Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2213

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01948 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Б-ийн хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, Б.Эрдэнэжаргал, Б.Ганболор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Г-т 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дүрс оношилгооны их эмчээр ажиллаж байсан. Г ХХК-н захиргааны зүгээс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “таны өндөр насны тэтгэвэрт гарах эрх чинь үүссэн тул хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж амаар мэдэгдсэн бөгөөд М.Б “тэтгэвэрт гарах болоогүй байгаа, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үед өөрөө хүсэлтээ өгөх” саналыг Г ХХК-н захиргаанд бичгээр өгсөн. Гэтэл Г ХХК-н зүгээс 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан. Уг тушаалд өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, Г ХХК-н өнөөгийн шаардлагаар дүрс оношилгооны чиглэлээр хөрвөн ажиллах чадварыг эзэмшээгүй, үзлэг оношилгооны явцад удаа дараа үйлчлүүлэгчдээс тус эмнэлгийн чанарын удирдлагад болон мэргэжлийн хяналтын албанд гомдол гарч тухай бүрт чанарын албаны хурлаар хэлэлцэж, сануулах болон цалинг хассан арга хэмжээ авсан зэрэг үндэслэлүүдийг зааж ажлаас чөлөөлсөн. Дээрх тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй тул өмнө нь эрхэлж байсан дүрс оношилгооны их эмчээр буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулж өгөхийг даалгаж өгнө үү. Хэрэгт авагдсан М.Б-ийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дунджийг тооцон, ажилгүй байсан хугацаа буюу 122 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 12 676 776 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Б эмч хортой нөхцөлд ажиллаж байсан учраас тэтгэвэр тогтоолгох эрх нь түүнд үүссэн. Гэхдээ манай байгууллага М.Б эмчид итгэл хүлээлгэн 2013 онд ажилд авсан. Тухайн онд тэтгэврийн нас нь болчихсон ажилласан жил хангалттай буюу 1996 оноос хойш ажилласан гэвэл Тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн зохицуулалтаар хангалттай ажилласан байгаа. 2016 оноос хойш 2018 оны 3 дугаар сар хүртэл ажиллах хугацаанд байгууллага итгэл үзүүлэн удаа дараа гарсан алдаа дутагдлыг баг хамт олноороо шийдвэрлэн сануулга арга хэмжээ болон цалингийн арга хэмжээг авч байсан. Нэхэмжлэгч нь Анагаах ухааны үндэсний хүрээлэнгээс 5 сарын курс дамжааг төгссөн, Анагаахын сургуулиас 6 сарын дамжаа төгссөн гэсэн бичиг баримтаар дүрс оношилгооны эмч гэж нотлоод байна. Гэтэл Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дүрс оношилгооны тэнхимээс гаргасан тодорхойлолтыг хэрэгт өгсөн байгаа. Үүнд компьютер мрай буюу соронзон томограф, компьютер томограф, рентген шинжилгээ, хэт авиан шинжилгээ буюу эхо гэх энэ 4 чиглэлээр аль алиныг эмч маань гүйцэтгэж чаддаг дүгнэлтийг гаргаж чаддаг байх ёстой. Гэтэл М.Б эмч маань Г-т зөвхөн рентгений эмчээр ажилладаг байсан. Рентгений эмчээр ажиллаж байхдаа удаа дараа мэргэжлийн ур чадваргүйн улмаас алдаа дутагдал гаргаж байсан. Мөн 2 жилийн резиндентурын хөтөлбөрийг бүрэн биелүүлсэн хүн дүрс оношилгооны дурдсан 4 чиглэлээр хөрвөн ажиллах чадвартай гэснийг хүлээн зөвшөөрдөг. Тухайн үедээ Эрүүл мэндийн яамнаас болон хүрээлэнгээс, Анагаахын сургуулиас курс хөтөлбөр гаргаж хичээллүүлдэг тэр 5, 6 сарын богино хэмжээний сургалтад хамрагдсан нь 2 жилийн резиндентурын хөтөлбөрийг хангасан эмчийн хажууд маш учир дутагдалтай юм. Эмч хүн гэдэг бол төрдөө тангараг өргөж түмнийхээ эрүүл мэндийн төлөө ажилладаг, үүний цаана хамгийн гол нь үйлчлүүлэгч буюу ард иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох юм. Эмчлэх лиценз нь 2021 онд дуусна гэж хэлж байна. Хувь хүн өөрөө шалгалт өгсөн тохиолдолд, эсхүл тухайн ажиллаж байхад тав, таван жилээр тус лиценз сунгагддаг. 5 жилдээ Эрүүл мэндийн яам болон Анагаахын сургуулиас зарласан кредит хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд автоматаар сунгагддаг. Тэгэхээр 2021 онд хүртэлх эмчлэх лицензийг бол шалгалт өгч авсан уу, эсхүл кредит цуглуулж авсан уу гэдгийг би тодорхой мэдэхгүй байна. Тийм болохоор байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн цаашид ажиллуулах боломжгүй гэх байр суурьтай байгаа гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг Г ХХК-ндүрс оношилгооны тасгийн дүрс оношилгооны эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 12 157 236 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 209 462 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Г” эмнэлгийн ерөнхий захирлын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр дүрс оношилгооны эмчийн албан тушаалтай М.Б-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд эмнэлгийн “Хөдөлмөрийн Дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасныг давхар үндэслэл болгосон. М.Б эмчийн хувьд 55 нас хүрч, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн. М.Б эмчийн хувьд өвчтөний ар гэрээс удаа дараа гомдлууд ирж, Удирдлагын зөвлөл, чанарын албаны 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын протокол, Эмнэлгийн чанарын албаны 2016 оны 12 дугаар сарын 06, мөн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хурлын протокол, Удирдлагын зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын протокол, Эмнэлгийн чанарын албаны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын протоколууд зэргээс эмчийн үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа удаа дараа алдаа дутагдал гаргаж байсан нь нотлогддог. Мөн М.Б нь эмчийн ямар ч зэрэггүй. Энэ насны эмчийн хувьд жил тутамд зэргийн шалгалтад орж баталгаажуулдаг. Гэтэл өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээрээ зэрэг дэв авах, ахиулах, Эрүүл Мэндийн Яам болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн шалгалтад орж, өөрийгөө хөгжүүлж, мэдлэгээ шалгуулж, ахиулж, эрхэлж буй ажилдаа эзэн нь болж чадаагүй учир удаа дараа мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байсан. Мөн мэргэжил чадварын хувьд “Г” эмнэлэг, улсын ба хувийн томоохон эмнэлгүүд, 3-р шатлалын эмнэлгүүдэд ажиллах боломжгүй гэдгийг Тасгийн эрхлэгч дүрс оношилгооны Тэргүүлэх зэргийн эмч, АУШУҮС-ийн клиникийн профессор О.Ганхуяг тодорхойлсон байдаг. Учир нь хувийн том эмнэлгүүд болон 3-р шатлалын эмнэлгүүдэд дүрс оношилгооны 1.6-2 жилийн резиндентурын бүтэн сургалтад сууж, дүрс оношилгооны 3-5 төрлийн оношилгоог хийх чадварыг эзэмшсэн эмч ажиллах шалгууртай байдаг. Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх хэсэг”-т дүгнэхдээ: "Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг энэ талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэжээ. Гэтэл “Г” эмнэлгийн ерөнхий захирлын “Ажлаас чөлөөлөх тухай” шийдвэрт эмнэлгийн Дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх заалтыг баримталсан нь тухайн салбарын аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт гарсан байх шаардлагагүй төрийн байгууллага биш бөгөөд хувийн хэвшлийн эмнэлэг тул дотоодын Удирдлагын зөвлөл, чанарын албаны хурлаар орж шийдвэрлэсэн нь хангалттай гэж үзэж байна. Аттестачлал албан ёсны дүгнэлт гэдэг нь эмч хүн өөрөө өөрийн мэргэжлийн зэргийн шалгалтад орж (ахлах тэргүүлэх зэргийн) түүнийгээ 5 жил тутам аттестачлалд орж баталгаажуулдаг бөгөөд М.Б эмчийн хувьд дээрх шалгуур байгаагүй тул мэргэжлийн эрх бүхий байгууллагууд дүгнэлт гаргах боломжгүй юм. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 12 157 236 төгрөгийг манай эмнэлгээс гаргуулж, шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь М.Б эмчийн үндсэн цалин нь сарын 850 000 төгрөг бөгөөд нийгмийн даатгалын дэвтрийн бичилтэд жижүүр хийсний болон илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс орсон байсан, 2018 оны 3 дугаар сарын 20-оос 2018 оны 8 дугаар сарын 31–ний өдрийг хүртэлх 117 хоногоор тооцохдоо үндсэн цалингаар бодож гаргаагүй нь энэ хугацаанд ажлаа хийж байсан бол сард тогтмол 2 285 943 төгрөгийн цалин авна гэсэн ойлголт биш юм. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55-р тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 5-д “Ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны 1 сарын 1 дундаж цалин хөлсийг тус тус тодорхойлно” гэж заасны дагуу тооцолгүй зөвхөн 2018 оны 1, 2, 3 дугаар сарын цалингийн дунджийг авсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

М.Б нь “Г” ХХК-д 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дүрс оношилгооны эмчээр ажиллаж байгаад 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18/040 тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. /хх35-36, 44-47/

Дээрх тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, дүрс оношилгооны чиглэлээр хөрвөн ажиллах чадварыг эзэмшээгүй, үйлчлүүлэгчдээс ирж байсан гомдлын дагуу сануулах болон цалин бууруулах арга хэмжээ авагдаж байсан гэж тэмдэглэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4-т заасныг үндэслэсэн байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар цуцалж байгаа тохиолдолд тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах ёстой бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын “ажилтан мэргэжил, чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон...” гэж 4.2.4-ийг үндэслэсэн тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үзнэ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон байхыг шаардах бөгөөд ийнхүү дүгнэсэн баримтыг хариуцагч “Г” ХХК-иас шүүхэд гаргаагүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Мөн хариуцагчийн “...М.Б нь өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болсон, тухайн ажил албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй, үйлчлүүлэгчдээс гомдол ирж байсантай холбогдуулан сануулах болон сахилгын арга хэмжээ авагдаж байсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн...” гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт даатгуулагч нь  нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.  Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Бийн тэтгэвэр тогтоолгох нас нь 55 нас 3 сар байх тул нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болоогүй байжээ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх ажил олгогчийн тушаал хуульд  нийцээгүй, тушаалд заасан үндэслэлээ хариуцагч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй тул М.Бийг дүрс оношилгооны эмчийн ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 3 дугаар сарын 20-ноос 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 117 хоногоор тооцож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт хариуцагчаас 12 157 002 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01948 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209 462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                 А.ОТГОНЦЭЦЭГ