Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01109

 

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01109

 

 

М.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/01233 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-, НӨ ХК-д холбогдох

 

Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блок, 22 тоот 67,06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болон 20 тоот, 76,94 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр НӨ ХК-тай орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Баянзүрх дүүрэг, 13 хороолол, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блокны 22 тоот 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн 20 тоот 76,94 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 1 250 ам.доллар байхаар харилцан тохиролцож, 22 тоот байранд 83 825 ам.доллар, 20 тоот байранд 96 175 ам.долларыг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие гэрээ байгуулагдсан өдөр нийт 300 000 ам.долларыг бэлнээр төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлж дууссан болно. НӨ ХК-ийн кассанд 300 000 ам.доллар бэлэн тушаасан орлогын баримт өгсөн бөгөөд энэхүү баримтыг нэхэмжлэлдээ хавсаргасан болно. 300 000 ам.доллар буюу гэрээний үнийн дүнгээс илүү төлсөн байгаа нь өмнө нь гэрээ байгуулж захиалсан орон сууцны төлбөрөө хамтад нь нийлүүлж тушаасан юм. Гэтэл орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт гарч, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц НӨ ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авч, орон сууцанд амьдрах талаар захирал Б.Ганзоригтой уулзаж ярилцсан. Б.Ганзоригийн хувьд та санаа амар байж болно, таны мөнгийг С блок байрны барилгын суурийн бетон цутгалтад оруулсан, танд гэрээ хийж өгч нотариатчаар гэрчлүүлсэн, таны эрхийг баталгаажуулсан гэж ойлгож болно, айх зүйлгүй гэж хэлдэг байсан. Гэтэл миний захиалсан орон сууцад өөр айл орсныг мэдсэн. Үүнийг баталгаажуулахаар миний бие өөрөө очиж үзтэл өөр айл орсон байсан. Энэ талаар тодруултал та 22 биш 26 тоот руу орчих, зөрүүг нь дарга нар ярилцаад шийдвэрлэх байх гээд түлхүүрийг нь өгсөн. Ингээд миний бие 26 тоот орон сууцанд нүүж ороод амьдарч байгаа. Энэ орон сууцны хувьд м.кв бага учир өөрийн мөнгөө төлж авсан орон сууцаа авах хүсэлтэй байна. Төлбөр тооцоо дууссан бичиг хийж өгөхийг удаа дараа хүссэн боловч хийж өгөөгүй. Оршин суугчдын байгуулсан Тохилог өргөө сууц өмчлөгчдийн холбооноос гэрчилгээ гаргуулах, сууц өмчлөгчдийн эрхийг хамгаалах асуудлаар удаан хугацаанд хөөцөлдсөн боловч огт үр дүнд хүрдэггүй. Гэрчилгээ гарахгүй байгаа нь банкны барьцаанд байгаа гэсэн яриа оршин суугчдын дунд байдаг боловч энэ нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. НӨ ХК-аас энэ талаар тодорхой мэдээлэл өгдөггүй. Анхнаас нь гэрээ байгуулсан өдрөө гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн захиалагчийн хувьд тухайн орон сууцнууд миний өмчлөлийн зүйл юм. Иймд нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блок 22 тоот 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн 20 тоот 76,94 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б- нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блокын дутуу барилгыг 2014 онд бэлэглэлийн гэрээний дагуу НӨ ХК-аас хүлээн авч уг барилгын ажлыг иж бүрэн дуусгаж 2017 онд Улсын комисст хүлээлгэж өгсөн болно. Миний бие Капитал банкнаас НӨ ХК-ийн тодорхой хэмжээний зээлийг хааж, уг дуусаагүй барилгыг хүлээж авч дуусгаж улсын комисст хүлээлгэж өгсөн бөгөөд барилга нь хууль ёсны дагуу миний өмч боловч уг барилгаас ямар нэгэн борлуулалтыг хариуцан хийгээгүй. Зээлтэй холбоотой асуудал Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэрлэгдсэн байгаа. Байр зарж борлуулах бүх асуудлыг Капитал банк ХХК-тай хийсэн байдаг. Миний бие НӨ XК, Капитал банк ХХК-ийн хийсэн байрны борлуулалтын талаар ямар ч мэдээлэлгүй болно. Үүнийгээ ч өнөөдрийг хүртэл шалгуулж байгаа хууль, шүүхийн байгууллагад тодорхой илэрхийлсэн. Миний бие Капитал банк ХХК, НӨ ХК-ийн байр зарж борлуулсан асуудлаар ямар нэгэн ойлголтгүй байгаа бөгөөд хууль, шүүхийн байгууллагууд уг асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг хүлээж байгаа. Хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгчээс ямар нэг мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага Б.Б-ад огт хамааралгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б-ын хариуцагч Б.Б-ад холбогдуулан гаргасан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блокны, 22 тоот 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон 20 тоот, 76,94 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч НӨ ХК-аас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 854 872 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр НӨ ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж шүүхээс 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн захирамжийн 2 дах заалтаар хариуцагчид нэхэмжлэлийг гардуулахаар заасан. Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нэхэмжлэлийг гардуулах ажиллагааг явуулаагүй хэрнээ шүүх хуралдаан зарлаж, шүүхийн шийдвэр гаргасан. 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хойш нэхэмжлэлийг хариуцагчид гардуулалгүй, шүүх хуралдааныг явуулсан нь нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах талаар зохицуулсан хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна. Иргэний хэрэг үүсгэсний дараагаар заавал авч хэрэгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй хэрнээ шүүх хуралдааныг зарлан хуралдуулсан нь шүүх хуралдааны бэлтгэл хангах талаар зохицуулсан хуулийн зохицуулалтыг зөрчсөн болно. НӨ ХК-д нэхэмжлэлийг гардуулж, тайлбар аваагүйн улмаас хэргийн үйл баримт хангалттай тогтоогдох боломжгүй болсон. Б.Б-ад маргааны зүйл болсон байрны гэрчилгээ ямар учраас шилжсэн талаарх үндэслэл, шалтгааныг нэг мөр тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг хариуцагчид гардуулж, бичгээр тайлбар авах ажиллагааг анхан шатны шүүхээс авч хэрэгжүүлэлгүй удаан хугацаа өнгөрсний эцэст шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нөхцөлд нэхэмжлэгч талаас дээрх нөхцөл байдлыг тодруулах зорилгоор арга буюу Б.Ганзоригийг гэрчээр асуулгах талаар хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Б.Ганзоригийг НӨ ХК-ийн төлөөлөгч гэдэг утгаар гэрчээр асуух хүсэлтийг хангаагүй байдаг бол НӨ ХК-ийг хариуцагч гэдгийг анхан шатны шүүх хүлээн зөвшөөрч байсан. Хэрэв НӨ ХК-ийг хариуцагч гэдгийг хүлээн зөвшөөрч байсан бол нэхэмжлэл гардуулах, бичгээр тайлбар авах, шүүх хуралдаанд оролцуулах зэрэг ажиллагааг заавал хийх ёстой байсан гэж үзэж байна. Б.Б- нь шилжүүлж авсан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар илт үндэслэлгүй тайлбарласан. Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж авахдаа яагаад хөрөнгө авсан, ямар учраас авсан талаараа мэдэхгүйгээр, хөрөнгө хүлээн авсантай холбогдуулан үүсэх үр дагаварыг огт тооцоололгүй шилжүүлэн авах бололцоогүй. НӨ ХК нь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хариуцагчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл Нийслэл Өргөө ХК-ийг шүүх хуралдаанд оролцуулах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл НӨ ХК нь хариуцагч хэвээр байсан учир хариуцагчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах учиртай байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс НӨ ХК нь хариуцагч хэвээрээ байгаа, хариуцагч биш болсон талаар ямарваа нэг шийдвэр гараагүй байсан учир нэхэмжлэлийг гардуулж, бичгээр тайлбар авах талаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хүлээн аваагүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч НӨ ХК болон Б.Б- нарт холбогдуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блокны, 22 тоот 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон 20 тоот, 76,94 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б- эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хариуцагч НӨ ХК-ийн төлөөлөгчид эрх, үүргийг нь тайлбарлан өгөөгүй, мөн хуулийн 67.1.2-т хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хувийг хариуцагч НӨ ХК-ийн төлөөлөгчид гардуулах ажиллагааг хийгээгүй хэргийг хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэгч талаас иргэн Б.Ганзоригийг гэрчээр асуулгах хүсэлтийг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан ба шүүх хариуцагч НӨ ХК-ийн захирал Б.Ганзоригийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-т зааснаар гэрчээр оролцуулах үндэслэлгүй гэж дүгнэж, хүсэлтийг хангахаас татгалзсан нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/01233 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 854 872 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ