Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0264/З |
Дугаар | 128/ШШ2020/0582 |
Огноо | 2020-09-10 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2020/0582
2020 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 128/ШШ2020/0582 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/07 дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Нэхэмжлэгч “М” ХХК нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Хүрэн ганга нэртэй 17.75 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-012500 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг авснаас хойш талбайдаа ямар нэгэн ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа огт явуулж байгаагүй бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлж хуулийн зөрчилгүй эзэмшиж байгаа. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020.02.14-ний өдрийн 59 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн эзэмшлийн дээрх тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг нэхэмжлэгч сошиалаас олж мэдлээ. Цуцлах гэж байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй буюу Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ингэхдээ “...тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулахад байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020.02.13 - ны өдрийн 2020/07 дугаар дүгнэлтээр тогтоогдсон ...” гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг баримтлан цуцалж байгаагаа шийдвэртээ дурджээ. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий актууд хууль зөрчсөн болох нь дараах байдлаар тогтоогддог. Үүнд:
Нэг. Байгаль орчин , аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020.02.13 - ны өдрийн 2020/07 дугаар дүгнэлтийн тухайд Уг дүгнэлтээр “ Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга Ц.Эын 2020.01.17 ны өдрийн 10 тоот албан бичиг , Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2019.11.07-ны өдрийн 16 дугаар тогтоол , Гурванбулаг сумын III - р багийн Иргэдийн нийтийн хурлын 2019.09.30-ны өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн тусгай зөвшөөрөл цуцлуулах саналыг судлан үзэхэд байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх үндэслэлтэй тул “М” ХХК-ийн эзэмшиж буй MV - 012500 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэж “ уг дүгнэлтийг холбогдох газарт хүргүүлж , хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг үүрэг болгосон байдаг . Дээрх дүгнэлт нь гадагш чиглэсэн , эрх зүйн үр дагавар шууд үүсгэх , тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиглалтын талбайд “ашиглалтын үйл ажиллагаа явуулахад байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй” болохыг тогтоосон захиргааны акт болно . Нэхэмжлэгч нь өөрийн тусгай зөвшөөрлийн талбайд хортой нөлөөлөхүйц ямар нэгэн үйлдэл хийгээгүй , ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа огт явуулаагүй. “ Хортой нөлөөлж болзошгүй тул цуцалж өгнө үү” гэх агуулга бүхий Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын засаг даргын албан бичиг болон сум , багийн хурлын тогтоолууд нь тусгай зөвшөөрлийг шууд цуцлах үндэслэл болохгүй. Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын “дүгнэлт гаргах” үйл ажиллагааг нарийвчлан зохицуулаагүй хэдий ч “удирдамж, томилолтын дагуу хяналт, шалгалтыг эхлүүлэх”, “хяналт шалгалтын үндсэн дээр зөрчлийг тогтоох”, “ ... мэдэгдэх, оролцоог хангах”, “гомдол гаргах боломжоор хангах” зэрэг суурь зарчмуудыг төрийн эрх бүхий байгууллага баримтлах ёстой, ийнхүү хуулиар нарийвчлан журамлаагүй нь хяналт шалгалт хийлгүйгээр зөрчил тогтоох, эсхүл албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардах эрх олгосон гэж үзэх үндэслэлгүй . Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 - д “ тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа ... талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан ” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан бөгөөд энэ заалтын дагуу яамны ажлын хэсэг нь “хортой нөлөөлөх эрсдэлтэй эсэх”-ийг бус “хортой нөлөөлж байгаа” эсэхийг тогтоох учиртай . Гэтэл хуулийн энэ заалтыг зөрчин “ эрсдэлтэй ” гэх дүгнэлтийг гаргаж , уг дүгнэлтийн дагуу тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар холбогдох байгууллагад хүргүүлсэн нь үндэслэлгүй . Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалт болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу тухайн талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулахад “ байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй ” эсэхийг ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тогтоолгодог . Уг үнэлгээг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгодог бөгөөд үнэлгээнд байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй эсэх , эрсдэлийг хэрхэн бууруулах , багасгах арга замыг тусгадаг. Харин тусгай зөвшөөрөл авсны дараа дахин эрсдэлийг тогтоох шаардлагагүй , зөрчил гаргаж ажиллаж байгаа эсэхийг л шалгах эрхтэй . Мөн уг дүгнэлтийг гаргахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдээгүй , Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй , тусгай зөвшөөрлийн талбайд очиж нөхцөл байдалтай танилцаагүй , хортой нөлөөлөх эрсдэл байгаа эсэхийг мэргэжлийн баримт бичигт тулгуурлан судлан , тогтоогоогүй зэрэг зөрчлүүдийг гаргасан. Хоёр. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020.02.14 - ний өдрийн 59 дугаартай шийдвэрийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 2020/07 дугаар дүгнэлт нь дээрх байдлаар хууль бус байгаа тул уг дүгнэлтэд үндэслэсэн тусгай зөвшөөрөл цуцлах тухай кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь мөн хууль бус шийдвэр болжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа ... талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан атал “хортой нөлөөлөх эрсдэлтэй” гэх үндэслэлээр цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь хууль бус байна.
Маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр дээд шатны албан тушаалтнуудад гомдол гаргасан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020.03.27-ны өдрийн 06/1963 дугаартай албан бичиг болон Ашигт малтмал, газрын тосны газрын 2020.04.01-ний өдрийн 1/1509 дугаартай албан бичгүүдээр маргаан бүхий актуудыг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариуг ирүүлээд байна” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2020/07 дугаартай дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт болон Нутгийн өөр удирдах байгууллага, Нутгийн Захиргааны байгууллагын саналыг үндэслэн гаргасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “...Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална...” гэж “...56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан...” бол АМГТГ тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан.
Иймд нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нэг: Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Хүрэн ганга нэртэй ашигт малтмалын ашиглалтын МУ-012500 дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 онд “М” ХХК-д олгосон байна.
Хоёр: Ашигт малтмалын ашиглалтын М\/-012500 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “М" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар албан бичгийг тухайн орон нутгийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлжээ.
Үүний дагуу Байгаль орчин, Аялал жуулчлалын яам 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2020/07 дугаар дүгнэлтийг гаргасан байна.
Байгаль орчин, Аялал жуулчлалын яам 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2020/07 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" дүгнэлтийг манай байгууллагад ирүүлжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан.
Дээрх хуулийн заалтыг үндэслэн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр шийдвэр гарсан.
Гурав: Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол", мөн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан .мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.
Иймд “М” ХХК-ний захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2020/07 дугаартай дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт болон Нутгийн өөр удирдах байгууллага, Нутгийн Захиргааны байгууллагын саналыг үндэслэн гаргасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “...Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална...” гэж “...56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан...” бол АМГТГ тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “М” ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т тус шүүхэд хандаж “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/07 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...хортой нөлөөлж болзошгүй тул цуцалж өгнө үү гэх агуулга бүхий Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын засаг даргын албан бичиг болон сум, багийн хурлын тогтоолууд нь тусгай зөвшөөрлийг цуцлах шууд үндэслэл болохгүй,...хортой нөлөөлж байгаа эсэхийг тогтоох ёстой байсан, Кадастрын хэлтэс нь “хортой нөлөөлөх эрсдэлтэй” гэх үндэслэлээр цуцалсан нь хууль бус” гэж тодорхойлсныг хариуцагч нар “...нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн тул хууль зүйн үндэслэлтэй...” гэж маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “М” ХХК нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Хүрэн ганга нэртэй газарт 17.75 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-012500 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг авснаас хойш тухайн талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй, түүнчлэн тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлж байгаа нь тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.
Нэг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/07 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Баар ахлуулсан Ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/07 дугаар бүхий “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус үндэслэн, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга Ц.Эын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 тоот албан бичиг, мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаар тогтоол, Гурванбулаг сумын 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн тусгай зөвшөөрөл цуцлуулах саналыг судлан үзэхэд байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх үндэслэлтэй тул “М” ХХК-ийн эзэмшиж буй MV-012500 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэж, уг дүгнэлтийг холбогдох газарт хүргүүлж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг Ажлын хэсгийн нарийн бичгийн даргад үүрэг болгожээ.
Түүнчлэн хэрэгт цугларсан Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Эоос Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Эт хүргүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1а/01 дугаар албан бичигт хавсарган хүргүүлсэн, мөн сумын засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 тоот албан бичигт “...сумын иргэдийн цэвэр усны нөөц Хар усан голын эх Тээлийн голын эх...мөнх цэвдгийн цөм, усны хагалбар газар...тул тусгай зөвшөөрлийг цуцлах зайлшгүй шаардлагатай”-г мэдэгдсэн, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаар “Уурхайн үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай” тогтоолд “...М ХХК-ийн талбай нь Улсын тусгай хамгаалалттай “Хөх нуур”-ын ай сав орчмын газар нутагт хамаарах бөгөөд цэвэр усны нөөц, урсац бүрэлдэх эхэд тооцогдож байгаа тул дээрх тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд уламжлахаар шийдвэрлэсэн, тус сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурлын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолоор...усны урсац бүрэлдэх эхэд бүрэн хамаарч байгаа тул багийн иргэдийн гаргасан тусгай зөвшөөрөл цуцлуулах саналыг холбогдох байгууллагуудад уламжлахаар шийдвэрлэсэн нь тус тус тогтоогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтад "байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/-г ойлгохоор, 15 дугаар зүйлийн 15.1.1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” бүрэн эрхийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа ... талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгээс, нэхэмжлэгчийн явуулж буй үйл ажиллагааг байгаль орчинд “хортой нөлөөлөх эрсдэлтэй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал гаргасан нь хууль бус, өөрөөр хэлбэл уг ажлын хэсэг нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаа байгаль орчинд “хортой нөлөөлж байгаа” эсэх, хортой нөлөөлж байна гэж үзсэн тохиолдолд түүний учруулж байгаа нөлөөллийн хэр хэмжээг шалган тогтоох үүрэгтэй байсан гэж үзнэ. Тухайлбал:
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06б/1832, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06б/1076 тоот лавлагаанууд болон Кадастрын зурган мэдээллээс үзвэл нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 302 дугаар тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагаас бүхэлдээ чөлөөлөгдсөнөөс гадна Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.7-д заасан “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалгүй” болох нь тогтоогдож байна.
Үүнээс үзвэл Ажлын хэсгийн дүгнэлт гаргах үндэслэл болгосон, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Тус сумын Засаг даргын албан бичиг болон Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаар хурлын тогтоолд тус тус дурдсан “...М ХХК-ийн талбай нь Улсын тусгай хамгаалалттай “Хөх нуур”-ын ай сав орчмын газар нутагт хамаарах бөгөөд цэвэр усны нөөц, урсац бүрэлдэх эхэд тооцогдож байгаа...” гэх нөхцөл байдал нь үгүйсгэгдэж байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийн явуулж буй үйл ажиллагааг байгаль орчинд “хортой нөлөөлөх эрсдэлтэй” гэж үзэх ч боломжгүй.
Гэтэл Ажлын хэсэг нь “хортой нөлөөлөх эрсдэлтэй” гэх дүгнэлт гаргаж, улмаар уг дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Нөгөө талаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар дээр нь очиж үзээгүйн дээр тухайн асуудлаар нэхэмжлэгч компанид мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.1-д заасан “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.2-т заасан “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэж заасныг буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/07 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хоёр. “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03/458 тоот, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/1025 дугаар албан бичгээр ирүүлсэн 2020/07 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн “М” ХХК-ийн эзэмшиж буй MV-012500 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа ... талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заажээ.
Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэгэнт нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дүгнэлт гаргаж” ирүүлсэн...тул хуулийн дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлтэй гэж маргасан боловч уг тайлбарыг шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Тухайлбал:
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналын үндэслэлээ тухайн сумын засаг дарга болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын зүгээс “...цэвэр усны нөөц, усны урсац бүрэлдэх эхэд хамаарч байгаа...” гэж тодорхойлсон байхад уг үндэслэлтэй хамааралгүй буюу “байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй” гэх хуульд заагаагүй үндэслэлээр дүгнэлт ирүүлснийг нягтлан үзэлгүйгээр шууд шийдвэр гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэв.
Нөгөө талаар шүүх энэ шийдвэрээр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2020/07 дугаартай дүгнэлтийг хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгосон тул уг хууль бус дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/07 дугаар дүгнэлт болон уг дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дугаар бүхий “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН