Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2018/00650/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум 3-р баг, ...тоотод оршин суух, Д.Б,

Нэхэмжлэгч : Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг, ... тоотод оршин суух, Ш.Б,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 6-р баг ... тоотод оршин суух, А.Бнарын нэхэмжлэлтэй

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3-р баг, Д ТӨХК-д холбогдох, 

 

Д ТӨХК-ны захирлын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс Д ТӨХК-д Дулааны оруулгын слесариар анх ажилд орсон. 2013 оноос хойш гагнуурчнаар ажиллаж 2018 оны 04 сар хүртэл тасралтгүй 13 жил 6 сар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа хамт олонтойгоо эе эвтэй, ажилдаа алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байсныг минь үнэлэж 2009 онд Дархан сумын Засаг даргын Жуух, Дархан-Уул аймгийн Засаг даргын Жуух –аар 2 удаа, 2016 онд Эрчим хүчний яамны Жуухаар тус тус шагнагдаж байсан.

        2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай захирлын тушаалаар ажилаасаа халагдаад байна.

        2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 08 цагт ажилдаа очоод ажлаа хийж байгаад 12:00 цагийн үед цайны цагаар зах дээр байдаг байгууллагын гэрээт цайны газар өдрийн хоол идэхээр очиход цайны газарт манай ажлын Б, Г, Б, Б нар байсан. Тухайн үед Б ах манай цэргийн ангийн 2 дугаар 30 айлд шинэ байранд орсон бүгдээрээ манайд очиж цай ууцгаая гээд бид хамтдаа Б ахынд очсон. Тэгэхэд цаг 12:10 болж байсан. Б ахынд очоод цайлж байхад Г, Б хоёр дуудлаганд явсан. Б, Б бид гурав үлдээд Б ах ёс болгож 1 шил архи задалж тойруулсан. Тэр үед Б бид хоёр ам зөрж жаахан маргалдсан. 16:00 цагийн үед бид гурав Б ахынхаас гарч тэдний гаднаас салсан.

      Ингээд миний бие 2018 оны 04 дүгээр сарын 19 –ний өглөө ажилдаа очиход шуурхай дээр Б, Б, Г, Б бид тав дуудагдсан. Шуурхай дээр өмнөх өдөр нь юу болсон тухай дарга нар асуухад нь бид болсон процессыг ярьсан. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны орой аваар эсэргүүцэх дасгал дээр ерөнхий инженер Б  ирж Б, Б, бид 3-ын ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа тухай тушаалыг шууд ажилчдын дунд уншиж зарласан байсан. Уг нь бол байгууллагын дотоод журманд зааснаар алба нэгжийн саналыг авч хурлаар оруулж байж ажлаас халах тухай тушаал, шийдвэр гардаг юм. Тушаал унших үед дотоод журманд заасны дагуу албаны дарга Балбан дотроо хэлэлцээд санал авах ажиллагаа хийж байсан байдаг. Гэтэл албаны саналыг огт авч хэлэлцэхгүйгээр шууд л ажлаас халах сахилагын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг гаргасанд гомдолтой байна.

       Миний бие тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямарч алдаа дутагдал гаргаж байгаагүй, тогтвор суурьшилтай 13 жил ажиллаж ирсэн бөгөөд ажлаасаа халагдаж цалин орлогогүй эхнэрийн хамт цалингийн зээлтэй байсан ба зээлээ ч төлж чадахгүй хүнд байдалд ороод байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд сахилагын шийтгэлийг ногдуулахдаа сануулах, үндсэн цалинг гурван сар хүртлэх хугацаагаар 20 хувиар бууруулах, ажлаас халах гэж заасан байдаг бөгөөд тус шийтгэлийг ногдуулахдаа ажилтны гаргасан зөрчилд тохирох шийтгэл ногдуулах ёстой байдаг. Миний бие ажлын өдөр архи хэрэглэж, тухайн өдрийн буюу 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үдээс хойших ажлын цагийг тасалсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин ажлын байран дээр архи болон согтууруулах ундаа ууж хэрэглэсэн зүйл огт байхгүй юм. Байгууллагын дотоод журамд зааснаар ажлын цагийг тасалсан ажилтанд сануулах болон цалингийн хувь бууруулах сахилагын шийтгэл ногдуулахаар заасан байдаг бөгөөд миний гаргасан зөрчил нь ажлаас халах сахилагын шийтгэл ногдуулах зөрчлийн төрөлд хамаарахгүй юм. Гэтэл ажил олгогчийн зүгээс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай захирлын тушаалд ажлаас халахаас өөр төрлийн сахилагын шийтгэл ногдуулж болох байсан тул тус тушаалыг үндэслэлгүй тушаал гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Байгууллагын Үндсэн хууль болсон Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг үндэслэж зөрчил гаргасан ажилтандаа сахилагын шийтгэл ногдуулхадаа ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргаж иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдаж, Хөдөлмөрийн хуулиар баталгаажсан үндсэн эрхийг хөндсөн шийдвэр гаргасан ажил олгогчид маш их гомдолтой байна.

       Иймд Д ТӨХК-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2005 оны 09 сарын 27-нд Д  ТӨХК-д гагнуурчнаар анх ажилд орсон. Тус байгууллагад 2005 оноос хойш тасралтгүй 12 жил 7 сар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа хамт олонтойгоо эв зүйтэй, ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Миний хөдөлмөрийг үнэлж байгууллагаас 2008 онд Монгол орны үзэсгэлэнт газруудаар тойрон аялах эрхийн бичиг, өргөмжлөлөөр,  2011 онд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны өргөмжлөл мөн ДДС ТӨХК-аас Талархал, 2014 онд Дархан сумын Засаг Даргын Жуух бичгээр, 2015 онд ДДС ТӨХК-ийн хамгийн их шугам сольсон ажилчинаар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдаж, ажилдаа идэвхи зүтгэлтэй ажиллаж байсан.

        Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай захирлын тушаалаар ажлаасаа халагдаад байна. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 08 цагт ажилдаа ирээд ажлаа хүлээж аваад ажиллаж байсан. Дархан сумын 17 дугаар хороолол 10 дугаар байрны ялтас хэрэгцээний халуун усгүй гэсэн дуудлага авч селасарь Бтой хамт очиж үзлэг хийхэд хэрэгцээний халуун ус хүйтэн байсан. Тэгээд инженер Ариунбулагийг дуудаж ялтас үзүүлэхэд ялтас хэвийн байна гэж оношлоод Ариунбулаг явсан. Селасарь Б бид хоёр Дархан зах дээр байдаг байгууллагын гэрээт гуанзанд хоол идэхээр явах үед 11.00 цаг өнгөрч байсан. Тэнд очоод Б Б, Г нартай таарсан. Б ахынх шинэ байранд ороод удаагүй байсан болохоор манайд очиж хоол ид, цай уу, гэсэн тухайн үед 12.00 цаг буюу өдрийн цайны цаг болж байсан тул бид хэд хамт Б ахыг дагаад гэрлүү нь явсан. Цайны цаг 12:00 цагаас 13:00 цагийн хооронд байдаг юм. Гэрт нь очоод цай хоол болж байхад Б , Г 2 дуудлага аваад явсан. Б Б бид 3 үлдэж ёс болгож Б ахын задласан архийг тойруулсан. Тэр үед Б бид 2 ам зөрж жаахан маргалдсан. 16:00 цагийн үед бид 3 Б ахынхаас гарч тэдний гадаанаас салсан. Тэгээд Б Бын гэрийн гадаа үлдэж, Б бид 2 дулаан хуваарилах 1-р төвийн байр руу хувцасаа солих гэж явсан. Ажил дээр очиж хувцасаа сольчихоод бид 2 гэр гэрлүүгээ харьцгаасан. Б ах шүүгээнийхээ түлхүүрийг мартчихсан байна гээд хувцасаа сольж чадаагүй. Тэр өдөр ажил тасалсан гэж бүртгэсэн байсан.

         Ингээд миний бие 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө ажилдаа очиход шуурхай дээр Б, Б Г,  Б бид 5-ийг дуудсан. Шуурхай дээр өмнөх өдөр нь юу болсон тухай дарга нар асуухад нь бид болсон процессыг ярьсан. 2018 оны 04 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд би ажлаа хийдгээрээ хэвийн байдлаар хийсэн.

         2018 оны 04 дүгээр сарын 20-ны орой аваар эсэргүүцэх дасгал дээр байж байхад ерөнхий инженер Б  ирж Б, Б бид 3-ын ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа тухай тушаалыг шууд ажилчидын дунд уншиж зарласан. Уг нь бол байгууллагын дотоод журманд зааснаар алба нэгжийн саналыг авч хурлаар оруулж байж ажлаас халах тухай тушаал, шийдвэр гардаг юм. Тушаал унших үед дотоод журманд заасны дагуу албаны дарга Б албан дотроо хэлэлцээд санал авах ажиллагаа хийж байсан байдаг. Гэтэл албаны саналыг огт авч хэлэлцэхгүйгээр шууд л ажлаас халах сахилагын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг гаргасанд гомдолтой байна.

        Миний бие тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямарч алдаа дугтагдал гаргаж байгаагүй, тогтвор суурьшилтай 12 жил ажиллаж ирсэн бөгөөд ажлаасаа халагдаж цалин орлогогүй хүнд байдалд ороод байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд сахилгын шийтгэлийг ноогдуулахдаа сануулах, үндсэн цалинг гурван сар хүртлэх хугацаагаар 20 хувиар бууруулах, ажлаас халах гэж заасан байдаг бөгөөд тус шийтгэлийг ногдуулахдаа ажилтны гаргасан зөрчилд тохирох шийтгэл ногдуулах ёстой байдаг. Миний бие ажлын өдөр гэртээ архи хэрэглэж, тухайн өдрийн буюу 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үдээс хойших ажлын цагийг тасалсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин ажлын байран дээр архи болон согтууруулах ундаа ууж хэрэглэсэн зүйл огт байхгүй юм. Байгууллагын дотоод журамд зааснаар ажлын цагийг тасалсан ажилтанд сануулах болон цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэл ноогдуулахаар заасан байдаг бөгөөд миний гаргасан зөрчил нь ажлаас халах сахилгын шийтгэл  ногдуулах зөрчлийн төрөлд хамаарахгүй юм. Гэтэл ажил олгогчийн зүгээс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай захирлын тушаалд ажлаас халахаас өөр төрлийн сахилагын шийтгэл ногдуулж болох байсан тул тус тушаалыг үндэслэлгүй тушаал гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Байгууллагын Үндсэн хууль болсон Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг үндэслэж зөрчил гаргасан ажилтандаа сахилагын шийтгэл ногдуулхадаа ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргаж иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдаж, Хөдөлмөрийн хуулиар баталгаажсан үндсэн эрхийг хөндсөн шийдвэр гаргасан ажил олгогчид маш их гомдолтой байна.

        Иймд Д ТӨХК-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай тушаалын Ш.Б надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2005 оны 10 сард Д ТӨХК-д дулааны оруулгын слесариар ажилд орж 2018 оны 04 сар хүртэл тасралтгүй 12 жил 6 сар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа хамт олонтойгоо эе эвтэй, ажилдаа алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байсныг минь үнэлэж  2009 онд ДДС ТӨХК-аас Монгол орны үзэсгэлэнт газруудаар байгууллагын зардлаар тойрон аялах эрхийн бичгээр,  2011 онд байгууллагын ажилчнаар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар, 2016 онд Эрчим хүчний салбараас Эрчим хүчний тэргүүний ажилтан цол, тэмдэгээр тус тус шагнагдаж байса.

            2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай захирлын тушаалаар ажлаасаа халагдаад байна. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 08 цагт ажилдаа очоод ажлаа хийж байхад  17 дугаар хороолол 10 дугаар байрны ялтас хэрэгцээний халуун усгүй гэсэн дуудлага авч селасарь Бтой хамт очиж үзлэг хийхэд хэрэгцээний халуун ус хүйтэн байсан. Ингээд инженер Ариунбулагийг дуудсан. Ариунбулаг ирээд ялтсыг үзээд хэвийн байна гэж оношлоод явсан. Ялтсаа үзэж дуусах үед 11 цаг болж байсан. Ш.Б бид 2 зах дээр байдаг байгуулагын гэрээт цайны газар очиж хоол идэхээр хамт явсан. Тэнд очоод Г, Б, Б нартай таарсан. Тухайн үед манайх цэргийн ангийн 2 дугаар 30 айлд шинэ байранд ороод удаагүй байсан болохоор би шинэ байрандаа аваачиж цай уулгахаар болж бид хамт манайх руу явсан. Тэгэхэд цаг 12:10 болж байсан бөгөөд цайны цаг болж байсан. Гэрт очоод цайлж байхад Г, Б 2 дуудлаганд явсан. Б Б бид 3 үлдээд ёс болгож 1 шил архи задалж тойруулсан. Тэр үед Б Б нар ам зөрж жаахан маргалдсан. 16:00 цагийн үед бид 3 манайхаас гарч гэрийн гадаанаас салж Б бид 2, дулаан хувиарлах 1-р төвийн байранд очиж хувцасаа солихоор явсан. Би ажлын шкафны түлхүүрээ мартсан байсан болохоор хувцасаа сольж чадаагүй. Тэр өдөр ажил тасалсан гээд бүртгэсэн байсан. Тэндээс гараад гэр гэрлүүгээ явцгаасан. Намайг гэртээ хариад унтаж байх үед орой 18:00 цаг өнгөрч  байхад ерөнхий инженер Б , Үйлдвэрчний хорооны дарга Бадамгарав, хяналтын албаны дарга Л - хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженер Эрдэнэчимэг, хангах албаны инженер Ариунболд нар манайд ирж миний зургийг дарж авсан байсан.

            Ингээд миний бие 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өглөө ажилдаа очиход шуурхай дээр Б, Б Г,  Б бид 5-ийг дуудсан. Шуурхай дээр өмнөх өдөр нь юу болсон тухай дарга нар асуухад нь бид болсон процессыг ярьсан. 2018 оны 04 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд би ажлаа хийдгээрээ хэвийн байдлаар хийсэн.

            2018 оны 04 дүгээр сарын 20-ны орой аваар эсэргүүцэх дасгал дээр байж байхад ерөнхий инженер Б  ирж Б, Б бид 3-ын ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа тухай тушаалыг шууд ажилчидын дунд уншиж зарласан. Уг нь бол байгууллагын дотоод журманд зааснаар алба нэгжийн саналыг авч хурлаар оруулж байж ажлаас халах тухай тушаал, шийдвэр гардаг юм. Тушаал унших үед дотоод журманд заасны дагуу албаны дарга Балбан дотроо хэлэлцээд санал авах ажиллагаа хийж байсан байдаг. Гэтэл албаны саналыг огт авч хэлэлцэхгүйгээр шууд л ажлаас халах сахилагын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг гаргасанд гомдолтой байна.

            Миний бие тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямарч алдаа дугтагдал гаргаж байгаагүй, тогтвор суурьшилтай 12 жил ажиллаж ирсэн бөгөөд ажлаасаа халагдаж цалин орлогогүй хүнд байдалд ороод байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд сахилгын шийтгэлийг ноогдуулахдаа сануулах, үндсэн цалинг гурван сар хүртлэх хугацаагаар 20 хувиар бууруулах, ажлаас халах гэж заасан байдаг бөгөөд тус шийтгэлийг ногдуулахдаа ажилтны гаргасан зөрчилд тохирох шийтгэл ногдуулах ёстой байдаг. Миний бие ажлын өдөр гэртээ архи хэрэглэж, тухайн өдрийн буюу 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үдээс хойших ажлын цагийг тасалсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин ажлын байран дээр архи болон согтууруулах ундаа ууж хэрэглэсэн зүйл огт байхгүй юм. Байгууллагын дотоод журамд зааснаар ажлын цагийг тасалсан ажилтанд сануулах болон цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэл ноогдуулахаар заасан байдаг бөгөөд миний гаргасан зөрчил нь ажлаас халах сахилгын шийтгэл  ногдуулах зөрчлийн төрөлд хамаарахгүй юм. Гэтэл ажил олгогчийн зүгээс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” захирлын тушаалд ажлаас халахаас өөр төрлийн сахилагын шийтгэл ногдуулж болох байсан тул тус тушаалыг үндэслэлгүй тушаал гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Байгууллагын Үндсэн хууль болсон Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг үндэслэж зөрчил гаргасан ажилтандаа сахилагын шийтгэл ногдуулхадаа ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргаж иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдаж, Хөдөлмөрийн хуулиар баталгаажсан үндсэн эрхийг хөндсөн шийдвэр гаргасан ажил олгогчид маш их гомдолтой байна.

            Иймд Д  ТӨХК-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай тушаалын А.Б надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Б, Д.Б Ш.Б нарыг ажлаас чөлөөлсөн Д  ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.04.20-ны өдрийн Б/74 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, тус бүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. А.Б, Д.Б Ш.Б нар тус компанид олон жил тогтвор суурьшилтай ажилласан ажилчид байдаг. 2018.04.18-ны өдөр А.Б, Д.Б Ш.Б нар нь өглөө ажилдаа очиж ажлаа хийж байгаад өдөр цайны цагаар Дархан захын ойролцоо гэрээт цайны газартаа цай ууж байсан. Тэгтэл хамт ажилладаг Б гэх залуу нь шинэ байранд орсон гээд байрны найр хийж, тухайн цайны газарт цай ууж байсан ажилчдаа гэртээ урьсан байдаг. Ингээд Д.Б Ш.Б нар нь ажлын цаг дуусаагүй байхад Б гэх ажлын залуугийн гэрт очиж, хоол цай ууж, ганц, хоёр шил архи задалж уусан асуудал үүсдэг. 2018.04.18-ны өдрийн үдээс хойших ажилдаа нэхэмжлэгч А.Б, Д.Б Ш.Б нар очоогүй, ажлаа тасалсан байдаг. А.Б, Д.Б Ш.Б нар нь 2018.04.19-ний өдөр ажил дээрээ очсон. Тус компани ажлынхаа шуурхай хурлыг хийж, А.Б, Д.Б Ш.Б нарыг ажлын цагаар ажлын байранд болон ахуйн байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын байранд согтуу ирсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Ингээд 2018.04.20-ны өдөр А.Б, Д.Б Ш.Б нарыг ажлаас чөлөөлсөн талаарх тушаалыг нийт ажилчдад уншиж сонсгон, А.Б, Д.Б Ш.Б нарт тушаалыг гардуулсан байдаг. А.Б, Д.Б Ш.Б нар нь 2018.04.18-ны өдрийн үдээс өмнө ажилдаа очсон. Ажлын байр болон ахуйн байр нь тухайн ажилчдын ажлын онцлогоос шалтгаалан өөр өөр байдаг. Ахуйн байр гэдэг бол тухайн ажилчны хувцас солих, багаж хэрэгслээ авдаг, ажлаас дуусаад усанд ордог байрыг хэлнэ. Харин ажлын байр нь орон сууцын зоорийн давхар буюу дулааны болон сангийн ажлаа хийдэг байрыг хэлж байгаа. Түүнээс ажлаа таслаад ажлынхаа хүний гэрт очоод согтууруулах ундаа хэрэглэсэн асуудал нь Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна гэсэн асуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Д  ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/74 тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү тушаалын хууль зүйн үндэслэлд “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 12.3.5, 11.4, 11.5, 11.9, Хөдөлмөрийн гэрээний 6.3, 6.10” гэсэн заалтуудыг барьсан байдаг. Ажил олгогчийн зүгээс А.Б, Д.Б Ш.Б нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан “Ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан” гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн гэрээний 131 дүгээр зүйлд “сануулах, үндсэн цалингийн 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах” гэсэн 3 шийтгэлийг ажил олгогч ажилтанд оногдуулж болох талаар зохицуулсан. Хөдөлмөрийн гэрээний 131 дүгээр зүйлийг хэрэглэхийн тулд 131.1-т “ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч эрх олгогдсон албан тушаалтан Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрээр сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан. А.Б, Д.Б Ш.Б нарт сахилгын шийтгэл оногдуулахдаа тухайн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээний зүйл заалтуудыг харж, анхаарах талаар 131-т заасан байгаа. А.Б, Д.Б Ш.Б нар нь ажлын болон ахуйн байранд согтууруулах ундаа хэрэглээгүй, харин ажлаа тасалсан асуудал яригдаж байгаа. Мөн А.Б, Д.Б Ш.Б нарыг ажил дээрээ согтуу ирсэн гэж хариуцагч тал тайлбар гаргаж байгаа. Энэ нөхцөл байдал үүссэн тохиолдолд А.Б, Д.Б Ш.Б нарт ажлаас халах шийтгэл оногдуулахгүйгээр сануулах сахилгын шийтгэл оногдуулсан ёстой байсан. Сахилгын шийтгэлийг хүндрүүлж буюу тухайн байгууллагын дотоод журамд заасан ажлаас үндэслэлгүйгээр халсан гэсэн байр суурьт маргаж нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 11.5-т Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ажилтанд олгох талаар заасан. Ямар нэг ажилтан сахилгын зөрчил гаргасан тохиолдолд Нэгжийн удирдлага бичгээр саналаа Захиргаа удирдлагын хэлтэст, Захиргаа удирдлагын хэлтэс нь тухайн саналыг үндэслэн гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын шийтгэл оногдуулна гэсэн шат дараалалтай үйл ажиллагааг дотоод журамд заасан байдаг. Гэтэл А.Б, Д.Б Ш.Б нарт сахилгын шийтгэл оногдуулахдаа Нэгжийн удирдлага буюу Ашиглалтын албаны дарга БЗахиргаа удирдлагын хэлтэст “Ажлаа тасалсан албан тушаалтнуудад сануулах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна” гэсэн агуулгатай санал өгсөн. Гэвч саналыг өгөх үед А.Б, Д.Б Ш.Б нарыг ажлаас халах тушаал аль хэдийнээ гарсан. Нэгжийн удирдлагын саналыг Б/74 тушаалын үндэслэлд дурдаагүй, дотоод журмаар заасан сахилгын шийтгэл оногдуулах журмыг бүхэлд нь зөрчсөн байгаа юм. Тэгэхээр А.Б, Д.Б Ш.Б нарыг ажлаас халах тушаал нь сахилгын шийтгэл оногдуулах процессыг зөрчсөн. Иймд тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан нөхцөлийг бүрдүүлж байгаа. Ц.Бгэх ашиглалтын албаны дарга буюу тухайн нэгжийн удирдлагаас дээрх 3 албан тушаалтанд сануулах сахилгын шийтгэлийг авах саналыг хүргүүлж байх явцад буюу 2018.04.20-ны өдөр саналыг хүргүүлэхэд хэдийнээ Б/74 тушаал гарсан бүх ажилчдад танилцуулагдаж байсан асуудал нь Хөдөлмөрийн дотоод журмын 11.5-т заасан процессын үйл ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад зөвшөөрөхгүй байгаа үндэслэл тодорхой болох байх. Тухайн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлд сахилгын шийтгэлийн төрлийг заасан бөгөөд тус тусд нь тайлбарлаж өгсөн байдаг. Үүний 12.3-т ажлаас халах үндэслэл бүрдээгүй байсан гэсэн байр суурьтай байх тул А.Б, Д.Б Ш.Б нар зөрчил гаргасан нь үнэн боловч гаргасан шийтгэлд тохирсон шийтгэл оногдуулаагүй. Тийм учраас А.Б, Д.Б Ш.Б нарыг ажлаас халах тухай Б/74 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Д  ТӨХК-ны гүйцэтгэх захирал Д.Гантуул, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батжаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2018.04.18-ны өдөр ажлын цагаар Бын гэрт А.Б, Д.Б Ш.Б нар хамт согтууруулах ундаа хэрэглэсэн нь зөвтгөх үндэслэл байхгүй гэж харж байна. Ажил олгогчийн зүгээс А.Б, Д.Б Ш.Б нартай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Архи уусан үндэслэлийг зөвшөөрөхгүй. Жишээ нь: Ш.Бтай 127/2018 тоот Хөдөлмөрийн хугацаагүй гэрээг 2018.01.12-ны өдөр байгуулсан. Тус гэрээний 6 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг 6.8-т дараах тохиолдлуудыг ноцтой зөрчил гэж үзэж Хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж нэг бүрчлэн зааж өгсөн. Тус гэрээний 6.10-т “Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилтан согтуу буюу хэвийн бус ирсэн, согтууруулах ундаа зарсан бол энэ үйлдлийг ноцтой зөрчил” гэж үзэж Хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасан. 2018.04.18-ны өдрийн 17 цагийн орчим миний бие ажлаасаа гараад явж байхад прүүстэй хүмүүс ирсэн. Д.Б - ээж, ах нь байна гээд хэдэн хүн Д.Борхүүг дагуулан ирсэн байсан. Д.Б - машин дотор, түүний ээж, 2 ахын хамт гарч ирээд уйлсан, Д.Бнь нүүр нүдгүй зодуулсан, цус болсон байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “Намайг Барсаа, Тоогий ах хоёр зодчихлоо, өнөөдөр 14 цагийн орчим Тоогий ахын байрны найранд очсон, тэгээд ууж сууж байгаад Барсаа ах намайг зодсон. Би одоо яах вэ, хаана хандах вэ” гэж надаас асуусан. Би Д.Б - 2 ах, ээжид нь хандан “Цагдаагийн газар яаралтай өргөдөл гаргаж ханд, гэмтлийн зэрэг тогтоолго” гэж шаардлагатай зөвлөгөөг өгсөн. Гэтэл миний үгэнд ороогүй, Д.Б - ээж, ах нар нь Ерөнхий инженертэй чинь уулзъя гээд Ерөнхий инженер Б той уулзсан. Үүний дараа Ерөнхий инженер Б  үүрэг өгч, Хяналтын хэлтсийн дарга Л - хяналтын инженер Д -, ХХАБ-ын инженер нар нь иргэдийн өгсөн мэдээллийн дагуу 3 ажилтанд хяналт хийлгэж, ашиглалтын албаны 1 дүгээр байр буюу А.Б, Д.Б Ш.Б нарын ажлын байранд хяналт, шалгалт явуулсан. Ингээд тухайн өдөр Д.Бээж, ах нарын хамт очсон байсан. Ш.Б А.Б хоёр үдээс хойш ажилдаа ирээгүй. Тэгээд А.Б, Ш.Б нарын гэрээр очиход нэг нь гэртээ согтуу унтаж байсан. Нөгөө нь гэртээ байгаагүй. 2018.04.18-ны өдрийн А.Б, Д.Б Ш.Б нарын ажлын байрны гадаах хяналтын бичлэгийг авсан. Тухайн камерын бичлэгт А.Б, Ш.Б нар 16:40-16:50 цагийн хооронд нилээн согтуу, ар араасаа гуйвсан байдалтай ажил руу хальт ороод ажлын байрнаас гараад явж байсан. 2018.04.18-ны өдрөөс 2018.04.20-ны өдрийн хооронд буюу ажлаас халах тушаал гарахын өмнөх 2 хоногийн хугацаанд Нэгжийн удирдлага болон Ашиглалтын албанаас А.Б, Д.Б Ш.Б нарт ямар хариуцлага тооцох талаарх саналаа Захиргаа удирдлагын хэлтсийн даргад албан ёсоор өгөхгүй удаасан. 2018.04.20-ны өдөр 5 дах өдөр байсан. 5 дахь өдөр бүр манай компанид сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлын сургалт явагддаг. Энэ ажил өнгөрсний дараа Ерөнхий инженерийн зүгээс А.Б, Д.Б Ш.Б нарыг ажлаас халах тушаалыг нийт ажилчнуудад уншиж сонсгосон. Ажлаас халсан тушаалыг уншиж сонсгохын өмнө буюу 16:00 цагт мэдээлэл эхэлсэн. 16:00 цагаас өмнө Нэгжийн удирдлага болон Ашиглалтын албанаас А.Б, Д.Б Ш.Б нарт холбоотой санал өгөхгүй байсан. Харин 17:00 цагийн орчим буюу оройтож саналыг гаргаж өгсөн. Б/74 тоот тушаалыг Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил байсан учраас цуцлах үндэслэл байна гэж үзэж гаргасан. 2018.04.26-ны өдөр А.Б, Д.Б Ш.Б нар нь өөрсдөө бичгээр  “архи уусан нь буруу, дахин ийм асуудал гаргахгүй, арга хэмжээ битгий аваач ээ” гэсэн агуулгатай өргөдөл бичиж, захиралтай уулзсан. Энэхүү өргөдлийг шүүх анхаарч үзэх байх. Хөдөлмөрийн дотоод журмын 11.5-д Сахилгын шийтгэл оногдуулах тухай саналыг Нэгжийн удирдлага гаргаж, бичгийн хэлбэрээр Захиргаа удирдлагын хэлстийн даргад өгнө. Нэгжийн удирдлага, зөрчил илрүүлэгчийн санал, тодрохойлолтыг үндэслэн зөрчил гаргасан ажилтанд тус компаний захирлын тушаалаар сахилгын шийтгэл оногдуулна гэсэн байгаа. Тэгэхээр заавал Ашиглалтын албанаас санал тодорхойлолт хүлээх шаардлагагүй байсан. Өөрөөр хэлбэл Ерөнхий инженер тухай зөрчил илрүүлэгчийн санал буюу Ерөнхий инженер зөрчлийг илрүүлсэн. Үүний дагуу Ерөнхий инженер хяналтыг 3 ажилтнаар хийлгэж, энэ үндэслэлээр А.Б, Д.Б Ш.Б нарыг гүйцэтгэх захирал тушаал гаргаж ажлаас халсан. Тийм учраас Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах процессын алдаа гаргаагүй гэж үзэж байна. 2018.04.19-ний өдрийн 08:00 цагт шуурхай хурлаар орохын өмнө архи согтуурлыг хэмжих багажаар А.Б, Д.Б Ш.Б нарын согтолтын зэргийг үзэхэд А.Б 0,20 хувийн согтолттой, Ш.Б 1,05 хувийн согтолттой байсан. Д.Б - согтолтын зэргийг 2018.04.18-ны өдөр үзэхэд 1,29 хувийн согтолттой гарсан. А.Бын гэрт 18:00-19:00 цагийн үед очиход түүний эхнэр хаалгыг тайлсан. А.Б гэртээ согтуу, хүнтэй харилцах чадваргүй унтаж байсан. Ш.Б гэртээ хариагүй байсан. Ашиглалтын албаны 2018 оны 1,2,3,4 дүгээр сарын үр дүнгийн шагналыг хэлэлцэх хурлын тэмдэглэлийн 2018.02.02-ны өдрийн хурлын тэмдэглэлээс дурдахад “А.Б нь ажлын бус цагаар хэвийн бус байсан тул шагналт цалин 100 хувь хасаж тооцсон”, 2018.04.03-ны өдрийн хурлын тэмдэглэлд “гагнуурчин Д.Б үүрэг биелүүлээгүй, хэвийн бус байсан тул шагналт цалин 50 хувь хассан”, 2017.10.03-ны өдрийн хурлын тэмдэглэлд Ш.Б Д.Бнарын шагналт цалинг цаг ашиглалт хангалтгүй үндэслэлээр хассан гэх мэтчилэн А.Б, Д.Б Ш.Б нар нь сүүлийн хэдэн сарын хугацааны хурлын тэмдэглэлээс харахад сар бүр цалингаас хасуулдаг, ажилдаа хэвийн бус ирсэн байсан, сарын үр дүнгээ нойллуулдаг зэрэг арга хэмжээ авагдсан байна. Зургаас А.Б, Д.Б Ш.Б нарын зүс царайг харах байх. Ажлаас халах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг барьсан. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох, хөдөлмөрийн харилцааг тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална гэсэн заалттай байдаг. Энэ заалтыг үндэслэн А.Б, Д.Б Ш.Б нарыг гаргасан зөрчилд нь ногдох сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан. А.Б, Д.Б Ш.Б нарыг ажлаас халсан нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б Ш.Б, А.Б нар нь хариуцагч Д  ТӨХК-д холбогдуулан Д ТӨХК-ны захирлын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг хүссэн гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Д.Б - хариуцагч Д  ТӨХК-д гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 135/2018/00650/и индексийн дугаартай иргэний хэрэг үүсгэсэн, нэхэмжлэгч Ш.Бын хариуцагч Д  ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч 135/2018/00651/и индексийн дугаартай хэрэг үүсгэсэн, нэхэмжлэгч А.Б-ын хариуцагч Д  ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч 135/2018/00653/и индексийн дугаартай хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 3064 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, хэрэг нэгтгэх тухай шүүгчийн захирамжаар хангаж хэргийг нэгтгэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь Д  ХК-ийн захирлын 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаартай тушаалаар дулааны оруулга, шугам хоолойн 2-р зэргийн слесариар, нэхэмжлэгч А.Б нь 2006 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаартай тушаалаар Дулаан хангах албанд дулааны оруулга, шугам хоолойн слесарийн 3-р зэрэгтэйгээр, нэхэмжлэгч Ш.Б нь 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 170 дугаартай тушаалаар дулааны оруулга, шугам хоолойн слесариар тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад хариуцагч Д  ТӨХК-ны 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай тушаалаар тус тус ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

Тушаалын үндэслэлд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дэх заалт, 133/2017, 138/2018, 127/2018 тоот хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3, 6.10 дахь заалт, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 12.3.5, 11.4, 11.5, 11.9 дэх заалт, Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн тодорхойлолтыг үндэслэн Дулааны оруулгын слесарь А.Б, гагнуурчин Д.Б Ш.Б нар нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ажлын цагаар архи ууж танхайран зодоон үүсгэж хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул А.Бтой байгуулсан 127/2018 тоот, Д.Борхүүтэй байгуулсан 138/2018 тоот, Ш.Бтай байгуулсан 127/2018 тоот хөдөлмөрийн гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс тасалбар болгон цуцалж, ажлаас халах шийтгэл ногдуулжээ.

 

Хариуцагч Д.Б А.Б, Ш.Б нар нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр архи уусан нь үнэн гэхдээ байгууллагын дотоод журманд зааснаар ажилдаа согтуу ирсэн бол сануулах арга хэмжээ авахаар заасан байдаг, мөн алба нэгжийн саналыг авч хурлаар оруулж байж ажлаас халах тухай тушаал, шийдвэр гардаг юм. Тушаал унших үед дотоод журманд заасны дагуу албаны дарга Балбан дотроо хэлэлцээд санал авах ажиллагаа хийж байсан байдаг. Гэтэл албаны саналыг огт авч хэлэлцэхгүйгээр шууд л ажлаас халах сахилагын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг гаргасанд гомдолтой байна гэж маргаж нотлох баримтаар Ашиглалтын албаны инженер М.А-ын тодорхойлолт ирүүлж, гэрчээр М.А-ыг асуулгасан бөгөөд гэрч нь ...тухайн хүмүүсийн үйлдэл нь дотоод журмын заалтад зааснаар сануулах арга хэмжээ авах, ажлаас халах үндэслэлгүй гэж тодорхойлолт захиргаанд гаргаж өгсөн. Нэгжийн саналаа гаргаж өгөхөд захиргаа халах тушаалаа гаргачихсан байсан гэсэн мэдүүлэг өгчээ.

 

Дулааны сүлжээ ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 12.1.8-д Ажилдаа согтуу ирсэн бол сануулах шийтгэл ногдуулахаар, 11.5-д Сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг нэгжийн удирдлага гаргаж бичгэн хэлбэрээр захиргаа удирдлагын хэлтсийн даргад өгнө. Нэгжийн удирдлага, зөрчил илрүүлэгчийн санал, тодорхойлолтыг үндэслэн зөрчил гаргасан ажилтанд гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахаар тусгажээ.

 

Нэхэмжлэгч Д.Б А.Б, Ш.Б нар нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр архи ууж согтуурсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын Д  ТӨХК-д бичгээр гаргасан тайлбар, Ашиглалтын албаны инженер техникийн ажилчдын хурлын тэмдэглэл, Дотоод хяналт, монитерингийн хэлтсийн даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд дараах тохиолдлыг ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн гэрээг шууд цуцалахаар нэхэмжлэгч Д.Б-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.10-д Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн бол, нэхэмжлэгч А.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3-д Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн бол, Ш.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.10-д Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн бол ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар байгуулжээ.

 

Хэдийгээр байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд ажилдаа согтуу ирсэн бол сануулах шийтгэл ногдуулахаар тусгасан боловч ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гэдэгт ямар зөрчлийг тооцох талаар харилцан тохиролцож байгуулсан  байх бөгөөд дээрхи зөрчлийг гаргасан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсныг үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн нь дээрх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нотлох баримтаар хариуцагч Д  ТӨХК-аас 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ашиглалтын алба буюу нэгжийн удирдлагаас Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Алтанцэцэгт өгсөн санал дүгнэлт, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ДДС ТӨХК-ийн цагийн бүртгэлийн журналыг эх хувиар нь гаргуулах, ажлын байр ахуйн байрны талаарх тодорхойлолтыг гаргуулах хүсэлтээсээ татгалзсаныг, хариуцагчийн нотлох баримтаар ирүүлсэн цалин тавьж олгох хүснэгтүүд, Ашиглалтын албаны ажилтнуудад 2017 оны 9 дүгээр сарын ажлын үр дүнгээр олгох шагналт цалин хэлэлцсэн хурлын тэмдэглэлүүд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Б А.Б, Ш.Б, хариуцагч Д  ТӨХК нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон байх бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэлийн дагуу өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Р.Батжаргал нар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б А.Б, Ш.Б нарын хариуцагч Дархан-Уул аймгийн Д  ТӨХК-д холбогдуулан гаргасан Д ТӨХК-ны захирлын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/74 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНТУЯА