Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00726

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/00326 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 270 тоот магадлалаар “Х-” ХХК-аас 44,581,200 төгрөг гаргуулж, “З-” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ магадлалын хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж ажиллагааны явцад “Х-” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт гудамж, Эмээлт зам 114/1, 114/2 хаягт байрлалтай конторын зориулалттай 150 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, агуулахын зориулалттай 288 м.кв талбай бүхий барилга, 6,300 м.кв талбай бүхий газрыг битүүмжлэн, хурааж шинжээчээр үнэлгээ тогтоолгосон. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 443,144,000 төгрөгөөр үнэлж, дүгнэлт гаргасан. Уг үнэлгээн дээр тухайн шинжээч нь газрыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Зөвхөн конторын зориулалттай барилга, агуулахын зориулалттай барилгаар төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах боломжтой байхад замын нүүрэн талд, Эмээлтийн төвд нь байдаг үнэ цэнэ бүхий газрыг хэт доогуур үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцээгүй. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн үнэгүй.мн дээр тавигдсан зарыг дурдахад 637 м.кв талбай бүхий 10 дахин бага 85,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1 га газрыг 500,000,000 төгрөгөөр үнэлж зар тавьсан байна. Мөн үнэлгээний тайланд авагдсан үнэ ч гэсэн ойролцоо. Учир нь зарах гэж байгаа газрууд нь ижил түвшинд, төв замын нүүрэн талд байдаг газрууд. Тийм учраас уг үнэлгээний тайлан хуульд нийцээгүй учраас үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 275 дугаар магадлалаар “Х-” ХХК-аас 44,581,000 төгрөг гаргуулж “З-” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай 01 тоот мэдэгдлийг баталгаажуулан, төлбөр төлөгчид хүргүүлсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Банкны данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор данс битүүмжилсэн боловч данснаас 485,000 төгрөгөөс өөр төлөлт одоог хүртэл төлөгдөөгүй, төлбөр төлөгч “Х-” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр түдгэлзүүлсэн. Эзэмшилд бүртгэлтэй 52-14 УМЭ улсын дугаартай “Ниссан” маркийн автомашин, 86-63 УР улсын дугаартай “Тундра эксватор” машинуудыг олж тогтоосон. Гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр дээр заахдаа барьцаа хөрөнгөөр хангуулах талаар заагаагүй учраас төлбөр төлөгч компанийн байгаа хөрөнгүүд дээр хориг тавьсан. Төлбөр авагч “З-” ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй, төлбөр төлөгч “Х-” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт гудамж, Эмээлт зам 114 тоот хаягт байрлалтай, 150 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 288 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 6,301 м.кв талбай бүхий эзэмшлийн газрын эрхийг тус тус түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, эсхүл бусдын өмчлөлд шилжээгүй уг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт дуудлага худалдаагаар худалдана” гэж заасан тул уг хоёр үл хөдлөх эд хөрөнгийг газартай нь хамт битүүмжилж, хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад “Х-” ХХК 150 м.кв талбай бүхий конторын зориулалттай барилгыг 1 тэрбум, 288 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай барилгыг 1 тэрбум, газраа 2.5 тэрбум төгрөгөөр тус тус үнэлсэн. Төлбөр авагчид танилцуулж, үнийн санал нийлэх талаар асуухад нийлэхгүй гэсэн тул шинжээч томилсон. Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг 443,144,000 төгрөгөөр үнэлж тайланг ирүүлсэн. Төлбөр төлөгч “Х-” ХХК болон төлбөр авагч “З-” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичгээр хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэж, хавсралтаар тайланг гардуулан өгч, энэ тухай тэмдэглэлд баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. “Виннервэй” ХХК-ийн үнэлгээний тайланд дурдсанаар барьцаа хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг гаргасан тул нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт гудамж, эмээлт зам 114/1, 114/2 хаягт байрлалтай, Ү-2201031149, Ү-2201031150 тоот улсын бүртгэлийн дугааруудтай Конторын зориулалттай 150 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 288 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилгыг, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй тус хаягт байрлах нэгж талбарын 18617308420922 тоот дугаартай, Э-2201026337 тоот дугаарт бүртгэгдсэн 6300 м.кв талбай бүхий газар үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн гомдол шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шинжээч нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж, дүгнэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах ёстой. Үнэлгээ тогтоож, дүгнэлт гаргасан этгээд нь хуульд заасан үндэслэл журмыг баримталж, өнөөгийн зах зээлийн үнэлгээтэй харьцуулан дүгнэлт гаргасан эсэхийг шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шийдвэр гүйцэтгэгч хяналт тавьж, хуулийн хүрээнд бусдын эрх ашгийг хөндөлгүйгээр бодитойгоор үнэлгээ хийсэн тохиолдолд тухайн үнээр дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Гэтэл Н- нь энэ эрх, үүргээ хэрэгжүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл тухайн шинжээчийн дээрх үнэлгээг хэт доогуур, бодитой эсэх талаар дүн шинжилгээ хийсэнгүй. Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэжээ. Гэвч үнэлгээний тайлантай танилцахад шинжээч /үнэлгээчин/ нь дээрх хуулийн заалтыг илтэд зөрчин өртгийн, орлогын, зах зээлийн аргад тулгуурлаж, үнэлгээний үнийг тодорхойлохдоо хэт доогуур үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, холбогдох хууль, дүрэм, стандартыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл өртгийн аргаар тодорхойлохдоо өнөөгийн зах зээл дээрх барилгын материал болон бусад зардлуудыг тооцсонгүй. Мөн орлогын аргаар үнэлгээг гаргасангүй, зах зээлийн ханшын аргаар тодорхойлохдоо нэг хаягт байршил бүхий 1 га газрын ханш 500,000,000 төгрөгөөр үнэлэгдэж, зарагдах зах зээлийн ханштай байх атал даруй 6 дахин том, дотроо конторын болон агуулахын зориулалт бүхий барилга, обьекттэй нэгдсэн хашаатай /угсармал бетон/ газрыг 293,357,000 төгрөгөөр үнэлсэн нь бодитой үнэлгээ гэж үзэхгүй байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын зах зээлийн төвлөрсөн байрлалд буй үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 30-50 хувиар нэмэгдсэн байна. Дэд бүтцийн хувьд төв зам дагуу аж ахуйн зориулалт бүхий өөрийн эзэмшил газар 2-3 тэрбум төгрөгийн ханштай байгаа болно. Хэдийгээр шүүх хуралдааны явцад шинжээч нь зах зээлийн арга нь зах зээл дээр борлуулж байгаа ижил төстэй хөрөнгүүдийг сонгож аваад энэ 3 хөрөнгийг ашиглаж байж, харьцуулан жиших арга ашиглаж энэ үнэлгээг газрын хувьд гаргасан гэжээ. Гэвч тухайн жишсэн гэх газрууд нь байршлын хувьд ч, мөн газартай үл хөдлөхэд хөрөнгөтэй эсэх, хашаалсан эсэх талаар тодорхой дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл төлбөрт хураагдсан газар блокон хашаагаар хүрээлэгдсэн. Блокон хашааны өртгийн болон зах зээлийн үнэлгээний талаар шинжээч дүгнэлт гаргаагүй нь шинжээчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар нотлогдоно. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааны явцад хураагдсан “Х-” ХХК-ийн өмчлөлийн контор болон агуулахын зориулалттай барилгыг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй тус хаягт байрлах нэгж 6,300 м.кв талбай бүхий газрыг тус тус зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу 443,144,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэл болон давж заалдах гомдол утга агуулгын хувьд нэг байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, тухайн шинжээчийн дээрх үнэлгээ нь бодит байдалд дүн шинжилгээ хийгээгүй гэж гомдол гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд шинжээч томилох зайлшгүй шаардлага гэж байгаа. Энэ шаардлагад шийдвэр гүйцэтгэгч өөрийн мэдлэг хүрэлцэхгүй байгаа хөрөнгийг шинжээчээр үнэлүүлж байгаа учраас шинжээчийн дүгнэлттэй санал нэг байгааг илэрхийлж байгаа. Мөн гомдолдоо орлогын аргаар үнэлгээг гаргаагүй гэж дурдсан. Шинжээчийн дүгнэлтэд орлогын болон зах зээлийн, өртгийн жишиг үнийн гэсэн 3 аргаар үнэлгээг гаргасан. Энэ нь хөрөнгийн үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан. Иймд анхан шатны шүүх хэргийг үнэн зөв үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул тус шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/03258 дугаар шийдвэрээр “Х-” ХХК-аас гэрээний үүрэгт 66,871,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “З-” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Х-” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Эмээлт 18,400 гудамж, эмээлт зам, 114 тоотод байрлах, 150 м.кв талбай бүхий конторын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, 114/1 тоот хаягт байрлах, 288 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг “З-” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 34-39-р тал/

 

3.а.Дээрх шийдвэрт нэхэмжлэгч “З-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 275 дугаар магадлалаар “Х-” ХХК-аас 44,581,200 төгрөг гаргуулж “З-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 22,290,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр магадлал хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 40-48-р тал/ 

 

3.б.Төлбөр төлөгч “Х-” ХХК нь дээрх магадлалаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх бөгөөд төлбөр авагч “З-” ХХК-ийн хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 8664 дугаар гүйцэтгэх хуудас олгосон байна. /хх-ийн 49-51-р тал/

 

3.в.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, төлбөр төлөгч “Х-” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2201031149 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт 18,400 гудамж, эмээлт зам 114 тоот хаягт байршилтай, 150 м.кв талбай бүхий конторын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2201031150 дугаарт бүртгэлтэй, 288 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Э-2201026337 дугаарт бүртгэлтэй, 6,301  м.кв талбай бүхий газар зэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хураажээ. /хх-ийн 111-117-р тал/

 

3.г.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч “Х-” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийтэд нь 2,500,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “З-” ХХК эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх-ийн 58, 86-р тал/

 

3.д.Талууд дээрх байдлаар дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллага нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлэхээр 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Виннэр вэй“ ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх-ийн 60-р тал/

 

3.е.Хөрөнгийн үнэлгээний “Виннэр вэй” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийтэд нь 443,144,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч байгууллага нь уг үнэлгээг хуульд заасан хугацаанд талуудад мэдэгдсэн байна. /хх-ийн 61, 82-83-р тал/. Иймд хариуцагч байгууллагыг үнэлгээ гаргуулах ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

            4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн, орлогын аргаар үнэлгээг гаргаагүй” гэжээ. Гэвч шинжээчээр томилогдсон “Виннэр вэй” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэсэн байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна.

            4.а.Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан, мөн хариуцагч байгууллагын нэр, газрын нэгж талбарын дугаар болон талбайн хэмжээг тус тус буруу бичсэн байгааг залруулах шаардлагатай.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/00326 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 122 дугаар зүйлийн 122.5 ...,” гэснийг хасаж, “... хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт ...” гэснийг “хариуцагч Н-т” гэж, “... нэгж талбарын 18617308420922 ...” гэснийг “нэгж талбарын 1801812594” гэж, “... 6300 м.кв ...” гэснийг “6,301 м.кв” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.      

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                           Э.ЗОЛЗАЯА                                                                                                                           Г.ДАВААДОРЖ