Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 01948

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 31 өдөр                  Дугаар 183/ШШ2018/01948                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГМЭ ХХК /РД: /-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэжаргал, Б.Ганболор, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.     

                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “М.Б нь ГМЭт 2013.10.01-ний өдрөөс эхлээд дүрс оношлогооны их эмчээр ажиллаж байсан. Гэтэл Грандмед эмнэлгийн зүгээс 2018.02.13-ны өдөр “таны өндөр насны тэтгэвэрт гарах эрх чинь үүсчихлээ, тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж амаар мэдэгдэл өгсөн. М.Бийн зүгээс “би тэтгэвэрт гарах болоогүй байгаа, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үед өөрөө хүсэлтээ өгөх” саналыг Грандмед эмнэлгийн захиргаанд бичгээр өгсөн байдаг. Гэтэл Грандмед эмнэлгийн зүгээс 2018.03.20-ны өдөр 18/40 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргаж, 2018.03.27-ны өдөр М.Б ажлаа хүлээлгэж өгсөн байдаг. Тушаалд 3 үндэслэлийг заасан, 1-рт өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол гэсэн. Одоо М.Б нь 55 настай. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, мөн Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, энэ хуулийн хэрэглэх журмын тухай хууль бол 2017.04.14-ны өдөр өөрчлөлт орсон, мөн 2018.02.02-ны өдөр өөрчлөлт орсон байдаг. Энэ хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг заасан эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас гэж байгаа. 1962 он ба түүнээс өмнө бол 55 нас, 1963 оноос хойш бол 55 нас 3 сар гэж байгаа. Өөрөөр хэлбэл өндөр насны тэтгэвэр авах эрх нь 3 сарын давтамжтайгаар 2002 он хүртэл зохицуулж өгсөн. М.Б нэхэмжлэгчийн хувьд 55 нас 3 сар нь 2018 оны 05 дугаар сард болж байсан. 2-рт  Грандмед эмнэлгийн өнөөгийн шаардлагаар дүрс оношлогооны чиглэлээр хөрвөн ажиллах чадварын эзэмшээгүй гэж хэлдэг. Хэрэгт М.Б нь Анагаах ухаан үндэсний хүрээлэнгийн 1996.04.24-ны өдөр олгож байсан 10196 дугаартай түр гэрчилгээ, Анагаах ухаан үндэсний хүрээлэнд 5 сарын резиндинтурын сургалтыг дүүргэж суралцсан гэрчилгээ,  2003.05.15-ны өдөр Анагаах ухааны их сургуулийн 2171 дугаартай мэргэжлийн үнэмлэх, төгсөлтийн дараах сургалтын дүрс оношлогооны 6 сарын дамжааны хөтөлбөрийг амжилттай дүүргэж, дүрс оношлогооны эмчийн мэргэжил эзэмшсэн гэрчилгээ,  2016.08.30-ний өдрийн Эрүүл мэнд спортын яам мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ, Эрүүл мэнд спортын яамны сайдын 2016.07.20-ны өдрийн А288 тоот тушаалаар 5 жилийн хугацаатай буюу 2021 онд дуусах эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл зэрэг баримтуудыг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т  зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн нь тогтоогдсон байх ёстой. Энэ нь ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт, аттестатчлал, комиссын дүгнэлт гарсан байхыг шаардана. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар урьдчилаад ажил олгогч заавал мэдэгдэх үүрэгтэй байсан. 3-рт үзлэг оношлогооны явцад удаа дараа үйлчлүүлэгчидээс тус эмнэлгийн чанарын удирдлагад болон мэргэжлийн хяналтын албанд гомдол гарч тухайн бүрд чанарын албаны хурлаар хэлэлцэж, сануулах болон цалингийн арга хэмжээ авсан зэргийг харгалзан гэсэн байгаа. 2016, 2017 онуудад сахилгын арга хэмжээ авагдсанд маргахгүй,  гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд сахилгын арга хэмжээ авснаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын арга хэмжээ гаргаагүйд тооцдог хуулийн зохицуулалттай. Тийм учраас тушаалыг зөвшөөрөхгүй, М.Бийг өмнө нь эрхэлж байсан дүрс оношлогооны их эмчээр буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож, мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулж өгөхийг даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хавтаст хэрэгт авагдсан М.Бийн нийгмийн даатгалын дэвтрийн хавсралтаас харахад 2018 оны 01 дүгээр сард 1,937,786 төгрөг, 2018 оны 02 дугаар сард 2,118,531 төгрөг, 2018 оны 03 дугаар сард 2,801,514 төгрөгийн цалинг тус тус авч байсан, сүүлийн 3 сарын цалингийн дундаж цалинг тооцож үзвэл 2,225,977 төгрөг болно. Үүнийг ажлын 22 хоногт хувааж үзвэл өдрийн 103,908 төгрөг болно. Ингээд ажилгүй байсан хугацааг тооцвол 2018.03.20-ны өдрөөс 2018.03.31-ны өдрийг хүртэл нийтдээ ажлын 122 хоног байна. Нэг өдрийн цалин 130,908 төгрөгөөр тооцвол 12,676,776 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хууль тогтоомжид нийцсэн хөдөлмөрийн дотоод журмыг батлан ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж заасан байгаа. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар ажилтан аюулгүйн ажиллагааг сахин биелүүлэх үүрэгтэй гэсэн тус тус заалтууд байгаа. Мөн Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2003 оны 77 дугаар тушаалын хавсралтаар хөдөлмөрийн хортой нөхцөл гэдгийг тогтоож гаргасан. Үүнд хортой нөхцөл гэдгийг рентген туяагаар оношлогоо эмчилгээ шинжилгээг гардан хийдэг их бага эмч, сувилагч, асрагч, инженер, техникч нарыг хортой нөхцөлд ажилладаг гэсэн байгаа. Тэгэхээр М.Б эмч маань хортой нөхцөлд ажиллаж байсан. Хортой нөхцөлд ажиллаж байсан эмэгтэй хүн нь 7 жил 6 сараас доошгүй хугацаанд ажилласан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 нас гэж тэтгэврийн нас тогтоож эрх нь тухайн хүнд үүсэж байгаа. Гэхдээ манай байгууллага М.Б эмчид итгэл хүлээлгэн 2013 онд ажилд авсан. Тухайн онд тэтгэврийн нас нь болчихсон ажилласан жил хангалттай буюу 1996 оноос хойш ажилласан гэвэл Тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн зохицуулалтаар хангалттай ажилласан байгаа. 2016 оноос хойш 2018 оны 03 дугаар сар хүртэл ажиллах хугацаанд байгууллага итгэл үзүүлэн удаа дараа гарсан алдаа дутагдлыг баг хамт олноороо шийдвэрлэн сануулга арга хэмжээ болон цалингийн арга хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан ажил олгогч нь 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах бол ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх гэж заасан байгаа. Бид нар уг хуулийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар тухайн ажилтныг ажлаас чөлөөлөөгүй учраас мэдэгдэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Гэвч манай хөдөлмөрийн нөөцийн албанаас 2018.02.13-ны өдөр тухайн ажилтныг дуудаж хөдөлмөрийн гэрээ цуцлагдах болсон тайлбарыг өгсөн. Тухайн эмч маань ажиллаж байх хугацаандаа нэлээд мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байсан гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболор шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2013 оноос хойш ГМЭтэй 5 жилийн хугацаанд хамтарч ажиллаж байсан. Эмнэлгийн үйлчлүүлэгч нар гомдол гаргаад ороод ирдэг. Энэ хүн бол Анагаах ухааны үндэсний хүрээлэнгээс 5 сарын курс дамжааг төгссөн, Анагаахын сургуулиас 6 сарын дамжаа төгссөн гэсэн бичиг баримтаар дүрс оношлогооны эмч гэж нотлоод байна. Гэтэл Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дүрс оношлогооны тэнхимээс гаргасан тодорхойлолтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Үүнд компьютер мрай буюу соронзон томограф, компьютер томограф, рентген шинжилгээ, хэт авиан шинжилгээ буюу эхо  гэх энэ 4 чиглэлээр аль алиныг эмч маань гүйцэтгэж чаддаг дүгнэлтийг гаргаж чаддаг байх ёстой. Гэтэл М.Б эмч маань ГМЭт зөвхөн рентгений эмчээр ажилладаг байсан. Рентгений эмчээр ажиллаж байхдаа удаа дараа мэргэжлийн ур чадваргүйн улмаас алдаа дутагдал гаргаж байсан. Мөн 2 жилийн резиндентурын хөтөлбөрийг бүрэн биелүүлсэн хүн дүрс оношлогооны  дурдсан 4 чиглэлээр хөрвөн ажиллах чадвартай гэснийг хүлээн зөвшөөрдөг. Тухайн үедээ Эрүүл мэндийн яамнаас болон хүрээлэнгээс, Анагаахын сургуулиас курс хөтөлбөр гаргаж хичээллүүлдэг тэр 5, 6 сарын богино хэмжээний сургалтанд хамрагдсан нь 2 жилийн резиндентурын хөтөлбөрийг хангасан эмчийн хажууд маш учир дутагдалтай юм. Үүнээс гадна хавтаст хэрэгт өгсөн баримтаар уушигны сүрьеэтэй хүнийг уушигны хатгаатай гэж оношлосон нь манай эмнэлгийн нэр хүндэд маш их халдсан сошиал хэвлэл мэдээллээр гомдол гаргагчаас хандсан асуудал бий болж байсан. Тэгэхээр тухайн хүн эрүүл мэндээрээ хохирсон гэсэн үг. Энэ хүн өөрөө хөрвөж ажиллах чадваргүй гэдгээ маш сайн мэдэж байгаа, ажиллаж байх хугацаандаа хамт олонтойгоо зөвлөлддөггүй, багаар ажилладаггүй. Эмч хүн гэдэг бол төрдөө тангараг өргөж түмнийхээ эрүүл мэндийн төлөө ажилладаг, үүний цаана хамгийн гол нь  үйлчлүүлэгч буюу ард иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох юм. Эмчлэх лиценз нь 2021 онд дуусна гэж хэлж байна. 2 тохиолдолд уг эмчлэх лиценз сунгагддаг. 1-т хувь хүн өөрөө шалгалт өгсөн тохиолдолд, 2-т тухайн ажиллаж байхад 5, 5-н жилээр сунгагддаг. 5 жилдээ Эрүүл мэндийн яам болон Анагаахын сургуулиас зарласан кредит хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд автоматаар сунгагддаг. Тэгэхээр 2021 онд хүртэлх эмчлэх лицензийг бол шалгалт өгч авсан уу, эсхүл кредит цуглуулж авсан уу гэдгийг би тодорхой мэдэхгүй байна. Тийм болохоор байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн цаашид ажиллуулах боломжгүй гэх байр суурьтай байгаа” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх М.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн шаардлагыг гаргасан, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Хэрэгт авагдсан ГМЭ ХХК, М.Б нарын хооронд байгуулсан 2013.10.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт,  2013.10.23-ны өдрийн 156/13 дугаар захирлын тушаал зэргээс үзэхэд нэхэмжлэгч М.Бийг Дүрс оношлогооны тасагт дүрс оношлогооны эмчээр туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулахаар томилсон, сарын үндсэн цалинг тушаалын хавсралтад зааснаар тооцож олгохоор тогтоожээ.  

Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах шаардлагыг хангасан, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь тохирсон байхыг шаардана.

Харин М.Бийг ажлаас чөлөөлсөн гэх ГМЭийн 2018.03.20-ний өдрийн 18/040 дугаар  Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь агуулгын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар  хөдөлмөрийн гэрээг аль үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа нь тодорхойгүй, хэлбэрийн хувьд компанийн албан тоотын /бланк/ загвараар гаргасан нь эрх зүйн актын шаардлага хангаагүй гэж үзлээ.

Дээрх тушаалд М.Бийг “өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, дүрс оношлогооны  чиглэлээр хөрвөн ажиллах чадварыг эзэмшээгүй, сануулах болон цалингийн арга хэмжээ авсан зэргийг харгалзан” гэж заасныг үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх заалтуудыг үндэслэсэн байна гэж шүүх дүгнэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т заасныг ажилтан иргэний үнэмлэхийн үндсэн дээр он, сар, өдрөөр тоолоход 60 насанд хүрсэн байхыг ойлгодог бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар даатгуулагч нь  нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.  Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн  2-т зааснаар эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг тогтоосоноор М.Бийн тухайд 55 нас 3 сар болсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 40.1.2-т заалтын тухайд энэ талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно.

Харин М.Бт 2016.12.16-нд үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах, 2017.11.01-нд сануулах гэх мэт хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсанд нэхэмжлэгч маргаагүй, гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцох тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэхгүй болно.

Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д “ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд ажлаас чөлөөлөх тушаал хуульд нийцээгүй, дурдсан үндэслэлүүдийг нотолсон баримтгүй тул М.Бийг ГМЭийн дүрс оношлогооны тасгийн дүрс оношлогооны эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг үндэслэн 2018 оны 1, 2, 3 сарын цалингийн дундажыг 2,285,943 төгрөг, 1 өдрийн 103,906 төгрөг, ажилгүй байсан хугацааг 2018.03.20-ноос 2018.08.31-нийг хүртэл 117 хоногоор  тооцож, ажилгүй байсан үеийн олговорт нийтдээ 12,157,002 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байна.

Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч ГМЭ ХХК-иас 209,462 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар М.Бийг ГМЭийн дүрс оношлогооны тасгийн дүрс оношлогооны эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ГМЭ ХХК-иас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 12,157.236 төгрөг гаргуулж М.Бт олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч  ГМЭ ХХК-иас  209,462  төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ЭНХЦЭЦЭГ