Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00541

 

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00541

 

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00227 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч УМ- ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б-, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баттогтох, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

Г.Б- нь УМ- ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр оосорлогч, дохиочиний ажилд орсон. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж сарын 1,400,000 төгрөгөөр үндсэн цалингийн хэмжээг тохиролцсон. Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлаас халах талаар хэлсэн. Ажилдаа очсон боловч ажлын байраар хангаагүй. Үүнээс хойш 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа ажилчдын тоог цөөрүүлсэн гэх үндэслэлийг заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр гэрээг цуцалж байгаа тохиолдолд 1 сарын өмнө ажилтанд мэдэгдэх ёстой боловч ажилтанд мэдэгдээгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тэтгэмж олгох ёстой байсан. УМ- ХХК-аас 3 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 8,044,186 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны цалин 1,340,697 төгрөг, 1 сарын өмнө мэдэгдээгүй учраас сарын дундаж цалин 2,681,395 төгрөг, нийт 12,066,278 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажлаас чөлөөлөөгүй, нэхэмжлэгч ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин гаргуулахаар өөрчилсөн. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр краннист П.Оюунбаатар ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэж агсам тавьж, Г.Б-г халуулна гэх зэргээр дарамталсан. Энэ талаар талбайн дарга н.Баттогтоход хэлэхэд ... чи өөрөө ажлаас гар... гэж хэлсэн. Энэ тухай хүний нөөцийн даргад 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монгол шуудан ХХК-аар дамжуулан өргөдөл өгсөн. Г.Б- 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ямар үндэслэлээр ажил хийлгэхгүй байгаа талаар хүний нөөцийн мэргэжилтнээс асуусан боловч хариу өгөөгүй. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 сарын 19-ний өдөр хүртэл хугацааны цалин өгөөгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 сарын 19-ний өдөр хүртэл 1,340,697 төгрөг, алданги өдрийн 4022.91 төгрөг, 60 хоног 241,325.46 төгрөг, нийт 1,582,022.46 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

2.    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Г.Б-г ажлаас үндэслэлгүйгээр халаагүй. Г.Б- 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлын байранд маргаан үүсгэсэн, хоорондоо маргалдсан талаар хэлсэн. Түүнийг ажлаас гар гэж хэлж байгаагүй. Маргаан үүсгэсэн гэх П.Оюунбаатартай уулзаж хүмүүстэй зөв харьцах талаар сануулж хэлсэн. Гэтэл цагийн дараа Г.Б-гийн эхнэр, ахтайгаа орж ирээд миний ширээг нүдээд над руу орилж эхэлсэн. Тэдгээр хүмүүст тайван байх талаар хэлэхэд хүлээж аваагүй. Байгууллагын үйлчлүүлэгчийн өмнө ... архичид ажиллуулдаг, садан төрлийн хүмүүсээ ажилд авдаг... гэж хэлсэн. Маргааш нь ийм байдалтай ажил хийж болохгүй, ажлын нөхцөл хүнд, өдөр бүр кранаар ажил хийдэг, хүнд ачаа зөөдөг, эрсдэл гарах нөхцөлд ажилладаг. Хоорондоо эв зүйтэй байх шаардлага тавьсан. Хоорондоо асуудалтай хүмүүс ажиллахад тохиромжгүй гэж үзээд тэр өдөр нь хэлээгүй. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажиллуулж чадахгүй гэж хэлээд хүний нөөцөөс энэ хүнийг ажлаас гаргаж өг, хамт ажиллаж чадахгүй гэж хэлсэн. Г.Б-г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, ажилд эгүүлэн авч чадахгүй гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч УМ- ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.6, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч УМ- ХХК-аас дутуу олгосон цалин хөлс 641,772 төгрөг 36 мөнгө гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 940,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,304 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,903 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.    Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй гэж дүгнэсэн.

УМ- ХХК Г.Б-г чөлөөлөхдөө орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч тэтгэмж олгоогүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн тайлбартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Мөн хариуцагчийн тайлбар гаргасан үед ажлаас үндэслэлгүй халагдсан талаар мэдсэн тул энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Иймд шүүх нэхэмжлэгчийн шаадрдлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үндэслэлгүй дүгнэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хөдөлмөрийн тухай 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажлаас буруу халсан гомдлоо сарын дотор шүүхэд гаргах ёстой. Нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эрх зөрчигдсөн талаар мэдсэн болох нь тушаалыг мөн өдөр гардаж авсан гэх тайлбараар тогтоогдоно. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор гомдол гаргах байсан. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гомдлоо гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлснийг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй гэж байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажлаас халагдсанд гомдоогүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, тэтгэмж гаргуулахаар шаардлага гаргасан. Тэтгэмж авах шаардлагаа багасгаж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн. Шаардах эрх нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зөрчигдсөн өдрөөс үүссэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт бодит нөхцөл байдал дээр юу болсон талаар хэлэлцсэн. Г.Б- тэтгэмж гаргуулах шаардлага гаргахдаа бодит байдлыг нуусан. Г.Б- нь ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.

1а. Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч УМ- ХХК-д холбогдуулан анх 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 8,044,186 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөн сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 1,340,697 төгрөг, нэг сарын өмнө мэдэгдэлгүй ажлаас халсан тул 1 сарын дундаж цалин 2,681,395 төгрөг, 12,066,278 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөн сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 1,340,697 төгрөг, 60 хоногийн алданги 241,325.46 төгрөг гаргуулахаар өөрчилсөн байна. (хх-ийн 1, 35-36)

1.б. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 181.1.1-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговрын хэмжээг тогтоох талаар харилцааг хамтын гэрээгээр зохицуулахаар заасан.

Хариуцагч УМ- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09/02 тоот тушаалаар нэхэмжлэгч Г.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа түүнд ажлаас халагдсаны тэтгэмж олгох эсэх асуудлыг шийдвэрлээгүй байх бөгөөд УМ- ХХК болон тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй тул тухайн асуудлаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч шүүх дээрх тодорхой бус нэхэмжлэлийн үндэслэлийг талуудаас тодруулах замаар хэргийн үйл баримтыг тогтоогоогүй байна. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн тэтгэмж гаргуулах тухай маргааныг шийдвэрлэхэд хамтын гэрээгээр тэтгэмжийг ямар тохиолдолд хэрхэн олгохоор зохицуулсныг тодруулснаар дээрх маргаанд хамаарах хуулийг зөв хэрэглэх нөхцөл бүрдэх юм.1.в. Түүнчлэн, нэхэмжлэгч Г.Б- нь ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах тухай шаардлагаас татгалзсан, эсхүл уг шаардлагыг өөрчилсөн гэх нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00227 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Н.БАТЗОРИГ