Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 132/ШШ2022/00044

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д. ******* холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13,209,816.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2021/00587/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Ш нар нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны Булган салбарын Рашаант тооцооны төвөөс ЗГ/201742945300 тоот зээлийн гэрээ байгуулан 10,100,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цалингийн нэмэлт зээл, 3,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр цалингийн нэмэлт зээл 1,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ЗГ201844193479  тоот зээлийн гэрээ байгуулан цалингийн зээлийн үлдэгдэл 10,658,673.34 төгрөг дээр нэмж, 9,000,000 төгрөг, нийт 19,658,673.34 төгрөгийн жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээл авсан.

Зээлдэгч Б.Г, Д.Ш нар нь зээлийн гэрээний 2.4.1 дахь заалтыг зөрчиж, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээл 200 хоног хугацаа хэтрүүлээд байна. Тиймээс банк  зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тул доорх нэхэмжлэлийг гаргаж байна.

... Иймд хариуцагчаас 13,209,816.22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлдэгч Б  овогтой Г  нас барсан. Хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Шинэбаярыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Анх 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны Булган салбарын Рашаант тооцооны төвөөс 10.100.000 төгрөгийн зээл авч, үүнээс хойг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цалингийн нэмэлт зээл 3.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр цалингийн нэмэлт зээл, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цалингийн зээлийн үлдэгдэл 10,658,673,34 төгрөг дээр нэмж, 9,000,000 төгрөг, нийт 19,658,673,34 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч Б.Г Д.Ш нар нь зээлийн гэрээний 2.4.1 дэх заалтыг зөрчиж 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 200 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж байгаа учир 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хүү нэмэгдүүлээгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг,зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчид хадгаламж, зээлийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсэгт Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч байна гэж заасан. Харилцагчтай байгуулсан зээлийн гэрээний 2.4.6 дахь хэсэгт банк, зээл олголт эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгчийн харилцах данснаас зээлийг үл маргах журмаар төлүүлэх ба тухайн зээлийг төлөх хэмжээний мөнгө байхгүй тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн аль нэгнийх нь данснаас үл маргах журмаар төлүүлнэ гэсэн зохицуулалт байгаа. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээлгэнэ гэж гэрээнд заасан байгаа. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй. Зээл олголт эргэн төлөлтийн хуваарийн дагуу болон хугацаа хэтэрсэн зээлийн төлөлтийг харилцагчийн данснаас мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тохиолдолд хамтран гүйцэтгэгчийн данснаас үл маргах журмаар суутган авч эдгээр данснаас төлөх чадваргүй бол хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж банкны хугацаатай хадгаламжид барилт хийх мэдэгдэлд дурдсан журмаар суутгуулах гэсэн заалттай. Мөн зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй. Зээл олгох үед зээлдэгч нар нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч нарын цалингийн тодорхойлолтууд гаргасан хүсэлтүүд, үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч нарын цалингийн орлогыг үндэслэн зээлийн хэмжээг тогтоодог учир аль алинаас нь буюу хамтран хариуцагчаар гаргуулах боломжтой гэж үзэж байгаа. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 12,236,153,89 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 935,162,33 төгрөг,нотариат үйлчилгээний зардал 38,500 төгрөг нийт 13,209,816,22 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.Ш шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : ...Анх хүүхдэдээ байшин авч өгөхөөр нөхөр бид хоёр зээл авч байсан. 2019 оны 8 дугаар сард манай нөхөр элэгний хорт хавдар өвчнөөр өөд болсон. Энэ хугацаанаас хойш би хүүхдүүдтэйгээ нийлээд зээлийг тодорхой хэмжээгээр төлөөд явж байсан боловч хүүхдүүдийн маань эрхэлж байсан бизнес ковид-19 цар тахал гарсны улмаас хаагдаж дампуурсан. Дараа нь хүүхэд маань уул, уурхайд ажилд ороод ажиллаж байтал тэр нь бас хаагдчихсан чинь надтай зээлийг хамтарч төлөх хүн байхгүй. Би өөрөө 90 настай аавтайгаа амьдардаг. Одоо энэ зээлийг төлөх ямар ч боломжгүй байна. Нөхрийнхөө ажил явдлыг нь дуусгаад үлдсэн мөнгийг нь өгч байсан. Хүүг нь хасаад явчихдаг гэж бодож байтал хасдаггүй байсан . Миний биеийн байдлын хувьд нурууны суулттай гэж оношлогдоод хагалгаанд ор гэж хэлсэн. Хэрвээ хагалгаанд  орчих юм бол юу ч болох юм билээ гэж бодоод хагалгаанд ороогүй, эмчилгээ хийлгээд л явж байна. Би боломжоороо зээлийг төлөөд л явж байсан. Одоо зээлийг үнэхээр төлөх боломжгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:


         Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Д.Ш холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,209,816,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч төлөх боломжгүй  гэж маргаж байна.

         Хаан банк нь Б.Г, Д.Ш нартай  2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэрэглээний зээл, малчны зээлийн гэрээ байгуулж, 19,658,673.34 төгрөгийг жилийн 16.8  хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, мөн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, 60 сартай тэнцэх цалингаа барьцаалж, гэрээг байгуулжээ. /хх-ийн 12-21 дүгээр тал/

Зээлдэгч Б.Г нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Дээрхи зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг цалин, түүнтэй адилтгах тогтмол орлогоор төлөх, банк зээлдэгч Б.Гийн цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр заажээ. Өөрөөр хэлбэл банк зөвхөн Б.Г-ийн  цалин орлогын хэмжээ, түүний цалингийн зээл авах тухай хүсэлт, анкет зэргийг үндэслэн  зээл олгожээ.

Дээр дурдсанаас үзвэл хамтран зээлдэгч Д.Ш тухайн зээлтэй холбогдуулж өөрийн тогтмол орлого болох цалин болон бусад эд хөрөнгө барьцаалаагүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, зээлийн гэрээнд тусгагдаагүй байна.

Иргэн ажил хөдөлмөр эрхлэж түүндээ тохирсон цалин хөлс авах нь зөвхөн тухайн хувь хүний эрхтэй салшгүй холбоотой бөгөөд энэ тохиолдлолд цалингаа барьцаалж зээл авах нь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой учир Б.Г нь цалингаа барьцаалж зээл авсан нь зөвхөн түүнд хамааралтай болох бөгөөд харин гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалин орлогоо барьцаалаагүй, хариуцагч Д.Ш  зээлийн гэрээний үүргийг хамааруулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болохоор заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалин барьцаалсан зээлийн үүрэг гүйцэтгэгч, зээлдэгч Б.Г нас барснаар дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

          Иймд Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь хариуцагч Д.Ш гэж үзэх үндэслэлгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 13,209,816,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Ш-аас 13,209,816,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банк-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ОДОНЧИМЭГ