Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 1279

 

 

                                                 

 

 

 

 2020          10            01                                             2020/ДШМ/1279                                                               

 

Б.Х-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                

            прокурор Н.Анхбаяр,

хохирогч М.Н, түүний өмгөөлөгч Б.Борхүү,

шүүгдэгч , түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч , түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар д холбогдох 1805002670712 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хүрхүүд овгийн Б.Х, 1984 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, го-парк Энхтайваны өргөн чөлөө гудамжны 107 дугаар байрны 38 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Хийморь 13 дугаар хотхоны 74в байрны 29 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ГЮ84092707/;

 нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг”-ийн төрөх тасагт иргэн М.Нийн төрөлтийг удирдаж төрүүлэхдээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч М.Нийг вакум таталтаар төрүүлэх явцад умайн хүзүү урагдсан, төрсний дараах хяналт хангалтгүйгээс умайн хүзүүний урагдал, умайн булчингийн агшилтын сулралын шалтгаант цус алдалтыг эрт оношлоогүйн улмаас төрсний дараах цус алдалт, цус алдалтын дайрлага үүсч, эхийн амь насанд аюултай байдал үүсч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хүрхүүд овогт Б.Хыг эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эх барих эмэгтэйчүүдийн төрөх тасгийн их эмчээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс нийт 16.474.856 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч аас 5.832.800 төгрөг гаргуулж хохирогч М.Нт олгож, М.Н нь хохирол, хор уршгийн талаарх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би 2008 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг төгссөн бөгөөд Булган аймагт өрхийн эмч, хавдар судлаач эмчээр ажиллаж байгаад 2012 оноос 2014 онд Анагаах ухааны үндэсний их сургуулийн Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэшил олгох сургалтад суралцаж төгссөн. Улмаар 2014 оны 11 сараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасагт их эмчээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оны 1 дүгээр сараас тус эмнэлгийн Төрөх тасагт их эмчээр ажиллаж эхэлсэн.

Би 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 08 цаг 30 минутаас ажил үүргийн хуваарийн дагуу төрөх тасагт байгаа эхчүүдээс өөрт хуваарилагдсан төрөгч эхчүүдийг хүлээж авсан. Тухайн үед нэг эмчид 5-аас 6 төрөгч эх ноогдож байсан ба миний хүлээж авсан эхчүүд дотор М.Н байсан. Төрөх тасагт тасгийн эрхлэгч эмчээс гадна 5 эмчтэй байх ёстойгоос тухайн үед 3 эмч ажиллаж байсан. Эрүүл мэндийн сайдын 2012 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 42 дугаар тушаалаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас боловсруулан гаргасан “Жирэмслэлт, төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүй" удирдамжийг мөрдөж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгосон бөгөөд уг удирдамжийн С-57 дахь хэсэгт “үтрээний үзлэгийг 4 цаг тутамд 1 удаа үзнэ" гэж заасан байдаг ба үзлэгээр эхийн зовиур, амин үзүүлэлтүүд, ургийн зүрхний цохилт, умайн базлалт, умайн хүзүүний нээлт зэргийг үзэх ёстой.

М.Нийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 07 цаг 20 минутад Хүлээн авах тасгийн эмч буюу жижүүр эмч үзлэг хийхэд төрөхийн өвдөлт эхэлсэн, умайн хүзүү 4 см нээлттэй байсан байдаг. Харин би М.Нт тухайн өдрийн 11 цаг 20 минутад үзлэг хийхэд түүний даралт, зүрхний цохилт хэвийн, ургийн зүрхний цохилт хэвийн, умайн базлалт жигд, умайн хүзүүний нээлт 8 см /төрөх үйл ажиллагаа эхэлсэн үед умайн хүзүү нэг цагт 1 см нээгддэг/ буюу эхийн өвдөлт хангалттай байсан ба харин эх халуурч байсан. Тийм учраас би хариуцаж байсан эх баригчид цусны дэлгэрэнгүй шинжилгээ яаралтай авахыг хэлж, үрэвслийн эсрэг антибиотик болон халуун бууруулах, шингэн сэлбэх эмчилгээнүүдийг цаг алдалгүй хийж эхэлсэн ба төрөлтийг эрчимжүүлэх, базлалтыг нэмэгдүүлэх ямар нэгэн эм тариа хэрэглээгүй.

М.Н нь тухайн үед надад “өвдөлт их байна, ядарч байна, өвдөлтөө тэвчиж чадахгүй байна” гэсэн учир төрөлтийн өвдөлт намдаалт санал болгоход тэрээр зөвшөөрч хийлгэсэн. /Төрөлтийн өвдөлт намдаалтын үед 2 цаг орчим өвдөлт намдаж эх энэ хугацаанд амарч авдаг ач холбогдолтой/

Энэ үед цусны шинжилгээний хариу гарсан бөгөөд цусны цагаан эс гэдэг үрэвслийг заадаг үзүүлэлт нь 24.000 норм нь 4.000-8.000 байдаг ба жирэмсэн болон төрсний дараа 15.000 хүртэл байж болдог байсан.

Төрөгч эх нь ханиад, хатгаа, бөөрний үрэвсэл гэх мэт илэрхий ямар нэг үрэвсэлт өвчингүй байхад төрөхийн өвдөлт эхэлсэн үед халуурна гэдэг нь үтрээ, умай, умайн хүзүү үрэвсэлтэйг харуулдаг бөгөөд М.Нт энэ тухай тайлбарлаж байсан.

Тухайн өдрийн 13 цагийн үед М.Н “дүлмээр байна” гэхэд нь түүнд үтрээний үзлэг хийхэд умайн хүзүү бүрэн нээлттэй болсон ч ургийн толгой нь дүлж эхлүүлэхээр хангалттай доошлоогүй байсан тул түр хүлээсэн бөгөөд тухайн үед ургийн зүрхний цохилт хэвийн, эхийн халуун намдсан байсан.

Харин 13 цаг 50 минутын үед ургийн зүрхний цохилт 60-аас 70 болж цөөрч, бүтэлтийн шинж илэрч эхэлсэн. /норм нь 120-оос 160 байдаг/ Эхийн дүлэлт хангалттай биш байсан тул хүүхдийг хурдан төрүүлэх зорилгоор вакум таталтаар хүндэвтэр бүтэлттэй хүүхэд төрүүлсэн. Хэрвээ эхийг өөрөө дүлэхийг хүлээж хугацаа алдсан бол хүүхэд хүнд бүтэлттэй төрөх, улмаар насан туршдаа саа, саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй хүн болох, бүр цаашилбал төрөх үедээ эндэх аюултай байдаг.

Төрөхөөс өмнө хүүхдийн зүрхний цохилт цөөрсөн, хүндэвтэр бүтэлттэй хүүхэд төрсөн нь вакум таталт хийж хүүхдийг төрүүлэх нь яаралтай авсан, зөв арга хэмжээ байсныг харуулж байгаа юм.

“Вакум таталт” гэдэг нь эхийн бэлгийн уруулын завсар хүүхдийн толгой цухалзаж эхлэх үед хүүхдийн толгойд аяга шиг багажийг тавьж вакум үүсгэн татахыг хэлдэг. Тийнхүү хүүхдийн толгой цухалзаж эхлэх үед умайн хүзүү хүүхдийн мөрнөөс доош байх учир умайн хүзүүтэй хүрэлцэх, умайн хүзүүг урах ямар ч боломжгүй юм.

Вакум таталт нь хүүхдэд 25 хувийн хүндрэл үүсгэдэг. Үүнд хуйх хуулрах, тархинд цус харвах, эгэм, бугалга хугарах, мөрний мэдрэл гэмтэх гэх мэт хүндрэлүүд хамаарна. Харин эхэд 2 хувийн хүндрэл үүсгэдэг, эхэд аюул багатай ажилбар юм.

Ийнхүү М.Нийг вакум таталтаар төрүүлсний дараа би төрөх замд ямар нэг урагдал, гэмтэл байгаа эсэхийг шалгахад умай, умайн хүзүү урагдалгүй, цус алдалт байхгүй байсан ба вакум тавих үед хайчилсан хярзанг оёсон.

Монгол Улсын стандарт МNS 6188:2010 /Амаржих газрын бүтэц, үйл ажиллагаа/-ны 10.12-т "Төрсөн эхийг төрөх өрөөнд 2 цаг хянана” гэж заасны дагуу уг 2 цагийн хугацаанд төрсөн эхийн зовиур, амин үзүүлэлт, умайн агшилт, цус алдаж байгаа эсэхийг 15 минут тутамд төрөлтийг удирдсан их эмч  би болон эх баригч н.Оюунчимэг хянаж байсан.

М.Н нь төрөхөөс өмнө халуурч байсан, мөн үрэвсэлтэй байсан учраас түүнийг төрсний дараа умайн агшилт суларч цус алдах эрсдэл өндөр байсан тул би М.Нийг төрсний дараа 15 минут тутам биечлэн орж хянаж байсан ба тэгэхэд түүнд ямар нэг зовиур байхгүй, умайн агшилт сайн, цус алдалтгүй байсан тул ажил үүргийн дагуу эх баригч н.Оюунчимэг 16 цаг 10 минутад М.Нийг төрсний дараах тасагт шилжүүлж, хүлээлгэн өгсөн.

Төрсний дараах тасагт өөр эмч, сувилагч төрсөн эхийг хүлээн авч хяналт тавьдаг бөгөөд би ажлын цаг дуусахад буюу 16 цаг 50 минутад ажлаа дуусгаад гэртээ харьсан.

Энэ хэрэгт нийтдээ шинжээчийн 4 дүгнэлт гарсан бөгөөд тэдгээр дүгнэлтийн аль нь ч ыг ямар хууль, дүрэм, журам, стандартад заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйн улмаас М.Нийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоогоогүй.

Харин шинжээчийн хамгийн сүүлчийн 4 дэх дүгнэлт буюу 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 953 дугаартай дүгнэлтийн 5-д “Өгсөх замын халдвар, эхийн биеийн байдал зэрэг нь умайн хүзүү урагдах эрсдэлийг нэмэгдүүлнэ”,

6-д “Умайн булчингийн архаг үрэвслийн үед вакум таталт хийсэн нь умай, үрийн сувгийг тайрах шалтгаан болохгүй”,

7-д “Төрөлт удирдсан эмч болон хяналтын эмч нарын үүрэг тодорхой байдаг. Төрүүлсэн эмчийн 14, 16 цагийн хянасан үзлэгийн бичлэг бичигдсэн байна. Харин 18 цаг хүртэлх эхийн биеийн байдлыг хянасан үзлэгийн бичлэг хавтаст хэрэгт байхгүй байна.

10-т “М.Нийн төрөлтийг вакум таталтаар төрүүлэхэд умайн хүзүү урагдсан нь эмнэлгийн тусламж үйлчилгээний үед гарсан хүндрэл...” гэж хариулсан байдаг.

Дээрхээс үзэхэд шинжээчийн дээр дурдсан дүгнэлтүүд нь шүүгдэгч миний гэм бурууг үгүйсгэсэн, цагаатгах нотлох баримтууд атал намайг хууль зүйн үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцож, ял шийтгэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн энэ хэрэгт М.Нийн төрөлтийн үед  надтай хамт багаар ажилласан эх баригч н.Оюунчимэг, нярайн эмч Д.Отгонбат, нярайн сувилагч болон Төрөх тасгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан их эмч Ч.Сарантуяа нараас огт гэрчийн мэдүүлэг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит үнэнийг тогтоож чадаагүйн илрэл юм.

Нөгөөтэйгүүр  би өмгөөлөгчийн хамт 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахаар 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очиход “тэмдэглэл гараагүй, гарахаар нь мэдэгдэнэ” гэсэн бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр шүүхээс шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахыг утсаар мэдэгдсэн.

Ингээд 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад миний шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг болон прокурор, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс надад тавьсан асуулт, хариултуудыг бүгдийг, шүүгчээс надад тавьсан асуулт, хариултын заримыг нь шүүх хуралдааны тэмдэглэлд өөрөөр бичсэн байсан ба уг асуудлыг шүүгчийн туслахаас тодруулж асуухад шүүх хуралдааны үед цахилгаан тасарсны улмаас шүүх хуралдаан эхэлснээс хохирогчийн мэдүүлэг авах хүртэлх хугацааны бичлэг хадгалагдаагүй байсан учраас тэмдэглэлийг гаргахад хугацаа их алдсан, шүүгдэгчийн мэдүүлгийг хавтаст хэрэгт өгсөн мэдүүлгийг үндэслэж бичсэн гэж хэлсэн.

Би шүүх хуралдаанд маш тодорхой, дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлэг өгөхдөө зурагт үзүүлэн ашиглаж, түүнийгээ хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Гэвч миний тэрхүү өгсөн мэдүүлэг, зурагт үзүүлэнгийн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй, надаас шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгчээс асуусан хэрэгт ач холбогдол бүхий асуултууд тэмдэглэлд бүрэн тусгагдаагүйд маш их гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч ы өмгөөлөгч Ж.Наранбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: "... Шүүгдэгч  нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн Эх баригч эмэгтэйчүүдийн эмнэлгийн төрөх тасагт иргэн М.Нийн төрөлтийг удирдаж төрүүлэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч М.Нийг вакум таталтаар төрүүлэх явцад умайн хүзүү урагдсан, төрсний дараах цус алдалт, цус алдалтын дайрлага үүсч эхийн амь насанд аюултай байдал үүсгэж, эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь:

хохирогч М.Нийн “...Түүнээс хойш нэлээн удсаны дараа миний дотор муухайраад бие муудсан, сувилагч нар сандраад түргэний ор авчраад хагалгааны өрөө рүү оруул гэж хоорондоо ярилцаад байсан. ...Нэг мэдэхэд нэг эмч миний гараас бариад сэрээрэй гээд байсан, тэр хооронд юу болсныг би санахгүй байгаа. Намайг хагалгаанд оруулах гээд аваад явж байсан уу, эсвэл хагалгаанд орсны дараа юу гэдгийг би тодорхой мэдэхгүй, ямар ч гэсэн нэг хар үстэй эмэгтэй эмч ар өвөргүй юм бичсэн цаасан дээр надаар гарын үсэг зуруулсан, надад тэр бичгийг нь уншиж ойлгох чадвар байгаагүй. ...Төрсний дараах тасгийн сувилагч нар намайг төрсний дараах тасагтаа албан ёсоор хүлээж авч бүртгэх ёстой байсан боловч намайг хүлээлцэлгүй шууд тасаг руу нь оруулж хэвтүүлсэн. Хүлээлцээгүй учраас намайг 15 минут тутам шалгаж биеийн байдлыг минь үнэлээгүй, даралт, пульс зэргийг шалгаагүй. Миний сав болон үрийн сувгийг эмч нар хагалгаа хийж авахдаа надаас зөвшөөрөл аваагүй, миний гэр бүлийнхэнтэй зөвшилцөж мэдэгдээгүй, биднээс нуусан, энэ талаар бид нар өөрсдөө олж мэдсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-17-18/,

гэрч Д.Мандахсолонгийн "...Төрөлтийг тус эмнэлгийн төрөх тасгийн Х удирдаж төрүүлсэн бөгөөд Наранчимэг хэвтэх үедээ төрөх хугацаа нь болчихсон илүү тээлттэй байсан учраас ар гэрийн зүгээс Наранчимэг хийсвэр хийж төрүүлэх байх гэж бодож байсан. Гэтэл Х эмч хярзанг нь хайчилж доогуур нь төрүүлсэн байсан. Хэрэв миний охин хийсвэрээр төрсөн бол ямар нэгэн өвчин зовлонгүй, сав болон үрийн сувгаа авахуулахгүй нөхөн үржхүйн эрхтэнтэйгээ хэвийн байх байсан. ...Миний охиныг тус эмнэлэгт хэвтэж байхдаа цус алдсан гээд шууд хагалгаанд оруулаад эхний хагалгаагаар савыг нь авсан байна лээ. ...Хамгийн гол нь бидний зүгээс төрөлтийг буруу удирдаж улмаар ийм олон мэс засал хийлгэхэд хүргэсэн Х эмчид гомдолтой. Идэрмөнх эмч савыг нь мэс заслын аргаар авсан гэх мөртлөө үрийн сувгийг нь хүртэл идээлүүлээд авахуулахад хүргэсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-19-20/,

гэрч Я.Батцэрэнгийн “...Хэрэв үрийн сувгийг аваагүй бол сепсисийн халдвараар эхийн амь нас эрсдэх тул амь насны заалтаар тухайн хагалгааг хийсэн. Хагалгааны дараа эх халуураад биеийн байдал дээрдэхгүй байсан ба улмаар Наранчимэг нь өөрөө хүсэлт гаргаад эмчлэгч эмчээ сольсон тул миний дараа эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Мөнхбаяр энэ эхийг хариуцаж эмчилсэн. Мөнхбаяр эмч мэс заслын эмчтэй хамтран улмаар Наранчимэгийн умайн үлдэнгэрийг авах 3 дахь удаагийн мэс засал хийсэн бөгөөд манай эмнэлэгт төрсөн эх Наранчимэгт нийт 3 удаа хагалгаа хийгдсэн. ...Шинжилгээгээр төрсөн эхэд трихомонад өвчний үүсгэгч илэрсэн, улмаар үрийн хоолойгоор идээ тархсан зэрэг нөхцөл байдал нь энэ эхийг төрсний дараа хагалгаанд орох нөхцөл байдалд хүргэсэн. ... ” гэх мэдүүлэг/1хх-24-25/,

Гэрч Ч.Мөнхбаярын "...М.Н нь эх барихын шалтгаант өсөх замын үжил халдвартай байсан ба хоруу чанартай идээт халдвар учраас тэр идээ нь биеийн хаана ч үүссэн байж болзошгүй бөгөөд хүний бие өөрөө идээт өвчин үүсгэх орчин нь учраас миний бие 3 дахь хагалгааг хийхдээ идээ бээрийг нь угааж цэвэрлээд урсгуур тавьсан юм. ...” гэх мэдүүлэг /1хх-26/,

шинжээчийн 456, 953 тоот дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “дахин шинжээч томилуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Хавтас хэрэгт авагдсан шинжээч нарын хавтас хэргийн материал, өвчтөн Наранчимэгийн өвчний түүх, эмчийн үзлэг, хийгдсэн мэс ажилбарын явцын тэмдэглэл, шинжилгээ явуулахад ач холбогдол бүхий мэдээ, мэдээллийг харьцуулан судалж өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулж тус тус дүгнэлтийг гаргасан. Шинжилгээний хүрээ, шинжээчдийн хариултууд хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь хамарч чадсан, шинжилгээний үр дүн буюу шинжээчдийн дүгнэлтүүдийг бүх талаас нь шинжлэн судалж хооронд нь хэргийн нөхцөл байдалтай харьцуулах, эх сурвалжийг магадлах, үндэслэлийг хянах байдлаар дүгнэлт өгч тэдгээрт тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул дахин шинжилгээ явуулах шаардлагагүй юм.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 456 дугаартай, 2019 оны 8 дугаар сарын 22-ны 953 дугаартай дүгнэлтүүд нь М.Нийг төрүүлэх явцад болон төрсний дараах байдалд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх талаар үндэслэл бүхий хариултыг хангалттай өгсөн гэж шүүх дүгнээд, өмгөөлөгчийн гаргасан дээрх санал дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Шүүгдэгч ы үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. ы дээрх хууль бус үйлдлийн улмаас М.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь хоорондын шууд шалтгаант холбоотой гэж үзнэ. ...” гэжээ.

2. Гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоо:

2.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” ял шийтгэхээр, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол”, 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол" ял шийтгэлийг тус тус хүндрүүлэхээр хуульчилсан.

Энэ хэрэгт:

-Нэр бүхий 3 шинжээч 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хавтас хэргийн материалаар шүүх эмнэлгийн шинжилгээ хийж 456 дугаартай дүгнэлт /3хх-7-12/,

-Нэр бүхий 3 шинжээч 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хавтас хэргийн материалаар шүүх шинжилгээ хийж 82 дугаартай дүгнэлт /3хх-100-104/,

-Нэр бүхий 3 шинжээч 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хавтас хэргийн материалаар шүүх эмнэлгийн шинжилгээ хийж 341 дугаартай дүгнэлт /3хх-125-130/,

-Нэр бүхий 5 шинжээч 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хавтас хэргийн материалаар шүүх эмнэлгийн шинжилгээ хийж 953 дугаартай дүгнэлт /4хх-9-14/-ийг тус тус гаргасан байдаг.

Анхан шатны шүүх нь шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий шинжээчийн 456, 82, 341, 953 дугаартай дүгнэлтүүд харилцан зөрүүтэй байхад шинжээчийн 456, 953 дугаартай дүгнэлтүүдийг шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгохдоо шинжээчийн 82, 341 дугаартай дүгнэлтийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

Тэгвэл шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон шинжээчийн 456 дугаартай дүгнэлтийн:

-2, 3-т “М.Нт төрөлтийг төрөх замаар вакум таталтын тусламжаар төрүүлсэн байх ба эхийг кесар мэс заслаар төрүүлэх заалт үгүй байжээ ...”,

-Хариулт 7-д: “Өгсөх замын халдвартай байсан ч энэ нь умай, үрийн сувгийг тайрах шалтгаан болоогүй. ...”,

-Хариулт  8, 9-д: "... Умайг тайрах мэс засал хийсэн эмч нар хэвлийн хөндийн түгмэл идээт гялтантас үүсгэж, идээт хордлого, түүний дайрлага үүссэн ба сэмж, 2 талын үрийн хоолой идээлж тэдгээрийг тайрсан нь эрхтэнгүй болох, үлдэц уршигт байдал үүсгэсэн байна. Мөн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 29-ний өдрийн хоорондын хугацаанд эхийг үзэж хянасан эмч нар эхэд үүссэн хэвлийн хөндийн гялтантасыг оношлоогүй, эмчилгээг шийдвэрлээгүй хугацаа алдсан алдаа гаргасан байна. ...” гэж,

Шинжээчийн 953 дугаартай дүгнэлтийн:

-Хариулт 3-т: “М.Нараичимэгийн умайн хүзүү бүрэн нээгдсэн, ургийн толгой аарцгийн уйтан хэсэгт ирсэн, ургийн бүтэлтийн шинж илэрсэн зэрэг нь тухайн үед багажаар төрүүлэх заалттай, кесар хагалгаа хийх заалтгүй байжээ. ...”,

-Хариулт 5-д: “Өгсөх замын халдвар, эхийн биеийн байдал зэрэг нь умайн хүзүү урагдах эрсдэлийг нэмэгдүүлнэ. ...”,

-Хариулт 6-д: “Умайн булчингийн архаг үрэвслийн үед вакум таталт хийсэн нь умай, үрийн сувгийг тайрах шалтгаан болохгүй. ...”,

-Хариулт 7-д: “Төрөлт удирдсан эмч болон хяналтын эмч нарын үүрэг тодорхой байдаг. Төрүүлсэн эмчийн 14, 16 цагийн хянасан үзлэгийн бичлэг бичигдсэн байна. Харин 18 цаг хүртэлх эхийн биеийн байдлыг хянасан үзлэгийн бичлэг хавтас хэрэгт байхгүй байна. ...”,

-Хариулт 10-д: “М.Нийн төрөлтийг вакум таталтаар төрүүлэхэд умайн хүзүү урагдсан нь эмнэлгийн тусламж үйлчилгээний үед гарсан хүндрэл. ...” гэж шинжээчид хариулжээ.

Дээр дурдсан шинжээчийн хариултууд нь ы гэм буруугүйг нотолсон цагаатгах нотлох баримт болохын зэрэгцээ гэрч Д.Мандахсолонгын “Төрөлтийг тус эмнэлгийн төрөх тасгийн Х удирдаж төрүүлсэн бөгөөд Наранчимэг хэвтэх үедээ төрөх хугацаа нь болчихсон, илүү тээлттэй байсан учраас ар гэрийн зүгээс Наранчимэгийг кесар хийж төрүүлэх байх гэж бодож байсан. Гэтэл Х эмч залуу, бие сайтай хүн юм гээд хярзанг нь хайчилж доогуур нь төрүүлсэн байсан. ...Хамгийн гол нь бидний зүгээс төрөлтийг буруу удирдаж улмаар ийм олон мэс засал хийлгэхэд хүргэсэн Х эмчид гомдолтой. ...” гэсэн мэдүүлгийг давхар няцааж байна.

Түүнчлэн шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгосон хохирогч М.Н, гэрч Я.Батцэрэн, Ч.Мөнхбаяр нарын мэдүүлгүүдэд шүүгдэгч  нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг нотолсон агуулга бүхий мэдүүлэг байхгүй байна.

Мөн шүүхээс шүүгдэгч  нь Эрүүл мэндийн сайдын 2012 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 42 дугаар тушаалаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас боловсруулан гаргасан “Жирэмслэлт, төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүй” удирдамж, Монгол Улсын стандарт  МNS 6188:2010 /Амаржих газрын бүтэц, үйл ажиллагаа/ болон бусад хууль тогтоомжид заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чухам ямар үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч М.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан талаар дүгнэлт хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй юм.

2.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлийн тухайд:

Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч Хүрнүүд овогт Б.Хыг эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай” гэж заасан бөгөөд зүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн “Шүүгдэгч ыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай” гэж заах нь хуулийн шаардлагад нийцэхээр байсан гэж үзэж байна.

Мөн шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эх барих эмэгтэйчүүдийн төрөх тасгийн их эмчээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй” гэж зааж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Тодруулбал, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар” гэсэн нь хэдийгээр техникийн шинжтэй алдаа мэт боловч ийм алдааг шүүх гаргах ёсгүй юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялыг зөвхөн нэмэгдэл ялаар хэрэглэнэ.

Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд шүүх эрх хасах ялыг хэрэглэхдээ тодорхой нэг байгууллагын нэр заан уг байгууллагад гэмт хэрэг үйлдсэн хүнийг ажиллахыг хориглож эрх хасах ялаар шийтгэхээр хуульчлаагүй, харин гэмт хэрэг үйлдсэн хүний эзэмшсэн тодорхой нэг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасахаар хуульчилсан байна.

Харин шүүхийн шийдвэрээс харахад шүүгдэгч ыг “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Төрөх тасагт их эмчээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан байх бөгөөд харин тэрээр дээрх хугацаанд “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн өөр өөр тасаг эсхүл өөр эмнэлэгт их эмчээр ажиллах, эсхүл хувиараа эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж болохоор байна.

Нөгөөтэйгүүр шүүх ы үйлдлийг гэм буруугийн болгоомжтой хэлбэртэй гэж дүгнэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид болгоомжгүй гэмт хэргийг нэр заан        хуульчилсан байдаг.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйл /Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх/-д заасан гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй юм.

Тодруулбал уг гэмт хэргийн шинж нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр ханддаг бол уг үйлдэл, эс үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учрах хохирол, хор уршигт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан байдаг.

2.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан шүүх явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу дүрс бичлэгээр баталгаажуулна”,

2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд ...шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана”,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна”,

5 дахь хэсэгт “Оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дуу дүрсний бичлэгийг түүнд танилцуулна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч д холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 14 цаг 00 нээлттэйгээр хянан хэлэлцэж эхэлсэн бөгөөд харин шүүхийн хэлэлцүүлгийн үед буюу шүүгдэгчийн мэдүүлгийг сонссоны дараа шүүх хуралдаан даргалагч нь шүүгдэгчээс асуулт асууж байх үед цахилгаан тасарсан тул шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг түр завсарлуулсан. Харин цахилгаан удалгүй ирсэн тул шүүх хуралдаан даргалагч хуралдааныг цааш нь үргэлжлүүлэн явуулж дуусгасан.

Тус шүүхээс шүүгдэгч д холбогдох эрүүгийн хэргийн 667 дугаартай шийтгэх тогтоолыг ирж гардаж авахыг шүүгдэгч , түүний өмгөөлөгчид 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр утсаар мэдэгдсэн бөгөөд бид шийтгэх тогтоолыг гардаж авахаар очихдоо шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахыг хүсэхэд 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн шүүх хуралдааны үед цахилгаан тасарсны улмаас уг шүүх хуралдаан эхэлснээс цахилгаан тасрах хүртэлх хугацааны шүүх хуралдааны бичлэг хадгалагдаагүй шалтгаанаар шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй байгаа, гарахаар нь та нарт мэдэгдэнэ” гэсэн хариу өгсөн.

Улмаар тус шүүхээс 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр шүүгдэгч д шүүх хуралдааны тэмдэглэл гарсныг утсаар мэдэгдсэн бөгөөд бид шүүх хуралдааны тэмдэглэлтэй 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр танилцаж, шийтгэх тогтоолыг гардаж авсан.

Гэтэл тухайн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааны явцад цахилгаан тасарсан талаар огт дурдаагүйн зэрэгцээ шүүх хуралдаан эхэлснээс цахилгаан тасрах хүртэлх хугацааны явцыг бодит үйл явцаас огт өөрөөр тусгасан байв.

Тухайлбал шүүгдэгч  нь шүүх хуралдаанд маш тодорхой, дэлгэрэнгүй өгсөн бөгөөд мэдүүлэг өгөхдөө зурагт үзүүлэн ашиглаж, түүнийгээ хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Гэвч түүний уг мэдүүлэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдаагүй, мэдүүлэг өгөхдөө ашигласан зурагт үзүүлэн шүүх хуралдааны тэмдэглэлд хавсаргагдаагүй, мөн шүүгдэгчээс хэргийн оролцогчид болон шүүх хуралдаан даргалагчийн асуусан хэрэгт ач холбогдол бүхий асуулт, хариултууд тэмдэглэлд бүрэн тусгагдаагүй байна.

Түүнчлэн цахилгаан тасарснаас хойш шүүх хуралдаан дуусах хүртэлх бүх үйл явцыг шүүх хуралдааны тэмдэглэлд нэг бүрчлэн тусгаагүй, зарим үйл явцыг алдаатай үзэхээр нөхцөл байдал харагдаж байгаа болно.

Тиймээс бид Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх танхимд 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр нээлттэй хийсэн д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг хуулбарлаж өгнө үү” гэсэн хүсэлтийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бичгээр гаргасан /хүсэлтийг гомдолд хавсаргав/ бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр уг шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг бидэнд хуулбарлаж өгсөн.

Дуу-дүрсний бичлэгийг шүүх хуралдааны тэмдэглэлтэй тулгаж үзэхэд үнэхээр шүүх хуралдаан эхэлснээс цахилгаан тасрах хүртэлх хугацааны шүүх хуралдааны бичлэг хадгалагдаагүй байсан болно.

Хэрэв тухайн үед шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг хийгдээгүйг хэргийн оролцогч нарт мэдэгдсэн бол шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүхийн хэлэлцүүлгийг дахин эхлүүлэх хүсэлт гаргаж, үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны  ашиг сонирхлыг бүрэн хамгаалах боломжтой байсан юм.

3. Гомдол гаргагчийн санал, хүсэлт:

Иймд д холбогдох “Эмнэлгийн мэргэжилтэн  нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Наранчимэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэх гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг тус тус үндэслэн мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч М.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч талаас өөрсдийгөө цагаатгах үндэслэлүүдийг хэлж байна. Би эсрэг байр суурьтай байна. Зарим зүйлийг худлаа хэлж байна. Тухайн үед эх баригч эмч 16 цаг 10 минутад төрсний дараах тасагт хүлээлгэж өгсөн гэж байна. Хүлээлгэж өгөөгүй, ямар ч эмч, сувилагчид албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Төрсний дараах тасагт хүлээлгэж өгөхдөө амин үзүүлэлтүүдийг нь хэмжиж, бүртгэж хүлээлгэж өгдөг. Намайг ямар ч бүртгэл үйлдэж хүлээлгэж өгөөгүй. Тийм учраас би 18 цаг 40 минутад хаалгаар шагайж “миний бие муу байна, эмч дуудаад өгөөч” гэж хэлсэн байгаа. 16 цагаас 18 цаг 40 минутын хооронд хэн ч над дээр орж ирж даралт, халуун үзээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нэг байгаа бөгөөд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч М.Нийн өмгөөлөгч Б.Борхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна. Хэргийн нөхцөл байдлыг хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь бодитойгоор дүгнэж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн зүгээс “миний буруутай үйл ажиллагаанаас болж энэ хэрэг гараагүй, би стандартын дагуу ажилласан, намайг цагаатгаж өгнө үү” гэж байна. Тухайн үед стандартын дагуу хяналтаа тавиагүй, үүргээ биелүүлээгүй байж стандарт ярих шаардлагагүй. Үзлэг хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй, гэмтсэн, урагдсан болохыг илрүүлэх боломжгүй байсан гэж байна. Энэ тайлбар нь үүргээ биелүүлээгүйтэй холбоотой тайлбар гэж ойлгож байна. Вакум таталтаар төрүүлэхэд эх болон хүүхдэд эрсдэл гарах өндөр магадлалтай, бэлэн байх ёстой, бэлэн байдаг, эрсдлийг тооцоолсон гэж ярьдаг атлаа үзлэг оношлогоог хийгээгүй. Шалгасан гэж байгаа боловч яг яаж шалгасан юм бэ, вакум таталтаар төрүүлчихээд томографикаар харсан уу, дурангаар харсан уу, нүдэнд ил харагдах нөхцөл байдлыг харчихаад шалгасан гэж үзээд байгаа юм уу, энэ нөхцөл байдал нь тодорхой байдаггүй. Үзлэг хийгээгүй, шинжилгээ бүрэн хийгээгүйн улмаас өнөөдрийн ийм нөхцөл байдал үүссэн. 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс Улсын Дээд шүүх хүртэл маргаан үүссэн. Давж заалдах шатны шүүхээс хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой, өмгөөлөх болон яллах талууд өөрт ашигтай нөхцөл байдлаар мэтгэлцэж шинжээчийн дүгнэлтүүдийг тайлбарлаж үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах бүрэн боломжтой гэж дүгнэсэн. Энэ хүрээнд анхан шатны шүүх талуудын байр суурийг бүрэн дүүрэн сонсож шийдвэрээ гаргасан. Шүүх хуралдаан явагдаж байхад тог тасарсан зүйл байгаа. Гэхдээ тог тасарлаа гээд талуудын аль нэгний эрх ашгийг хөндсөн, зөрчсөн, тайлбар мэдүүлгийг нь аваагүй, бүрэн гүйцэт сонсоогүй, эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй нөхцөл байдал байхгүй. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцоод хохирлын зарим баримтыг хангаад зарим баримтыг хэрэгсэхгүй болгосон. Эхийн сүү орлуулагчаар хүүхдээ угжсан гэх зардлыг хохирлоос хассан. Хохирогч маш урт хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийлгэх явцдаа хүүхдээ эхийн сүүгээр хооллох боломжгүй байсан. Өөрөөсөө шалтгаалахгүй нөхцөл байдлаас болоод хүүхдээ сүү орлуулагчаар хооллосон. Үүнтэй холбоотой зардлыг хэрэгсэхгүй болгосон байсан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзнэ үү. ...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 953 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч өөрийнхөө тайлбараар үгүйсгэж тайлбарлаж байна. Яллах нотлох баримтуудыг үндэслэлгүй гэдэг байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс тайлбарлаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, хуульд заасан нотлох баримтыг үгүйсгэх хэлбэрийг тодорхой агуулж чадахгүй байна гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт хэд хэдэн удаа гарсан байдаг. Прокуророос шинжээчийн дүгнэлтүүдийг анхан шатны шүүх хуралдаанд тодорхой дурдсан. Урьд гарсан шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар дахин дүгнэлт гаргаад байна уу, нэмэлт дүгнэлт гаргаад байна уу гэдэг нь тодорхойгүй хоёр, гурван дүгнэлт гарсан байдаг. Хэрэгт прокурорын тогтоолоор 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 953 дугаартай бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1, 3.3 зааснаар хүнд зэргийн гэмтэл учирсан. Умайн хүзүү тайрсан нь төрөлтийг удирдсан эмчийн төрхийн өмнөх болон дараах үйл явцыг хангалтгүйгээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай шууд холбоотой гэх дүгнэлт гарсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнэсэн. Хуульд нийцсэн шийдвэр гаргасан. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг”-ийн төрөх тасагт иргэн М.Нийн төрөлтийг удирдаж төрүүлэхдээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч М.Нийг вакум таталтаар төрүүлэх явцад умайн хүзүү урагдсан, төрсний дараах хяналт хангалтгүйгээс умайн хүзүүний урагдал, умайн булчингийн агшилтын сулралын шалтгаант цус алдалтыг эрт оношлоогүйн улмаас төрсний дараах цус алдалт, цус алдалтын дайрлага үүсч, эхийн амь насанд аюултай байдал үүсч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Нийн "...2017 оны 8 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн орчмоос эхэлж төрөхөөр өвдөөд шөнийн 03 цаг өнгөрч байхад Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн хүлээн авахад хүргэгдэж очсон. ...2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 14 цаг 05 минутад 4200 гр жинтэй хүү төрүүлсэн, төрөлтийг  гэдэг эмч удирдсан. Намайг төрөхөөс өмнө их хүчтэй өвдөлт өгөөд байхаар нь би  эмчид хийсвэр хийлгэмээр байна, өөрөөрөө төрж чадахгүй, хэцүү байна гэхэд эмч намайг залуу хүн болохоор өөрөөрөө төрж чадна гэсээр байгаад эмч нар гэдсэн дээр тохойлдож, доошоо багажаар татах зэргээр миний хярзанг хайчлаад доогуур багаж оруулаад доогуур төрүүлсэн. Төрсний дараа 2 цагийн дотор хүүхдэд маань ангир уургийг нь амлуулах ёстой байтал миний хүүхдийг надад хөхүүлээгүй, гэдсэн дээр хүүг минь авчирч тавиагүй, төрсөн өрөөнд 2 цаг байлгаад эхэс гарсны дараа миний хярзанг оёод төрсний дараах тасагт шилжүүлсэн. Миний дотор муухайраад бие муудсан, сувилагч нар сандраад түргэний ор авч ирээд хагалгааны өрөө рүү оруул гэж хоорондоо ярилцаад байсан, нэг мэдэхэд нэг эмч миний гараас бариад сэрээрэй гээд байсан, тэр хооронд юу болсныг би санахгүй байгаа. Намайг хагалгаанд оруулах гээд аваад явж байсан уу, эсвэл хагалгаанд орсны дараа юу гэдгийг би тодорхой мэдэхгүй, ямар ч гэсэн нэг хар үстэй эмэгтэй эмч нар юм бичсэн цаасан дээр надаар гарын үсэг зуруулсан, надад тэр бичгийг нь уншиж ойлгох чадвар байгаагүй. Эмч нар намайг хэд хэдэн удаа хагалгаанд оруулсан, гэхдээ 3-аас  дээш удаа гэж бодож байна. Эмч нар эхний хагалгаагаар миний савыг авахдаа үрийн сувгийг нь үлдээсэн гэх боловч дараагийн хагалгаагаар миний үрийн сувгийг бас авсан. ...Хагалгааны дараа эмч нар өрөөнд орж ирээд үзээд гардаг ч надад ямар хагалгаа хийсэн, юу болсон талаар яриагүй, чи их хэцүү хагалгаанд орлоо гэж хэлж байсан. Эмч нар миний асуусан асуултад хариулахгүй нэг л сонин байгаад байхаар нь надаас юм нуугаад байгааг гадарласан, миний бие дээрдээд эмнэлгээс гарахын өмнөхөн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр орчим Алтанзул гэдэг эмчээс би эмч нар миний умай буюу савыг авсан талаар сонссон, тэр эмч надад хэлэхдээ чиний савыг авахаас өөр арга байгаагүй гэсэн. ...Би хүүгээ хөхөөрөө хооллох боломжгүй болж дандаа угжиж байгаа, сэтгэл санаагаар хохирсон. Төрсний дараах тасгийн сувилагч нар намайг төрсний дараах тасагтаа албан ёсоор хүлээж авч бүртгэх ёстой байсан боловч намайг хүлээлцэлгүй шууд тасаг руу нь оруулж хэвтүүлсэн, хүлээлцээгүй учраас намайг 15 минут тутам шалгаж биеийн байдлыг минь үнэлээгүй, даралт, пульс зэргийг шалгаагүй. Миний сав болон үрийн сувгийг эмч нар хагалгаа хийж авахдаа надаас зөвшөөрөл аваагүй, миний гэр бүлийнхэнтэй зөвшилцөж мэдэгдээгүй, биднээс нуусан, энэ талаар бид нар өөрсдөө олж мэдсэн. ...” /1хх-17-18, 3хх-38/,

гэрч Б.Мандахсолонгийн "...Төрөлтийг тус эмнэлгийн төрөх тасгийн эмч  удирдаж төрүүлсэн бөгөөд миний охин хэвтэх үедээ төрөх хугацаа нь болчихсон байсан. Илүү тээлттэй байсан учраас ар гэрийн зүгээс хийсвэр хийж төрүүлэх байх гэж бодож байсан. Гэтэл  эмч залуу, бие сайтай хүн юм чинь өөрөөрөө төрнө гээд хярзанг нь хайчилж доогуур нь төрүүлсэн байсан. Хэрэв миний охин хийсвэрээр төрсөн бол ямар нэгэн өвчин зовлонгүй сав болон үрийн сувгаа авахуулахгүй нөхөн үржихүйн эрхтэнтэйгээ хэвийн байх байсан. ...Миний охиныг тус эмнэлэгт хэвтэж байхдаа цус алдсан гээд шууд хагалгаанд оруулаад эхний хагалгаагаар савыг нь авсан байна лээ. Энэ талаар хагалгаа хийсэн Идэрмөнх эмч надад хэлээгүй, би тэнд ажилладаггүй хөндлөнгийн өөр эмчээр дамжуулж мэдээд охиныгоо хагалгаанд орсоноос хойш хэд хоногийн дараа Идэрмөнх эмчтэй уулзаад асуухад “танай охины амь насыг аврахын тулд хагалгаа хийсэн, савыг нь авсан” гэж надад хэлсэн. Энэ мэс заслыг хийлгэснээс хойш миний охин халуураад доошоо үнэртэй юм гараад байсан, гэтэл дотроо идээ бугалчихсан байсан бололтой. Хамгийн гол нь бидний зүгээс төрөлтийг буруу удирдаж улмаар ийм олон мэс засал хийлгэхэд хүргэсэн  эмчид гомдолтой байна. ...” /1хх-19-20/,

гэрч Я.Батцэрэнгийн  "...М.Н нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн төрөх тасагт төрж улмаар 16 цаг 30 минутад төрсний дараах тасаг руу шилжсэн байсан боловч төрсний дараах тасагт шилжээд удаагүй байхдаа цус алдсан, умайн хүзүүний урагдал гэсэн оноштойгоор жижүүрийн эмч төрсөн эх М.Нийг яаралтай хагалгаанд оруулсан байсан ба төрөлтийн явцтай холбоотой хүндрэл гаргаагүй, харин эх үтрээний нянгийн үрэвсэлтэй байсны улмаас уг үрэвсэл нь архагшиж улмаар умайдаа нөлөөлснөөс умай агшилтгүй болж цус алдахад хүргэсэн байсан. М.Н нь хагалгаанд орсноосоо хойш биеийн байдал нь дээрдэхгүй, төрсөн эхийн үрийн хоолойгоор өгсөх замын халдвар дамжсан байдалтай байсан тул эхний хагалгаанаас хойш долоо хоногийн дараа миний бие 2 дахь хагалгаанд оруулсан ба 2 дахь хагалгааг би хариуцаж хийсэн юм. ...Хэрэв үрийн сувгийг аваагүй бол сепсисийн халдвараар эхийн амь нас эрсдэх тул амь насны заалтаар тухайн хагалгааг хийсэн. Хагалгааны дараа эх халуураад биеийн байдал дээрдэхгүй байсан ба улмаар М.Н нь өөрөө хүсэлт гаргаад эмчлэгч эмчээ сольсон тул миний дараа эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Ч.Мөнхбаяр эхийг хариуцаж эмчилсэн. Ч.Мөнхбаяр эмч мэс заслын эмчтэй хамтран улмаар М.Нийн умайн үлдэнгэрийг авах 3 дахь удаагийн мэс засал хийсэн бөгөөд нийт 3 удаа хагалгаа хийгдсэн. Харин миний бие хариуцаж хийсэн 2 дахь хагалгааны дараа төрсөн эхийг унтуулгатай хэвлий, гэдсийг угаасныг М.Н хагалгаа гэж ташаа ойлгосон бололтой. ...Шинжилгээгээр төрсөн эхэд трихомонад өвчний үүсгэгч илэрсэн, улмаар үрийн хоолойгоор идээ тархсан зэрэг нөхцөл байдал нь энэ эхийг төрсний дараа хагалгаанд орох нөхцөл байдалд хүргэсэн. ...” /1хх-24-25/,

гэрч Ч.Мөнхбаярын “...М.Н гэдэг эмэгтэйд урд өмнө нь хийгдсэн гэх мэс заслын талаар би мэдэхгүй, миний хувьд иргэн М.Нт хийгдсэн хамгийн сүүлийн буюу 3 дахь хагалгааг гардаж хийсэн эмч нь болно. ...Мэс заслын явцад М.Нийн хэвлийг нээхэд хэвлийд нь идээт умай болон үрийн суваг авагдсан байдалтай, мөн хэвлий гэдэсний гогцоо хооронд, сэмж орчим, аарцгийн хөндийд идээтэй байсан учраас би хагалгааны явцад идээг угааж цэвэрлэж соруулаад урсгуур тавьсан. ...М.Н нь эх барихын шалтгаант өсөх замын үхжил халдвартай байсан ба хоруу чанартай идээт халдвар учраас тэр идээ нь биеийн хаана ч үүссэн байж болзошгүй байдаг бөгөөд хүний бие өөрөө идээт өвчин үүсгэх орчин нь учраас 3 дахь хагалгааг хийхдээ идээ бээрийг нь угааж цэвэрлээд урсгуур тавьсан юм. ...Жирэмсэн эхчүүдэд бактериологийн шинжилгээгээр бус полимиразийн гинжин урвалын шинжилгээг жирэмсний хяналтад байх хугацаанд толгой дараалан хийх эдийн засгийн боломж бололцоо байхгүй. ...”/1хх-26/,

ы яллагдагчаар өгсөн “...Би тухайн асуудлын талаар урьд нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Солонго гэх байцаагчид мэдүүлэг өгсөн. Наранчимэг 14 цагийн орчим төрсөн. Төрсний дараах 2 цаг би хяналт тавьсан бөгөөд тухайн хугацаанд түүний бие ямар нэгэн өөрчлөлт байхгүй байсан учраас төрсний дараах тасагт шилжүүлсэн. 18 цагийн орчим цус алдлаа гэж жижүүр эмчийг дуудуулсан. Түүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй. ...Би ямар нэгэн алдаа гаргасан гэж үзэхгүй байна. Наранчимэг өөрөө дүлж төрөх ёстой байсан бөгөөд төрөлтийн явцад хүүхдийн зүрхний цохилт 60-аас 70 болж буурсан. Өөрөө хэлбэл хүүхэд бүтэх аюулд орсон учраас би вакум таталт ашиглаж төрүүлсэн. ...” /1хх-31-32/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 456 дугаартай “...М.Н нь төрөлтийг төрөх замаар вакум таталтын тусламжаар төрүүлсэн байх ба эхийг кассер мэс заслаар төрүүлэх заалт үгүй байжээ. Вакум таталтын үед умай урагдсан байх боломжтой байна. Эхэд төрсний дараах хяналт хангалтгүйгээс умайн урагдлын шалтгаант төрсний дараах эрт үеийн цус алдалтыг оношлоогүй цаг алдаж цус алдалтын дайрлага үүсч эхийн амь насанд аюултай байдал үүссэн байна. ...Төрөлтийг удирдсан эмч төрөхийн өмнөх болон төрсний дараах хяналтыг хангалтгүй хийсэн, вакум таталтаар төрүүлэхдээ умайг урсан, төрсний дараах хяналт хангалтгүйгээс умайн урагдлын шалтгаант цус алдалтыг оношлоогүйгээс төрсний дараах эрт үеийн цус алдалт, цус алдалтын дайрлага үүсч эхийн амь насанд аюултай байдал үүссэн. Умайг тайрах мэс засал хийсэн эмч нар хэвлийн хэвлийн хөндийн түгмэл идээт гялтантас үүсгэж, идээт хордлого, түүний дайрлага үүссэн ба сэмж, 2 талын үрийн хоолой идээлж тэдгээрийг тайрсан нь эрхтэнгүй болох, үлдэц уршигт байдал үүсгэсэн байна. Мөн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 29-ний өдрийг хүртэл хугацаанд эхийг үзэж хянасан эмч нар эхэд үүссэн гялтантасыг оношлоогүй, эмчилгээг шийдвэрлээгүй хугацаа алдсан алдаа гаргасан байна. Төрөлтийг вакум таталтаар төрүүлэхдээ умайг урсан, урагдсан умайг тайрч авсан нь хүнийг эрхтэнгүй болгох болон үлдэц уршигт байдал үүсгэсэн тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар хүнд зэргийн гэмтэл, төрсний дараах хяналт хангалтгүйгээс умайн урагдлын шалтгаант цус алдалтын дайрлага үүсч эхийн амь насанд аюултай байдал үүссэн нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1, 3.3.3-т зааснаар хүнд зэрэгт хамаарна. 1 дүгээр хагалгааны явцад хэвлийн хөндийн түгмэл идээт гялтантас, идээт хордлого, түүний дайрлага үүссэн болон сэмж, 2 талын үрийн хоолойг тайрсан нь эрхтэнгүй болох үлдэц уршигт байдал үүссэн тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8, 3.5.2-т зааснаар хүнд гэмтэл болно. ...” гэх /3хх-5-11/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны 953 дугаартай “...Харин М.Нт хийгдсэн хагалгаанууд нь заалтын дагуу, эхийн амь насыг аврахад зайлшгүй шаардлагатай байсан эмчилгээ тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. М.Нт хийгдсэн мэс заслууд нь зохих журмын дагуу хүндрэлийг арилгах зорилгоор хийгдсэн байна. ...Эхэд төрсний дараах хяналт хангалтгүйгээс умайн хүзүүний урагдал, умайн агшилтын сулралын шалтгаант төрсний дараах цус алдалтыг эрт оношлоогүйгээс цус алдалт, цус алдалтын дайрлага үүсч, эхийн амь насанд аюултай байдалд хүрсэн байна. Өгсөх замын халдвар, эхийн биеийн байдал зэрэг нь умайн хүзүү урагдах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Умайн булчингийн архаг үрэвслийн үед вакум таталт хийсэн нь умай, үрийн сувгийг тайрах шалтгаан болохгүй. ...М.Нийн төрөлтийг вакум таталтаар төрүүлэхэд умайн хүзүү урагдсан нь эмнэлгийн тусламж үйлчилгээний үед гарсан хүндрэл бөгөөд урагдсан умайг хүзүү, умайн булчингийн агшилтын сулрал, умайн хамт тайрсан нь төрсний дараах цус алдалт, цус алдалтын дайрлага үүсч эхийн амь насанд аюултай байдал үүссэний улмаас хийгдсэн мэс засал болно. ...” гэх дүгнэлтүүд /4хх-9-14/,

М.Нийн төрөлтийн түүх /1хх-29-241/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3хх-56/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /3хх-108/, яаралтай тусламж үйлчилгээний хуудас /3хх-153-155/, М.Нийн хяналтын дэвтэр /3хх-156-168/, хохирлын баримтууд /4хх-83-98/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч  эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч  нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг”-ийн төрөх тасагт иргэн М.Нийн төрөлтийг удирдаж төрүүлэхдээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч М.Нийг вакум таталтаар төрүүлэх явцад умайн хүзүү урагдсан, төрсний дараах хяналт хангалтгүйгээс умайн хүзүүний урагдал, умайн булчингийн агшилтын сулралын шалтгаант цус алдалтыг эрт оношлоогүйн улмаас төрсний дараах цус алдалт, цус алдалтын дайрлага үүсч, эхийн амь насанд аюултай байдал үүсч, эрүүл мэндэд нь хүнд хохирол үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх, шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эх барих эмэгтэйчүүдийн төрөх тасгийн их эмчээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон байх бөгөөд хохирлын талаарх асуудлыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн гэж үзэв.

Шүүгдэгч  болон түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр нарын “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 456 дугаартай, 2019 оны 8 дугаар сарын 22-ны 953 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр “төрсний дараах хяналтыг зохих ёсоор биелүүлээгүй, улмаар хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл” учирсныг хэргийн материалд цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект мөн бөгөөд түүний үйлдэл нь эмнэлгийн мэргэжилтний хувьд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр, харин учирсан хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжийг агуулна.

Шинжээчийн дүгнэлт бол шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичиг бөгөөд шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байх учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана.” гэж заасны дагуу анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг дутуу хийгдсэн байх боловч энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй, шүүх хуралдааны ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэдгийг хэн аль нь зөвшөөрч байгаа тул шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар шүүгдэгч д эрх хасах нэмэгдэл ял оногдуулахдаа зөвхөн “эх барих эмэгтэйчүүдийн төрөх тасгийн их эмчээр ажиллах” эрхийг хассан мэтээр өрөөсгөл ойлгогдохоор бичигдсэн байх ба үүнийг зөвтгөн “эмчээр ажиллах эрхийг хасч” гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч , түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эх барих эмэгтэйчүүдийн төрөх тасгийн их эмчээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эмчээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ