Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 214/МА2022/00005

 

Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа

 Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ц.*******д холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 539 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.*******д холбогдох,

 

Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 2,613,450 /хоёр сая зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* хариуцагч Ц.*******, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.******* нь 2014 оны 08 сарын 08-ны өдрийн Дугаар Бот/2014/336 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийн FT-250 маркийн бага оврын тракторыг анжисны хамт урьдчилгаа 40% болох 2,000,000 төгрөг төлөн үлдэгдэл 60% болох 3,000,000 төгрөгийг 2017 оны 08 сарын 08-ны өдрийн дотор төлөхөөр гэрээ байгуулсан.

Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 08 сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 1,742,300 төгрөг байна.

Дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232.4 заалтыг баримтлан анз тооцоход Дугаар Бот/2014/336 тоот гэрээнд 871.150 төгрөг байна. Нийт 2.613.450 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Хөдөө аж ахуйг дэмжих санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Ц.******* нь Хөдөө Аж Ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлтэй танилцлаа. Хөдөө Аж Ахуйг дэмжих сангийн нэхэмжилсэн 2.613.450 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус трактор, анжисны төлбөрийг төлж барагдуулсан болно гэжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 539 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө Аж Ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлтэй, Ц.*******д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэл 2,613,450 /хоёр сая зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,    

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдажшийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч Ц.*******аас 2.613.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүхээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн манай гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагч Ц.******* нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй нь хуулийн дагуу давуу эрх олгосон, улсыг хохироосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжисөн хууль ёсонд таарахгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Зээлийн гэрээний талууд адил эрх эдэлж үүрэг хүлээдэг атал өөрийн үүргээ биелүүлээгүй зээлдэгч талд илүү боломж олгосон шийдвэр гаргаж төрийн байгууллага татвар төлөгчдийн эрхэнд ноцтойгоор халдсан шийдвэр гарсан гэж үзэж байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон заалтын дагуу сангийн зүгээс хохирлоо барагдуулах боломжтой.

Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан тул санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж татвар төлөгчдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

....Хадуур, тармуур хоёрыг 6.500.000 төгрөгөөр авсан. Тухайн үедээ шууд 3.500.000 төгрөг тушаагаад 3.000.000 төгрөг үлдсэн. Үлдсэн 3.000.000 төгрөгийг гурван жилийн хугацаатай гэрээ байгуулж төлсөн. Гурван жилийн хугацаанд жилд 1.000.000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Бүх мөнгөн дүнг 2016 онд төлөөд дуусчихсан. Мөнгө төлсөн баримт байхгүй болчихсон. Мөнгө баараггүй төлөгдсөн гэв.

 

                                                                  ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагч Ц.*******аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2.613.450 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ц.******* төлбөр төлөгдөж дууссан нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Ц.******* нь 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Бот-2014/336 дугаар гэрээгээр 5.000.000 төгрөгний FT-250 маркын бага оврын тракторыг анжисны хамт урьдчилгаа 40 хувь болох 2.000.000 төгрөг төлөн үлдэх 60 хувь болох 3.000.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 8-ны дотор төлөхөөр тохиролцон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан  бага оврын тракторыг  худалдан авсан үйл баримт тогтоогдсон  байна.

Хариуцагч Ц.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт үлдэх төлбөрийн төлсөн талаар мэтгэлцсэн байгаа боловч энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар “зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-д зааснаар нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй болно.

 Зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдаж гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр дуусгавар болжээ.

 Иргэний хуулийн 75 дугаар зшйлийн 75.2.1.-д зааснаар “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэснээс үзэхэд шаардах эрх нь  2020 оны 8 дугаар сарын 8-ны хүртлэх хугацаанд байхад нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4.-т зааснаар “шаардах эрх нь нэхэмжлэлийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэснээс үзэхэд нэхэмжлэгч зохих журмын дагуу шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрхгүй болсон энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “худалдах, худалдан авах” гэрээний үүргийн гүйцтгэлийг хангуулах талаар анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1., 229 дүгээр зүйлийн 229.1., 492 дугаар зүйлийн 492.1.1.-т заасантай хамааралгүй бөгөөд дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй байх тул давж заалдах шатны  шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйг харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 539 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

                                                                                     

                                           ШҮҮГЧ                                     М.ХҮРЭЛБААТАР