Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2021/03520

 

 

 

 

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2021/03520

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  Сэмжидийн *******гийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ******* групп *******-д холбогдох,

 

Хан-Уул дүүрэг, 11 хороо, 5 дугаар хэсгийн Дүнжингарав гудамжинд байрлах 50/2 байрны 03 тоот 293 мкв талбай бүхий орон сууц, 3 ширхэг автомашины дулаан зогсоол хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, түүний өмгөөлөгч Н.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... С.******* нь ******* групп *******-тай 2018 оны 01 сарын 13-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсгийн Дүнжингарав гудамжинд байрлах 50/2 байрны 03 тоот 293 мкв талбайтай, дотоод засалгүй байрыг мкв нь 3,000,000 төгрөгөөр тооцон захиалгын гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу 939,000,000 төгрөгийг бүрэн төлж дууссан. Энэ талаар ******* групп *******-тай тооцоо нийлж дуусаад зээлийн үлдэгдлийн баталгааг 2019 оны 8 сарын 21-ний өдөр үйлдсэн. С.******* нь дээрх орон сууцны дотоод заслын ажлыг өөрийн хөрөнгөөр хийгээд одоо амьдарч байгаа. ******* групп ******* нь захиалсан орон сууцыг Улсын онцгой комисст хүлээлгэж өгсөн талаарх баримтаа өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байгаа. Тиймээс орон сууц шударга өмчлөгч нь өмчлөх, захиран зарцуулах эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа. Иймд С.******* нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсгийн Дүнжингарав гудамжинд байрлах 50/2 байрны 03 тоот 293 мкв талбай бүхий орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. 2021 оны 12 сарын 6-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 3 ширхэг автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэмэгдүүлсэн. 2018 оны 11 сарын 23-ны өдөр орон сууцны захиалгын гэрээг ******* групп *******-тай байгуулаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсгийн Дүнжингарав гудамжинд байрлах 50/2 байрны 03 тоот 293 мкв талбайтай орон сууцыг, 1 мкв талбайг 3,000,000 төгрөгөөр тооцон төлөхөөр харилцан тохирч, 2 ширхэг автомашины дулаан зогсоолыг тус бүр 30,000,000 төгрөгөөр захиалж, төлбөрийг бүрэн барагдуулсан. 2019 оны 3 сарын 15-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг ******* групп *******-тай байгуулж, үйлчилгээний зориулалттай байрыг 1 ширхэг автомашины дулаан зогсоолын хамт захиалсан. 2019 оны 8 сарын 21-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг тооцоо нийлж дуусгасан. Дээрх 3 ширхэг автомашины дулаан зогсоолыг Улсын онцгой комисст хүлээлгэж өгөхтэй холбоотой баримтыг гаргаж өгөхгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсгийн Дүнжингарав гудамжинд байрлах 50/2 байрны 03 тоот 293 мкв талбай бүхий орон сууц, 3 ширхэг автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Хариуцагч өмчлөгчөөр тогтоох шаардлагатай холбогдуулан ямар нэгэн тайлбар өгөөгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар зөвшөөрсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т заасны дагуу үнийг төлсөнтэй маргахгүй байна гэж үзэж байна. Тиймээс орон сууц болон 3 автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* хариуцагч ******* групп *******-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 хороо, 5 дугаар хэсгийн Дүнжингарав гудамжинд байрлах 50/2 байрны 03 тоот 293 мкв талбай бүхий орон сууц, 3 ширхэг автомашины дулаан зогсоолын хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.******* хариуцагч ******* *******-тай 2018 оны 11 сарын 23-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ бичгээр байгуулан, Хан-Уул дүүрэг, 11 хороо, 5 дугаар хэсэг Дүнжингаравын гудамж Мүди реседенс хотхоны 50/2 байр 2 давхарт 3 тоот 293мкв талбай бүхий орон сууцыг 879 000 000 төгрөгөөр, 2 ширхэг автомашины зогсоол 60 000 000 төгрөгөөр захиалан бариулахаар, 2019 оны 03 сарын 15-ны өдөр талууд Орон сууц захиалан бариулах гэрээ бичгээр байгуулан мөн дээрх хаягт байрлах орон сууцны байшингийн В1 давхарт 30 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашины дулаан зогсоол 1 ширхэгийг захиалан бариулахаар тус тус тохиролцсон нь хэрэгт авагдсан Орон сууц захиалгын гэрээнүүд, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна. /хавтас хэргийн 6-7, 27-31 дүгээр тал/

Энэ нь нэхэмжлэгч С.*******, хариуцагч ******* *******-ний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэхь хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрхи гэрээнүүд зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч С.*******, хариуцагч ******* *******-ийн хооронд хийгдсэн гэрээнүүд хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй гэж үзэв.

        

 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч буюу хариуцагч ******* ******* нь захиалагчийн эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч буюу нэхэмжлэгч С.******* уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч С.******* 2018 оны 11 сарын 23-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний 2.3, 2.4, 2.5, 2019 оны 03 сарын 15-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 2.1, 2.1, 2.3, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан 293мкв талбай бүхий орон сууц, 3 ширхэг автомашины дулаан зогсоолын ажлын хөлс нийт 969 000 000 төгрөгийг хариуцагч ******* *******-д төлж хууль болон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн нь 2019 оны 08 сарын 21-ны өдрийн 939 000 000 төгрөг төлсөн тухай төлбөрийн баримт, 2018 оны 11 сарын 23-ны өдрөөс 2019 оны 08 сарын 21-ны өдрийг дуусталх хугацаанд талууд тооцоо дууссаныг харилцан баталсан Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт, 2019 оны 08 сарын 21-ны өдрийн 1 100 000 000 төгрөг төлсөн тухай Төлбөрийн баримт, 2019 оны 03 сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 сарын 21-ны өдрийг дуусталх хугацаанд талууд тооцоо дууссаныг харилцан баталсан тухай Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт, зохигчийн тайлбар баримтаар тогтоогдож байна. /хавтас хэргийн 9-10, 32-33 дугаар тал/

 

Нэхэмжлэгч ажлын хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тул хариуцагч хариу үүрэг буюу 2018 оны 11 сарын 23-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний 3.1, 3.3, 2019 оны 03 сарын 15-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 3.1, 3.3, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д заасан гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэж, нэхэмжлэгчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй ажлын үр дүнг шилжүүлэх үүрэгтэй.

 

Хариуцагч энэ үүргийн зарим хэсгийг биелүүлсэн буюу ямар нэг доголдолгүй ажлын үр дүнг нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...С.******* би орон сууцны дотор заслын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн уг орон сууцанд амьдарч, автомашины дулаан зогсоолуудыг ашиглаж байгаа болно... гэх нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...одоо эзэмшил ашиглалтад байгаа, дотоод заслыг өөрийн хөрөнгөөр хийсэн, тухайн орон сууцандаа амьдарч байгаа... гэх тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 23 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...хариуцагч гэрээний 3.5-д заасан үүргээ биелүүлээгүй, улсын комисст хүлээлгэж өгөхтэй холбоотой баримтыг гаргаж өгөхгүй, өмчлөлд шилжүүлээгүй тул нэхэмжлэгч өнөөдрийг хүртэлх хугацаанд үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөө өмчлөх, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар тухайн хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй... гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг 2021 оны 11 сарын 15-ны өдөр, 2021 оны 12 сарын 08-ны өдөр тус тус гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар ямар нэг хариу тайлбар баримт ирүүлээгүй.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан орон сууц, 3 ширхэг автомашины дулаан зогсоол хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрх үүсээгүй гэж үзнэ. Учир нь:

 

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 сарын 23-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний 3.5-д гүйцэтгэгч нь орон сууцыг хүлээн авсан улсын комиссын акт бэлэн болсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад захиалагчийн өмчлөх эрхээ баталгаажуулахтай холбогдох хүсэлтийг хүргүүлэх бөгөөд тухайн байгууллагаас зохих шийдвэрийг бичгээр гүйцэтгэгчид ирүүлсэн тохиолдолд өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай бичиг баримтыг нь захиалагчид хүлээлгэн өгнө гэж, 2019 оны 03 сарын 15-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 3.3-т орон сууцны төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсны дараагаар буюу ямар нэг төлбөр тооцоогүй гэсэн гүйцэтгэгч талын гаргасан төлбөрийн тодорхойлолтыг үндэслэн гүйцэтгэгч нь орон сууцны өмчлөх эрхийг захиалагчийн нэр дээр шилжүүлж өгнө... гэж харилцан тохиролцсон байна.

 

Хариуцагч гэрээгээр хүлээсэн дээрхи үүргээ болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан ...ажлын үр дүн эд зүйлсийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөх... үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...хариуцагч гэрээний дээрхи заалтуудыг зөрчиж улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй, өмчлөх эрхэд саад болж байгаа... гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч захиалсан орон сууц, автомашины дулаан зогсоолыг хөлсийг нь төлж өөрийн эзэмшил ашиглалтад хүлээн авсан боловч өмчлөлдөө бүрэн шилжүүлж аваагүй, өмчлөлийн зүйлээ эдийн засгийн эргэлтэд оруулж өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрх нь зөрчигдөж байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...хариуцагчаас шаардаж байгаа зүйл байхгүй, ...ажил гүйцэтгэх гэрээний үүргийг даалгах шийдвэр гаргаад ямар ч ашиггүй, улсын комисс огт ажиллагаагүй байгаа, ажиллах нөхцөл нь ч бүрдээгүй..., ...хариуцагчтай холбоотой шаардлага байхгүй, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байгаа... гэх тайлбараас эрхийг шууд хүлээн зөвшөөрүүлэх буюу өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байна гэж үзэв.

 

Дээрхи эрхийг хүлээн зөвшөөрүүлэхийн тул хариуцагчийн гэрээгээр хүлээсэн ...барилга байгууламжийг норм чанар стандартад нийцүүлэн барьж дуусгаж ашиглалтад оруулах буюу улсын комисст хүлээлгэн өгөх, улсын комиссын уг барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан акт гарсан байх, энэ акт бусад өмчлөх эрхээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх... үүргээ биелүүлсэн урьдчилсан нөхцөл бүрдсэн байх шаардлагатай боловч энэ нөхцөл бүрдээгүй, нэхэмжлэгч хариуцагчаас гэрээтэй холбоотой ямар нэг үүрэг шаардаагүй.

 

Нөгөө талаас Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэжээ. Шүүх улсын комиссын акт гарч ашиглалтад хүлээн аваагүй орон сууц зогсоолыг нэхэмжлэгчийн шаардлагаар өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар өмчлөгчөөр тогтоолгоно гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийнхээ талаар тайлбарласан энэхүү тайлбар нь түүний шүүх хуралдаанд гаргасан ...хариуцагчаас шаардаж байгаа зүйл байхгүй, өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна... гэх тайлбартай зөрчилдөж байгаа ба нэхэмжлэгч тухай хөрөнгийн хувьд өмчлөгч болоогүй байгаа тул хуулийн энэ зохицуулалт хамааралгүй.

 

Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэжээ. Харин маргаан бүхий хөрөнгүүд нь нэхэмжлэгчийн захиалгаар шинээр баригдсан хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа ба хариуцагч тэдгээрийн өмчлөгч болох талаар ямар нэг баримт хэрэгт байхгүй болно. Хариуцагч ямар нэг доголдолгүй ажлын үр дүн буюу хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөх байдлаар хэрэгжүүлэхээр гэрээний 3.5-д тохиролцсныг дурьдах нь зүйтэй.

 

Иймд шүүх Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ******* *******-д холбогдуулан гаргасан, Хан-Уул дүүрэг, 11 хороо, 5 дугаар хэсгийн Дүнжингарав гудамжинд байрлах 50/2 байрны 03 тоот 293 мкв талбай бүхий орон сууц, 3 ширхэг автомашины дулаан зогсоол хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаархи тайлбараа ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэж байна гэх нэхэмжлэгчийн тайлбараар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх дээрхи үндэслэлүүдээр хангах боломжгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 800 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

2021 оны 10 сарын 19-ны өдрийн нэхэмжлэгч С.*******гээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч ******* групп *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргалын хүсэлтээр түүний эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хэргийн 14, 43 дугаар тал/

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ******* групп *******-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, 11 хороо, 5 дугаар хэсгийн Дүнжингарав гудамжинд байрлах 50/2 байрны 03 тоот 293 мкв талбай бүхий орон сууц, 3 ширхэг автомашины дулаан зогсоол хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 800 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ