Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2246

 

 

 

 

 

 

 

 

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02838 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “О” ХХК-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан НШШГГ-ын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, 1-р байрны 68 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг “О” ХХК-д 50 хувийн үнээр санал болгохыг НШШГГ-т даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Б.Бадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6246 захирамжаар Х.Эрдэнэбаатараас 37 602 575 төгрөгийг гаргуулан “О” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ Х.Эрдэнэбаатараас төлбөр гаргуулах ажиллагааг хийж, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн, 29 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэн үнийг 119 538 697 төгрөг болохыг тогтоолгосон. Тус газрын комиссын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн санал болгох хурлаар Х.Эрдэнэбаатарын барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасанчлан, үнэлгээчний тогтоосон үнээр тус ББСБ-д өгөхөөр санал болгосон. Манай байгууллага тус комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр НШШГГ-т гомдол гаргасан боловч 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн. Энэхүү хариуг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул дээд шатны байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргасан бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр мөн гомдлыг хангахгүй тухай хариу өгсөн. НШШГГ хоёр дахь дуудлага худалдаагаар 59 769 348 төгрөгөөр зарагдаагүй үл хөдлөх эд хөрөнгийг 119 538 697 төгрөгт тооцон манайд өгөх нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна. Иймд санал болгох комиссын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “О” ХХК-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.3 дахь хэсэгт заасан үнээр санал болгохыг НШШГГ-т даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 13-р хороо, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн, 29 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан авах үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр тогтоолгосон үнэлгээгээр тооцож авахыг төлбөр авагчид санал болгосон. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул “О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан үйл баримт буюу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг Х.Эрдэнэбаатар болон хамтран өмчлөгч нартай тус ББСБ нь тохиролцож чадаагүй тул Үнэлгээчнийг дуудлaга худалдаа явуулах эрх бүхий этгээд буюу шийдвэр гүйцэтгэх байгууллага томилсон. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилогдсон үнэлгээчний 70 хувиар тооцон анхны дуудлага худалдаа явагдсан болох нь нотлогдсон. Мөн дээрх хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасан үйл баримт буюу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 xувиаp тооцон явуулсан гэдэг нь мөн тогтоогдсон. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл Х.Эрдэнэбаатарын үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар тус ББСБ-д санал болгох ёстой байсан нь тогтоогдож байна. Тус ББСБ-ын үзэж байгаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалт нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгox нарийвчилсан зохицуулалт юм. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэг нь төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө нь анхны болон 2 дахь дуудлага худалдаанд ороогүй тохиолдолд төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх хуулийн зохицуулалт байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалтыг хариуцагчийн тайлбарласнаар бол барьцаа хөрөнгөгүйгээр зээл аваад хүгацаандаа төлөөгүй учраас маргааныг шүүхээр шийдвэрлүүлж 1 000 000 төгрөгийн төлбөртэй болсон төлбөр төлөгч төлбөрөө төлөх боломжгүй нөхцөл байдал үүсвэл түүний өмчлөлд байдаг 100 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг ямар ч төлбөргүйгээр төлбөр авагч нь төлбөртөө тооцон шууд авч болох мэт ойлгогдож байна. Энэхүү үйлдэл нь шударга зарчимд үл нийцэхээр барам бусдын үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлсэн явдал юм. Харин үл хөдлөх хөрөнгө нь барьцаалагдсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д хамаарах ёстой гэж үзэж байна. Учир нь төлбөр төлөгч болон төлбөр авагч нь ирээдүйд гарч болох төлбөрийн асуудлыг тооцон өөрийн эд хөрөнгийг барьцаалан, барьцааны зүйлдээ тохирсон зээлийг авч зээлийн харилцаанд оролцсон учир төлбөр төлөгч нь төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй бол зөрүү төлбөргүйгээр барьцаа хөрөнгийг шилжүүлж болно. Ингэснээр 73.1 дэх заалт хэрэгжих боломжтой болох нь нотлогдож байна. Анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаа нь хуучин буюу 2002 онд батлагдсан хууль хүчин төгөлдөр байхад болсон. Үүнээс үзвэл хуулийг төсөөтэй байдлаар ашиглаж болох тул X.Эрдэнэбаатарын үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар тус ББСБ-д санал болгох боломжтой болох нь тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна.

            Шүүхийн шийдвэрийн удиртгал болон тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг НШШГГ-ын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн санал болгох хурлыг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн 29.м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг О ХХК-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан журмаар санал болгохыг даалгах гэж тодорхойлжээ.

            Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны шатанд НШШГГ-н 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн санал болгох хурлыг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн 29.м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг “О” ХХК-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан журмаар санал болгохыг хариуцагчид даалгуулах гэж нэхэмжлэлээ тайлбарласан нь тэмдэглэлд тусгагдсан байна.

            Дээр дурдсан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн болон 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны хөрөнгийг төлбөрт авахыг санал болгосон хурлын талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх энэ талаар тодруулаагүй байна.

Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай баримт байхгүй байхад шүүх 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн санал болгох хурлыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэж шийдвэр гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасанд нийцэхгүй.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт тусгагдсан шаардлагаар талууд мэтгэлцсэн гэж үзэхээргүй, шийдвэрийн үндэслэл нь тогтоох хэсгээр шийдвэрлэснээс зөрүүтэй, шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй байна.

            Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02838 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                        ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

                                                                                          А.ОТГОНЦЭЦЭГ