Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00354

 

 

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00354

 

С.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/03520 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Ц-ийн хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан  орон сууц, 3 ширхэг автомашины дулаан зогсоол хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: С.Ц нь А ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан. дотоод засалгүй байрыг мкв нь 3,000,000 төгрөгөөр тооцон захиалгын гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу 939,000,000 төгрөгийг бүрэн төлж дууссан. Энэ талаар А ХХК-тай тооцоо нийлж дуусаад зээлийн үлдэгдлийн баталгааг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн. С.Ц нь дээрх орон сууцны дотоод заслын ажлыг өөрийн хөрөнгөөр хийгээд одоо амьдарч байна. Атмор групп ХХК нь захиалсан орон сууцыг Улсын онцгой комисст хүлээлгэж өгсөн талаарх баримтаа өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Тиймээс орон сууц шударга өмчлөгч нь өмчлөх, захиран зарцуулах эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна. Иймд С.Ц нь  орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 3 ширхэг автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэмэгдүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орон сууцны захиалгын гэрээг А ХХК-тай байгуулаад  орон сууцыг, 1 м.кв талбайг 3,000,000 төгрөгөөр тооцон төлөхөөр харилцан тохирч, 2 ширхэг автомашины дулаан зогсоолыг тус бүр 30,000,000 төгрөгөөр захиалж, төлбөрийг бүрэн барагдуулсан. 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээг А ХХК-тай байгуулж, үйлчилгээний зориулалттай байрыг 1 ширхэг автомашины дулаан зогсоолын хамт захиалсан. 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг тооцоо нийлж дуусгасан. Дээрх 3 ширхэг автомашины дулаан зогсоолыг Улсын онцгой комисст хүлээлгэж өгөхтэй холбоотой баримтыг гаргаж өгөхгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа тул орон сууц, 3 ширхэг автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Хариуцагч өмчлөгчөөр тогтоох шаардлагатай холбогдуулан ямар нэгэн тайлбар өгөөгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар зөвшөөрсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т заасны дагуу үнийг төлсөнтэй маргахгүй байна гэж үзэж байна. Тиймээс орон сууц болон 3 автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талаас шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан  орон сууц, 3 ширхэг автомашины дулаан зогсоол хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч С.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

а/ Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид хандаж маргаан бүхий орон сууц, автозогсоолуудыг нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан шаардлага нэхэмжлэлийн үндэслэл, шүүх хуралдааны явцад хариуцагчаас маргаан бүхий орон сууц, зогсоолыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардаж байгаа талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч удаа дараа дурдсаныг, мөн талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.3 орон сууцны төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсны дараагаар буюу ямар нэгэн төлбөр тооцоогүй гэсэн гүйцэтгэгч талын гаргасан тодорхойлолтыг үндэслэн гүйцэтгэгч нь орон сууцны өмчлөх эрхийг захиалагчийн нэр дээр шилжүүлж өгнө, 3.8-д заасан орон сууцны төлбөр бүрэн төлөгдөх хүртэл хугацаанд хууль ёсны өмчлөгч нь гүйцэтгэгч байна...гэсэн талуудын гэрээний тохиролцоог анхаарч үнэлж дүгнээгүй байна. Хэрэгт цугларсан баримтад нэхэмжлэгч хариуцагчтай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн харин хариуцагч тал Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Үүнээс үзэхэд өмчлөгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байгаа шүүхээс хариуцагч нэхэмжлэгч нарын хэн нь өмчлөгч болох талаар тогтоолгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч тал хөрөнгийн өмчлөгч болоогүй байгаа тул энэ хуулийн зохицуулалт хамааралгүй гэжээ. Нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлж хууль ёсны эзэмшигчийн дагуу уг хөрөнгийг эзэмшиж байгааг шүүхээс үнэлээгүй байна. Хууль ёсны эзэмшигчийн хувьд нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөлийн зүйлээ эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй захиран зарцуулахад саад болж байгаа үйлдэл буюу хариуцагчаас нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхгүй байгаа үйлдлийг таслан зогсоож шүүхээр өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

б/ Ийнхүү дүгнэхдээ нэхэмжлэгч ашиглалтын талаар маргаагүй зөвхөн өөрийн хөрөнгөөр захиалан бариулсан өмчлөгч мөн болохоо тогтоолгох гэж байгааг анхаараагүй эд хөрөнгийг ашиглах, өмчлөх нь хууль зүйн хувьд өөр өөр утга илэрхийлдэг. Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлж эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн байдаг. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээ хэдийгээр орон сууц захиалан бариулах гэрээ хэдий ч барилга баригдаж дууссан зөвхөн дотоод засал хийгдээгүй байсан ба Атмор групп ХХК өөрийн өмчийн барилгыг С.Ц д худалдсан байдаг, хариуцагч өөрийн өмчлөлийн талаар маргаж татгалзаагүй мөн эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд татан оролцуулаагүйг шүүх анхаарах ёстой байсан. Мөн шүүхээс маргаан бүхий орон сууцны өмчлөлийг тогтооход нотлох баримт шаардлагатай гэж үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж маргаан бүхий орон сууцны өмчлөлийн талаар Улсын бүртгэлийн газраас лавлагаа авахуулах боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

2. Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч А ХХК-д холбогдуулан  орон сууц, 3 ширхэг автомашины дулаан зогсоол хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

4. Нэхэмжлэгч нь өмчлөгчийн шаардах эрхийг үндэслэн гэрээний үүрэг буюу орон сууц худалдаж авсантай холбоотой 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, төлбөрийн баримт, тооцоо үлдэгдлийн баталгаа зэрэг орон сууцны үнийг төлсөн баримтыг нотлох баримтаар гаргасан тул гэрээний үүргийг биелүүлэх буюу өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

5. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь тодорхой этгээдийн нэр дээр байгаа эсэх буюу уг үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өмчлөгч байгаа эсэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай.

 

Учир нь гэрээний үүргийн зүйл болох дээрх хөрөнгийг бодитойгоор биелүүлэх боломжтой эсэх буюу бусад этгээдийн эрх ашиг зөрчигдөхгүй байх нөхцөл байдлыг тодруулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн болно.

 

6. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт бүрдүүлэх ажиллагаанд оролцох эрхгүй, дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/03520 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ