Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2244

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/01903 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.У-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НШШГГ нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 04142 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, 2 дугаар байрны 135 тоот хаягт байршилтай, 36.16 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 66 135 500 төгрөгөөр үнэлсэн. Тус үйлдэл нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг зөрчсөн. Төлбөр төлөгчийг ирж үнийн саналаа өгөөгүй бол санал нийлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Үнэлгээчин М.Мөнхтуяагийн 091100159 гэсэн дугаартай гэрчилгээ нь нотариатаар гэрчлүүлээгүй, нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдаагүй тул М.Мөнхтуяаг мэргэшсэн үнэлгээчин гэж үзэхгүй байна. Мөн хоёр дахь үнэлгээчин Б.Бат-Энх нь тусгай зөвшөөрөлгүй, 12 жил үнэлгээний чиглэлээр тасралтгүй ажилласан гэсэн тодорхойлолттой байгаа учир мэргэшсэн үнэлгээчин байна гэснийг зөрчсөн тул Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Рапид харш, 2 дугаар байрны 135 тоот хаягт байршилтай, 36.16 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 66 130 500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.У-д үнийн саналаа ирүүлэхийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 4/29626 тоот албан бичгээр мэдэгдсэн. С.У нь ирж уулздаггүй, утас нь холбогддоггүй, ирж уулз гэхээр ирдэггүй учир баталгаат шуудангаар хүргүүлсэн. С.У нь үнийн саналаа ирүүлээгүй тул татгалзсанд тооцож, үнэлгээ тогтоолгохоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 66 130 500 төгрөгийн 70 хувь буюу 46 291 350 төгрөгөөр 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул 50 хувь буюу 33 065 250 төгрөгөөр 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 55 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...үнийн саналаа ирж өг гэсэн мэдэгдлийг С.У хүлээн авсан боловч НШШГГ-т очиж үнийн саналаа өгөөгүй тул үнийн санал өгөхөөс татгалзсан гэж үзлээ...” гэсэн дүгнэлт өгсөн. Хариуцагч нь олон тооны мэдэгдэл үйлдэж нотлох баримтаар өгсөн боловч уг мэдэгдлүүдийнхээ нэгийг ч С.У-д хүргүүлж гарын үсэг зуруулан баталгаажуулснаа нотолж чадаагүй тул мэдэгдэл хүргүүлж байгаагүй гэж үзэж байна. Түүнчлэн үнэлгээ хийлгэхдээ мэргэжлийн шинжээч оролцуулаагүй гэж нэхэмжлэгч тал маргасан. Гэтэл шүүх Сангийн сайдын гарын үсэг бүхий тусгай зөвшөөрөлтэй болох нь “сайт”-д тавигдсан байна хэмээн нэхэмжлэгчийн шаардлагыг няцаасан. Тусгай зөвшөөрөлтэй эсэхийг тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нотолдог болохоос “сайт” нотолдоггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч С.У хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 250 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.У-н өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Рапид харш, 2-р байрны 135 тоот 11 өрөө орон сууцыг битүүмжлэн хураажээ. /хх35, 39-40/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч С.У-д дээрх битүүмжилсэн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн санал ирүүлэх талаар мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч болон төлөгч нар үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгийг 66 130 500 төгрөгөөр үнэлсэн, дээрх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

            Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолын дагуу доод үнийг үнэлгээчний тогтоосон 66 135 500 төгрөгийн 70 хувь буюу 46 291 350 төгрөгөөр тогтоон 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан, уг дуудлага худалдаагаар барьцааны хөрөнгө худалдан борлогдоогүй тул 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулж 55 000 000 төгрөгөөр худалдан борлуулжээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн санал өгөх, албадан дуудлага худалдаа зохион байгуулах талаар тухай бүрт төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч С.У-д зарлан дуудах хуудас, мэдэгдэл, албан бичиг зэргийг түүний оршин суух хаягаар шуудангаар хүргүүлсэн талаарх баримт /хх48,52-53,55,57/ хэрэгт авагдсанаас гадна шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд энэ талаар тусгагдсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6, 14.7 дахь хэсэгт тус тус зааснаар мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзнэ.

            Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцааны хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч буюу С.У-ын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, хөрөнгийн үнэлгээ тогтоосон “Хөрөнгө эстимэйт” ХХК мэргэшсэн үнэлгээчин Р.Мөнхтуяа нь хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх 3 жилийн эрхтэй, уг эрх хүчин төгөлдөр болох нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээдийн жагсаалтаар нотлогдсон байх тул түүний үнэлгээний тайланг буруутгах боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/01903 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                            А.ОТГОНЦЭЦЭГ