Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 63

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Л.Нямдорж  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.Цогтмагнай

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Мөнхтуул, Б.Бурмаа

Шүүгдэгч  Д.Т

           Нарийн бичгийн дарга  Ч.Жавзансүрэн  нарыг оролцуулан;

                              

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Т ын өмгөөлөгч Ц.Мөнхтуулын гаргасан давж заалдах гомдлоор Д.Б , Д.Т  нарт холбогдох эрүүгийн 2014000500123 дугаар хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Монгол улсын иргэн, овогт Д.Т , 1992 оны 3 дугаар сарын 29-нд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-6, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2019 оны 6 дугаар 06-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг /01/ жилийн хугацаагаар тэнсэж, зургаан /06/ сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч байсан

Монгол улсын иргэн, овогт Д.Б , 1984 оны 11 дүгээр сарын 05-нд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-4, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Д.Б  нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Т ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

Д.Т  нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Б ийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 10-13 тоотод 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр П.Уламбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                  Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Т , Д.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Бичээч овогт Д.Т , Балчин бичээч овогт Д.Б  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Бичээч овогт Д.Т ыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Балчин бичээч овогт Д.Б ийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Б өд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Бичээс овогт Д.Т т нэг жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нэг сарын ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг нэг жил нэг сар / 01 жил 01 сар / -ын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Д.Т т оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Д.Б , Д.Т  нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй.хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Т ын өмгөөлөгч Ц.Мөнхтуул гаргасан давж заалдах гомдолдоо:

 

Өмгөөлөгч Ц.Мөнхтуул миний бие нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 11-ний өдрийн дугаар 2020/ШЦТ/193 тоот шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ үйлдлээ ч хүлээн зөвшөөрч байгаа.

Урьд нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 06-ний өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолооор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д /2017 оны 05 сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж байсан.

Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн нэг жилийн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоосон нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь 163 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчүүлэгчид хорих ял оногдуулаагүй бөгөөд энэ үйлдлийг нь 2015 оны Эрүүгийн хуулиар шийдэх нь миний үйлчүүлэгчийн эрх зүйн байдалд ашигтай байтал шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан хуулийг хэрэглэж хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой байсныг хассан тул миний үйлчүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байгаа тул 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэж ялтан Д.Т т оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Д.Б  нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Т ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

 

Д.Т  нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Б ийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 10-13 тоотод 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр П.Уламбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж  анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулжээ.

 

Шүүгдэгч Д.Т ын өмгөөлөгч Ц.Мөнхтуулаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-дах хэсэгт заасан тус тус эрх хэмжээний хүрээнд гомдолд дурьдсан үндэслэлээр хэргийг хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж  шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Т ыг   2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж  шийдвэрлэжээ. 

Д.Т  нь тэнсэнтэй хугацаандаа  2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Б ийг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр П.Уламбаярыг  зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгтээ Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Т ыг  хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх  ял оногдуулсан байна.

Анхан шатны шүүх  шүүгдэгч Д.Т ын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосон мөртлөө  энэ зүйл ангид зааснаар  Д.Т д  ял оногдуулаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн нь  тухайн  шүүгдэгчийн тэнсэнгийн хугацаа  болохоос  нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан гэсэн ойлголт биш  болно.

Гэтэл  анхан шатны шүүх  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Т д  нэг жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  хоёр зуун дөчин цагийн хугацаагаар буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нэг сарын ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг нэг жил нэг сар ( 01 жил 01 сар)  -ын хугацаагаар тогтоож  гэж  нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар ялыг нэмж нэгтгэхдээ хуулийг  буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар анхан шатны шүүх  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх Д.Т ын өмгөөлөгч Ц.Мөнхтуулын давж заалдсан гомдлыг хүлээн авч  анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

                                              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр      

                                                                  зүйлийн 1.3-д  тус тус заасныг  удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Т , Д.Б  нарт холбогдох 2014000500123 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Т ыг цагдан хорих,  Д.Б ийг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүлцэл гаргаж болохыг  мэдэгдсүгэй.