Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2022/00034

 

 Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Баян-Өлгий аймгийн С сумын ... дүгээр багт оршин суух, Ж овогт Ш А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн А сумын ... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, А.Ц-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, А.С, хариуцагч А.Ц И.А хариуцагчийн өмгөөлөгч өмгөөлөгч К.З, гэрч А.Б, гэрч М.А, гэрч Х.А, гэрч Б.Ж, гэрч Х.А,  гэрч М.Н, гэрч  А.Х, гэрч  Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б.А-ийн2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №Б/24 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн арга зүйчийн орон тоонд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Улсын багийн Их сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг 2003 онд “Бага ангийн сурган, сэтгэл судлал” мэргэжлээр 2018 онд Сэрүүлэг их сургуулийг “Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлээр тус тус төгссөн. Б.А-ийн2007 оны 11 дүгээр сарын Ү4-ний өдрийн №01 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар тус цэцэрлэгийн бүлгийн багшаар томилогдон ажилласан ба үндсэн болон туслах багшаар ажиллах хугацаандаа хуримтлуулсан туршлагыг үндэслэн тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилон, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалаар цэцэрлэгийн туслах багшийн ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс эхлэн арга зүйчээр томилогдсон юм. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл арга зүйчээр ажиллаж байхад туршилтын хугацаа дууссан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн А.Шийн эрхлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б\24 дугаар тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, ажил олгогч намайг арга зүйчээр түр томилон тус ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, ажилтан миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна. Тухайлбал, Тус цэцэрлэгийн эрхлэгчээс арга зүйчээр түр томилсон тушаал гаргахдаа намайг туслах багшийн ажлаас бүрэн чөлөөлсөн бөгөөд арга зүйчээр ажиллуулахын тулд туршилтын хугацаа тогтоосон болно. Энэ нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №27 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилон, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалын хууль зүйн үндэслэлээр тодорхой тогтоогдоно. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д зааснаар “...шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар”, 231.1-д заасан ”ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно” гэсэн заалтын тус тус баримталсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтаар ажил олгогч нь туршилтын хугацаа заах эрхтэй боловч туршилтын хугацааг талууд хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тодорхой тохирсон байх. Ингэхдээ туршилтын хугацаа нь 3 сар хүртэл байх, хэрэв туршилтын хугацааны талаар талууд тохиролцоогүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 231.2, 231.3-д тус тус зохицуулсан. 2019 онд намайг арга зүйчээр түр томилохдоо Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын үед Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирэх үеэр хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаагаар нөхөн байгуулж, гарын үсэг зуруулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг хувийг надад өгөөгүй тэр гэрээнд юу бичсэнийг би уншаагүй болно. Мөн миний бие арга зүйчээр томилогдох үед өмнө нь ажиллаж байсан арга зүй нь ажлаас чөлөөлөгдсөн, уг орон тоо сул орон тоо байсан. Арга зүйчээр туршилтын хугацаагаар түр томилсон болохоос миний ажиллаж байсан орон тоо нь байнгын орон тоо байсан, үүнийг ажил олгогч өөрөө нотолж, арга зүйчээр томилсон тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг баримталсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 231.2, 231.3, 24 дүгээр зүйлд зааснаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан туршилтын хугацаа дууссан тул туршилтын хугацаагүйгээр арга зүйчийн албан тушаалд томилогдох ёстой байсан. Гэтэл 2 жилийн дараа ажил олгогчоос туршилтын хугацаа дууссан үндэслэлээр арга зүйчийн ажлаас чөлөөлж, туслах багшийн ажилд томилохдоо намайг оролцуулахгүйгээр хэд хэдэн багш нарыг оролцуулан хурал хийж, хурал дууссаны дараа гарын үсэг зуруулахыг шаардсан боловч миний бие уг хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй. Миний бие 2 жилээр арга зүйчээр ажиллах хугацаанд удаа дараа ирсэн хяналт шалгалтаар ажлын дутагдал гаргаж байгаагүй. 2007 оноос хойш цэцэрлэгийн үндсэн багш, туслах багшаар ажиллаж байсан ажлын туршлагатай, уг туршлагыг ч харгалзан арга зүйчээр дэвшүүлэн ажиллуулсан бөгөөд Хүүхдийн цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг бүрэн хангасан. Би тус цэцэрлэгт тасралтгүй 14 жил хөдөлмөрлөсөн бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанар сайтай гүйцэтгэж ирлээ. Үүнийг манай хамт олон тодорхой мэдэж байгаа. Би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй бөгөөд арга зүйчийн ажлаас маань гэнэт өөрчилсөнд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 32.5 дугаар зүйлд заасан “ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх тухай заалт намайг арга зүйчээс туслах багшийн ажилд шилжүүлсэн үндэслэл алга юм. Түүний нөгөө талаар миний арга зүйч багшаар ажиллаж байхад ажиллаж байсан ажлын ачаалал туслах багшийн ажлын ачааллаас бага, үүнээс үзэхэд миний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байгаагийн дээр туслах багшийн сарын үндсэн цалин 574000 төгрөг, арга зүйчийн үндсэн цалин 734000 төгрөг бөгөөд миний цалин дутуу 165000 төгрөгөөр хохирч байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан туршилтын хугацаа нь тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд ажилтанд дадлага, туршлага хуримтлуулах зорилгоор тодорхой хугацаатай ажиллуулах, энэ хугацаа нь 3 сараас хэтрэхгүй байх, туршилтын хугацаанд ажилтан тухайн ажлыг гүйцэтгэх ур чадварыг эзэмшээгүй бол цаашид үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзах эрхийг ажил олгогчид олгосон болохоос ажилтны эрх ашгийг зөрчиж 2 жилийн хугацаанд туршилтын хугацаагаар ажиллуулах эрхийг Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид олгоогүй болно. А.Шийн эрхлэгч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тушаалын нэг хувийг ажилтанд өгөх үүргийг биелүүлдэггүй, “Хөдөлмөрийн дотоод журам”-тай танилцуулдаггүй, бүх тушаал хөдөлмөрийн гэрээг нэг л хувь гаргаад өөртөө хадгалдаг тул заримдаа тухайн албан тушаалд жинхлэн, түр томилогдсон эсэхийг ажилтнууд мэддэггүй зэрэг зөрчил гаргадаг. Энэ удаа ч гэсэн намайг арга зүйчийн ажлаас чөлөөлж, туслах багшийн ажилд томилсон тушаалын эх хувийг гардуулж өгөөгүй бөгөөд хуулбарыг авч, шүүхэд хандаж байна. Ажил олгогч намайг арга зүйчээр түр томилох тушаал гаргахдаа туслах багшийн үүрэг ажлаас бүрэн чөлөөлсөн болохыг одоо хүртэл ойлгоогүй байх шиг байна. Би туслах багшийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, туршилтын хугацаагаар арга зүйчээр ажиллаж байгаа тул арга зүйчийн ажлаас чөлөөлөхөөр бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн алт нэг заалтыг заавал баримтлах ёстой. Иймд дээрх үндэслэлээр  Б.А-ийн2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №Б\25 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Ш-ийнэрхлэгч И.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 1.1 А.Шийн арга зүйчээр ажиллаж байсан Х.Айнур нь өөрийн хүсэлтээр өөр албан тушаалд шилжсэнтэй холбогдуулан А.Шийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилон, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах тухай” №27 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Ш.Алтангүлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр “Туршилтын хугацаа тогтоож” тус А.Ш-т арга зүйч гэх албан тушаалд “туршилтын хугацаагаар хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, түр томилон ажиллуулсан болно. Нэхэмжлэгч Ш.Алтангүлийг тус цэцэрлэгийн арга зүйч орон тоонд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 231.2 дахь заалтад нийцүүлэн туршилтын хугацааны үргэлжлэлийг 3 сарын хугацаа тогтоож, ажилтантай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №08 тоот Хөдөлмөрийн гэрээний 1.18 дахь заалтаар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тооцож, туршилтын хугацааг ажлын тасралтгүй 3 сараар тогтоосон, мөн гэрээний 1.19 дэх заалтаар туршилтын хугацаанд ажил үүргийг зохих түвшинд гүйцэтгэвэл ажлын үр дүнг харгалзан тухайн албан тушаалд томилох, эсхүл хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг талууд гэрээгээр тохирсон юм. Гэтэл дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахал халдварт өвчний улмаас Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хаагдаж, эрх бүхий байгууллагын шийдвэр ёсоор цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсоосон тул нэхэмжлэгч Ш.Ад тогтоосон туршилтын хугацаа бүрэн хичээлийн жилээр (2020 оны 03 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 01-ний хүртэл) тасалдаж туршилтын хугацааг тоолох Ш.Аийг туршилтын хугацаанд ажиллуулж, тогтоосон 3 сарын хугацааг тооцож, ажлын үр дүнг дүгнэх боломжгүй байдал бий болсон юм. Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон, танхимын сургалтыг хойшлуулж байсан талаарх БШУС-ын 2020 оны А/43, А/186 дугаартай тушаалуудыг хавсаргав. Энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанаар цэцэрлэгийн үйл ажиллагаа, танхимын сургалт түр зогсож цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахгүйгээс болж Ш.Аийн гэрээнд заасан туршилтын хугацаа 2021 оны 10 дугаар сарын 18-нд дуусгавар болж, ажлын үр дүнгээр туршилтын хугацаа арга зүйчийн ажлын байрны чиг үүргийг хангалттай гүйцэтгэж чадаагүй цааш нь тухайн албан тушаалыг эрхлэн чадвар, чадамж, мэдлэг боловсролын түвшин хангалтгүй гэж үзээд А.Шийн эрхлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/24 тоот тушаалаар Ш.Аийг арга зүйч гэх албан тушаалд түр томилон ажиллуулсныг цуцалж өөрийн урьд ажиллаж байсан өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу тэнцэж ажиллах боломжтой туслах багш гэх албан тушаалд шилжүүлэн томилсон болно.

1.2 Ш.Аийг тус 11 дүгээр цэцэрлэгийн арга зүйчээр туршилтын хугацаагаар томилон ажиллуулсан хугацаанд тусгайлан шалгуур үзүүлэлтээр ажлын үр дүнг шалгаж дүгнэсэн бөгөөд Дотоод хяналт шалгалтын багийн үнэлгээгээр хангалтгүй дүн үзүүлсэн учраас арга зүйчийн ажлын байранд тавих шаардлагыг Ш.А нь туршилтын хугацаагаар ажилласан хугацаанд зохих түвшинд гүйцэтгээгүй гэж үзээд гэрээг цуцалж, өмнөх ажилд нь шилжүүлэн томилсон болно.

1.3 Ш.Аийн энэ удаагийн арга зүйчийн албан тушаалд эгүүлэн томилох тухай гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан шүүхийн шийдвэрлэх маргаан биш гэж үзэж байна. Ш.Аийг Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1-д зааснаар туршилтын хугацааг тогтоож, тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгасан бөгөөд нэгэнт туршилтын хугацаанд арга зүйчийн албан тушаалын чиг үүргийг гүйцэтгэж чадаагүй болох нь Дотоод хяналтын багийг ажлын үнэлгээ, ажил олгогч талаас тодорхой шалгуураар ажлыг дүгнэсэн дүгнэлт зэргээр Ш.А нь туршилтын хугацаанд арга зүйчийн ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн тул цааш нь гэрээг сунгахаас татгалзсан болно. Туршилтын хугацаа тогтоох, туршилтын хугацаагаар томилох, туршилтын  хугацаанд ажлыг дүгнэх, гэрээг цуцлах эрх нь ажил олгогчийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.18-1.22 дахь заалтуудаар зохицуулсан байгаа. Тухайн гэрээг үндэслэн Ш.Аийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан тул ажил олгогч хууль зөрчөөгүй болно. (2021 оны 1, 2, 3-р улирлын ажлыг дүгнэсэн Дотоод хяналтын багийн үнэлгээг хавсаргав. Ш.Аөөрөө үнэлгээг зөвшөөрч гарын үсэг зурсан байна.)

1.4 Ш.Аийн арга зүйчээр туршилтын хугацаанд ажилласан байдлыг бүх багш, туслах багш нарын хамтарсан хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлсэн ба дүнгийн хурлаар ажлыг дүгнэсэн байгаа юм. Тус хуралдаанд оролцсон багш Х.Б, Х.А, Х.АА, Р.Х, Р.Л, М.Н, нарын олонхын саналаар Ш.А нь туршилтын хугацаанд арга зүйчийн ажлын байрны шаардлагыг хангаж ажиллаагүй болохыг нотолж, өөрт нотолгоотойгоор шүүмжилж ярьсан ба олонхын саналаар арга зүйч А-ийг туршилтын хугацаанд арга зүйчээр ажиллах боломжгүй, тухайн ажилд мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй хэмээн дүгнэж, урьд ажиллаж байсан туслах багш гэх албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн болно. Ш.А хурал дуусаагүй байхад хэрүүл маргаан гаргаж, ёс зүй зөрчиж гараад явсан гарын үсэг зураагүй. (2021.10.18-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хавсаргав).

1.5 Ш.А нь  эрхэлж туршилтын хугацаагаар томилогдсон арга зүйчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээний нэг хувийг аваагүй гэж мэлзэж байгаа боловч ажилтан Ш.А нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тухайн ажлын байранд ажиллах туршилтын хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №08 тоот хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний сунгалт хийж үйл ажиллагаа хэвийн явуулах хүртэл гэж тусгагдсан. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээр батлагдаж байгаа.

1.6 Ш.А нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №27 дугаар тушаалаар томилогдож, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №08 тоот хөдөлмөрийн гэрээгээр арга зүйч албан тушаалд туршилтын хугацаагаар ажилласан боловч Ковид-19 цар тахлын улмаас цэцэрлэгийн үйл ажиллагаа эрх бүхий байгууллагын шийдвэрээр зогссон тул биечлэн 3 сар ажилласан тооцох цагийг балансаар гарч байна. Иймд Ш.Аийг тасралтгүй 2 жил тус цэцэрлэгт арга зүйчээр ажилласан гэж үзэх боломжгүй.

1.7 Ш.Аийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах шаардлага байхгүй болно. Ш.Аийг туршилтын хугацаагаар түр томилж, туршилтын хугацаанд уг алан тушаалд мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн гэрээг сунгахаас татгалзсан болно.

1.8 Ш.А нь А.Ш-т 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №30 тоот Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, туслах багш ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ нь Ш.А нь туслах багшаар томилогдон ажиллахыг зөвшөөрсөн явдал болно. Иймд Ш.Аийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.    

Нэхэмжлэгч Ш.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Миний бие өөрийн зөрчигдсөн эрх, эрх ашгаа хамгаалах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Миний бие 2002 онд Багшийн Их сургуулийг багш мэргэжлээр, 2017 онд сургуулийн өмнөх боловсролын багшаар тус тус төгссөн. Мөн А.Ш-т одоогийн байдлаар 15 жилийн хугацаанд туслах багш, багш, арга зүйч зэрэг албан тушаалуудад ажилласан. 15 жилийн хугацаанд ажиллах хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Харин сүүлийн хоёр жилд тус цэцэрлэгийн арга зүйчээр ажилласан хугацаанд цэцэрлэгийн эрхлэгч намайг ажиллах орчин, боломж, бололцоогоор хангаж өгөөгүй. Цэцэрлэгийн удирдлага, эрхлэгчийн зүгээс миний ажиллах боломж, бололцоогоор хангаж өгөөгүй явдалд их гомдолтой байна. Наад заахын жишээ хэлэхэд би ажлаа хэвийн явуулах ажлын өрөө, сандал, ширээ, компьютер зэрэг зүйлүүд бүгд надад байхгүй. Мөн намайг нийт ажилчдын хуралд бас оруулахгүй байгаа. Миний ажиллаж буй ажил бол багш нартай хамтран, мөр зэрэгцээд ажиллах ажил байтал намайг багш нартай хамт ажиллуулаагүй. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хамт олны хурал хүртэл намайг оролцуулдаггүй байтал тэр өдрийн хуралд намайг оролцуулсан. Гэтэл тухайн хуралдаанд эрхлэгч болон багш нар намайг шүүмжилж эхэлж, миний тухай хэлэлцэж эхлэхэд би гараад явсан. Тэгтэл тэр өдөр намайг арга зүйчийн ажлаас чөлөөлж, туслах багшийн ажилд томилсон байна. Иймд шүүхээс Б.А-ийн2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан арга зүйчийн орон тоонд эргүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч А.Ш-ийнэрхлэгч И.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус цэцэрлэгийн арга зүйчийн орон тоонд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, туршилтын хугацаатай Ш.Аийг тус албан тушаалд томилсон. Тухайн үед арга зүйчээр ажиллаж байсан Х.А-ийн хүсэлтээр тус цэцэрлэгийн туслах багшийн ажилд шилжиж арга зүйчийн орон тоо суларсан. Тухайн оронд тоонд нь нэхэмжлэгч Ш.Аийг туршилтын хугацаагаар  2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 27 дугаартай томилсон нь үнэн. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хамт олны хуралдаанаар сургалтын чанар, багш нарын чадвар, хүүхдийн хөгжлийн зэрэг сэдвүүдээр хэлэлцсэн. Уг гурван асуудал нь арга зүйчтэй холбоотой буюу арга зүйчийн ажлын байрны тодорхойлолтод байдаг асуудлууд. Нэхэмжлэгч Ш.Атэй арга зүйчийн ажлын байранд ажиллах тухай хөдөлмөрийн гэрээ байгуулахад хийх ажил, үүргийг нь хөдөлмөрийн гэрээнд тусгасан байсан. Гэтэл нэхэмжлэгч маань хөдөлмөрийн гэрээнд тусгасан ажил, үүргийг гүйцэтгээгүй тул 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж арга зүйчийн ажлыг нь тасалбар болгож, хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүйгээр цуцалж, туслах багшийн ажилд нь эргүүлэн тогтоосон байдаг. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хамт олны хуралдаанаар багш, ажилчид арга зүйчийн ажлыг гүйцэтгэж байгаа Ш.Аийг ажлаа зохих журмын дагаа гүйцэтгэж чадахгүй байгаа тул солих, чөлөөлөх тухай саналыг гаргасан. Цаашид өөр чадвартай, мундаг арга зүйчтэй хамтран ажиллах тухай саналыг багш ажилчид гаргасан учраас нэхэмжлэгчтэй байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахаас татгалзсан байдаг. Мөн хөдөлмөрийн дотоод журамд ажлын үнэлгээ нь 60 онооноос бага хүнийг албан тушаалаас бууруулах мөн сануулах арга хэмжээ авах тухай зохицуулсан байдаг. Бид үр дүнгийн урамшуулал олгоход бүх багш, ажилчдад өөрийн үнэлгээ гэх хуудсыг явуулдаг. Тухайн өөрийн үнэлгээний хуудсанд Ш.А өөрөө хүлээн зөвшөөрч, өөрөө 61 оноог тавьсан байдаг. Тухайн өөрийн үнэлгээний хуудсанд шалгуур үзүүлэлт байдаг ба үүнийг ажилтан өөрөө бөгөлдөг. Үүнийг Ш.А өөрөө бөглөж, өөртөө 61 оноо тавьж өгсөн байдаг. Харин хөндлөнгийн үнэлгээг дотоод хяналтын гишүүдтэй хамт би өөрөө гаргалцсан байдаг. Ш.А нь арга зүйчийн ажлын шалгуурт тэнцэхгүй болох нь нэгэнт тодорхой болсон учраас хөдөлмөрийн гэрээг цааш нь сунгахаас татгалзсан. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлээд нэхэмжлэгчтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сараас эхлээд Ковид-19 халдварт өвчнөөс болж бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа 2020 оны 9 дүгээр сар хүртэл бүрэн явагдаагүй ба 2020 оны 9 дүгээр сараас эхлээд 1 сарын хугацаанд ажиллаад дахиад цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон. Үүний дараа 2021 оны 3 дугаар сард нэг сарын хугацаанд л ажилласан. Харин 2021 оны 9 дүгээр сараас эхлээд одоо хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Мөн нэхэмжлэгчийн өөрийн хэлсэнчлэн 2007 онд тус цэцэрлэгт багшийн албан тушаалд ажилласан боловч 2011 онд туслах багшийн албан тушаалд бууруулан томилсон. Энэ нь нэхэмжлэгч Ш.А нь тус албан тушаалд тэнцэхгүй гэдгийг харуулж байна. Мөн хамгийн сүүлд гэрээ байгуулахад туршилтын хугацаагаар тус албан тушаалд ажиллуулах тухай гэрээ байгуулсан шалтгаан нь өмнө багшийн ажилд тэнцэхгүй байсан байдлыг харгалзан байдаг. Мөн арга зүйчид өөрөө тасалгаа байхгүй талаар тайлбарлахад манай цэцэрлэгийн объект нэг давхар, талбайн хувьд жижигхэн, стандарт шаардлага хангахгүй цэцэрлэг. Дуу хөгжим, нярав, ня-бо, арга зүйч нарт суух тусдаа өрөө байхгүй. Одоогийн байдлаар би өөрийнхөө өрөөнд нярав болон ня-бо нартай хамт сууж байгаа. Урьд ажиллаж байсан арга зүйч мөн адилхан тусдаа өрөөнд сууж байгаагүй. Харин арга зүйчийн хэрэглэх бусад материалыг би хангаж өгсөн. Мөн нэмж хэлэхэд би эрхлэгч хийхээс өмнө Өлгий сумын 10 дугаар цэцэрлэгт 10 жилийн хугацаанд арга зүйчээр ажиллаж байсан. Тиймээс Ш.Аийг арга зүйчийн албан тушаалд анх томилогдоход сургалтын хөтөлбөр болон арга зүйчийн боловсруулах ёстой албан бичиг, хавтас, бүртгэлүүдийг нь удаа боловсруулан өгч байсан. Үүний дараа ч Ш.Ад удаа дараа тусалж, зөвлөгөө өгч, зөвлөж байсан. Гэтэл нэхэмжлэгч маань арга зүйчийн уг ажлыг цааш нь авч яваад ажиллах хүн биш учраас багш нарын саналыг харгалзан арга зүйчийн ажлаас нь чөлөөлж, өмнө ажиллаж байсан туслах багшийн ажилд нь шилжүүлсэн. Мөн туслах багшаар ажиллах үед 30 дугаартай хөдөлмөрийн гэрээг би нэхэмжлэгчид өгч, танилцуулсны дараа бид тухайн гэрээг байгуулсан байдаг. Тус хөдөлмөрийн гэрээг байгуулаад хэдэн хоногийн дараа тус хөдөлмөрийн гэрээнээс татгалзан, цуцлан хэмээн маргасан байдаг. Тэгэхэд нь уг хөдөлмөрийн гэрээг ажил олгогч талаас цуцлахгүй, чи хөдөлмөрийн гэрээтэй танилцсаны үндсэн дээр гарын үсэг зурсан учраас уг хөдөлмөрийн гэрээг миний зүгээс цуцлах боломжгүй гэдгийг хэлсэн. Мөн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээнд засвар орсон байдалтай байсан. Харин би энэ хүнд хөдөлмөрийн гэрээг өгөхөд ямар нэгэн засваргүй өгч байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.А 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр А.Ш-ийнтуслах багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөж, тус цэцэрлэгийн арга зүйчээр түр томилогдон хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хариуцагч Б.А-ийн2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №27 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал болон 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”, НДД№А0141843 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А.Ш-ийнбагш ажилчдын “Хурлын протокол” зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ш.А, хариуцагч А.Ш-ийн эрхлэгч И.А нарын хооронд харилцан тохиролцож байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний эрхлэх ажил, албан тушаал гэдэгт: арга зүйч; 1.17-д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа гэдэгт: туршилтын хугацаагаар, хугацаатай гэрээ; 1.18-д туршилтын хугацаа тооцох гэдэгт: туршилтын хугацааг Хөдөлмөрийн гэрээ байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж, тасралтгүй 3 сар тухайн ажлын байранд туршилтын хугацаагаар ажиллахаар тус тус заасан байна.

Энэхүү нэхэмжлэгч (ажилтан) болон хариуцагч (ажил олгогч) нар туршилтын хугацааг 3 сараар тохирсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д заасан “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно”, 231.2-д заасан “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна” гэсэн хуулийн зүйл заалттай нийцэж байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7–д зааснаар №08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” нь талууд гарын үсэг зурсан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон ба энэхүү гэрээний 1.18-д зааснаар нэхэмжлэгч Ш.А арга зүйчээр 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тасралтгүй 3 сар туршилтын хугацаагаар ажиллах ёстой байсан.

Гэтэл нэхэмжлэгч Ш.А-ийн арга зүйчээр ажиллах туршилтын хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тасралтгүй 3 сар байх ёстой боловч дэлхийн улс орнуудад тархаж буй коронавируст халдварын (covid-19)-ын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Баян-Өлгий аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хориглох арга хэмжээ авснаар цэцэрлэгийн үйл ажиллагаа 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс  эхлэн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мөн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр  сарын 01-ний өдөр хүртэл түр зогсоосон болох нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн А/17 дугаартай “Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хязгаарлах тухай” захирамж, мөн Монгол Улсын Боловсролын соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/43 дугаартай “Шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах тухай” тушаал, мөн Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны сайдын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/186 дугаартай “Хугацаа хойшлуулах тухай” тушаал, мөн Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/58 дугаартай “Түр журам батлах тухай” тушаал, мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/404 дугаартай “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” захирамж, мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 3 дүгээр сарын 30-ны өдрийн А/216 дугаартай “Ажлын тусгай горимд шилжүүлэх хугацааг сунгах, зарим төрлийн үйл ажиллагааг хориглох, цагийн хязгаар тогтоох тухай” захирамж, мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/284 дугаартай “Ажлын тусгай горимд шилжүүлэх хугацааг сунгах, зарим төрлийн үйл ажиллагааг хориглох, цагийн хязгаар тогтоох тухай” захирамж, мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/406 дугаартай “Ажлын тусгай горимд шилжүүлэх хугацааг сунгах, зарим төрлийн үйл ажиллагааг хориглох, цагийн хязгаар тогтоох тухай” захирамж, мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/404 дугаартай “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тухай” захирамжаар тус тус нотлогдож байна.

Талуудын байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний 1.20-д ажилтан болон ажил олгогчоос үл хамаарах шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгээгүй, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон, ээлжийн амралт эдэлсэн, өвчтэй байсан, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар ажиллаагүй хугацаанд “туршилтын хугацааг тасарсанд тооцож, тухайн ажил үүргээ гүйцэтгээгүй хугацаагаар туршилтын хугацаа сунгагдсанаар тооцно” гэж заасан байна.

Иймд ажилтан болон ажил олгогчоос үл хамаарах шалтгаанаар цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор нэхэмжлэгч Ш.А-ийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс арга зүйчээр ажиллах туршилтын 3 сарын хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мөн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр  сарын 01-ний өдөр хүртэл тус тус тасарсан тул 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-г 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгаж талууд гарын үсэг зурсан байна.

Дээрх Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаал болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжуудаар хүүхдийн цэцэрлэг хэвийн танхимын зохион байгуулалттай ажилласантай холбоотойгоор нэхэмжлэгч (ажилтан) Ш.А-ийн арга зүйчээр ажилласан туршилтын 3 сарын хугацааг тоолоход 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл  02 сар 21 хоног байна.

Нэхэмжлэгч А.Шийн арга зүйч Ш.А-ийг туршилтын хугацаа дууссан учир үүрэгт ажлаас нь чөлөөлж 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн туслах багшаар томилсон хариуцагч А.Ш-ийн эрхлэгч И.Аийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №Б/24 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал нь үндэслэлтэй хууль зөрчөөгүй болох нь доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

1)Талуудын байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний 1.19-д “арга зүйчийн ажлын байранд тасралтгүй 3 сар ажилласан 3 сарын ажлын үр дүн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэсэн байдлыг зохих шалгуураар дүгнэж, багш ажилчдын саналыг харгалзан, хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсвэл сунгах асуудлыг ажил олгогчийн санаачилгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Нэхэмжлэгч Ш.А нь арга зүйчээр ажилласан туршилтын хугацаанд “Хүүхдийн цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт”-д заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, багш нарын гаргасан хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд арга зүйн зөвлөгөө өгч байгаагүй, сургалтын чанарыг сайжруулахад багш нарт зааж, зөвлөж чадаагүй тул өөр чадвартай арга зүйч хэрэгтэй гэж санал гаргаж байсан нь шүүхэд гэрчээр оролцсон Х.Б, Р.Х, Х.АА, М.Н, Х.А, Б.Ж, А.Х, Б.С нарын гэрчийн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хурлын протокол”-оор тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ш.А нь арга зүйчээр ажиллах хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэсэн тухайгаа болон багш нарт арга зүйн зөвлөгөө өгч байсан гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй ба гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Мөн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хурлын протокол”-оор нэхэмжлэгч Ш.А багш нарын санал шүүмжийг сонсоод хурлыг хаяад гараад явсан болох нь, мөн багш нарын саналаар арга зүйчийг солихоор шийдвэрлэж Ш.Аийг хуучин өөрийн ажилд туслах багшаар, Б.Жанилганыг арга зүйчээр томилсон нь тогтоогдож байна.

2) Хавтаст хэрэгт авагдсан А.Ш-ийн эрхлэгч И.А 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “А.Ш-ийн дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам” болон тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №А/05 дугаартай “Цэцэрлэгийн дотоод хяналт шалгалтын зөвлөл байгуулах тухай” тушаалаар цэцэрлэгийн үндсэн үйл ажиллагаанд хяналт тавих чи үүрэг бүхий орон тооны бус хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар томилсон ба зөвлөлийн даргаар Х.Б-дуу хөгжмийн багш, гишүүдээр Х.АА-багш, Ө.Б-тогооч нар томилогдсон байна.

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.А-н 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №262 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт...А.Ш-ийн захирлын тушаалаар дотоод хяналт шалгалтын зөвлөлийг байгуулж, журмаа боловсруулах даалгавар өгсөн ч зөвлөлийн дарга журам боловсруулсан, байгаа эсэх талаар огт мэдэхгүй байна...гэсэн боловч тус цэцэрлэгийн эрхлэгч И.А нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “А.Ш-ийн дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-ыг хэрэгт гаргаж өгсөн болно.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрч Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн К.С шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Дотоод хяналт шалгалтын баг нь хүүхдийн цэцэрлэг болгонд ажилладаг, тухайн цэцэрлэгийн дотоод үйл ажиллагаа, хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаа, хэвийн ажиллагаа явагдаж байгаа эсэх, хүүхдийн хэрэглэж байгаа хоол хүнс болон хүүхдийг эрүүл аюулгүй орчинд байлгах талаас ариун цэврийн үйл ажиллагаанд хяналт тавих  чиг үүрэгтэй 3-5 гишүүнтэй дотоод хяналт шалгалтын баг ажилладаг. Тухайн хяналт шалгалтын багт ямар хүмүүс ажилладаг, ямар чиг үүрэг хэрэгжүүлэх талаарх чиглэлийг Мэргэжлийн хяналтын газраас тогтоож өгдөг...Арга зүйч нь өөрөө удирдах албан тушаалтан учраас багш, туслах багш нар түүний ажилд үнэлэлт дүгнэлт өгөхгүй, арга зүйчийг цэцэрлэгийн эрхлэгч томилдог тул эрхлэгч арга зүйчийн ажилд үнэлэлт дүгнэлт өгдөг. Багш, ажилчид арга зүйчийн ажлын байдлын талаар гомдлоо зохих байгууллагаа албан тушаалтанд гаргах эрхтэй...” гэсэн байна.

Мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрч Баян-Өлгий аймгийн Мэргэжил хяналтын газрын улсын байцаагч А.Б-н мэдүүлэгт: “... Засгийн газрын 2011 оны 311 дугаартай тогтоол бий. Тус тогтоолд зааснаар бүх аж ахуйн нэгжийн дотоод хяналт шалгалт журам, ажлын төлөвлөгөөтэй байх ёстой. Уг ажлыг дотоод хяналт шалгалтын баг эсхүл албан тушаалтан эрхлэн гүйцэтгэх ёстой. Үүнийг ажиллуулах тухай албан үүргийг 2012 онд бүх цэцэрлэг, сургуулиудад хүргүүлсэн байдаг. Үүнийг одоогийн байдлаар цэцэрлэгийн эрхлэгч нар байгуулан ажиллаж байгаа. Гэхдээ Засгийн газрын тогтоолд заасны дагуу дотоод хяналтын шалгалтын нийтлэг журмыг баталсан байх ёстой. Уг журмын дагуу тус цэцэрлэгийн дотоод хяналтын ажилтан жилийн төлөвлөгөөгөө гаргана. Уг төлөвлөгөөний дагуу хяналт шалгалт хийхэд эрхлэгчийн баталсан удирдамжийн дагуу дотоод хяналт шалгалтаа хийнэ. Тухай нийтлэг журамд тус байгууллагын ямар, ямар үйл ажиллагааг шалгах талаар тусгасан байх ёстой. Ер нь байгууллагын өдөр тутмын бүхий л үйл ажиллагаанд тухайн дотоод хяналтын шалгалтын баг хяналт тавих ёстой...Багш, ажилчдын ур чадварыг арай л шалгахгүй байх. Өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн асуудлыг манайд хандах ёстой...” гэв.

Иймд тус цэцэрлэгийн эрхлэгчийн баталсан 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “А.Ш-ийн арга зүйч, багш нарын үйл ажиллагаанд хяналт тавих удирдамж”-ийн гурав-д шалгалтын хугацаа бүрэлдэхүүн гэдэгт: шалгалтын бүрэлдэхүүн ДХГ Х.Б ахалж, бүрэлдэхүүнд багш Х.АА, эрхлэгч И.А нар байна. Шалгалтыг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр явуулна; зургаа-д шалгалтын дүнг гаргах гэдэгт: Шалгалтын дүнг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгууллагын даргад шийдвэрийг танилцуулан...гэж тус тус заасан байна.

Энэхүү 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “А.Ш-ийн дотоод хяналтын шалгалтын үнэлгээгээ”-ээр арга зүйч Ш.А өөрөө гарын үсэг зурж баталгаажуулснаар 3 оноо авсан болох нь, мөн 2021 оны 01 дүгээр улирлын “Арга зүйчийн өөрийн үнэлгээ баталгаажуулах хуудас”-аар арга зүйч Ш.А өөрөө гарын үсэг зурж баталгаажуулснаар өөрийн үнэлгээ 61, хөндлөнгийн үнэлгээ 30 оноо авсан болох нь тус тус тогтоогдож байна.

2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “А.Ш-ийн дотоод хяналтын шалгалтын үнэлгээгээ” болон 2021 оны 01 дүгээр улирлын “Арга зүйчийн өөрийн үнэлгээ баталгаажуулах хуудас”-аар  хариуцагч (ажил олгогч) мэдсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сарын дотор, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байхад хуулийн хугацаанд сахилгын шийтгэл ногдуулаагүй хуулийн хугацааг өнгөрүүлсэн байна.

3) Хариуцагч А.Ш-ийн эрхлэгч И.А 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэг 2021-2022 онд явагдах дотоод хяналт шалгалт”-ын төлөвлөгөөг баталсан байна.

2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “А.Ш-ийн арга зүйч, багш нарын үйл ажиллагаанд хяналт тавих удирдамж”-ийн гурав-д шалгалтын хугацаа бүрэлдэхүүн гэдэгт: шалгалтын бүрэлдэхүүнд ДХГ Х.Б, бүрэлдэхүүнд бүлгийн багш Х.АА, тандалтын багийн ахлагч Х.А нар байна. Шалгалтыг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эхэлнэ; зургаа-д шалгалтын дүнг гаргах гэдэгт: Шалгалтын дүнг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгууллагын даргад шийдвэрийг танилцуулан...гэж тус тус заасан боловч шалгалтын дүн хэзээ хэрхэн танилцуулсан тухай нотлох баримт байхгүй байна.

Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 3 дугаар улирлын “Арга зүйчийн өөрийн үнэлгээ баталгаажуулах хуудас”-аар арга зүйч Ш.А өөрөө гарын үсэг зурж баталгаажуулснаар өөрийн үнэлгээ 66, хөндлөнгийн үнэлгээ 55 оноо авсан болох нь тогтоогдож байна.

2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А.Ш-ийн багш ажилчдын “Хурлын протокол”-оор тус цэцэрлэгийн дотоод журмыг өөрчилж, шинээр баталсан...болох нь нотлогдож байна.

Энэхүү 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн багш ажилчдын хурлаар баталсан “Баян-Өлгий аймгийн А.Ш-ийн дотоод журам”-ын 8.1.1-д “багш ажилтны ажлыг сар, улирал, хагас бүтэн жилээр дүгнэж ажил дүгнэх ЗАН, ДХГ-ийн үнэлгээгээр...2.3 удаа 65-аас доош оноотой үнэлэгдсэн тохиолдолд ажилтанд тусгайлан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүргийг холбогдох албан тушаалтан хүлээнэ. /албан тушаалыг буруулах/ талаар арга хэмжээ авна” гэж заасан байна.

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний 1.21-д “туршилтын хугацааны ажлын үр дүнгээр шалгуур үзүүлэлтийн 60%-аас доош үнэлэлт авсан нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг үндэслэж арга зүйчийн албан тушаалд томилохоос татгалзаж, урьд эрхэлж байсан туслах багийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулах болно” гэж заасан байна.

Иймд дээрх 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “А.Ш-ийн дотоод хяналтын шалгалтын үнэлгээгээ” болон 2021 оны 01 дүгээр, 3 дугаар  улирлын “Арга зүйчийн өөрийн үнэлгээ баталгаажуулах хуудас”-аар арга зүйч Ш.А нь 60%-аас доош оноо авсан нь нотлогдож байгаа тул хариуцагч Ш.Аийг арга зүйчээр томилохоос татгалзаж, урьд эрхэлж байсан туслах багшийн албан тушаалд ажиллуулсныг буруутгах боломжгүй байна.

4) 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан №08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний 1.22-д “гэрээнд заасан туршилтын хугацаанд урьд ажиллаж байсан туслах багшийн орон тоо хэвээр хадгалагдан” гэж заасан ба хариуцагч нэхэмжлэгч Ш.Аийн арга зүйчээр ажиллах туршилтын хугацаа дууссанаар түүнийг арга зүйчийн үүрэгт ажлаас нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр чөлөөлж, тус цэцэрлэгийн туслах багшаар мөн өдрөөс эхлэн томилон №30 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан талууд гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэгч Ш.А нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан  №30 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний гардаж авсан хувийн огноо засвартай байсан гэж тайлбар гаргасан боловч хариуцагчийн гаргаж өгсөн  2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан  №30 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-нд өөрөө гарын үсэг зурсныг үгүйсгээгүй боловч энэхүү хөдөлмөрийн гэрээ нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

Түүнчлэн хариуцагчаас гаргаж өгсөн 2021 оны 02 дугаар  улирлын “Арга зүйчийн өөрийн үнэлгээ баталгаажуулах хуудас”-ны огноо нь завсартай, өмнөх 01 дүгээр улирлын “Арга зүйчийн өөрийн үнэлгээ баталгаажуулах хуудас”-ны бичилт болон тоо засварласан байдал тус тус тохирч байгаа нь эргэлзээтэй, мөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дууны бичлэгээс хэн нэгний дүрс харагдахгүй, хэн юу хэлснийг тогтоох боломжгүй ба энэхүү бичлэгийг нэхэмжлэгч нууц байдлаар буулгасан гэдгийг хүлээн зөвшөөрч нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 02 дугаар улирлын “Арга зүйчийн өөрийн үнэлгээ баталгаажуулах хуудас” болон дууны бичлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Хариуцагч А.Шийн эрхлэгч И.А өөрийн санаачилгаар 2021 оны 9 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд тус цэцэрлэгийн арга зүйч болон багш нараас шалгалт авсан (хавтаст хэрэгт авагдсан арга зүйч Ш.А болон багш нарын гараар бичсэн хичээлийн хөтөлбөр, зохион бичлэг зэрэг материалууд) материалуудаар арга зүйч Ш.А-ийн мэргэжил ур чадваргүй байдал тогтоогдсон гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ийг зөрчсөн байна.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар “Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс албан ёсны дүгнэлт, шийдвэр гаргасан байх ёстой байхад хариуцагч өөрийн санаачилгаар шалгалт авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Б.А-ийн2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №Б/24 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн арга зүйчийн орон тоонд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Б.А-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №Б/24 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн арга зүйчийн орон тоонд эгүүлэн тогтоолгохыг хүссэн Ж овогт Ш-н А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.МАНГИЛИК