Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2022/00017

 

Ш.А-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2022/00034 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух, Ш.А-н нэхэмжлэлтэй, хариуцагч *** үйл ажиллагаа явуулдаг, Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгт холбогдох,

“Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн арга зүйчийн орон тоонд эгүүлэн тогтоолгох тухай”  иргэний хэргийг нэхэмжлэгч Ш.А, түүний өмгөөлөгч Т.Байгонак нарын хамтран гаргасан болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Ш.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1. Миний бие  2007 оноос тус цэцэрлэгийн бүлгийн багшаар томилогдон ажилласан ба үндсэн болон туслах багшаар ажиллах хугацаандаа хуримтлуулсан туршлагыг үндэслэн тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилон, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалаар цэцэрлэгийн туслах багшийн ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс эхлэн арга зүйчээр томилогдсон.

1.2. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл арга зүйчээр ажиллаж байхад туршилтын хугацаа дууссан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б\24 дугаар тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.3. Учир нь, ажил олгогч намайг арга зүйчээр түр томилон тус ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, ажилтан миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна. Тухайлбал, Тус цэцэрлэгийн эрхлэгчээс арга зүйчээр түр томилсон тушаал гаргахдаа намайг туслах багшийн ажлаас бүрэн чөлөөлсөн бөгөөд арга зүйчээр ажиллуулахын тулд туршилтын хугацаа тогтоосон. Энэ нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №27 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилон, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалын хууль зүйн үндэслэлээр тодорхой тогтоогдоно. Ажил олгогч нь туршилтын хугацаа заах эрхтэй боловч туршилтын хугацааг талууд хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тодорхой тохирсон байх. Ингэхдээ туршилтын хугацаа нь 3 сар хүртэл байх, хэрэв туршилтын хугацааны талаар талууд тохиролцоогүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 231.2, 231.3-д тус тус зохицуулсан. 2019 онд намайг арга зүйчээр түр томилохдоо Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын үед Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирэх үеэр хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаагаар нөхөн байгуулж, гарын үсэг зуруулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг хувийг надад өгөөгүй тэр гэрээнд юу бичсэнийг би уншаагүй.

1.4. Мөн миний бие арга зүйчээр томилогдох үед өмнө нь ажиллаж байсан арга зүйч нь ажлаас чөлөөлөгдсөн, уг орон тоо сул орон тоо байсан. Арга зүйчээр туршилтын хугацаагаар түр томилсон болохоос миний ажиллаж байсан орон тоо нь байнгын орон тоо байсан, үүнийг ажил олгогч өөрөө нотолж, арга зүйчээр томилсон тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг баримталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 231.2, 231.3, 24 дүгээр зүйлд зааснаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан туршилтын хугацаа дууссан тул туршилтын хугацаагүйгээр арга зүйчийн албан тушаалд томилогдох ёстой байсан.

1.5. Гэтэл 2 жилийн дараа ажил олгогчоос туршилтын хугацаа дууссан үндэслэлээр арга зүйчийн ажлаас чөлөөлж, туслах багшийн ажилд томилохдоо намайг оролцуулахгүйгээр хэд хэдэн багш нарыг оролцуулан хурал хийж, хурал дууссаны дараа гарын үсэг зуруулахыг шаардсан боловч миний бие уг хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй.

1.6. Миний бие 2 жилээр арга зүйчээр ажиллах хугацаанд удаа дараа ирсэн хяналт шалгалтаар ажлын дутагдал гаргаж байгаагүй. 2007 оноос хойш цэцэрлэгийн үндсэн багш, туслах багшаар ажиллаж байсан ажлын туршлагатай, уг туршлагыг ч харгалзан арга зүйчээр дэвшүүлэн ажиллуулсан бөгөөд Хүүхдийн цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг бүрэн хангасан.

1.7. Би тус цэцэрлэгт тасралтгүй 14 жил хөдөлмөрлөсөн бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанар сайтай гүйцэтгэж ирлээ. Үүнийг манай хамт олон тодорхой мэдэж байгаа. Би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй бөгөөд арга зүйчийн ажлаас маань гэнэт өөрчилсөнд гомдолтой байна.

1.8. Хөдөлмөрийн тухай хуулийн 32.5 дугаар зүйлд заасан ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх тухай заалт намайг арга зүйчээс туслах багшийн ажилд шилжүүлсэн үндэслэл алга. Түүний нөгөө талаар миний арга зүйч багшаар ажиллаж байхад ажиллаж байсан ажлын ачаалал туслах багшийн ажлын ачааллаас бага, үүнээс үзэхэд миний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байгаагийн дээр туслах багшийн сарын үндсэн цалин 574000 төгрөг, арга зүйчийн үндсэн цалин 734000 төгрөг бөгөөд миний цалин дутуу 165000 төгрөгөөр хохирч байна.

1.9. Хөдөлмөрийн тухай хуульд заасан туршилтын хугацаа нь тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд ажилтанд дадлага, туршлага хуримтлуулах зорилгоор тодорхой хугацаатай ажиллуулах, энэ хугацаа нь 3 сараас хэтрэхгүй байх, туршилтын хугацаанд ажилтан тухайн ажлыг гүйцэтгэх ур чадварыг эзэмшээгүй бол цаашид үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзах эрхийг ажил олгогчид олгосон болохоос ажилтны эрх ашгийг зөрчиж 2 жилийн хугацаанд туршилтын хугацаагаар ажиллуулах эрхийг Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид олгоогүй.

1.10. Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тушаалын нэг хувийг ажилтанд өгөх үүргийг биелүүлдэггүй, Хөдөлмөрийн дотоод журамтай танилцуулдаггүй, бүх тушаал хөдөлмөрийн гэрээг нэг л хувь гаргаад өөртөө хадгалдаг тул заримдаа тухайн албан тушаалд жинхлэн, түр томилогдсон эсэхийг ажилтнууд мэддэггүй зэрэг зөрчил гаргадаг. Энэ удаа ч гэсэн намайг арга зүйчийн ажлаас чөлөөлж, туслах багшийн ажилд томилсон тушаалын эх хувийг гардуулж өгөөгүй бөгөөд хуулбарыг авч, шүүхэд хандаж байна. Ажил олгогч намайг арга зүйчээр түр томилох тушаал гаргахдаа туслах багшийн үүрэг ажлаас бүрэн чөлөөлсөн болохыг одоо хүртэл ойлгоогүй байх шиг байна.

1.11. Би туслах багшийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, туршилтын хугацаагаар арга зүйчээр ажиллаж байгаа тул арга зүйчийн ажлаас чөлөөлөхөөр бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг заавал баримтлах ёстой. Иймд дээрх үндэслэлээр Өлгий сумын Хүүхдийн ** цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №Б\25 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Өлгий сумын ** цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан Х.Айнур нь өөрийн хүсэлтээр өөр албан тушаалд шилжсэнтэй холбогдуулан Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд түр томилон, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах тухай №27 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Ш.А-г Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр Туршилтын хугацаа тогтоож тус Өлгий сумын ** цэцэрлэгт арга зүйч гэх албан тушаалд туршилтын хугацаагаар хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, түр томилон ажиллуулсан. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 231.2 дахь заалтад нийцүүлэн туршилтын хугацааны үргэлжлэлийг 3 сарын хугацаа тогтоож, ажилтантай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №08 тоот Хөдөлмөрийн гэрээний 1.18 дахь заалтаар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тооцож, туршилтын хугацааг ажлын тасралтгүй 3 сараар тогтоосон, мөн гэрээний 1.19 дэх заалтаар туршилтын хугацаанд ажил үүргийг зохих түвшинд гүйцэтгэвэл ажлын үр дүнг харгалзан тухайн албан тушаалд томилох, эсхүл хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг талууд гэрээгээр тохирсон. Гэтэл Ковид-19 цар тахал халдварт өвчний улмаас Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хаагдаж, эрх бүхий байгууллагын шийдвэр ёсоор цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсоосон тул нэхэмжлэгч Ш.Ад тогтоосон туршилтын хугацаа бүрэн хичээлийн жилээр (2020 оны 3 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 01-ний хүртэл) тасалдаж туршилтын хугацааг тоолох Ш.А-ийг туршилтын хугацаанд ажиллуулж, тогтоосон 3 сарын хугацааг тооцож, ажлын үр дүнг дүгнэх боломжгүй байдал бий болсон. Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон, танхимын сургалтыг хойшлуулж байсан талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/43, А/186 дугаартай тушаалуудыг хавсаргав. Энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанаар цэцэрлэгийн үйл ажиллагаа, танхимын сургалт түр зогсож цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахгүйгээс болж Ш.А-н гэрээнд заасан туршилтын хугацаа 2021 оны 10 дугаар сарын 18-нд дуусгавар болж, ажлын үр дүнгээр туршилтын хугацаа арга зүйчийн ажлын байрны чиг үүргийг хангалттай гүйцэтгэж чадаагүй цааш нь тухайн албан тушаалыг эрхлэх чадвар, чадамж, мэдлэг боловсролын түвшин хангалтгүй гэж үзээд Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Ажилд томилох тухай Б/24 тоот тушаалаар Ш.А-ийг арга зүйч гэх албан тушаалд түр томилон ажиллуулсныг цуцалж, өөрийн урьд ажиллаж байсан өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу тэнцэж ажиллах боломжтой туслах багш гэх албан тушаалд шилжүүлэн томилсон болно.

2.2. Ш.А-г тус ** цэцэрлэгийн арга зүйчээр туршилтын хугацаагаар томилон ажиллуулсан хугацаанд тусгайлан шалгуур үзүүлэлтээр ажлын үр дүнг шалгаж дүгнэсэн бөгөөд Дотоод хяналт шалгалтын багийн үнэлгээгээр хангалтгүй дүн үзүүлсэн учраас арга зүйчийн ажлын байранд тавих шаардлагыг Ш.А нь туршилтын хугацаагаар ажилласан хугацаанд зохих түвшинд гүйцэтгээгүй гэж үзээд гэрээг цуцалж, өмнөх ажилд нь шилжүүлэн томилсон.

2.3. Ш.Ан энэ удаагийн арга зүйчийн албан тушаалд эгүүлэн томилох тухай гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан шүүхийн шийдвэрлэх маргаан биш гэж үзэж байна. Ш.А-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1-д зааснаар туршилтын хугацаа тогтоож, тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгасан бөгөөд нэгэнт туршилтын хугацаанд арга зүйчийн албан тушаалын чиг үүргийг гүйцэтгэж чадаагүй болох нь Дотоод хяналтын багийг ажлын үнэлгээ, ажил олгогч талаас тодорхой шалгуураар ажлыг дүгнэсэн дүгнэлт зэргээр Ш.А нь туршилтын хугацаанд арга зүйчийн ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн тул цааш нь гэрээг сунгахаас татгалзсан. Туршилтын хугацаа тогтоох, туршилтын хугацаагаар томилох, туршилтын хугацаанд ажлыг дүгнэх, гэрээг цуцлах эрх нь ажил олгогчийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.18-1.22 дахь заалтуудаар зохицуулсан байгаа. Тухайн гэрээг үндэслэн Ш.Ан хөдөлмөрийн харилцааг зохицуулсан тул ажил олгогч хууль зөрчөөгүй болно. (2021 оны 1, 2, 3-р улирлын ажлыг дүгнэсэн Дотоод хяналтын багийн үнэлгээг хавсаргав. Ш.А өөрөө үнэлгээг зөвшөөрч гарын үсэг зурсан байна.)

2.4. Ш.Ан арга зүйчээр туршилтын хугацаанд ажилласан байдлыг бүх багш, туслах багш нарын хамтарсан хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлсэн ба дүнгийн хурлаар ажлыг дүгнэсэн. Тус хуралдаанд оролцсон багш Х.Б, Х.А, Х.А, Р.Х, Р.Л, М.Н нарын олонхын саналаар Ш.А нь туршилтын хугацаанд арга зүйчийн ажлын байрны шаардлагыг хангаж ажиллаагүй болохыг нотолж, өөрт нотолгоотойгоор шүүмжилж ярьсан ба олонхын саналаар арга зүйч Ш.А-ийг туршилтын хугацаанд арга зүйчээр ажиллах боломжгүй, тухайн ажилд мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй хэмээн дүгнэж, урьд ажиллаж байсан туслах багш гэх албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Ш.А хурал дуусаагүй байхад хэрүүл маргаан гаргаж, ёс зүй зөрчиж гараад явсан гарын үсэг зураагүй. (2021.10.18-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хавсаргав).

2.5. Ш.А нь эхэлж туршилтын хугацаагаар томилогдсон арга зүйчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээний нэг хувийг аваагүй гэж мэлзэж байгаа боловч ажилтан Ш.А нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тухайн ажлын байранд ажиллах туршилтын хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №08 тоот хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний сунгалт хийж үйл ажиллагаа хэвийн явуулах хүртэл гэж тусгагдсан. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээр батлагдаж байгаа.

2.6. Ш.А нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №27 дугаар тушаалаар томилогдож, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №08 тоот хөдөлмөрийн гэрээгээр арга зүйч албан тушаалд туршилтын хугацаагаар ажилласан боловч Ковид-19 цар тахлын улмаас цэцэрлэгийн үйл ажиллагаа эрх бүхий байгууллагын шийдвэрээр зогссон тул биечлэн 3 сар ажилласанд тооцох цагийг балансаар гарч байна. Иймд Ш.Аийг тасралтгүй 2 жил тус цэцэрлэгт арга зүйчээр ажилласан гэж үзэх боломжгүй.

2.7. Ш.А-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах шаардлага байхгүй. Ш.А-ийг туршилтын хугацаагаар түр томилж, туршилтын хугацаанд уг албан тушаалд мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн гэрээг сунгахаас татгалзсан.

2.8. Ш.А нь Өлгий сумын ** цэцэрлэгт 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №30 тоот Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, туслах багш ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ нь Ш.А туслах багшаар томилогдон ажиллахыг зөвшөөрсөн явдал болно. Иймд Ш.Ан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2022/00034 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №Б/24 дугаартай Ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн арга зүйчийн орон тоонд эгүүлэн тогтоолгохыг хүссэн Ш.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж  шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгч Ш.А, түүний өмгөөлөгч Т.Байгонак нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгч И.Ань 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 27 тоот тушаал гаргаж намайг цэцэрлэгийн арга зүйчээр томилохдоо тушаалд " түр томилон хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсугай "гэж заасан. Би шүүх хуралдаан болох хүртэл цэцэрлэгийн арга зүйчээр түр хугацаагаар орсон хүн байна гэсэн ойлголтой явж байсан.Энэ тушаалын дагуу Ш.Атай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй атлаа Аийн шүүхэд өгсөн материал дотор Ш.Атэй хөдөлмөрийн гэрээ хийсэн гэсэн хуурамч материал өгсөн байна.Хуурамч гэрээ гэж байгаа учир гэвэл уг "гэрээ"-нд миний урьд туслах багшаар ажиллаж байсан үед хийсэн гэрээний ард байгаа гарын үсгийг ашиглан, мөн уг гэрээг намайг шүүхэд нэхэмжлэл өгсний дараа хуурамчаар үйлдэж өгсөн байна. Үүний нотолгоо гэвэл: а/. Уг 27 тоот тушаалын 1-д " түр томилон хугацаатай... "гэж тодорхой заасан атлаа хуурамч гэрээнд "туршилтын хугацаа" гэж зохиож бичээд шүүхэд өгч шүүгчид буруу ойлголт өгснөөр батлагдаж байна. И.Аийн намайг цэцэрлэгийн арга зүйчээр томилсон 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 27 тоот тушаалд " түр томилон хугацаатай..."гэж өөрийн гараар бичсэн нь үнэн юм болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хуулийн шаардлагын дагуу уг хугацааны үргэлжлэх хугацааг он,сар, өдрөөр тодорхой зааж өгөх ёстой. Уг хугацааг ажил үүрэг гүйцэтгэж эхэлсэн өдрөөс өөрөөр хэлбэл миний цэцэрлэгийн арга зүйчээр томилсон 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн миний цалин тоологдох өдөр болох дээр заасан өдрөөс эхлэн Иргэний хуулийн хугацаа тоолох журмын дагуу тоолох журамтай. Гэтэл намайг туршилтын хугацаагаар авсан гэж шүүгчийн толгойг эргэлдүүлэн хуулийн дээрх хатуу заалт байсаар байтал миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэхийн тулд энэ хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тооцож байгаа нь илт хуулийг ноцтой зөрчиж байгаа хэрэг гэж үзэж байна. / жич:дээр дурдсан материалууд хэрэгт багаа бөгөөд уг хэргийг дугаарлаагүй байсан учир хэд дүгээр хуудсанд байгааг заах боломжгүй байна/. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг УДШ 2000 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 259, 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолуудаар маш тодорхой тайлбар гаргасан бөгөөд эдгээр тогтоолууд одоо хүчин төгөлдөр байна.Энэ талаар бид шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд маш тодорхой тайлбарласан боловч шүүгч авч хэлэлцээгүй бөгөөд зөв дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хуулийн шаардлагын дагуу ажил олгогч ажилтныг түр хугацаагаар ажилд томилсон тохиолдолд түр хугацааны үргэлжлэх хугацааг он,сар, өдрөөр тодорхой зааж өгөөгүй бол тухайн ажилтныг хугацаагүй томилсонд тооцох ёстойг энэ маргааныг шийдвэрлэсэн шүүгч маань мэдээгүйд харамсаж байна.

4.3. Анхан шатны шүүгч хариуцагчийн тайлбараар намайг арга зүйчийн ажилд тэнцэхгүй байна гэж буруутгасан байна. Гэтэл миний уг ажилд тэнцэх эсэх талаар албан ёсоор эрх бүхий байгууллагын шийдвэрээр надаас шалгалт авч дүгнэлт гаргасан эрхийн акт байхгүй бөгөөд тус цэцэрлэгийн дотоод хяналт шалгалтын зөвлөлд аттестат авах, ажилтны ажилд тэнцэх эсэх талаар эрхийн акт гаргах эрх хэмжээ байхгүй, энэ талаар уг зөвлөлийн ажлын тодорхойлолтод ч заагаагүй. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т тодорхой заасан ба хуулийн энэ зүйл ангийг тайлбарласан УДШ-ийн 33-р тогтоолын 15.2, 259-р тогтоолын 14-д  тодорхой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлын агуулга:

5.1. Маргаан бүхий тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн ** зүйлийн 00.1.2-т заасныг тус тус үндэслэж цэцэрлэгийн арга зүйч Ш.Аг туршилтын хугацаа дууссан гэсэн шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн туслах багшаар томилсон байна.

5.2. Зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 21-24 дүгээр зүйлийг үндэслэж №08 дугаар Хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна. Уг гэрээний 1 дэх хэсэгт гэрээний үндсэн нөхцөлийг тохиролцсон байх бөгөөд үүний 1.21-т туршилтын хугацааны ажлын үр дүнгээр шалгуур үзүүлэлтийн 60%-аас доош үнэлэлт авсан нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг үндэслэж арга зүйчийн албан тушаалд томилохоос татгалзахаар заасан байна.

5.3. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаан бүхий тушаалын үндэслэлийг тайлбарлахаа: "...Дотоод хяналтын багийн ажлын үнэлгээ. ажил олгогч талаас тодорхой шалгуураар ажлыг дүгнэсэн дүгнэлт зэргээр Ш.А нь туршилтын хугацаанд "арга зүйч”-ийн ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн тул цааш нь гэрээг сунгахаас татгалзсан ...” гэжээ. Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 02-өдрийн А/05 дугаар тушаалаар тус цэцэрлэгийн үндсэн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнээр цэцэрлэгийн багш Х.Б, Х.А, тогооч Ө.Б нарыг ажиллахаар шийдвэрлэсэн, мөн өдөр "Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгийн дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-ыг баталсан байна. Уг журмын зохицуулалтад ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох тухай зохицуулалт байхгүй, гагцхүү тус цэцэрлэгийн үйл ажиллагаа /хоол унд, цэвэрлэгээ, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ажилчдын ёс зүйн асуудал г.м/ холбогдох хууль журамд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын зорилго оршиж байгаа юм байна.

5.4. Гэрч К.С, А.Б нарын мэдүүлгээс үзвэл цэцэрлэгийн дотоод хяналт шалгалтын баг /зөвлөл/-ийн зорилго нь зөвхөн цэцэрлэгийн үндсэн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй болохоос ажилтны мэргэжил. ур чадварын түвшин тогтоох эрхгүй байна.

Маргаан бүхий тушаал хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, Хөдөлмөрийн гэрээний нөхцөл зэргээс үзэхэд хариуцагчаас туршилтын хугацаагаар ажиллаж байсан арга зүйч Ш.Аг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэж дүгнэхээр байна.

5.5. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 -т заасан "ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг шаардана.

5.6. Гэтэл энэ тохиолдолд хариуцагч Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгийн эрхлэгчээс салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр байхгүй байхад арга зүйч Ш.Аг туршилтын хугацаагаар ажиллаж байхдаа мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн нь хууль зүйн хувьд үндэслэл муутай шийдвэр болсон байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн ажилтны мэргэжил ур чадварын түвшинг тогтоох эрхгүй гагцхүү цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг чиг үүрэг бүхий зөвлөлийн багийн үнэлгээ гэх баримтаар Ш.Аг    арга зүйчийн ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна. Тэгээд ч туслах багш, тогооч мэргэжилтэй хүмүүс арга зүйчийн мэргэжил, ур чадварын түвшинг тогтоох боломжтой эсэх нь эргэлзээтэй байна. Үүнийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

5.7. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т "Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж, мөн зүйлийн 72.7 "Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно" гэж, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т "Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна" гэж тус тус заасан байна. Гэтэл анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ  нэхэмжлэгч Ш.Ан арга зүйчээр ажилласан туршилтын 3 сарын хугацааг тоолоход ...02 сар 21 хоног байна” гэсэн дүгнэлт нь Иргэний хуульд засан хугацаа тоолох журамд нийцээгүй гэж үзэж байна.

5.8. Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг, мөн Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхашийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Давж заалдах гомдол дараах байдлаар үндэслэлгүй. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 231.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Аийг туршилтын хугацаагаар авч ажиллуулсан. Туршилтын хугацаагаар ажиллаж байсан хугацаандаа хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар байгуулсан. Нэхэмжлэгч тайлбар хэлэхдээ ийм гэрээ байгуулаагүй, хуурамч гэрээ байна гэж тайлбарлаж байна. Энэ асуудлыг анхан шатны шүүхэд ч тайлбарлаж байсан. Хуурамч гэж үзэж байгаа бол зохих журмаар шинжээчийн дүгнэлт гаргуулан хуурамч мөн эсэхийг тогтоолгох боломжтой байсан. Өөрөө хөдөлмөрийн гэрээгээ байгуулж гарын үсэг зурчхаад үндэслэлгүйгээр хуурамч гэрээ гэж тайлбарлаж болохгүй.

6.2. Мөн тухайн албан тушаалд би туршилтын хугацаагаар томилогдоогүй гэсэн байр сууринаас хандаж байна. Ш.А-ийг туршилтын хугацаагаар томилсон тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн штрих заалтыг баримталсан. Туршилтын хугацаагаар арга зүйчийн албан тушаалд томилсон цаг мөчид Монгол Улсын хэмжээнд цэцэрлэг танхимын сургалт явуулж байгаагүй. Нэгэнт гэрээнд туршилтын хугацааг танхимын сургалт хийсэн 3 сараар тооцно гэж тохирсон.

6.3. Анхан шатны шүүх туршилтаар ажилласан хугацааг нарийвчлан тооцож гаргасан. Туршилтын хугацаанд Ш.А ажлын туршлагын хувьд тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг гүйцэтгэж чадаагүй болох нь нотлогдсон. Арга зүйчээр ажиллаж байсан Ш.Ань нэг ч ажил хийж бүтээгээгүй.

6.4. Ш.А арга зүйчээр ажиллаж чадахгүй байна гэдгийг тухайн цэцэрлэгийн багш ажилчид хамт олны  хуралд хэлэхэд, Ш.А өөрөө уурлаж гомдсондоо гараад явсан. Тиймээс Ш.Аг арга зүйчийн албан тушаалаас чөлөөлж, туслах багшийн орон тоонд томилсон. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан учраас  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар Ш.Ан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгт холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоор авч хэлэлцэх хэргийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 006 дугаар зүйлийн 006.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

3. Гэтэл анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн, ажлаас буруу халсан буюу буруу шилжүүлсэн тухай маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоосон боловч тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүйгээс эрх зүйн алдаатай дүгнэлт хийж, Ш.Ан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ажилтны гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

4. Маргааны үйл баримтын талаар: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Ш.Аийг тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт, 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус цэцэрлэгийн арга зүйчээр түр томилж, түүнтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хавтаст хэргийн 6 дахь тал/

Ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 8 дугаартай хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр талууд 3 сарын туршилтын хугацаа тогтоож, уг хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолох бөгөөд тасралтгүй 3 сар ажилласан нөхцөлд /3 сарын/ ажлын үр дүн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэсэн байдлыг зохих шалгуураар дүгнэж, багш ажилчдын саналыг харгалзан хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл сунгах асуудлыг ажил олгогчийн санаачилгаар шийдвэрлэхээр харилцан тохиролцжээ. Түүнчлэн талууд уг гэрээндээ тогтоосон туршилтын хугацааны үргэлжлэх, тасрах горимын талаар “ажилтан, ажил олгогчоос үл хамаарах шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгээгүй, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон, ээлжийн амралт эдэлсэн, өвчтэй байсан, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар ажиллаагүй хугацаанд туршилтын хугацааг тасарсанд тооцож, тухайн ажил үүргийг гүйцэтгээгүй хугацаагаар туршилтын хугацааг сунгагдсанд тооцохоор” тохиролцож, хөдөлмөрийн гэрээний 1.18-1.20 дугаар заалтуудад тусгажээ.

Гэрээнд зааснаар туршилтын нийт үргэлжлэх хугацаа ажил үүргээ биечлэн гүйцэтгэсэн 3 сар байх бөгөөд энэ хугацааны ажлын үр дүнг тодорхой шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд ажилтан 60 хувиас доош үнэлгээ авсан тохиолдолд Ш.Аийг арга зүйчийн албан тушаалд ажиллуулахаас татгалзах, өмнө нь эрхэлж байсан туслах багшийн ажилд томилох талаар хөдөлмөрийн гэрээний 1.21 дэх заалтад зохицуулжээ. /хавтаст хэргийн 28 дахь тал/

 

5. Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг удирдлага болгож арга зүйчээр ажиллаж байсан Ш.Ан туршилтын хугацаа дууссан тул ажлаас нь чөлөөлж, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн туслах багшаар томилж, энэ талаарх үндэслэлээ хариуцагч “туршилтын хугацаанд арга зүйчийн ажлын байрны чиг үүргийг хангалттай гүйцэтгэж чадаагүй, цаашид тухайн албан тушаалыг эрхлэх чадвар, чадамж, мэдлэг, боловсролын түвшин хангалтгүй” гэж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа тайлбарлажээ.

 

6. Хэрэгт ач холбогдолтой бусад нөхцөл байдлын талаар: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн ажилтан, ажил олгогч нарын хооронд дээрх үйл явдал болох үед буюу Ш.Аийг тухайн цэцэрлэгт арга зүйчээр түр хугацаагаар томилох үед мөрдөж байсан Хөдөлмөрийн дотоод журам хэрэгт авагдаагүй буюу хариуцагч уг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, харин тус цэцэрлэгийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хамт олны хурлаас баталж, мөрдөж байгаа Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлд “шинээр орж байгаа ажилтны хувьд туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах”  асуудлаар “7.1.2. Шинээр ажилд орсон ажилтанд ... хөдөлмөрийн хугацаатай ба хугацаагүй /түр болон туршилтын/, хугацаа сунгах нөхцөл байдалтай холбогдуулан гарын үсэг хоёр талаас зурж баталгаажуулна” гэж зааснаас өөр зохицуулалт байхгүй байна.

 

7. Өлгий сумын ** цэцэрлэгийн дотоод хяналт, шалгалтын үнэлгээгээр арга зүйч Ш.Ан ажил, байдлыг тодорхой шалгуур, үзүүлэлтээр үнэлэхэд, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар тэрээр нийт авах 65 онооноос 3 оноо авсан, “F” үнэлгээтэй, 2021 оны 01 дүгээр улирлын байдлаар “ажилтны өөрийн үнэлгээ 61, хөндлөнгийн үнэлгээ 60 оноотой”, 2021 оны 3 дугаар улирлын байдлаар “ажилтны өөрийн үнэлгээ 66, хөндлөнгийн үнэлгээ 54 оноотой” зэрэг нөхцөл байдлуудыг тогтоосон бичмэл нотлох баримтууд хэрэгт цугларчээ. Түүнчлэн тус цэцэрлэгийн багш нарын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас цэцэрлэгийн эрхлэгч, багш нарын саналыг харгалзаж, цэцэрлэгийн арга зүйч Ш.Ан ажлыг солихоор, арга зүйчийн ажлын байранд чадвартай багшийн нэрийг дэвшүүлэх, багш Р.Х, Х.А нарын аль нэгийг томилохоор санал болгосон боловч уг багш нар цалин бага гэсэн үндэслэлээр уг саналаас татгалзаж, дараа нь багш нараас туслах багш Х, Ж нарын нэрийг дэвшүүлж, улмаар Жг арга зүйчээр томилох, Ш.Аийг урьд эрхэлж байсан туслах багшийн ажилд томилохоор тус тус шийдвэрлэсэн байна. /хэргийн 43-49 дэх тал/

 

8. Байгууллагын дотоод хяналт шалгалт болон дээрх хамт олны хурлын талаар шүүхээс гэрч нараас асууж тодруулахад гэрч Х.Б “Дүгнэлт гаргасан, багийн бүх гишүүд шалгаж Ш.А багшийн ажлын ур чадварыг хангалтгүй гэж үнэлгээ өгсөн байгаа. Тухайн үед өөрөө зөвшөөрөөд гарын үсэг зурсан. 2021.10.18-ны өдрийн хурлаар ур чадвартай арга зүйч хэрэгтэй байна гэж арга зүйчийн талаар асуудал хөндөхөд Ш.А гараад явсан. Цаашид чадвартай арга зүйч авах хэрэгтэй гэсэн санал дүгнэлтэд хүрсэн” гэж, гэрч Р.Х “2021.10.18.-ны өдөр хурал болсон, хурлын тэмдэглэлийг би хөтөлсөн ба хуралд Ш.А сууж байсан. Хурлаар арга зүйчийн мэдлэг боловсрол, ур чадвар нь хүрэхгүй байна, иймээс мэдлэг боловсролтой арга зүйч ажиллуулъя гэсэн саналыг багш нар гаргасан. Энэ үед Ш.А хурлыг орхиж гараад явсан” гэж, түүнчлэн гэрч А.Б байгууллагын дотоод хяналт шалгалтын үйл ажиллагааны тухай, гэрч М.Ас “Нэхэмжлэгч Ш.А нь өрөө байхгүй, гал тогооны үүдэнд компьютертэй суудаг байсан. Миний хийж байсан гал тогооны ахлах тогоочийн ажил бол цэцэрлэгийн үйл ажиллагаатай шууд холбоотой. Арга зүйчээс өдөр болгон ирц ирнэ, би тэр ирцээр өдөр болгон хоол бэлдэнэ. Ерөнхийдөө 2 жилийн хугацаанд хичээл нь цахимаар явагдсан. Нэгэнт хичээл нь цахимаар явагдаж байсан учраас эрхлэгч, арга зүйч ажлаа хийж байсан. Тэд нар байтугай тогооч бид нар хүртэл тухайн үед ажиллаж байсан”, гэрч Х.Ас “тухайн хуралд Ш.А багшийг арга зүйчийн ажлаа хийж чадахгүй байгаа тул ажлаа хүлээлгэж өгөх тухай хэлэлцэгдсэн. Тэгтэл Ш.А ... хурлаас гараад явсан” гэж, гэрч Б.Ж “тухайн хуралдаанаар ажилчид шинээр арга зүйч томилох тухай санал гаргасан. Тухайн хуралдаанд багш нарын саналын дагуу Ш.А арга зүйчийн тухай ярилцаж, яагаад ажлаа хийхгүй байгаа вэ зэрэг асуултуудыг асуухад Ш.А эсэргүүцээд гараад явсан” гэж, мөн гэрч Х.А, М.Н, А.Х, Б.С нар шүүх хуралдаанд дээрх асуудлаар мэдүүлэг өгсөн байна. /Хэргийн 91-93, 001-002, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

9. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн а/43 дугаар тушаалаар коронавируст халдварын дэгдэлтийн улмаас цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр зогсоосон, мөн сайдын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн а/186 дугаар тушаалаар хүүхдийн цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулсан бол Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн а/17 дугаар захирамжаар цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаагаар хязгаарласан, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн а/216 дугаар захирамжаар бүх шатны боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар хориглосон, 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн а/404 дүгээр захирамжаар 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн а/284 дүгээр захирамжаар сургалт зэрэг үйл ажиллагаа явуулах хугацааг түр хугацаагаар хориглосон, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн а/406 дугаар захирамжаар сургалт зэрэг үйл ажиллагаа явуулах хугацааг түр хугацаагаар хориглосон, Боловсрол, шинжлэх ухааны Сайдын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн а/58 дугаар тушаалаар аймаг, сумын цэцэрлэгийн үйл ажиллагааг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн танхимаар зохион байгуулахаар шийдвэрлэж байсан зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

10. Эрх зүйн дүгнэлт: Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй. Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоодог иргэний хууль тогтоомжид хамаарах хувийн эрх зүйн эх сурвалж мөн болохын хувьд түүнийг буцаан хэрэглэх эсэх асуудалд Иргэний хуулийн дээрх зохицуулалт нэгэн адил хамаарах ба талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаанд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуульд энэ тухай өөрөөр заагаагүй байна.

Тиймээс ажилтан Ш.Аийг ** цэцэрлэгийн эрхлэгчийн    2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар тушаалаар туршилтын хугацаагаар арга зүйчээр түр томилж, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар туршилтын хугацаа дууссан үндэслэлээр арга зүйчийн ажлаас чөлөөлж, туслах багшаар томилсон үйл баримт бүхий хөдөлмөрийн маргаанд тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг ажил олгогч хэрхэн биелүүлж, хэрэгжүүлж байсан, гомдлын шаардлагын хүрээнд ажил олгогчийн үйл ажиллагаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэх талаар давж заалдах шатны шүүх мөн хуулийг хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд сэргээн тогтоосон маргааны үйл баримт, нөхцөл байдлуудад эрх зүйн үнэлэлт, дүгнэлт өгөв.

 

11. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байхаар зааж, мөн хэсгийн 23.2.3 дахь заалтад шинээр орж байгаа ажилтантай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохыг зөвшөөрсөн бөгөөд энэ хугацаа мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2 дахь хэсэгт зааснаар гурван сар хүртэл байна. Хуулийн уг зохицуулалтаар хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар буюу хугацаатай байгуулах гол урьдчилсан нөхцөлийг хууль тогтоогч “хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын хугацаагаар” гэж хуульчилсан нь хөдөлмөрийн харилцаанд оролцож буй ажилтан, ажил олгогчийн харилцан эрх тэгш байдлыг хангах, хөдөлмөрийн харилцаанд шинээр орж буй ажилтан бүрд ажил олгогчоос ялгаатай бус, дотоод журмаараа урьдчилсан байдлаар тогтоосон, нийтлэг “туршилтын хугацаатай холбоотой” шалгуурыг санал болгох, бусдад давуу байдал олгохгүй байх  зорилготой, ач холбогдолтой ба энэ талаар 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тодорхой заасан.

 

12. Түүнчлэн 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтын “хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын хугацаагаар” гэснийг ямар ажлын байранд, хэдий хугацаагаар хөдөлмөрийн гэрээг “туршилтын хугацаагаар” байгуулж болохыг гагцхүү тухайн байгууллагын дотоод журамд урьдчилсан байдлаар тусгасан тохиолдолд, эсхүл дараа нь нэмж тусгасныг талууд хожим, харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэх боломжтой бөгөөд хэрвээ хөдөлмөрийн дотоод журамд энэ талаар тусгаагүй, эсхүл ажил олгогч өөрийн байгууллагын дотоод журмыг шүүхэд ирүүлээгүй бол, хөдөлмөрийн гэрээндээ энэ тухай буюу туршилтын хугацааны талаар талууд харилцан тохиролцож тусгасан ч ажилтан, ажил олгогч нарын хооронд туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ хууль ёсны буюу хүчин төгөлдөр байх шинжийг илтгэнэ.

 

            13. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгч 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус цэцэрлэгийн туслах багш Ш.Аийг ажлаас нь чөлөөлж, тус цэцэрлэгт арга зүйчээр түр томилон, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилтантай хөдөлмөрийн гэрээг 3 сарын туршилтын хугацаагаар байгуулах үед тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд “шинээр орсон ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах туршилтын хугацаа тогтоосон” эсэх нь тогтоогдоогүй, тухайн үед мөрдөгдөж байсан Өлгий сумын ** цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй байна. Мөн хариуцагчаас гаргаж өгсөн Өлгий сумын ** цэцэрлэгийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хамт олны хурлаас баталж хүчин төгөлдөр мөрдөж байгаа Хөдөлмөрийн дотоод журамд шинээр ажилд орж байгаа ажилтантай ямар ажлын байранд, хэдий хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах туршилтын хугацааны талаар тодорхой тусгасан, зохицуулсан зүйлгүй байна.

Тиймээс давж заалдах шатны шүүх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажилтан Ш.Аийг тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд томилж, ажиллуулахдаа хуульд зааснаар, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаараа урьдчилж заасан туршилтын хугацаа тогтоосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв. Уг дүгнэлтийн үр дагавар нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтад “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна”, 231 дүгээр зүйлийн 231.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно.” гэж заасныг баримталбал, ажилтан Ш.Аийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар тушаалаар тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд томилсон цагаас эхлэн туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцож, түүний гомдлыг хангаж, ажилтныг урьд эрхэлж байсан Өлгий сумын ** цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн томилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байна.

 

14. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна гэж заасныг талууд хөдөлмөрийн гэрээнд хэрэглэхийн тулд эхлээд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасан “хөдөлмөрийн дотоод журмаар туршилтын хугацааг тогтоох” заалт хангагдсан байх шаардлагатай. Хэрвээ байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд туршилтын хугацааны талаар тогтоогоогүй нөхцөлд талууд мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тохиролцож, тогтоосныг гэрээ хууль ёсны байх шаардлагыг хангасан буюу хүчин төгөлдөр гэж үзэхгүй.

 

15. Ажилтан Ш.А болон ажил олгогч Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгч нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.17-1.21 дүгээр заалтуудад тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд туршилтын хугацаа тогтоогоогүй байхад тус хөдөлмөрийн гэрээг 3 сарын туршилтын хугацаагаар байгуулж, уг хугацааг ажилтан Ш.А арга зүйчийн ажлын байранд тасралтгүй 3 сар ажилласан нөхцөлд тооцохоор, талуудаас үл хамаарах шалтгаанаар ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон, ажилтан ээлжийн амралтаа эдэлсэн, өвчтэй байсан, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар ажиллаагүй нөхцөлд туршилтын хугацаа тасрах, улмаар ажил үүргээ гүйцэтгээгүй хугацаагаар сунгагдах буюу “туршилтын хугацааг сэргээн тоолох” талаар харилцан тохиролцож, туршилтын нийт үргэлжлэх хугацааг ажилтны ажил үүргээ биечлэн гүйцэтгэх 3 сарын хугацаагаар тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт,  231 дүгээр зүйлийг бүхэлдээ зөрчсөн, хууль бус болжээ. Талуудын уг тохиролцоог анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийг 231.1, 231.2 дахь хэсэгт нийцсэн байна гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүх хуулийн зүйл, хэсгийн дугаарыг техникийн алдаа гаргаж “231 дүгээр зүйл, 231.1, 231.2 дэх хэсэг” гэж буруу ташаа бичсэнийг мөн тэмдэглэж байна.

 

16. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт,  231 дүгээр зүйлд байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд туршилтын хугацаа тогтоосон бол талууд хөдөлмөрийн гэрээндээ уг хугацааг хэрэглэх, мөн уг хугацааны талаар талууд хөдөлмөрийн гэрээндээ харилцан тохиролцож гурван сар хүртэл тогтоож болох талаар л зохицуулсан байхад хуульд тухайлан зохицуулаагүй, тогтоогоогүй асуудлаар буюу “туршилтын хугацааг ажилтан биечлэн ажил үүргээ, тасралтгүй гүйцэтгэснээр тооцох”, “ажилтан, ажил олгогчоос үл хамаарах болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй, эсхүл биечлэн гүйцэтгээгүй бол туршилтын хугацаа тасрах”, “туршилтын хугацааг сэргээн тоолох” зэрэг асуудлуудаар, тодруулбал талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд “туршилтын хугацааг тоолох талаар” журам тогтоосон нь хууль ёсны шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

17. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хугацаатай гэрээний нэг төрөл болох туршилтын хугацаа тогтоож, ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж буй зорилго нь ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага нь тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах бөгөөд гагцхүү энэхүү шалгалт нь бодитой, оновчтой, үр нөлөөтэй, шалгуур үзүүлэлтүүд нь хуулийн дээрх хэсэгт нийцсэн ойлгомжтой байх ёстой. Энэ чиглэлээр хийсэн ажил олгогч Өлгий сумын ** цэцэрлэгийн дотоод хяналт шалгалтын багийн үйл ажиллагаа, үнэлгээ, бүлгийн болон туслах багш нарын хамтарсан хуралдаанаар арга зүйчийн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага нь тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирч байсан эсэхийг хэлэлцсэн нь буруу биш боловч ажил олгогч энэхүү үйл ажиллагааг анхнаасаа арга зүйчийн ажлын байранд Ш.Атэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс хуульд нийцүүлэн явуулаагүй буюу хөдөлмөрийн дотоод журмаар туршилтын хугацааг тогтоогоогүй атлаа хөдөлмөрийн гэрээнд уг хугацааг хэрэглэсэн тул ажилтны энэ хугацаанд гүйцэтгэсэн ажлын үзүүлэлтэд дүгнэлт өгөх нь хууль зүйн хувьд үр дагавар үүсгэхгүй, ач холбогдолгүй болж байна.

 

18. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар тушаал, талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 8 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр Ш.Аийг тус цэцэрлэгийн туслах багшийн ажлаас чөлөөлж, арга зүйчийн ажилд томилон 1 жил 9 сар 3 долоо хоног, 3 өдөр ажиллуулсны дараа ажил олгогч 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар түүнийг туршилтын хугацаа дууссан гэх үндэслэлээр цэцэрлэгийн арга зүйчийн ажлаас чөлөөлж, тус цэцэрлэгийн туслах багшийн ажилд томилсон, энэ хугацаанд ажилтан Ш.А нь Өлгий сумын ** цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж, цалин хөлс авсан бөгөөд түүний уг ажилласан хугацааны талаар талууд маргаангүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон туршилтын болон сургалтын хугацааны нийлбэр 6 сараас илүүгүй байна, 231 дүгээр зүйлийн 231.2 дахь хэсэгт заасан туршилтын хугацаа гурван сар хүртэл байна гэж заасан байхад ажил олгогч ажилтныг арга зүйчийн ажилд томилсноос хойш 1 жил 9 сарын дараа туршилтын 3 сарын хугацаа дууссан гэх үндэслэлээр эрхэлж байсан ажлаас нь чөлөөлж, өөр ажилд томилсон нь хуульд нийцээгүйгээс гадна бодит үндэслэлгүй болжээ. Учир нь цэцэрлэгийн дотоод хяналт, шалгалтын баг арга зүйч Ш.Ан ажлын үр дүнг түүний ажилласан гэх “3 сарын туршилтын хугацаагаар” нь бус харин 2021 оны 1, 3 дугаар улирлын байдлаар үнэлж, дүгнэж байсан баримтуудыг ажил олгогч шүүхэд гаргаж өгснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

19. Түүнчлэн шүүх ажилтан Ш.Ан арга зүйчээр нийт ажилласан хугацаанаас хэсэг хугацааг нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус заалтуудыг иш үндэс болгож “туршилтын хугацаанд” хамаатуулж үзэхдээ, коронавируст цар тахлын дэгдэлтийн улмаас улс, орон даяар болон тухайн орон нутагт цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласан эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрийг үндэслэж “ажилтан Ш.Ан арга зүйчээр ажилласан туршилтын 3 сарын хугацааг тоолж, 02 сар 21 хоног байна” гэж тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл, 231 дүгээр зүйлд хуульчлагдаагүй буюу хуулиар тогтоогоогүй, харин талуудын хөдөлмөрийн гэрээнд заасан “туршилтын хугацаа үргэлжлэх, тасрах, сэргээн тоолох журам”-д үндэслэгдсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй, шүүх талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар үнэлэхдээ түүний хууль ёсны байдалд эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна.

 

20. Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад зааснаар, анхан шатны шүүх 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийг 231.1, 231.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулийн хэрэглэвэл зохих 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт, 231 дүгээр зүйлийн 231.3 дахь хэсгийг зөв тайлбарлаж хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 00 цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилтан Ш.Аийг тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Ш.А, түүний өмгөөлөгч Т.Байгонак нарын хамтран гаргасан, түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлуудыг тус тус хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ202/00034 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ш.Ан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ш.Аийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж,

 

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч Ш.Ан нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгээс 70.200 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгч Ш.А, түүний өмгөөлөгч Т.Байгонак нарын хамтран гаргасан болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлуудыг тус тус хүлээж авсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч болон тэдгээрийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдлууд тус тус тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК