Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 3817

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, 20-р байрны 62 тоотод байрлах, РД-2737515, Ориент инвест ББСБ ХХК /2737515/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 дүгээр 05-ны өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ориент инвест ББСБ ХХК-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгохыг даалгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Б.Бадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Идэрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6246 захирамжаар Х.Эрдэнэбаатараас 37,602,575 төгрөгийг гаргуулан Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсыг бичүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Х.Эрдэнэбаатараас төлбөр гаргуулах ажиллагааг хийж, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн, 29 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэн үнийг 119,538,697 төгрөг болохыг тогтоолгосон.

Ингээд Шийдвэр гүйцэтгэх процесс ажиллагааны дагуу 2 удаагийн албадан дуудлага худалдаа явуулсан боловч үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй.

 

 

 

Иймээс тус газрын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн санал болгох хурлаар Х.Эрдэнэбаатарын барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасанчлан, үнэлгээчний тогтоосон үнээр тус ББСБ-д өгөхөөр санал болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө нь анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд ороогүй тохиолдолд төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх зохицуулалт гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 онд батлагдсан хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь зохицуулалт, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн шинэ хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалтууд ижил байгаа тул 73.1 дэх хэсэгт заасан журмаар барьцаа хөрөнгийг ББСБ-ийн нэр дээр шилжүүлэх ёстой гэж үзэж байна.

Тус банк бус санхүүгийн байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар санал авах хүсэлт гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 73 дугаар зүйлийн 73.5-д зааснаар шийдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д зааснаар тухайн хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулаагүй, төлбөр төлөгч борлуулаагүй болох нь тогтоогдож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 нь мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д зааснаар дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутгаж авахыг санал болгоно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалт нь Шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр авагчид санал болгох тухай хуулийн зохицуулалт биш. Санал болгох хурал хийх шаардлагагүй, төлбөр авагчийн ямар саналтай байх нь хэнд ч хамаагүйгээр зохицуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасан заалт Үндсэн хуульд заасан хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн заалт юм.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасныг барьж санал болгох ажиллагааг явуулсан нь Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчим болон холбогдох хуулийн заалтыг зөрчсөн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хоёр дахь дуудлага худалдааны үнэлгээ болох 59,769,348 төгрөгөөр бусдад зарагдаагүй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчний үнэлсэн 119,538,697 төгрөгт тооцон манайд өгөх нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна.

 

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох комиссын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 13-р хороо, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ориент инвест ББСБ ХХК-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу 59,769,348 төгрөгөөр үнэлж санал болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү? гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Идэрчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 6246 дугаартай захирамжаар Х.Эрдэнэбаатараас 37,258,330 төгрөг гаргуулж, Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор шийдсэн. Хариуцагч төлбөрөө төлөөгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэрэгт тус тус заасан байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дээрх хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар үнэлгээ тогтоож, 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан. 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар барьцааны хөрөнгө худалдан борлогдоогүй, үнийн санал ирээгүй. 2018 оны 4 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар төлбөр авагчид санал болгох ажиллагаа явуулсан. Санал болгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.5-д зааснаар тус тус зохицуулдаг.

2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн санал болгох хурлаар төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д зааснаар шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлнэ гэж заасан.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулийн зохицуулалтыг барьж Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Барьцааны биш төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явуулж, худалдан борлогдоогүй бол төлбөр авагчид санал болгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар зохицуулна.

Харин Барьцааны хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг явуулаад худалдан борлогдоогүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д зааснаар төлбөр авагчид санал болгох ажиллагааг зохицуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа талуудын тэгш эрхийн зарчимд нийцүүлэн явуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч талд энэ талаар холбогдох байгууллагад хандах эрх байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалтын талаар Үндсэн хууль зөрчсөн гэх маргаан гараагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ориент инвест ББСБ ХХК-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгохыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ориент инвест ББСБ ХХК-д 59,769,348 төгрөгөөр үнэлэн санал болгохыг хариуцагчид даалгуулах гэж тодруулан энэхүү шаардлагын дагуу талууд мэтгэлцэж оролцсон болно.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6246 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ...нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК-ын нэхэмжлэлийн шаардлага болох 37,258,333 төгрөгийг хариуцагч Х.Эрдэнэбатаар 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2205005525 улсын бүртгэлийн дугаартай, 000030935 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гарч, шүүхийн гүйцэтгэх хуудас 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 6246 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үүсгэн явуулж эхэлжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүрэг, 13-р хороо, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн, 29 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг хийж, хөндлөнгийн шинжээч томилж, шинжээч үнэлгээг 119,538,697 төгрөгөөр тогтоосон, энэ талаар төлбөр төлөгч, төлбөр авагчид мэдэгдсэн байх ба талууд гомдол гаргаагүй, уг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10/193 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын дагуу барьцааны зүйл болох орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон 83,677,087 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр явуулсан боловч худалдан авах санал ирээгүй байна.

 

Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/261 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын дагуу барьцааны зүйл болох орон сууцны үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон 59,769,348 төгрөгөөр тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдааг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр явуулсан боловч худалдан авах санал ирээгүй, худалдан борлогдоогүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэгэнт 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч талаас төлбөр авагчид санал болгох ажиллагааг явуулсан байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар энэхүү санал болгох ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу барьцааны зүйл болох орон сууцыг үнэлгээчний тогтоосон үнэ буюу 119,538,697 төгрөгөөр тооцон шилжүүлж, зөрүү 87,558,122 төгрөгийг төлбөр авагч буюу Ориент инвест ББСБ ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч, уг санал болгох хурлыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалт нь Үндсэн хуульд заасан талуудын тэгш эрхийн зарчмыг зөрчсөн заалт байхад уг заалтыг үндэслэн санал болгосон нь буруу, ...барьцааны орон сууц нь 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар ороод борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу 2 дахь албадан дуудлага худалдааны үнэлгээ болох 59,769,348 төгрөгөөр тооцон манай компанид шилжүүлэх ёстой... гэж тайлбарлаж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана гэж, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт Барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ гэж тус тус заажээ.

 

Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалт нь санал болгох ажиллагааны ерөнхий зохицуулалт байх ба мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалт нь төлбөр авагчийн барьцаанд байгаа хөрөнгийг төлбөрт шилжүүлэх ажиллагааг явуулахад баримтлах хуулийн нарийвчилсан зохицуулалт байх тул хариуцагч уг заалтыг баримтлан 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн санал болгох ажиллагааг явуулсныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалт нь Үндсэн хуульд заасан талуудын тэгш эрхийн зарчмыг зөрчсөн заалт гэж тайлбарлаж байх боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байх ба өнөөдрийн байдлаар уг хуулийн заалт нь хүчин төгөлдөр байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ориент инвест ББСБ ХХК-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.1 дэх хэсэгт зааснаар 59,769,348 төгрөгөөр үнэлэн санал болгохыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсгийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, тус газрын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгох, Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ориент инвест ББСБ ХХК-д 59,769,348 төгрөгөөр үнэлэн санал болгохыг даалгуулах тухай нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Зохигч шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

  

            ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА