Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 132/ШШ2021/00539

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х албаны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж овогт Ц-ийн Т-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,613,450 /хоёр сая зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий 132/2021/00455/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагч Ц.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Т  нь 2014 оны 08 сарын 08-ны өдрийн Дугаар Бот/2014/336 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийн FT-250 маркийн бага оврын тракторыг анжисны хамт урьдчилгаа 40% болох 2,000,000 төгрөг төлөн үлдэгдэл 60% болох 3,000,000 төгрөгийг 2017 оны 08 сарын 08-ны өдрийн дотор төлөхөөр гэрээ байгуулсан.

Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 08 сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 1,742,300 төгрөг байна.

Дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232.4 заалтыг баримтлан анз тооцоход Дугаар Бот/2014/336 тоот гэрээнд 871,150 төгрөг байна. Нийт 2,613,450 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Хөдөө аж ахуйг дэмжих санг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Т  нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ц.Т  нь Хөдөө Аж Ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлтэй танилцлаа. Хөдөө Аж Ахуйг дэмжих сангийн нэхэмжилсэн 2,613,450 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус трактор, анжисны төлбөрийг төлж барагдуулсан болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хөдөө Аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагч Ц.Т д холбогдуулан, гэрээний үүрэгт 2,613,450 /хоёр сая зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2014 оны 08 сарын 08-ны өдрийн Дугаар Бот/2014/336 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийн FT-250 маркийн бага оврын тракторыг анжисны хамт урьдчилгаа 40% болох 2,000,000 төгрөг төлөн үлдэгдэл 60% болох 3,000,000 төгрөгийг гэрээний хугацаанд төлж барагдуулахаар гэрээг байгуулжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худлдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж, мөн хуулийн  76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус заасан.

Талуудын хооронд 2014 оны 08 сарын 08-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хугацаа 3 жил байх бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дууссан байна. Хуульд зааснаар худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол худалдагч тал худалдан авагч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Тодруулбал худалдан авагч Ц.Т  нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол худалдагчид 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн шаардах эрх үүсэх бөгөөд үүнээс хойш 3 жилийн хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд шаардах эрхтэй байхад нэхэмжлэгч тал 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугцаааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд Ц.Т аас гэрээний үүрэгт 2,613,450 /хоёр сая зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуун тавь/  төгрөг гаргуулах тухай Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө Аж Ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт, энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, нотолж чадаагүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжгүй байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлсэн болох нь Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 16 дугаар тогтоол, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаартай тушаалаар тус тус тогтоогдож байх тул  Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Х албаны нэхэмжлэлтэй, Ц.Т д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэл 2,613,450 /хоёр сая зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай..

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ОДОНЧИМЭГ