Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2022/00271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, шүүгч И.Амартөгс, Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ....байрлах “МД” ХК /РД:5473489/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ...тоотод оршин суух хаягтай, Э.Т-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 17.450.740 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “МД” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

/хариуцагч, иргэдийн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “МД“ ХК нь Э.Т-аасИргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хорын хохиролд 17.450.74 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч “МД” ХК-ийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна .Үүнд: 

    1. “МД” ХК нь Г.Б-тэй 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 18...002 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Г.Б  нь 1.-.8 УНЕ улсын дугаартай, Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг 163.800.000 төгрөгөөр үнэлэн, 1 жилийн хугацаагаар даатгаж, даатгалын хураамж төлсөн.

            Даатгуулагч Г.Б ийн эзэмшлийн 1.-.8 УНЕ улсын дугаартай Тоёота Ланд Крузер маркийн автомашиныг Н.Б жолоодож 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Хөгжим бүжгийн коллежийн зүүн урд уулзвар замд зам тээврийн хөдөлгөөнд оролцож байхад 9.-.5 УНБ улсын дугаартай  автомашиныг жолоодож явсан Э.Т Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1, 5.6 дахь заалтыг зөрчин, осол гаргаж, даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд 17.450.740 төгрөгийн хохирол учруулсан.

            “МД” ХК нь Даатгалын гэрээний 2.1.3.b-д заасан даатгалын эрсдэл учирсан гэж үзэн даатгуулагч Г.Б-т Даатгалын гэрээний 8.6-д зааснаар Г.Б-т 17.450.740 төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн.

            Даатгалын тохиолдол мөн болох нь “АБ” ХХК-ийн үнэлгээний тайлан, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон баримт, шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоол зэргээр нотлогдоно.

            Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар шаардах эрхийг шилжүүлэн авсан.

            Иймд гэм буруутай этгээд Э.Т-аас Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1,443.7,499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хорын хохиролд 17.450.74 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

  

2. Хариуцагч Э.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний талууд нь Г.Б , “МД” ХК нар байх ба гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх заалтад “даатгал нь даатгуулагч болон даатгалын гэрээнд нэр заасан зөвшөөрөл бүхий 2 хүртэлх жолоочийн жолоо барих үед хүчинтэй” гэж заасан байна.

Уг гэрээнд Г.Б, Н.Э гэх 2 жолоочийн нэр бичигдсэн байна.

Зам тээврийн осол гарахад 1.-.8 УНЕ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн автомашиныг Н.Б жолоодож явсан ба түүний нэр гэрээнд байхгүй. Н.Б нь даатгалын тохиолдол болоход даатгалын нөхөн төлбөр авах эрхтэй жолооч биш юм.

Н.Б нь замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж явах үүрэг хүлээж, замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаа өөрөө хүлээнэ.

Н.Б нь “МД” ХК-ийн даатгуулагчийн автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан нь Тээврийн прокурорын газрын Прокурорын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3..8 дугаар тогтоолд бичигдсэн байгаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар Э.Т нь энэ иргэний хэргийн хариуцагч биш гэв.

 

3. Нэхэмжлэгчээс 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, Хаан банкны 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн болон 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Зам тээврийн ослын акт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Замын цагдаагийн албан шинжээчийн дүгнэлт, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3..8 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, “АБ” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 720 тоот “Авто машин техникийн үнэлгээний тайлан”, даатгуулагч Г.Б-ийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “МД” ХК-д гаргасан өргөдөл, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээ, “МД” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18/..3 дугаар “Нөхөн төлбөр олгох тухай” тушаал зэрэг бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн. /х.х-ийн 6-24, 27-32 тал/

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Тээврийн прокурорын газраас 1.-.8 УНЕ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг жолоодож явсан Н.Б-д Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан эсэх талаарх баримт, Н.Б-ийн мэдүүлэг, Соната-5 маркийн 9.-.5 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /х.х-ийн 115-123 тал/, Г.Б даатгалын хураамж төлсөн /х.х-ийн 144-145 тал/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2. Нэхэмжлэгч “МД” ХК нь хариуцагч Э.Т-аас 17.450.874 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг “...даатгуулагчийн эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг гаргуулахаар шаардаж байна” гэж тодорхойлсон. 

 

3. Хариуцагч Э.Т нь гэм буруугийн талаар маргаагүй, даатгалын гэрээнд нэр нь бичигдээгүй этгээд тээврийн хэрэгслийг жолоодож явсан, учирсан гэм хорыг хариуцахгүй гэх тайлбар гарган мэтгэлцэж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

  4.1. “МД” ХК болон Г.Б нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр №18...002 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагджээ.

Уг гэрээгээр даатгуулагч Г.Б нь 163.800.000 төгрөгийн үнэ бүхий 1.-.8 УНЕ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг даатгуулан, даатгалын хураамжид 0.65 хувиар буюу 1.064.700 төгрөг төлөх, даатгагч “МД” ХК нь даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд учирсан хохирлыг гэрээнд заасны дагуу /80 хувиар /нөхөн төлөхөөр, гэрээ нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний  өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 20-ний өдрийг дуустал хугацаанд үргэлжлэхээр тус тус харилцан тохиролцсон байна.

Даатгуулагч Г.Б нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр даатгалын хураамжид 1.064.700 төгрөг төлжээ. /х.х-ийн 145 тал/

4.2. “МД” ХК болон Г.Б нар нь даатгалын гэрээг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасны дагуу бичгээр байгуулсан ба уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

4.3. “МД” ХК, Г.Б нарын байгуулсан гэрээний даатгалын зүйл нь эд хөрөнгө, гэрээний зорилго нь эрсдэлийн улмаас эд хөрөнгөнд учирсан гэм хорыг нөхөн төлөх агуулга байгаагаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д заасан гэм хорын даатгалын гэрээ байгуулагдсан байх ба гэрээний 2 дугаар зүйл заалтаар даатгалын эрсдэлийн төрлийг тодорхойлсон бөгөөд үүнд зам тээврийн осол гэж заажээ.   

4.4. 2018 оны 06 сарын 07-ны өдөр гарсан зам тээврийн ослын улмаас даатгалын гэрээний зүйл болох 1.-.8 УНЕ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэлд гэм хор учирсан бөгөөд тухайн осол нь Соната маркийн 9.-.5 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Т Замын хөдөлгөөний дүрмийн 5.1, 5.6 дахь заалтуудыг зөрчсөн, харин 1.-.8 УНЕ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг жолоодож явсан Н.Б Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэсэн Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 408 тоот дүгнэлт гарч, улмаар Тээврийн прокурорын газрын прокурорын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3..8 дугаар тогтоолоор Э.Т-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан байна. /х.х-ийн 11-24 тал/

 

5. Хариуцагч Э.Т нь “МД” ХК-ийн нэхэмжлэлтэй уг иргэний хэргийн хариуцагч нь биш гэх тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтуудыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, өөрийн татгалзлаа нотлох ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

 

6. Хэрэг бүртгэлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад даатгалын гэрээний зүйл болох 1.-.8 УНЕ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “АБ” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 720 тоот үнэлгээний тайлангаар 21.900.925 төгрөгийн шууд хохирол учирсан болохыг тодорхойлсон байна.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг” хэлнэ гэж заасан.

Даатгалын гэрээний хугацаанд даатгалын тохиолдол бий болж, даатгуулсан эд хөрөнгөнд хохирол учирсан байх тул даатгагч нь гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр төлөх үүргийн дагуу даатгалын нөхөн төлбөрт нэхэмжлэгч “МД” ХК-иас 17.450.740 төгрөгийг даатгуулагч Г.Б-т төлсөн бөгөөд уг төлбөрийг хариуцагч Э.Т-аас Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар шаардаж байна.  

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасан.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...”, даатгалын гэрээний 8.5-т даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг хууль болон гэрээнд заасан хугацаанд нөхөн барагдуулсны дараа буруутай этгээдээс даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжилнэ гэж тус тус заасан.

Иймд даатгуулагч Г.Б-тэй байгуулсан эд хөрөнгийн даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болсон гэж “МД” ХК даатгуулагчид төлсөн гэм хорын хохирлыг гуравдагч этгээдээс шаардах эрхтэй.   

Даатгалын эрх зүйн харилцаа нь хариу төлбөртэй харилцаа бөгөөд даатгалын гэрээ байгуулж, хураамж төлсний дараа даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгуулагчийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг даатгагчид үүсдэг.

Хариуцагч Э.Т-ын буруугаас даатгалын гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирол 17.450.740 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МД” ХК-д олгож шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56дугаар зүйлийн 56.1,60дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч МД” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.204 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 245.204 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “МД” ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар  зүйлийн 497.1 дэх заалтыг  баримтлан хариуцагч Э.Т-аас 17.450.740 /арван долоон сая дөрвөн зуун тавин мянга долоон зуун дөчин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МД” ХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “МД” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.204 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 245.204 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “МД” ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2. 119.4, 119.5-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЦЭНГЭЛ

 

 

         ШҮҮГЧИД                            И.АМАРТӨГС

 

 

                                                                                Б.ЦОЛМОН