Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2021/03503

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2021/03503

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  Магсаржавын *******ын нэхэмжлэлтэй,  

 

хариуцагч:  *******-******* *******,

 

хариуцагч:  Баярсайханы ******* нарт холбогдох,

 

 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.*******, түүний өмгөөлөгч С.*******, хариуцагч ******* өргөө *******-ийг төлөөлж Б.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2012 оны 01 сарын 17-ны өдөр Орон сууц захиалах гэрээ хийгээд 20 болон 22 тоот орон сууцыг захиалсан. 22 тоот орон сууцанд 83,825 ам доллар, 20 тоот орон сууцанд 96,175 ам доллар төлсөн. Хэд хэдэн өөр орон сууц давхар захиалсан байдаг тул төлбөрийг нийлүүлээд 300,000 ам доллар төлсөн байдаг. Энэ үнийн дүнд уг хоёр орон сууц багтсан. Барилга баригдаж дууссаны дараа 20 тоот орон сууц нь анх гэрээнд заагдсаны дагуу 76 мкв биш болж таараад, тухайн давхар дээр 3 өрөө 76 мкв байр байхгүй болсон тул хариуцагч талтай тохиролцоод 26 тоот 72 мкв 3 өрөө орон сууц руу нүүж орсон. Талууд харилцан тохиролцож хийсэн тул захиалгын гэрээ гэж үзэх үндэслэлтэй, 20 тоот орон сууц нь 76 мкв биш учир 3 өрөө байрны нөхцөл байдлыг харгалзан шийдсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байдаг. Энэ талаар хариуцагч талын захирал Б.*******той тайлбар өгөх байх гэж бодож байна. Тиймээс 26 тоот 72 мкв 3 өрөө орон сууц болон 22 тоот 67,06 мкв 2 өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна... гэв.

 

Хариуцагч ******* өргөө ******* шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Талбайн хэмжээ том, жижиг болсон талаар би сайн мэдэхгүй байна. Манайд байр авахаар төлбөр төлөөд, түүний дагуу байранд орохоор болсон. Мөнгөө тушаагаад байр авч байхад байр нь манай мэдэлд байсан, тухайн байрыг бариад дуусаж байсан, дотор заслыг хийгээгүй байсан. Хариуцагч гэх Б.*******ад шилжүүлээд, зарчихсан юм. Захиалга өгсөн айлуудын гэрээг нь шилжүүлээд, үлдсэн тоо хэмжээний байрыг зарагдаагүй гэж 2 тэрбум төгрөг тооцож өгсөн. Хавтаст хэрэгт байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар хуудсанд Б.*******ад шилжүүлээд албан ёсоор өгсөн баримт байгаа. Түүнээс хойш байр зарах, байранд орох эрх Б.******* руу шилжиж, давхартаа 4 айл байх ёстойг өөрчлөөд 5 айл болгоод мкв багасгаад, өөрчлөөд дараа дараагийн айлуудад тэр хэмжээгээр хуваан өгсөн. М.******* нь манай байгууллагатай гэрээ хийгээд, бид байрыг өгсөн нь үнэн. Хэдэн мкв байсныг тодруулах байсан... гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: .. Миний бие Баярсайхан овогтой ******* нь БЗД-ийн 13-р хороолол, 6-р хороо, ******* хотхоны Б блокын дутуу барилгыг 2014 онд ******* өргөе *******-аас хүлээн авч уг барилгын ажлыг иж бүрэн дуусгаж 2017 онд Улсын комисст хүлээлгэж өгсөн болно. Уг барилгыг хүлээж авахтай холбогдон үүссэн асуудал нь Капитал банктай холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа болно. Миний бие Капитал банкнаас ******* өргөө *******-ийн тодорхой хэмжээний зээлийг хааж уг дуусаагүй барилгыг хүлээж авч дуусгаж Улсын комисст хүлээлгэж өгсөн бөгөөд барилга нь хууль ёсны дагуу миний өмч боловч би 1 м2 талбай уг барилгаас борлуулаагүй болно. Байр зарж борлуулах бүх асуудлыг Капитал банк хийсэн байдаг. Миний бие ******* өргөө *******, Капитал банкны хийсэн байрны борлуулалтын талаар ямар ч мэдээлэлгүй болно. Үүнийгээ ч өнөөдрийг хүртэл шалгуулж байгаа хууль, шүүхийн байгууллагад тодорхой илэрхийлсээр ирсэн болно. Миний бие Капитал банк, ******* өргөө *******-ийн байр зарж борлуулсан асуудлаар ямар нэгэн ойлголтгүй байгаа бөгөөд хууль, шүүхийн байгууллагууд уг асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг хүлээж байгаа болно...... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* өргөө *******, Б.******* нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 6 хороо, 13 хороолол, ******* хотхоны Б блок /59 байр/, 22 тоот 67.06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болон 26 тоот, 72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.******* хариуцагч ******* өргөө *******-тай 2012 оны 01 сарын 17-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ бичгээр байгуулан, Баянзүрх дүүрэг, 6 хороо, 13 хорооллын нутаг дэвсгэрт баригдах ******* хотхон орон сууцны Б блокын барилгын 6 давхарт 20 тоот 76.94м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны нийт 96 175 ам доллараар, 22 тоот 67.06м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 83 825 ам доллараар захиалан бариулахаар тохиролцсон нь хэрэгт авагдсан Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээнүүд, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 10-13 дугаар тал/

Энэ нь нэхэмжлэгч М.*******, хариуцагч ******* өргөө *******-ний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэхь хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрхи гэрээнүүд зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч М.*******, хариуцагч ******* өргөө *******-ийн хооронд хийгдсэн гэрээнүүд хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

        

 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч буюу хариуцагч ******* өргөө ******* нь захиалагчийн эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч буюу нэхэмжлэгч М.******* уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч М.******* ажлын хөлс нийт 300 000 ам долларыг 2012 оны 01 сарын 17-ны өдөр хариуцагч ******* өргөө *******-д төлж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1, 2.1, 2.2-т заасан үүргээ бүрэн биелүүлсэн нь бэлэн мөнгөний орлогын баримт, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 9 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын 2 ширхэг гэрээний 3.1-т гүйцэтгэгч гэрээний 1.1-д заасан барилга орон сууцыг чанар сайтай барьж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх боловч хугацааг гэрээнүүдэд тодорхой заагаагүй байна.

 

Зохигч талуудын тайлбар баримтаар тухайн барилга орон сууцыг 2017 оны 06 сард улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон бөгөөд нэхэмжлэгч гэрээний 1.1-т заасан 20 тоот 76.94м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 26 тоот 72м2 талбай бүхий 3 өрөө орон сууцаар сольж хүлээн авч тухайн орон сууцанд амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, орон сууцны ашиглалтын зардал төлж буй баримтуудаар тогтоогдож байна /2 дугаар хавтас хэргийн 92-103 дугаар тал/

 

Нэхэмжлэгч гэрээний дагуу захиалсан 22 тоот 67.06м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг хүлээн аваагүй бөгөөд дээрхи захиалсан орон сууц үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байна.

 

Эдгээр үйл баримтын талаар зохигч талуудын хэн аль нь маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...Баянзүрх дүүрэг, 6 хороо, 13 хорооллын нутаг дэвсгэр ******* хотхон орон сууцны Б блок байрлалтай 59 байрны 26 тоот 72м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны, 22 тоот 67.06м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талуудын хэн хэнд нь холбогдуулан гаргаж байгаа ба Иргэний 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт өмчлөлийг шилжүүлэх ёстой гэж үзэж байна... гэж тайлбарласныг,

 

хариуцагч ******* өргөө *******-ийг төлөөлж Б.******* ...нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Мөнгөө тушаагаад байр авч байхад байр нь манай мэдэлд байсан. Захиалга өгсөн айлуудын гэрээг нь шилжүүлээд, үлдсэн тоо хэмжээний байрыг зарагдаагүй гэж 2 тэрбум төгрөг тооцож хариуцагч Б.*******ад шилжүүлээд зарчихсан юм. Түүнээс хойш байр зарах, байранд орох эрх Б.******* руу шилжсэн. М.******* нь манай байгууллагатай гэрээ хийгээд, бид байрыг өгсөн нь үнэн... гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Б.******* шүүхэд ...Капитал банкнаас ******* өргөө *******-ийн тодорхой хэмжээний зээлийг хааж уг дуусаагүй барилгыг 2014 онд хүлээн авч уг барилгын ажлыг иж бүрэн дуусгаж 2017 онд улсын комисст хүлээлгэн өгсөн. ******* өргөө *******, Капитал банкны хийсэн борлуулалтын талаар ямар ч мэдээлэлгүй.... гэж тайбарласан байна. /1 дүгээр хавтас хэргийн 47 дугаар тал/

 

Маргаан бүхий орон сууц үл хөдлөх хөрөнгө буюу Баянзүрх дүүрэг, 6 хороо, 13 хороолол-2, /133373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 59 тоот хаягт байршилтай 650.5м2 талбай бүхий орон сууцны зориулалттай 20 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь 2014 оны 11 сарын 18-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр хариуцагч ******* өргөө *******-ийн өмчлөлөөс хариуцагч Б.*******ын өмчлөлд шилжин 2015 оны 01 сарын 20-ны өдөр хариуцагч Б.*******ын өмчлөлд бүртгэгдсэн болох нь 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 7/2119 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу хүргүүлэх тухай албан тоот, бэлэглэлийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ баримт, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 47, 63, 203, 246 дугаар тал/

 

Нэхэмжлэгч болон хариуцагч ******* өргөө *******-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний 2.4-т гэрээг бусдад бэлэглэх буюу барьцаалж болохгүй гэж талууд тохиролцсон байх ба ******* өргөө ******* гэрээний дагуу гүйцэтгэж байсан ажил буюу барилгыг бүхэлд нь хариуцагч Б.*******ад бэлэглэсэн, нэхэмжлэгч энэ бэлэглэлийн талаар 2016 онд мэдсэн болох нь бэлэглэлийн гэрээ, нэхэмжлэгч М.*******ын 2021 оны 05 сарын 14-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 203 дугаар тал, 2 дугаар хавтас хэргийн 27 дугаар тал/

 

Нэхэмжлэгч М.*******, хариуцагч ******* өргөө *******-ийн хооронд хийгдсэн гэрээний дагуу гүйцэтгэж байсан ажлаа ажил гүйцэтгэгч өөр этгээдэд бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлснийг хариуцагч Б.******* өөрийн өмчлөлд шилжүүлэн авч уг барилгын ажлыг хийж гүйцэтгэн дуусгаж 2017 онд улсын комисст хүлээлгэн өгсөн үйл баримт дээр авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Энэхүү үйл баримтаар хариуцагч ******* өргөө ******* нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ өөр этгээдэд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй ба нэхэмжлэгч энэхүү үйл баримтын талаар маргаж ямар нэг шаардлага гаргаагүй, гэрээний үүргийг буюу ажлын үр дүнгийн зарим хэсгийг өөр этгээдээс хариуцагч Б.*******аас хүлээн авсан нь /26 тоот 72 м2 талбай бүхий 3 өрөө орон сууц/ нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч ******* өргөө *******, хариуцагч Б.******* нарт холбогдуулан 2 ш орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй ойлгомжгүй байна гэж шүүхээс үзлээ.

 

Учир хариуцагч ******* өргөө *******-ийн төлөөлөгчийн ...миний зүгээс бүх материалуудыг өгсөн, тооцоо байхгүй, эдгээр айлуудын гэрчилгээг олгож өгөөч гэсэн баримтуудыг өгсөн байгаа. Би Б.*******ад зарахдаа гэрээтэй нь хүлээлгэж өгөхдөө ийм хүмүүс мөнгө төлсөн, дутуу төлснөөс нь аваарай гээд хэлээд өгсөн...гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбараас М.*******, ******* өргөө *******-ийн хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй ба нэхэмжлэгч энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий тайлбарыг гаргаагүй. Мөн хариуцагч ******* өргөө ******* гэрээний үүргийг өөр этгээдэд шилжүүлснийг нэхэмжлэгч мэдсэн атлаа энэ талаар ямар нэг шаардлага гомдол гаргаагүй, одоо тухайн ажлын үр дүн хариуцагч ******* өргөө *******-ийн өмчлөлд байхгүй атал түүнээс орон сууц хөрөнгийн өмчлөгч тогтоолгохоор шаардаж байгаа нь ойлгомжгүй, ажлын хөлсөө төлсөн учир ажлын үр дүнг хүлээлгэн өгөх гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж байгаа эсэх /гэрээний дагуу 2ш орон сууц захиалан нэгийг нь хүлээн авсан нөгөөг нь хүлээн аваагүй/, эсхүл орон сууцны үнэ хөлснийг төлсөн учир шударга өмчлөгч тогтоолгохоор шаардаж байгаа эсэх зэрэг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй ойлгомжгүй байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч Б.******* нарын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгч түүнд холбогдуулан гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарлаж нотлоогүй.

 

Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагчаар ******* өргөө *******, Б.******* нарыг нэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан атал нэхэмжлэгчийн хууль болон гэрээгээр хүлээсэн ямар эрх үүрэг ашиг сонирхлыг хариуцагч нар хэрхэн зөрчсөн тэдгээрт холбогдуулан ямар үүрэг хариуцлага ногдуулахаар шаардаж байгаа тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ нотлох хуульд заасан үүргээ нэхэмжлэгч зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ******* өргөө *******, хариуцагч Б.******* нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 6 хороо, 13 хороолол, 6 дугаар хороо, ******* хотхоны Б блок /59 байр/, 22 тоот 67.06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болон 26 тоот, 72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэгийн хүсэлтээр түүний эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 854 872 төгрөгөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 784 672 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Хариуцагч ******* өргөө *******-ийн төлөөлөгч Б.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугараас татгалзсан бөгөөд түүний ирүүлсэн тайлбар, зуучлалын гэрээ баримтыг хэрэгт хамааралгүй гэдэг үндэслэлээр нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ******* өргөө *******, Б.******* нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, ******* хотхоны Б блок, 22 тоот 67.06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болон 20 тоот, 76.94 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 854 872 төгрөгөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 784 672 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар 2 дугаар хавтас хэргийн 116, 117 дугаар талд авагдсан тайлбар, зуучлалын гэрээ баримтыг нотлох баримтаас хассаныг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******ийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ