгрөг, нэхэмжлэгч А.Б-ын сарын дундаж цалин 1.577.269 төгрөг тус тус байх  бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар  ажилгүй байсан бүх хугацаа болох 143 хоногоор тооцвол хариуцагч байгууллагаас 10.872.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д, 10.790.158 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-ад, 10.252.250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б-од  тус тус олгох нь зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1038 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-, А.Б-, Ш.Б- нарын хариуцагч Дархан-Уул аймгийн “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдуулан гаргасан “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ний захирлын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг тус тус баримтлан “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ний захирлын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-г “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-д гагнуурчны, Ш.Б-ыг гагнуурчны, А.Б-ыг дулааны оруулгын слесарийн ажилд тус тус эгүүлэн тогтоож, хариуцагч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-аас 10.872.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д, 10.790.158 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-ад, 10.252.250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б-од тус тус олгож, нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-д даалгасугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  317.527 төгрөг гаргуулж, төрийн сангийн  орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Нэхэмжлэгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж  төлөөгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         О.НАРАНГЭРЭЛ        

                                                             ШҮҮГЧИД                                         С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                      Л.АМАРСАНАА