Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шонхойн Оюунтуул |
Хэргийн индекс | 102/2022/00015/И |
Дугаар | 102/ШШ2022/00326 |
Огноо | 2022-01-18 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2022/00326
2022 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2022/00326 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Хонгорлонт ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболд,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямба-Эрдэнэ,
шинжээч О.Бат-Эрдэнэ нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хонгорлонт ХХК хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт гудамж, эмээлт зам 114/1, 114/2 хаягт байрлалтай, Ү-2201031149, Ү-2201031150 тоот улсын бүртгэлийн дугааруудтай Конторын зориулалтай 150 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 288 м.кв талбайтай агуулахын зориулалтай барилгыг, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй тус хаягт байрлах нэгж талбарын 18617308420922 тоот дугаартай, Э-2201026337 тоот дугаарт бүртгэгдсэн 6300 м.кв талбай бүхий газар үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... 2021 оны 10 сарын 7-ны өдрийн хөрөнгө битүүмжлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 270 тоот магадлалаар Хонгорлонт ХХК-иас 44,581,200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 380,856 төгрөгийг тус тус төлбөр авагч Зуун найман ойл ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ магадлалын хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж ажиллагааны явцад Хонгорлонт ХХК-ийн барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт гудамж Эмээлт зам 114/1, 114/2 байрлалтай Ү2201031149 дугаартай, мөн хаягт байрлалтай 2201031150 дугаартай улсын бүртгэлд бүртгүүлсэн контурын зориулалттай 150 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, 288 мкв талбай бүхий агуулахын зориулалттай барилгыг үүргийн гүйцэтгэлд барьцаалан, мөн хаягт байрлах нэгж талбарын 18617308420922 тоот дугаартай М200201026337 тоот дугаарт бүртгэгдсэн 6300 мкв буюу 6.3 га газрыг битүүмжлэн хураан авч талуудаас үнийн санал гаргасан. Төлбөр авагч, төлбөр төлөгч нар хүлээн зөвшөөрсөн тул шинжээчийн дүгнэлт гарсан. Эдгээр контурын зориулалттай болон агуулахын зориулалттай барилга, газрыг нийтэд нь 443,144,000 төгрөгөөр үнэлж, дүгнэлт гаргасан. Уг үнэлгээн дээр тухайн шинжээч нь газрыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Өөрөөр хэлбэл тухайн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн орлогын болон жишиг үнэ, өртгийн үнийг эрэмбэлэхдээ жишиг үнийг авч үзсэн байгаа юм. Жишиг үнийг авахдаа үнэгүй.мн дээр зарахаар зар өгсөн үнэлгээнүүдийг жишиг үнэ болгож гаргасан. Гэтэл ижил төстэй, төв зам дагуу, Эмээлтийн төвд байгаа газрыг 1 га газрыг 500,000,000 төгрөгөөр үнэлж зарна гэсэн зар байгаа. Гэтэл 3 талын бетонон хашаатай, замын нүүрэн талд, Эмээлтийн үйлдвэрлэл үйлчилгээний төв хэсэгт байгаа, 6 дахин том 6.3 га газрыг 293,350,750 төгрөгөөр хэт доогуур үнэлсэн. Шүүх хуралдаан даргалагчаас үүргийн гүйцэтгэлд контурын зориулалттай барилга, агуулахын зориулалттай барилга барьцаалагдсан. Төлбөр авагч тал анхнаасаа энэ талаар нэхэмжлэл, шүүхийн шийдвэрт тусгагдсан байдаг. Контурын зориулалттай барилга нь 43,943,000 төгрөг, агуулахын зориулалттай барилга нь 105,844,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Гэтэл тухайн үнэгүй.мн дээр тавигдсан үнэлгээ, ханшууд нь тухайн жишиг үнээр тодорхойлогдох ёстой байтал илтэд зах зээлийн ханшаас доогуур буюу 1 га газрыг 500,000,000 төгрөг гэж зар өгсөн байгаа тохиолдолд 6.3 га газрыг 300,000,000 төгрөгөөр үнэлсэн нь бодит байдалтай нийцэхгүй үнэ гаргаж үнэлсэн байна. Зөвхөн контурын зориулалттай барилга, агуулахын зориулалттай барилгаар төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах боломжтой байхад замын нүүрэн талд, Эмээлтийн төвд нь байдаг үнэ цэнэ бүхий газрыг хэт доогуур үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцээгүй тул үл хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 01 сарын 12-ны өдрийн үнэгүй.мн дээр тавигдсан зарыг дурдахад 637 мкв талбай бүхий 10 дахин бага 85,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 30-ны өдөр 1 га газрыг 500,000,000 төгрөгөөр үнэлж 95950073 гэсэн дугаар зар тавьсан байна. Мөн үнэлгээний тайланд авагдсан үнэ ч гэсэн ойролцоо. Учир нь энэ зарах гэж байгаа газрууд нь ижил түвшинд, төв замын нүүрэн талд байдаг газрууд. Тийм учраас уг үнэлгээний тайлан хуульд нийцээгүй, мөн бодит байдалтай нийцээгүй гэдэг учраас үл хүлээн зөвшөөрч хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа ... Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 275 тоот магадлалаар Хонгорлонт ХХК-иас 44,581,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 380,856 төгрөгийг тус тус гаргуулж Зуун найман ойл ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. 2021 оны 7 сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай 01 мэдэгдлийг баталгаажуулан хүргүүлсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Банкны данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор данс битүүмжилсэн боловч данснаас 485,000 төгрөгөөс өөр төлөлт одоог хүртэл төлөгдөөгүй, төлбөр төлөгч Хонгорлонт ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг 2021 оны 8 сарын 11-ний өдөр түдгэлзүүлсэн. Эзэмшилд бүртгэлтэй 5214УМЭ улсын дугаартай Ниссан маркийн автомашин, 8663 УР улсын дугаартай Тундра эксватор машинуудыг олж тогтоосон. Гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр дээр заахдаа барьцаа хөрөнгөөр хангуул гэж заагаагүй учраас төлбөр төлөгч компанийн байгаа хөрөнгүүд дээр хориг тавьсан. Төлбөр авагч Зуун найман ойл ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй, төлбөр төлөгч Хонгорлонт ХХК-ийн Ү2201031149, Ү2201031150 дугаарт тус тус бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт гудамж, Эмээлт зам 114 тоот хаягт байрлалтай, 150 мкв талбайтай, контурын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 288 мкв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 6300 мкв талбай бүхий эзэмшлийн газрын эрхийг тус тус түдгэлзүүлсэн. Мөн төлбөр авагчийн барьцаа хөрөнгөөр бүртгэлтэй байсан хоёр үл хөдлөх эд хөрөнгө нь газраас салгаж үл болох хөрөнгө юм. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан. Манайх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа барьцаа хоёр хөрөнгийг битүүмжилж хураасан ажиллагаа явуулсан бол буруудах байсан. Учир нь салгаж үл болох хөрөнгийг орхигдуулсан байх байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, эсхүл бусдын өмчлөлд шилжээгүй уг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт дуудлага худалдаагаар худалдана гэж заасан тул уг хоёр үл хөдлөх эд хөрөнгийг газартай нь хамт битүүмжилж, хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахад Хонгорлонт ХХК 150 мкв талбай бүхий контурын зориулалттай барилгыг 1 тэрбум, 288 мкв талбай бүхий агуулахын зориулалттай барилгыг 1 тэрбум, газраа 2.5 тэрбум төгрөгөөр тус тус үнэлсэн. Төлбөр авагчид танилцуулж, үнийн санал нийлэх талаар асуухад нийлэхгүй гэсэн тул шинжээч томилсон. Шинжээч томилох хүсэлтийг төлбөр авагч талаас ирүүлсэн. Талууд үнийн санал нийлэхгүй, харилцан тохиролцож чадаагүй тул 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 10/2507 тогтоолоор Виннервэй ХХК-ийн шинжээч О.Бат-Эрдэнийг танилцуулж, хөндлөнгийн шинжээчээр томилоход 2021 оны 12 сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмших эрхтэй газрын хамт үнэлж, 443,144,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан ирүүлсэн. Төлбөр төлөгч Хонгорлонт ХХК болон төлбөр авагч Зуун найман ойл ХХК нь 2021 оны 11 сарын 09-ний өдрийн 4/23848, 4/23849, 4/23850 дугаар албан бичгээр тус тус хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэж, хавсралтаар тайланг гардуулан өгч, энэ тухай тэмдэглэлд баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Виннервэй ХХК үнэлгээний тайланд дурдсанаар барьцаа хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг гаргасан тул нэхэмжлэгч Хонгорлонт ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр хангуул гэж заагаагүй, газрыг барьцаа хөрөнгөд заагаагүй боловч салгаж үл болох хөрөнгө учраас хамтад нь үнэлсэн... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р тал/
2021.12.16-ны өдрийн итгэмжлэл олгох тухай /хэргийн 4-р тал/
2021.12.09-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай /хэргийн 5-р тал/
2021.12.07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 6-14-р тал/
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 15-р тал/
Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хэргийн 16-р тал/
Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 17-р тал/
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 21-р тал/
нотлох баримтуудыг,
5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн
2021.12.22-ны өдрийн итгэмжлэл /хэргийн 27-р тал/
2021.12.23-ны өдрийн хариуцагчийн хариу тайлбар /хэргийн 31,32-р тал/
Шийдвэр гүйцэтгэлийн №21370458 дугаар хувийн хэрэг /хэргийн 33-р тал/
Анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал /хэргийн 34-48-р тал/
Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 102/ШЗ2021/08664 дугаар захирамж /хэргийн 49-51-р тал/
Зуун найман ойл ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ урд, ард тал /хэргийн 52-53-р тал/
2021.07.09-ний өдрийн дугаар 102/ГХ2021/00612 шүүхийн гүйцэтгэх хуудас /хэргийн 54-р тал/
2021.07.22-ны өдрийн Зуун найман ойл ХХК-ийн хүсэлт /хэргийн 5558, -р тал/
НШШГГазрын мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон бусад албан бичиг /хэргийн 56, 57, 82, 84, 93, 94, 97, 118, 119-р тал/
2021.11.30-ны өдрийн Шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт /хэргийн 59-р тал/
2021.11.30-ны өдрийн 10/255 дугаар Шинжээч томилох тухай /хэргийн 60-р тал/
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 61-81-р тал/
2021.12.09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 84, 91, 113, 116, 117, 120-р тал/
2021.11.21-ний өдрийн мэйл хаягт ирсэн зурвас/ хэргийн 85, 121, 122-р тал/
2021.11.24-ний өдрийн Хонгорлонт ХХК-ийн үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 86-р тал/
2021.07.23-ны өдрийн Зуун найман ойл ХХК-ийн итгэмжлэл олгох тухай албан бичиг /хэргийн 87-р тал/
2021.07.26-ны өдрийн Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ /хэргийн 88,89-р тал/
2021.07.26-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хэргийн 90-р тал/
2021.08.04-ний өдрийн төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол болон түүний хариу /хэргийн 92, 96-111-р тал/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хэргийн 111,112,114, 115-р тал/ нотлох баримтуудыг, шинжээчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хамт шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
.
1. Шүүхээс нэхэмжлэгч Хонгорлонт ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан, улсын бүртгэлийн Y-2201031149 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт 18400 гудамж, эмээлт зам 114 тоот хаягт байршилтай, 150м2 талбай бүхий конторын зориулалттай, үл хөдлөх хөрөнгө, мөн улсын бүртгэлийн Y-2201031150 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт 18400 гудамж, эмээлт зам 114/1 тоот хаягт байршилтай, 288 м2 талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө хөрөнгүүдийг, мөн төлбөр төлөгч Хонгорлонт ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт хаягт байршилтай, нэгж талбарын 1801812594 дугаар бүхий 6301 м2 аж ахуйн зориулалттай газар үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хэт доогуур үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... өртгийн, орлогын, зах зээлийн аргад тулгуурлсан үнэлгээний үнийг тодорхойлохдоо хэт доогуур үнэлсэн. Ижил төстэй, төв зам дагуу, Эмээлтийн төвд байгаа газрыг 1 га газрыг 500 000 000 төгрөгөөр үнэлж зарна гэсэн зар байгаа. Гэтэл 3 талын бетонон хашаатай, замын нүүрэн талд, Эмээлтийн үйлдвэрлэл үйлчилгээний төв хэсэгт байгаа, 6 дахин том 6.3 га газрыг 293 350 750 төгрөгөөр хэт доогуур үнэлсэн. Үнэлгээний тайлан хуульд нийцээгүй, мөн бодит байдалтай нийцээгүй учраас үл хүлээн зөвшөөрч хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хэт доогуур үнэлсэн нь хуульд нийцэхгүй байна... гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Виннервэй ХХК үнэлгээний тайланд дурдсанаар барьцаа хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг гаргасан тул нэхэмжлэгч Хонгорлонт ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
4. Зохигч талуудын тайлбар, шинжээчийн тайлбар, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. 2020 оны 10 сарын 29-ны өдрийн 102/ШШ2020/03258 дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Зуун найман ойл ХХК-ийн хариуцагч Хонгорлонт ХХК-аас гэрээний үүрэг 66 871 800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн Сонгинохайрхан дүүргийн 32 хороо, Эмээлт 18400 гудамж, эмээлт зам 114 тоотод байрлах Хонгорлонт ХХК-ийн өмчлөлийн 150м2 талбай бзхий конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 114/1 тоот хаягт байрлах 288 м2 талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч Зуун найман ойл ХХК-даалгаж шийдвэрлэжээ. /хэргийн 35-39 дүгээр тал/
6. 2021 оны 01 сарын 29-ны өдрийн дугаар 275 Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар дээрхи шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, Хонгорлонт ХХК-аас гэрээний үүрэг 44 581 200 төгрөг гаргуулан Зуун найман ойл ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22 290 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хонгорлонт ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 32 хороо, Эмээлт 18400 гудамж, эмээлт зам 114 тоотод байрлах Хонгорлонт ХХК-ийн өмчлөлийн 150м2 талбай бзхий конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 114/1 тоот хаягт байрлах 288 м2 талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./хэргийн 40-48 дугаар тал/
7. 2021 оны 07 сарын 09-ны өдрийн 102/ШЗ2021/08564 дугаар тус шүүхийн шүүгчийн захирамж гарч дээрхи магадлалыг албадан гүйцэтгэхүүлэхээр тогтоожээ./хэргийн 49-54 дүгээр тал/
8. 2021 оны 07 сарын 26-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч, шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэх, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг авах, эд хөрөнгө битүүмжлэх, хураах, төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байна. /хэргийн 55, 87-117 дугаар тал/
9. Төлбөр төлөгч Хонгорлонт ХХК төлбөрт хураагдсан 3 нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн нийт 2 500 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Найман ойл ХХК зөвшөөрөөгүй шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хэргийн 56-58, 86, 118-122 дугаар тал/
10. 2021 оны 11 сарын 30-ны өдөр Виннер вэй ХХК-ийг шинжээчээр томилж төлбөр төлөгч Хонгорлонт ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн Y-2201031149 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт 18400 гудамж, эмээлт зам 114 тоот хаягт байршилтай, 150м2 талбай бүхий конторын зориулалттай, үл хөдлөх хөрөнгө, мөн улсын бүртгэлийн Y-2201031150 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт 18400 гудамж, эмээлт зам 114/1 тоот хаягт байршилтай, 288 м2 талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн, мөн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор битүүмжлэн хураасан төлбөр төлөгч Хонгорлонт ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт хаягт байршилтай, нэгж талбарын 1801812594 дугаар бүхий 6301 м2 аж ахуйн зориулалттай газар хөрөнгийн үнэлгээг тус тус тогтоохоор томилж, 2021 оны 12 сарын 07-ны өдөр шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 443 144 000 төгрөг гэж тодорхойлжээ. /хэргийн 59-81 дүгээр тал/
11. Шинжээчийн дүгнэлт буюу нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 443 144 000 төгрөгөөр үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт, тайланг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч, энэ тухай мэдэгдлийг 2021 оны 12 сарын 09-ны өдөр Хонгорлонт ХХК-д мэдэгджээ. /хэргийн 5-17, 82-85 дугаар тал/
12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гаргах эрхтэй гэж заасны дагуу Хонгорлонт ХХК шүүхэд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгуулах гомдлоо 2021 оны 12 сарын 17-ны өдөр гаргажээ. /хэргийн 1 дүгээр тал ар тал/
13. Нэхэмжлэгчийн ...барьцаалагдаагүй газрыг хураан авч бодит бус хэт доогуур үнэлсэн нь хуульд нийцээгүй, үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй... гэх гомдлын үндэслэл дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна.
14. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг олж тогтоох зорилгоор хууль тогтоомжийн дагуу бүртгүүлбэл зохих хөрөнгө, тэдгээрийн эрхийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандаж лавлагаа тодорхойлолт гаргуулах, хөрөнгийг битүүмжлэх, хураан авах эрхтэй бөгөөд түүний явуулсан эдгээр ажиллагааны талаар талууд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй байна. Шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй газар үл хөдлөх хөрөнгийг олж тогтоон, эрхийг нь түдгэлзүүлж битүүмжлэн хураан авсан байна. Шийдвэр гүйцэтгэгчийн энэхүү ажиллагаанд талууд гомдол гаргаагүй тогтоол хүчин төгөлдөр байна. /хэргийн 107-117 дугаар тал/
15. Иймд нэхэмжлэгчийн барьцаалагдаагүй хөрөнгө хураан авсан гэх гомдол үндэслэлгүй гэж үзнэ.
16 Нэхэмжлэгчийн ...1 га газрыг 500 000 000 төгрөгөөр үнэлж зарна гэсэн зар байхад 3 талын бетонон хашаатай, замын нүүрэн талд, Эмээлтийн үйлдвэрлэл үйлчилгээний төв хэсэгт байгаа, 6 дахин том 6.3 га газрыг 293 350 750 төгрөгөөр хэт доогуур үнэлсэн... гэх тайлбар шинжээчийн шүүх хуралдаанд гаргасан ...энэ хөрөнгө нь дээрээ 288 мкв агуулахтай, 150 мкв талбай бүхий конторын зориулалттай байшинтай, 6300 мкв талбай бүхий газартай. Үнэлгээг гүйцэтгэхдээ үнэлгээний олон улсын стандартын дагуу өртгийн хандлага, орлогын хандлага, зах зээлийн хандлага гэсэн 3 арга ашигласан. Зах зээлийн арга нь зах зээл дээр борлуулж байгаа ижил төстэй хөрөнгүүдийг сонгож аваад энэ 3 хөрөнгийг ашиглаж байж, харьцуулан жиших арга ашиглаж энэ үнэлгээг газрын хувьд гаргасан, ...үнэлгээний зүйл 6300 мкв талбай бүхий газар юм. 1 га гэдэг нь 10.000 мкв талбайг хэлдэг. Эхний сонгосон газар нь 1 га газар буюу 10.000 мкв талбай бүхий газар, 500.000.000 төгрөг. Талбайн хувьд үнэлгээний зүйлээс хэт том байгаа юм. Хоёр дахь газар нь 10.600 мкв талбайтай. Манай үнэлгээний зүйл 6300 мкв талбайтай, 6.3 га гэдэг нь 63.000 мкв талбайг хэлдэг. Түүнээс 6300 мкв гэдэг нь нэг айлын газар 700 мкв гэж бодоход 9 айлын газар юм. Олон улсын стандартын дагуу тохируулгууд хийж байж, үнэлгээний дүнтэй адилтгасан ... гэх тайлбар баримтаар үгүйсгэгдэж байна.
17. Шинжээч үнэлгээ тогтоохдоо хөрөнгүүдийг тус бүрт нь өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийг хандлагаар хөрөнгийн байршил, талбай, орц гарц, зориулалт, төхөөрөмжлөгдсөн байдал зэрэг хөрөнгийн шинж байдал, онцлог, зориулалт зэргийг харьцуулан жишиж тодорхой итгэлцлүүрээр үнэлгээ тогтоосон нь хөрөнгийн үнэлгээний тайлан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 63-77 дугаар тал/
18. Нэхэмжлэгч өөрийн шаардлага тайлбартай холбоотой буюу бодит бус хэт доогуур үнэлсэн гэх тайлбар татгалзлаа нотлоогүй шүүхэд энэ талаар ямар нэг баримт сэлт хүсэлт гаргаагүй болно.
19. Иймд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг зөрчиж төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг хэт доогуур үнэлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2021 оны 12 сарын 07-ны өдрийн төлбөрт хураагдсан хөрөнгүүдийг 443 144 000 төгрөгөөр үнэлсэн Виннер вэй ХХК-ийн тогтоосон шинжээчийн дүгнэлт үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
21. 2021 оны 12 сарын 16-ны өдөр нэхэмжлэгчээс С.Батболдод, 2021 оны 12 сарын 22-ны өдөр хариуцагчаас С.Бямба-Эрдэнэд тус тус олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4, 27 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт гудамж, эмээлт зам 114/1, 114/2 хаягт байрлалтай, Ү-2201031149, Ү-2201031150 тоот улсын бүртгэлийн дугааруудтай Конторын зориулалтай 150 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 288 м.кв талбайтай агуулахын зориулалтай барилгыг, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй тус хаягт байрлах нэгж талбарын 18617308420922 тоот дугаартай, Э-2201026337 тоот дугаарт бүртгэгдсэн 6300 м.кв талбай бүхий газар үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Хонгорлонт ХХК-ийн гомдол шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 сарын 210ны өдрийн 102/ШЗ2022/00974 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн 2 дугаар заалтад тусгагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн хэсэг хүчингүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ