Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/00227

 

 

 

 

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/00227

Улаанбаатар хот

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Г. *******гийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ******* *******-д холбогдох,

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, 2021.10.01-ний өдрөөс 2021.10.19-ний өдрийн цалин 1 340. 697 төгрөг, алданги 241 325,46 төгрөг нийт 1 582 022,46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч Н.*******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

гэрч С.*******, Б.*******, П.******* нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* анх шүүхэд нэхэмжлэхдээ ...3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, цалин нийт 12 066 278 төгрөг гаргуулах... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ...үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тул ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин хөлс гаргуулах, 2021 оны 10 сарын 01-ны өдрөөс 10 сарын 19-ны өдрийн цалин 1 340 697 төгрөг, алданги 241 325 төгрөг нийт 1 582 022 төгрөг 46 мөнгө гаргуулах... аар хариуцагчаас шаардсан.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Г.******* нь 2021 оны 10 сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэл нь Г.******* нь Улаанбаатар менежмент *******-д 2020 оны 2 сарын 15-ны өдөр оосорлогч, дохиочноор ажилд орж, 2020 оны 4 сарын 7-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж сарын 1,400,000 төгрөгөөр үндсэн цалингийн хэмжээг тохиролцсон. Г.******* нь ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2021 оны 10 сарын 12-ны өдөр гэнэт ажлаас халлаа гэж хэлсэн байдаг. Ажилдаа очиж байсан боловч ажлын байраар хангаагүй. Үүнээс хойш 2021 оны 10 сарын 19-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гарсан. Тушаалаа очиж авахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халсан. Хүний нөөцийн зүгээс ажилчдын тоог цөөрүүлж байгаа тул ажлаас халж байгаа гэж хэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр гэрээг цуцалж байгаа тохиолдолд 1 сарын өмнө ажилтанд мэдэгдэх ёстой байсан ч ажилтанд мэдэгдээгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тэтгэмж олгох ёстой байсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Улаанбаатар менежмент *******-иас 3 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 8,044,186 төгрөг, 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс 10 сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны цалин 1,340,697 төгрөг, 1 сарын өмнө мэдэгдээгүй учраас сарын дундаж цалин 2,681,395 төгрөг, нийт 12,066,278 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбогдуулан хариуцагч хариу тайлбар гаргасан. Хариу тайлбар дээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт биш, ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарласан байдаг тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 12 сарын 7-ны өдөр ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин гаргуулахаар өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн үндэслэл нь 2021 оны 10 сарын 12-ны өдөр ажлаа хийж байх үед краннист П.******* нь ажлын байран дээрээ архи, согтууруулах ундаа хэрэглэж агсам тавьж, хоёрдугаар ахлах ажилтантай намайг халуулах талаар ярьж байсан. Мөн намайг байнга дээрэлхэж, өрөөнөөс гар, зайл гэх мэтээр агсардаг, удаа дараа архи ууж, уух бүртээ ажлаас хална гэж дарамталдаг. Чиний мэддэг асуудал биш гэж маргалдсан, гэр бүлийн хүндээ хэлдэг байсан. Талбайн дарга *******доо хэлэхэд чи өөрөө ажлаас гар гэж хэлж байсан. Г.******* нь архи, тамхи хэрэглэдэггүй, ажлаа нэг ч удаа тасалж байгаагүй. Энэ тухай хүний нөөцийн даргадаа 2021 оны 10 сарын 11-ний өдөр Монгол шуудан *******-иар дамжуулан өргөдөл өгч байсан. 2021 оны 10 сарын 12-ны өдрөөс Г.*******г ажил хийлгээгүй, ямар үндэслэлээр ажил хийлгэхгүй байгаа талаар хүний нөөцөөсөө асууж байсан боловч хариу хэлээгүй. 2021 оны 10 сарын 11-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар мэдэгдэж, ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдсэн. 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс 10 сарын 19-ний өдөр хүртэл цалин өгөөгүй. Тиймээс Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Хууль бус үйлдлийг эсэргүүцсэн тул ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа тул ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин хөлс гаргуулах, 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 сарын 19-ний өдөр хүртэл 1,340,697 төгрөг, алданги өдрийн 4022.91 төгрөг, 60 хоног 241,325.46 төгрөг, нийт 1,582,022.46 төгрөг нэхэмжилж байна... гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Г.*******г үндэслэлгүйгээр халаагүй. 2021 оны 10 сарын 12-ны өдөр ажлын байран дээр маргаан үүсгэсэн байсан. Хоорондоо маргалдсан гэж надад орж ирж хэлсэн. Түүнээс өмнө нь тийм зүйл ярьж байгаагүй. Өмгөөлөгчийн хэлж байгаачлан ажлаас гар гэж хэлж байгаагүй, нэг ч удаа би сонсоогүй байсан. Анх удаа 2021 оны 10 сарын 12-ны өглөө надад орж ирж хэлэхэд нь би хамт гараад учрыг нь олох гээд П.*******тай ганцаарчлан уулзаж сануулсан, ингэж болохгүй шүү, чиний тавьсан шаардлага зөв байна, гэхдээ залуу хүмүүстэй зөв харьцаарай, хэрүүл маргааны байдалтай харьцаж болохгүй шүү гэж сануулсан. Дараа нь эргэж орж ирээд Г.*******д би П.*******т санууллаа, чамд тавьсан шаардлага нь буруу биш байна, чи цагтаа ирж байгаарай гэж хэлээд хоёуланг нь ажилд нь оруулсан. Гэтэл цагийн дараа манай өрөөнд нэг эмэгтэй орж ирсэн нь Г.*******гийн эхнэр байсан. Эхнэр нь ахтайгаа орж ирээд миний ширээг нүдээд над руу орилж эхэлсэн. Би ахын дүү тайван бай, ярилцъя, ямар ч зүйлийн учир олдоно, юу болсон бэ гэхэд миний өмнөөс орилмоор байна, уйлмаар байна гээд шүлсээ цацруулаад, ширээ нүдээд байсан. Би тайвшраад гадаа гараад ярилцъя гэхэд миний тайлбарыг хүлээж авахгүй байсан. Би сонсож байгаад, өрөөндөө байхад хэцүү байсан тул гадаа гарч ярилцъя гээд ажлын үүдэн дээр гараад П.*******тай тааралдаад нэлээн орилж хашхирч, бүх хүмүүс рүү дайрч давшилсан. Орилж хашхирч байхад манай худалдан авагч нар хүртэл болиоч, муухай байна гэж сануулж байсан. Цаг орчим хугацаанд байгууллагыг худалдан авагчдын өмнө, хүмүүсийн өмнө архичид ажиллуулдаг, хамаатан саднаа ажилд авдаг гэж хэлсэн. Би 4 залуугаас адил шалгаруулаад чамайг ажилд авсан. Архичид ажиллуулдаг гэж худлаа ярьж байна. Бид нар өглөө бүр гарын үсэг зураад ажилдаа гардаг. Согтуу хүн ажил дээр байдаггүй биз дээ. Яагаад ингэж гүтгэж байгаа юм бэ? Би ямарваа нэгэн байдлаар өмнө нь Г.*******тай муухай харьцаж байсан уу ? Гүтгэж дайрдаг байсан гэж надад гомдмоор зүйл хэлж байна. Өмнө нь А.*******од хэлэхэд чи ажлаас гар гэдэг байсан гэж хэлж байна. Тийм олон удаа уулзаагүй ш дээ. Тэр өдөр анх удаа надад мэдэгдсэн. Анх удаа асуудал гараад, би учраа ол, хэрүүл маргаантай ажиллаж болохгүй, тайван ажилдаа ор гээд оруулсан. Тэр өдөр эхнэртэйгээ орж ирээд нэлээн шуугиан тариад гарсан. Би аль болох чимээгүй байж, тайвнаар хандахыг хичээсэн. Маргааш ирэхэд нь ийм байдалтай ажил хийж болохгүй юм байна, ажлын нөхцөл хүнд, өдөр бүр кранаар ажил хийдэг, хүнд ачаа зөөдөг, эрсдэл гарах нөхцөлд ажилладаг. Хоорондоо эв зүйтэй байх шаардлага тавьдаг, ямарваа нэгэн асуудалтай хүмүүс ажиллахад бэрх гэж үзээд тэр өдөр нь хэлээгүй, би одоо ажилдаа орох гэхэд нь асуудал ийм байна, маргааш ир гэж хэлээд 13-ны өдөр би чамайг ажиллуулж чадахгүй гэж хэлээд хүний нөөц дээр энэ хүнийг ажлаас гаргаж өг, би хамт ажиллаж чадахгүй гэж хэлсэн. Хүний нөөц энэ хүнийг цааш нь яах вэ, ажлаас хална, нялх хүүхэдтэй, цааш амьдрахад хэцүү яах вэ гэсэн. Та болохоор нь зохицуулж өг гэсэн би хариуд нь цааш ажиллаж чадахгүй гэж хэлсэн, тэгээд тэр хуулийн үндэслэлээр халсан. Чамд хэлсэн байсан. Цаашид ажилд ороход тушаал чинь ингэж гарч болохгүй гэж хэлсэн байдаг. Энэ нөхцөл байдалтай хүнийг ажилд эргүүлж авч чадахгүй, болохгүй гэж үзэж байгаа... гэв.

 

5. Нэхэмжлэгч Г.*******гаас ирүүлсэн

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р тал/

2021.10.26-ны өдрийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р тал/

Нийгмийн даатгалын дэвтэр /хэргийн 4-р тал/

2021.10.19-ны өдрийн гүйцэтгэх захиралын тушаал /хэргийн 5-р тал/

2021.10.26-ны өдрийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 6-р тал/

Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 7-11-р тал/

Ажлын байрны тодорхойлолт /хэргийн 12-14-р тал/

2021.12.07-ны өдрийн Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай /хэргийн 35-р тал/

Улаанбаатар менежмент ******* хүний нөөцийн албанд өргөдөл гаргах /хэргийн 40-р тал/

2021.12.20-ны өдрийн тодорхойлолт /хэргийн 50-р тал/ нотлох баримтуудыг,

 

6. Хариуцагч Улаанбаатар менежмент *******-иас ирүүлсэн

2021.11.08-ны өдрийн Итгэмжлэл олгох тухай /хэргийн 18-р тал/

Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 19-р тал/

2007.01.17-ны өдрийн Улсын Бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 20-р тал/

2021.11.29-ны өдрийн Хариу тайлбар /хэргийн 24-р тал/

2021.10.01-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 51-58 дугаар тал/

2021.12.17-ны өдрийн тодорхойлолт /хэргийн 59 дүгээр тал/

Улаанбаатар менежмент *******-ийн Хөдөлмөрийн дотоод журам /хэргийн 60-77 дугаар тал/

2021.12.17-ны өдрийн хариу тайлбар /хэргийн 80-81 дүгээр тал/ нотлох

баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч Улаанбаатар менежмент *******-д холбогдуулан гаргасан ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, дутуу олгосон цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр намайг ажлаас халсан талаар тушаалдаа заасан байсан боловч бодит байдал дээр орон тоо цөөрүүлсэн зүйл байгаагүй нь хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байгаа тул үндэслэлгүйгээр ажлаас халсан... гэж тайлбарласныг

 

3. хариуцагч үгүйсгэж маргаагүй ба ...ажилтны зүй ёсны шаардлагыг сөргөөр хүлээн авч гэр бүлдээ буруу ойлголт төрүүлэн ажлын байранд дуудан авчирч байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад болсон, байгууллагын нэр хүнд, ажилчдын эрх чөлөөнд ноцтойгоор халдсан, ажил үүргээ хангалттай биелүүлдэггүй, хамт олонтойгоо найрсан нөхөрсөг биш, ажлын цаг ашиглалт муу зэрэг нөхцөл байдлаас үүдэн ажилд эргүүлэн авах боломжгүй гэж үзсэн. Өөрийнх нь дараагийн ажилд орох нөхцөл байдлыг харгалзан өөрт нь энэ тухай тайлбарлаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т зааснаар халах тушаалаа гаргасан... гэж тайлбарлав.

 

4. Харин хариуцагч нэхэмжлэгчийн ...ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ ...ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор гаргахаар заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Тиймээс хариуцагч байгууллагын зүгээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүргийн гүйцэтгэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2021 оны 7 сарын 02-ны өдөр батлагдсан 2022 оны 1 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2.1-т ажлаас буруу халагдсан гомдлоо 30 хоногийн дотор гаргахаар адил хуульчлагдсан байна. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хууль мэдэхгүй байх нь хууль хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлага тавьсан байгаа ч тодорхойлж хэлэхгүй байгаа тул татгалзаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.... гэснийг,

 

5. нэхэмжлэгч эс зөвшөөрч ...манай тал хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, ажлаас халсантай холбоотой маргаан үүсгэсэн. Хуулийн хугацаанд шийдвэр гардаж авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, багасгах, нэмэгдүүлэх эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан... гэж үгүйсгэж маргаж байна.

6. Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.******* 2020 оны 04 сарын 07-ны өдрөөс хариуцагч Улаанбаатар менежмент *******-д оосорлогч, дохиочноор ажиллаж байсан нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нэхэмжлэгчийн эзэмшлийн №1598348 тоот нийгмийн даатгалын дэвтэр, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 4, 7-14, 24-26, 35, 80-81 дүгээр тал/

 

Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэж, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

2021 оны 10 сарын 19-ны өдөр дугаар 09/02 Улаанбаатар менежмент *******-ийн гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалаар Г.*******г Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар бүлгийн 2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хэргийн 5 дугаар тал/

 

Улаанбаатар менежмент *******-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.2-т Улаанбаатар менежмент *******-ийн захирал нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд компанийг төлөөлж Хөдөлмөрийн гэрээ байгуулах, хуульд заасан үндэслэлээр уг гэрээг цуцлах эрхтэй гэжээ. /хэргийн 60-77 дугаар тал/

 

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоо цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэжээ.

 

Г.******* ажлаас халсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаалыг 2021 оны 10 сарын 19-ны өдөр хүлээн авсан нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 1, 35, 80-81 дүгээр тал/

 

Ажилтан буюу нэхэмжлэгч Г.******* 2021 оны 10 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар мөн хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас халах тохиолдолд ажилтанд энэ тухай нэг сарын хугацаанд мэдэгдэх, тэтгэмж олгох үүргээ биелүүлээгүй үндэслэлээр ажил олгогч буюу хариуцагч Улаанбаатар менежмент *******-д холбогдуулан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 8 044 186 төгрөг, ажилласан хугацааны олгогдоогүй цалин хөлс 1 340 697 төгрөг, нэг сарын өмнө мэдэгдээгүй тул дундаж цалин 2 681 395 төгрөг нийт 12 066 278 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хэргийн 1 дүгээр тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, 2021 оны 10 сарын 01-ны өдрөөс 10 сарын 19-ны өдөр хүртэлх ажилласан хугацааны олгогдоогүй цалин хөлс 1 340 697 төгрөг, алданги 241 325 төгрөг 46 мөнгө нийт 1 582 022 төгрөг 46 мөнгө гаргуулахаар нэхэмжилжээ. /хэргийн 35 дугаар тал/

 

7. Нэхэмжлэгчийн ...ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах... тухай нэхэмжлэл гомдол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь нэхэмжлэгч 2021 оны 10 сарын 19-ны өдрийн 09/02 тоот Улаанбаатар менежмент *******-ийн гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг тушаал гарсан өдрөө хүлээн авсан энэ талаар маргаагүй, 2021 оны 10 сарын 28-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэхдээ 2021 оны 10 сарын 19-ны өдрийн 09/02 тоот Улаанбаатар менежмент *******-ийн гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй, хүчингүй болгуулах, үндэслэлгүй буруу халсан талаар маргаагүй энэ талаар гомдол гаргаагүй ба харин дээрх тушаалыг үндэслэн ажлаас халагдсаны тэтгэмж, цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь түүний шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ...тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан тушаалыг авсан 2021 оны 10 сарын 19-ны өдрөөс хойш 49 хоногийн дараа буюу 2021 оны 12 сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж шүүхэд нэхэмжлэхдээ дээрх хөдөлмөрийн гэрээ цуцалсан ажил олгогчийн тушаалыг үндэслэлгүй буруу халсан гэж марган ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахаар нэхэмжилсэн, өмнө энэ талаар ямар нэг гомдол нэхэмжлэл гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...өмнө нь дээрхи ажлаас халсан тушаалыг үндэслэн тэтгэмж цалин гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан... гэх тайлбар үндэслэлгүй юм.

 

8. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажлаас буруу халсан талаархи гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа /2021 оны 11 сарын 18-ны өдрөөр/ өнгөрсөн, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, түүнийг сэргээлгэх талаар шүүхэд ямар нэг тайлбар хүсэлт гаргаагүй, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хичнээн хэмжээний цалин олговор нэхэмжилж байгаа талаар тодорхой тайлбар баримт гаргаагүйг дурьдах нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч ажилласан хугацааны буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэлх хугацааны /2021 оны 10 сарын 01-ны өдрөөс 2021 оны 10 сарын 19-ны өдөр хүртэлх хугацааны/ дутуу авсан цалин хөлс гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.6, 129 дүгээр зүйлийн 129.1, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.1, 1.5, 2.1, 2.2, 5.1, 5.2-т зааснаар ажил олгогч ажилтныг ажил үүргээ биелүүлэхэд шаардагдах ажлын байраар хангах, цалин хөлсийг нь олгох хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг 2021 оны 10 сарын 12-ны өдрөөс 10 сарын 19-ны өдөр хүртэлх хугацаанд ажилдаа ирэхэд ажлын байраар хангаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гүйцэтгүүлээгүй болох нь нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагын нягтлан бодогчид бичсэн захидал, нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагын хүний нөөцийн албанд гаргасан өргөдөл, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 37, 40, 50 дугаар тал/

 

10. Иймд энэ хугацааны цалин хөлс 641 772 төгрөг 36 мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 940 250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч 2021 оны 10 сарын 01-ны өдрөөс 2021 оны 10 сарын 19-ны өдөр хүртэлх цалин хөлс нэхэмжилсэн ба 10 сарын 01-ний өдрөөс 10 сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, амралтын мөнгө нийт 2 120 783 төгрөг 73 мөнгө нэхэмжлэгчид олгогдсон нь түүний Хаан банкны дансны хуулга баримт, 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 108/04 тоот Улаанбаатар менежмент *******-ийн тодорхойлолт, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 51-59 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч дутуу авсан цалин хөлсийг нэхэмжлэхдээ 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс 10 сарын 19-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1 340 697 төгрөгийг алданги 1 өдрийн 4 022.91 төгрөг 60 хоногийн алданги 241326.46 төгрөг гэж алдангийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 2 хувиар нэхэмжилсэн гэж тайлбарласан боловч хуулийн зүйл заалтыг тодорхой тайлбарлаагүй, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй тул шүүх алданги 241 326.46 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзснийг тайлбарлах нь зүйтэй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79 304 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19 903 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоов.

 

12. 2021 оны 11 сарын 08-ны өдөр хариуцагчаас А.*******од олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 18 дугаар тал/

 

13. Гэрч Б.*******, С.*******, П.******* нарын мэдүүлгээр 2021 оны 10 сарын 12-ны өдөр ажлын байр дээр нэхэмжлэгч гэрч П.******* нарын хооронд үл ойлголцол маргаан гарсан талаар мэдүүлсэн ба хариуцагч ажлаас халах тушаал гаргахдаа үүссэн нөхцөл байдлаас өөрөөр нэхэмжлэгчид цаашид ажилд орох, ажил эрхлэх байдлыг дордуулахгүй үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр тушаал гарсан талаар тайлбарлаж энэ талаар маргаагүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хариуцагч Улаанбаатар менежмент *******-д холбогдуулан гаргасан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.6, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч Улаанбаатар менежмент *******-аас дутуу олгосон цалин хөлс 641 772 төгрөг 36 мөнгө гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 940 250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79 304 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19 903 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоов.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ