Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2253

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01488 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хариуцагч “НХОГ” ОНӨААТҮГ, “ХТГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан 752 272 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, өмгөөлөгч Д.Отгонбат, Д.Данзандорж, хариуцагч “НХОГ” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр, хариуцагч “ХТГ” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь НХОГ, ХТГ-тай 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу суурийн ажил хийгдээд хөрс хуулалт эхлэх явцад Жоншт уул ХХК-аас 3-р зэргийн шороон хөрс гэж хөрсний шинжилгээг хийж, 780 000 000 төгрөгийн гэрээний үнийн дүнгийн төсөвт өртгийг гаргаж манайх гэрээнд саналаа оруулахад Жоншт уул ХХК-ийн инженер, геодезийн дүгнэлтээр 17 050 900 төгрөгийн газар шорооны ажлын төсөвт өртөгтэй шороон хөрс байсан. Захиалагч болох НХОГ, Хот тохижилтын газрыг байлцуулан Топкат компани нь газрыг 0 тэнхлэг буюу улаан шугамыг тавьж гүйцэтгэгч болох “Г” ХХК-д газрыг зааж өгсөн. Ингээд хөрс хуулалт эхлээд 40 см явсны дараагаар 5-р зэргийн шууд хадан хөрс гарч ирсэн. Хадан хөрс гарч ирсэн учраас хадыг ухах, цаашид хөрсний эх, инженер геодезийн дүгнэлт илтэд зөрүүтэй байсан тул барилгын ажлыг түр зогсоосон. Захиалагч нар хамтран уулзаж, ярилцсаны үр дүнд ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг НХОГ, ХТГ үргэлжлүүлэх, нэмэлт зардлыг шийдэж өгөх талаар 3 удаагийн хуралдаан хийж хурлын тэмдэглэлээр энэ үйл баримтыг талууд баталгаажуулж гарын үсэг зурсан. 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээг сунгах хүсэлт, хадан хөрсний зөрүүтэй байдлаас үүдэн барилгын ажил хойшилсон. 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээг сунгасан. Нэхэмжлэгч талаас 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээний хугацаандаа ажлыг гүйцэтгэж дуусгаж, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн. Улсын комисс 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлыг хүлээж авсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 41-р зүйлд гэрээнд нөхөн төлбөр хийх нөхцөлийг талууд тохирсон. Иргэн Ц.Цэрэндаштай анх гэрээгээр тохиролцсоны дагуу манайх өөрийн экскаватроор ажиллаад хайрган хөрсийг шууд экскагаар ухаад суурийн ажлыг хийнэ гэж төлөвлөж байсан. Гэтэл 5-р зэргийн хадан хөрс гарч ирснээр экска хэрэг болсон. Энэ экскаг Ц.Цэрэндашаас авч 135 000 000 төгрөгийн ажлын хөлсийг дансаар болон бэлнээр шилжүүлсэн. Мөн өөрийн экска буюу 8558 гэсэн Хьюндай маркийн экскагаар 93 921 000 төгрөгийн шатахуун хэрэглэж ажил гүйцэтгэсэн. Мөн Ц.Цэрэндашт төлсөн 135 000 000 төгрөгөөс гадна 71 143 347 төгрөгийн шатахууны НӨАТ-ыг шилжүүлж Ц.Цэрэндаштай шатахууны тооцоо нийлсэн акт үйлдсэн. Гэрээний нөхцөл илтэд огцом өөрчлөгдсөн тул 780 000 000 төгрөгийн өгөх ёстой графикт санхүүжилт хаана ч хүрээгүй, ажил хийх нөхцөл байдал боломжгүй болсон. Энэ нөхцөл байдалд гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээгээр барилгын тухай хууль мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу санхүүжилт олгох ёстой. Талуудын хооронд хийгдсэн гэрээний үнийн дүн нь 2014 онд нийслэлийн төсөвт суулгаж, энэ мөнгийг гаргаж өгнө гэж хариуцагч мэдэгдсэн учраас бид аргагүйн эрхэнд Улаанбаатар банкнаас 150 000 000 төгрөгийн зээл авч суурийн ажлыг ухсан. Улаанбаатар банкнаас авсан зээлээс 19 868 030 төгрөгийг хүүнд, нэмэгдүүлсэн хүүнд 463 950 төгрөг төлсөн. 2013 оын 12 дугаар сарын 01-ний өдөр дуусах ёстой байсан ажил 2014 он болж сунгагдсан учраас зайлшгүй зардлууд гарсан. Ингээд 2014 онд шууд гарсан зардлын 458 779 783 төгрөгийг шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг ХТГ-н дарга байсан н.Энхсайханд мэдэгдэж протоколд тэмдэглүүлж гарын үсэг зурсан, мөн НХОГ-ын н.Цэдэнсодном гарын үсэг зурж хариуцагч мөн зөвшөөрсөн байдаг. Үүний дагуу 2015 оны нийслэлийн төсөвт суулгаж өгнө гэсэн нь одоо нийслэлийн төсөвт суулгаж өгөх боломжгүй боллоо, зардлыг гаргаж өгөх боломжгүй гэж 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нэмэлт зардлыг өгөхгүй гэдэг хариу өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхээс 4 удаа шинжээч томилсон. Шинжээч Барилгын төсөвчдийн холбоо 765 401 447 төгрөгийн дүгнэлт гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөөгүй, Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж 580 690 205 төгрөгийн дүгнэлт гарсан, хариуцагч нар мөн зөвшөөрөөгүй. н.Түмэндэмбэрэл, Г.Чогдон нарыг шинжээчээр томилсон 108 452 434 төгрөгийн дүгнэлт гарсан, мөн зөвшөөрөөгүй учраас шүүх хэргийг бүрэн хэлэлцсэний дараа шинжээч томилж байж шийдэх ёстой юм байна гэж үзээд шүүхээс Баян модод ХХК-ийг шинжээчээр томилсон 249 616 836 төгрөгийн дүгнэлт тус тус гарсан. Эдгээр 4 дүгнэлт нь илтэд өөр үнийн дүнтэй, хэн алиныг нь үнэлээд шийдэх бус Улсын дээд шүүхээс хэргийг шийдэж анхан шатны шүүхэд буцаахдаа хэрэгт нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслэж хийх ёстой, энд шинжээчийн дүгнэлт гарах ёстой гэдэг байдлаар буцаасан. Эдгээр 4 шинжээчийн дүгнэлт дээр 1 зүйл тодруулахад эдгээр 4 дүгнэлтийн аль нь ч нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслээгүй зөвхөн барилгын төсвийг бодох програм, мөн барилгын хадан хөрсний м.куб-ыг тооцох аргачлалыг үндэслэж дүгнэлт гаргасан. 2014 оны “Г” ХХК-ийн жилийн эцсийн санхүүгийн тайлан, түүнд хийсэн аудитын тайлан 3-р хавтаст хэргийн 204, 208-р талд авагдсан. Энд 1 300 570 000 төгрөгийн авлагатай энэ авлага нь 752 000 000 төгрөг нь НХОГ, ХТГ-с авлагыг оруулж нягтлан бодох бүртгэлийн анхан болон дунд, дээд шатны баримтуудад тусгагдсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага болох 752 272 000 төгрөгөөс 89 413 496 төгрөг нь НХОГ-аас авагдсан тул 662 858 504 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч "НХОГ" ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний тухайд Нийслэлийн ХТГ 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн A/11-p тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны захирамжийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу манайхыг гэрээ байгуулж хяналт тавьж ажиллахыг даалгасан байдаг. Үүний дагуу “Г” ХХК-тай гэрээ байгуулж нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн барилга, худгийн байр барих ажлыг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн ХТГ буюу одоогийн УН ОНӨААТҮГ, хяналт хэрэгжүүлэгчээр НХОГ ОНӨААТҮГ, санхүүжилтийг Нийслэлийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтэс, гүйцэтгэгч "Г" ХХК-иуд оролцсон 780 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулсан. Иймд гэрээгээр байгуулагдсан ажил 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 356/2014 тоот улсын комиссын акт баталгаажсанаар дуусгавар болсон. Санхүүжилтийг олгосон нь хэрэгт нотлох баримтаар байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажил гүйцэтгэх явцад барилгын зураг төсөл зөрсөн, нэмэлт ажлын зардал гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нийтийн үйлчилгээний УН нь Цагаан давааны хогийн цэгийн зураг, төсөл боловсруулах тухай 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 01/05 дугаартай гэрээг Хот тохижилтын газрыг төлөөлж орлогч дарга н.Пүрэвжав, Уран асарын төлөөлөгч н.Даариймаа байгуулсан байдаг. Тус гэрээгээр НХОГ нь ямар нэгэн тал болж үүрэг хүлээн оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч "ХТГ" ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээний хугацааг сунгахаар шийдвэрлэсэн. Улмаар 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр захиалагч НХОГ-ын захиалагчийн хэлтсийн дарга н.Зундуй, хуулийн зөвлөх н.Батдэлгэр, гүйцэтгэгч "Г" ХХК-ийн захирал С.Чинбат нар НХОГ-ын захиргааны хэлтсийн хяналтын инженер н.Амарзаяа, н.Оюунбилэг, н.Буянбат, НХОГ-ын ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг нарыг байлцуулан протокол хөтлүүлэн маргаан бүхий хогийн цэгт барилгын ажил хийх ажлын гэрээг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. Гэрээ дүгнэсэн протоколыг баталгаажуулахдаа захиалагчаар НХОГ ороод ХТГ-г байлцуулахгүйгээр гэрээ дүгнэсэн протокол үйлдээд гэрээгээ сунгачихдаг. Үүний дараа удаа дараагийн уулзалт хийх гэтэл шийдвэрлэсэн гэдэг боловч нэхэмжлэгч талаас нэмэлт зардал гарсан талаар баримтаа огт гаргаж өгөөгүй. 1-р хавтас хэргийн 112-114 дүгээр талд барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын акт авагдсан. Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ дууссан гэж үзэх бүрэн үндэстэй. Улсын комисс ажлыг хүлээгээд авчихсан учраас 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ дүгнэсэн протоколыг үйлддэг, 1-р хавтаст хэргийн 19-р талд. Энд гэрээний захиалагч гэсэн хэсэгт НХОГ-ын захиалагчийн хяналтын инженер н.Баасансүрэн, хуулийн зөвлөх н.Батдэлгэр, гэрээний нөгөө тал гүйцэтгэгч гэсэн хэсэгт Г" ХХК-ийн захирал С.Чинбат нар НХОГ-ын захиалгын хэлтсийн дарга н.Лхагважав, НХОГ-ын ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг нарыг байлцуулаад гэрээт ажлыг дүгнэчихсэн. “Г” ХХК бол 89 413 496 төгрөг гаргасан төсвийг мэргэшсэн төсөвчний магадалгаа хийлгэдэг. Энэ зардлын тооцоог үндэслээд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1056 тоот хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай захирамжаар 89 413 496 төгрөгийн төсвийг баталсан. Тухайн үед нэмэлт зардал гарсан гэдэг нь тодорхой байсан учраас нэхэмжлэгч нэмэлт зардлын төсөвт 89 413 496 төгрөг авсан гэдэг ажлынхаа төсвийг өөрсдөө зохиож гаргаж өгсөн гэж үзэх үндэстэй. Мөн Үнэлгээний хорооны 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тогтоол шийдвэрийг үндэслээд Баянзүрх дүүргийн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн барилга, гүний худгийн байр барих нэмэлт ажлын тухай ажлыг үндэслэн шууд гэрээ байгуулсныг дүгнэсүгэй гээд энэ зөвлөмжийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас байгуулагдсан үнэлгээний хорооны дарга н.Лхагважав, гишүүд н.Ганзориг, н.Отгончимэг, н.Ганчөдөр, н.Баасансүрэн нар шийдвэрлэсэн. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн барилга, гүний худгийн байрны ажлыг сунгах гэрээг захиалагчийг төлөөлөөд НХОГ-ын дарга н.Нарантуяа, гүйцэтгэгчийг төлөөлөөд “Г” ХХК-ийн захирал С.Чинбат, зөвшөөрөн, НЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга н.Ганхүү нар нь гарын үсэг зураад дээрх гэрээг 89 413 496 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийн хүлээн зөвшөөрсөн. Ингээд “Г" ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг гаргаж өгсөн 87 834 058 төгрөгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга н.Нарантуяа гүйцэтгэлийг баталгаажуулсан нь баримтаар нотлогдож байгаа. Гүйцэтгэгч 89 413 496 төгрөгөөр төсөв гаргах хүртэл хугацаандаа “Г” ХХК-д олон удаагийн үндсэн гэрээтэй холбоотой хуралдаж байсан, хуралдаануудыг хийж байдаг. Энд 46 000 000, 140 000 000, 350 000 000 төгрөгийн санхүүжилт хүссэн албан тоот өгөөд байдаг, гэвч энд баримтаа өгөөгүй учраас НХОГ төсөв гаргаж өгсөн 89 413 496 төгрөгийг нь шидүүлээд нэмэлт зардлыг гаргаж өгөхөөс өөр аргагүй болсон гэдэг нь тогтоогдож байгаа. Хариуцагч нар Улсын дээд шүүхээс хэрэг ирсний дараа удаа дараа хүсэлт гаргасан боловч шийдэж өгөөгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Түүнчлэн 150 000 000 төгрөгийн зээл авсан гэж ярьж байна. Гэтэл урьдчилгаа 17 000 000 төгрөгөөр хадан хөрс хуулах ажлаа төлөвлөчихсөн байсан боловч 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Г” ХХК 97 696 431 төгрөг шилжүүлсэн. 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 83 720 852 төгрөг шилжүүлсэн, 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 127 883 114 төгрөгийг шилжүүлчихжээ. Энийг НХОГ-аас санхүүжилтийг яаж гаргаж өгсөн гээд байгаа, гэтэл шүүх хуралдаанд 200 000 000 – 300 000 000, 400 000 000 орчим төгрөгийн асуудал шийдэгдсэн, ажил хийгээд явсныхаа дараа хүсээд байгаа санхүүжилт нь хамгийн дээд хэмжээ нь 350 000 000 төгрөг байсан гэх зэргээр нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар бодит үнэнд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 254 153 353 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 391 664 751 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 078 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн улсын тэмдэгтийн хураамжид 1 428 717 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн 145 047 272 төгрөгийн алдангийг нэхэмжилж буй нь 752 272 000 төгрөгөөс бодож, 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны алдангийг нэхэмжилсэн. Учир нь нэхэмжлэгч байгууллагын зүгээс хариуцагч нартай 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээний дагуу алдангийг нэхэмжилсэн. Уг гэрээнд нэхэмжлэгч алданги нэхэмжлэхээр тохиролцсон боловч шүүх талууд алданги төлөх талаар тохиролцоогүй буюу гэрээнд тусгаагүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Талууд ажил гүйцэтгэх гэрээгээр барилгын ажлыг 780 000 000 төгрөгөөр 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2012 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хийж дуусгахаар тохиролцсон. Гэтэл тус ажлын газар шорооны ажил эхлэх үед инженер геологийн дүгнэлт бодит байдлаас зөрөөтэй гарч, захиалагчийн зураг төсөл хөрсний нөхцөлийн алдаанаас шалтгаалж газар шорооны ажил гүйцэтгэхэд хадан хөрс илэрсэн. Талууд хадан хөрсний ажлын төсвийг анх гэрээ байгуулахдаа 3-р зэргийн хадан хөрс, 686 м.куб гэж тусгасан боловч өнөөдрийн байдлаар гүйцэтгэгч 4 удаагийн шинжээчийн дүгнэлтээр 5 955 м.куб хадан хөрсний нэмэлт ажлыг хийсэн байдаг. Угтаа бол гүйцэтгэгч ажил гүйцэтгэх гэрээний төсөвт огт тусгаагүй 5 955 м.куб 5-р зэргийн хадан хөрсний нэмэлт ажлыг өөрсдийн санхүүжилтээр, захиалагчийн зөвшөөрлөөр хийдэг бөгөөд ингэхдээ Улаанбаатар банкнаас нэмэлт ажлын санхүүжилтэд зориулж манай компани 150 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг Улаанбаатар банкнаас авсан зээл, зээлийн гэрээний зориулалт, зарцуулалт гээд бүгд хэргийн 2-р хавтасны 170-174 тал, мөн 232-233-р тал зээлийн төлөлт тодорхой байхад анхан шатны шүүх уг үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллагын зүгээс Улаанбаатар банкнаас авсан зээлээ нэхэмжлээгүй харин ч захиалагч байгууллага ажлын гүйцэтгэлийн төлбөрийг төлөөгүйгээс манай компанид учирсан хохирол буюу банканд төлсөн зээлийн хүүг нэхэмжилсэн. Хэргийн 2-р хавтаст хэргийн 170-175 дугаар талд “Г” ХХК-д Улаанбаатар банкнаас олгосон 150 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байх ба уг зээлийн гэрээний зориулалт нь нэхэмжлэгч компанийн Цагаан давааны хогийн цэгт хийж буй барилгын нэмэлт ажлын санхүүжилтэд зориулагдсан мөн захиалагч байгууллагаас гүйцэтгэгч компанид нэмэлт ажлын санхүүжилтийг өөрсдийн хөрөнгөөр хийж шийдвэрлэж байхыг зөвшөөрч, нэмэлт ажлын хөлсийг төсвөөс гаргуулан өгөхөөр болсон шийдвэр, хурлын протоколууд хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Улаанбаатар банкнаас авсан зээл, юунд зарцуулагдсан, ямар зориулалтаар авсан нь тодорхойгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүчингүй болгож буй нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх хуулийн зарчмыг зөрчсөн.

Хэргийн 4-р хавтасны 18-30 талд “Г” ХХК-ийн 2013 онд НӨАТ-д төлсөн 46 170 810 төгрөгийн баримт, ААНБОАТ-т төлсөн 4 387 616 төгрөг, ХАОАТ төлсөн 5 101 000 төгрөг, НДШ төлсөн 12 573 000 төгрөгийн анхан шатны баримт, мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангууд, мөн 2014 оны НӨАТ төлсөн 10 500 000, ХАОAT төлсөн 2 353 000, НДШ төлсөн 4 026 000 төгрөгийн баримтууд байгаа бөгөөд эдгээр баримтуудыг шүүх чухам хэрэгт ямар байдлаар үнэлсэн нь тодорхойгүй, харин ч эдгээр үйл баримт баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг огт үнэлээгүй нь тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагууд нь хоорондоо шалтгаант холбоотой ба нэхэмжлэгчийн хийсэн нэмэлт ажлын зардал 360 604 347 төгрөг байхыг шүүх тогтоосон атлаа уг зардлыг хариуцагч нар хугацаанд төлөөгүйгээс нэхэмжлэгч банканд урт хугацаанд зээлийн хүү төлсөн, нэмэлт ажлыг гүйцэтгэхийн тул банкнаас зээл авсан, ажил дуусмагц нэхэмжлэгч байгууллага татварын байгууллагад үнэн зөв тайлангаа гарган өгч хийсэн ажлынхаа хэмжээний орлогын албан татвар төлсөн, ажлыг хийж гүйцэтгэхэд ашигласан бараа материалын зардалд НӨАТ төлсөн, уг ажлыг хийж гүйцэтгэсэн хүмүүсийн цалин мөнгө, НДШ-г төлсөн нь дээрх 360 604 347 төгрөгийн хийсэн нэмэлт ажилд шууд холбоотой байхад үүнийг анхан шатны шүүх хохиролд тооцохгүй гэж дүгнэж байгаа нь шүүх хохирлын үйл баримтын талаар зөв үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзнэ. Нэхэмжлэлийн шаардлагын эдгээр үйл баримттай холбоотой шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг огт үнэлээгүй тул хэргийн 1-р хавтас 236-237 дугаар тал, 2-р хавтас 170-172 дугаар тал, 231-233 дугаар тал, 4-р хавтас 18-24 дүгээр талд байгаа нотлох баримтуудыг анхаарч үзэхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 270 821 898 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “НХОГ” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн барилга, гүний худаг, худгийн байр барих ажлын ЦДБГХТШ дугаартай гэрээг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн ХТГ/одоогоор Нийтийн үйлчилгээний УН ОНӨААТҮГ/, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч НХОГ ОНӨААТҮГ. Санхүүжилтийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, гүйцэтгэгч “Г” ХХК-тай хамтран 780 000 000 төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулсан. 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 359/2014 тоот улсын комиссын акт баталгаажиж гүйцэтгэгч байгууллага болох “Г” ХХК-д санхүүжилт 100 хувь олгогдсон. Дээрх гэрээт ажлын нэмэлт ажилтай холбоотойгоор НХОГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасны дагуу нэмэлт ажлын гэрээг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Г” ХХК-тэй 89 400 000 төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулж, санхүүжилт бүрэн олгогдсон. НХОГ нь хуулийн дагуу арга хэмжээг авч ажилласнаар хүлээх үүрэг дуусгавар болсон. Нийтийн үйлчилгээний УН ОНӨААТҮГ нь Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн зураг төсөв зохиох, боловсруулах тухай 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 01-05 дугаар гэрээг Хот тохижилтын газрыг төлөөлж орлогч дарга Д.Пүрэвдорж /захиалагч/, Уран асар ХХК-ийн захирал А.Дариймаа /гүйцэтгэгч/ нар байгуулсан. Дээрх гэрээнд зураг төслөөс үүдэн гарах аливаа хохирол, зардлыг гүйцэтгэгчээр төлүүлэхээр талууд тохиролцсон байдаг боловч ажлын явцад барилгын зураг төсөв зөрснөөс нэмэлт ажлын зардал гарсан байхад Нийтийн үйлчилгээний УН ОНӨААТҮГ ямар нэгэн арга хэмжээг аваагүй. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр зургаасаа зөрүүтэйгээр тусгагдсан зэрэг нь зураг төслийн Уран асар ХХК нь мэргэжлийн алдаа гаргасан гэж харагдаж байна гэжээ. Тус гэрээнд НХОГ нь нэг тал болж үүрэг хүлээхээр оролцоогүй байхад зураг төсвийн алдаанаас гарсан хариуцлагыг хамтран хүлээлгэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар нэмэлт ажлын шууд зардалд нийтдээ 360 604 347 төгрөг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдож байна гэсэн байх бөгөөд энэ нь хавтаст хэргийн хаана байх, ямар баримтаар нотлогдож байгаа тодорхойгүй байна. Нэмэлт зардлын 360.604.347 төгрөгийг гаргуулах нотлох баримтыг тодорхой дурдаж өгөөгүй буюу нэмэлт ажлын зардал буюу хадан хөрс илэрсэн байдлыг яаж тодорхойлсон нь эргэлзээтэй ойлгомжгүй байна. Шүүх дээрх маргаан бүхий нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг хангаж чадаагүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “ХТГ” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх “Г” ХХК нь НХОГ-аас олгосон эрхийн дагуу тендерийн ажлыг гүйцэтгэхтэй холбоотой байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр 780 000 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий Цагаан давааны хогийн цэгийн барилгын ажлыг гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэхдээ хариуцагчаар татагдвал зохих этгээдийг зөв зүйтэй дүгнээгүй, мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч талаас НХОГ-аас авсан санхүүжилт болон нэмэлт ажлын зардлын талаарх шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч талын нэмэлт ажлын зардалд 360 604 347 төгрөг гарсан тухайд ямар баримтыг үндэслэн шийдвэр гаргасан нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь нотлох үүргээ биелүүлээгүй байхад зөвхөн алдангид 145 047 272 төгрөг, хохиролд 247 219 571 төгрөгийг тус тус шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэн дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа 360 604 347 төгрөгийг ямар баримтаар нотолж буй нь тогтоогдоогүй байхад хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. талуудын хэн аль нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэгч талыг гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлээгүй асуудал нь НХОГ-ын хяналтын инженер тухайн нөхцөл байдалд ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаас үүдэлтэйгээр нэмэлт ажлын гүйцэтгэл хийгдсэн, мөн нэхэмжлэгч тал нь анхны зураг төслийг өөрчилж, энэ нь гүйцэтгэлийн зардал өөрчлөгдөхөд нөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, эрх бүхий байгууллагын нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган хариуцагч талуудаас 254 153 353 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулах буюу ХТГ-с 127 076 676 төгрөг гаргуулан нэхэмжлэгч талд олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “НХОГ” ОНӨААТҮГ-аас 278 197 304 төгрөг, “ХТГ” ОНӨААТҮГ-аас 367 610 800 төгрөг, нийт 645 808 104 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргахдаа ажил гүйцэтгэх гэрээний дагуу санхүүжилтийг бүрэн олгож, ажлын үр дүнг хүлээж авснаар захиалагчийн үүрэг дуусгавар болсон, нэхэмжлэгч тал нэмэлт ажлын зардал гарснаа санхүүгийн анхан шатны баримтаар нотлоогүй гэжээ.

             Зохигчдын хооронд  2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Баянзүрх дүүргийн “Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн барилга, хүний худаг, худгийн байр барих ажлын гэрээ”-гээр захиалагч нар ажлыг 780 000 000 төгрөгөөр санхүүжүүлэх, ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусган захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх зөв дүгнэжээ. 

Ажил гүйцэтгэгч барилгын суурийн газар шорооны ажил эхлүүлэхэд 5 дугаар зэргийн хадан хөрс гарч ирсэн нь 3 дугаар зэргийн хөрсөөр бодож төлөвлөснөөс өөрчлөгдсөн, үүнтэй холбоотойгоор талууд гэрээний хугацааг 2014 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэл сунгаж, улмаар 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн нэмэлт ажлын гэрээгээр 89 400 000 төгрөгийн нэмэлт санхүүжилт төлөхөөр захиалагч НХОГтай тохиролцсон байна.

Захиалагч тал дээрх хоёр гэрээнд заасан санхүүжилтийг бүрэн өгч, ажил гүйцэтгэгч ажлыг 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгаж, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр улсын комисс актаар хүлээн авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

            Харин гэрээ байгуулсны дараа газар шорооны ажил эхлэх үед хөрсний бүтэц нь инженер геологийн судалгааны дүгнэлтээр тодорхойлсон хөрснөөс өөр төрлийн буюу 5 дугаар зэргийн хадан хөрс илэрсэнтэй холбоотойгоор барилгын суурийн газар шорооны ажлын хэмжээ өөрчлөгдөж, нэмэлт зардал гарсан нь ямар хэмжээтэй болох, уг зардлыг захиалагчаас санхүүжүүлэх үүрэгтэй эсэхээр талууд маргаж байна.

            Ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч “Г” ХХК нь хадан хөрс илэрсэнтэй холбоотойгоор газар шорооны ажлын зардал нэмэгдсэн талаар захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын болон ажил гүйцэтгэгчийн төлөөллийг оролцуулан хэлэлцсэн 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдсан ба санхүүгийн дэмжлэг үзүүлэх болон нэмэлт хөрөнгийг 2014 онд шийдвэрлэнэ, ажлыг хугацаанд нь дуусгах шаардлагатай гэж захиалагч тал үзсэн нь тэмдэглэлд тусгагджээ. /хх1-26, 27/

            2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Нийтийн үйлчилгээний УНийн Ерөнхий инженер бөгөөд Шуурхай удирдлагын төвийн дарга болон инженер, хуулийн зөвлөх, “Г” ХХК-ийн захирал нар оролцсон хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан ба ажил гүйцэтгэгчээс 350 сая төгрөгийн нэмэлт зардал гаргаснаа танилцуулснаар уг зардлыг геологийн дүгнэлт, нотлох төсөв, улсын байцаагчийн акт, дүгнэлтээр баталгаажуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. /хх2-79/

            Мөн захиалагч талуудыг оролцуулсан комисс гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах үед ажил гүйцэтгэгч “Г” ХХК-ийн захирал С.Чинбат ажил эхлэх үед суурийн хөрс геологийн дүгнэлтээр тодорхойлсноос өөр байснаас компани 450 гаран сая төгрөгийн зардал гаргасны 387 сая төгрөгийг шийдвэрлэж өгсний 87 сая төгрөг олгогдсон, 300 сая төгрөг хүлээгдэж байгаа тухай ярьсан нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байна. /хх1-31-33/

            Улмаар хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх явцад хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч газар шорооны ажлын хэмжээ нэмэгдсэнийг зөвшөөрсөн, хариуцагч ХТГхяналтыг хөрөнгө оруулалтын газар хийж байсан тул нэмэгдсэн ажлын хэмжээг тодорхой мэдэхгүй гэж тайлбарлажээ.

            Дээрх баримтуудаас үзвэл ажил гүйцэтгэгч нь гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэмэлт зардал гарсан талаар захиалагчид мэдэгдэж, энэ талаар удаа дараа хэлэлцэж байсан, захиалагч тал ажлын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой зардлыг шийдвэрлэх боломжтой талаар хариу өгсөн, улмаар ажлыг гүйцэтгэж дуусгахыг даалгасан, үр дүнг хүлээн авсан боловч нэмэлт зардлыг шийдвэрлэж өгөөгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

            Иймд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсгийн дагуу гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг ажил гүйцэтгэгч шаардсан, захиалагч нэмэлт зардлыг шийдвэрлэх талаар удаа дараа мэдэгдэж, маргаан бүхий ажлыг ажил гүйцэтгэгчийн зардлаар хийлгүүлж, үр дүнг хүлээн авсан боловч ажлын хөлсийг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнд тохирсон хөлсийг шаардах эрхтэй.

            Ажил гүйцэтгэгч нэмэлт ажлыг хийж гүйцэтгэхдээ инженер геологич нь зургийн зохиогч, захиалагчтай хамтран хадан хөрс цаашид суурь суух төслийн түвшин хүртэл үргэлжлэх байдлыг тодорхойлон эдийн засгийн хувьд ашигтай, техникийн оновчтой шийдлийг гаргаагүй, автомашин, хүнд механизм гаражид орж гарах хаалганы байрлалыг өөрчилж урд нь машин механизмын эргэх, зогсох талбайг шинээр төлөвлөн хийснээс төсвөөс давсан нэмэгдэл зардал гарсан талаар Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 02-07/79/479 дугаар дүгнэлтэд заажээ.

            Хэргийн дээрх нөхцөл байдлаас үзвэл төлөвлөснөөс өөр хөрс гарч ирсэн, ажлын хэмжээ нэмэгдсэнийг гэрээний талууд үгүйсгээгүй, тодорхой хэмжээний нэмэлт зардлыг зөвшөөрч ажлыг дуусгуулахдаа харилцан тохиролцож, зургийг өөрчлөн оновчтой шийдлийг гаргаагүй, ажлын хөлсийг тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлгээг бодож, хөлсийг тодорхойлох боломжтой.

Давж заалдах шатны шүүх “Баянмодот” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь нэмэлт ажлын хэмжээ, явц, ажил гүйцэтгэгч, захиалагчийн оролцоо, үүрэг, зардлын хэмжээ зэргийг багтааж харгалзан үзсэн, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж нэмэлт зардлыг тус дүгнэлтээр тогтоосон 249 616 836 төгрөгөөр тооцох, үүнээс 2013 онд гараар хийсэн хөрс шорооны ажлын зардал 18 870 000 төгрөг болсныг анхны гэрээгээр төлсөн 17 000 000 төгрөгөөр тооцон хасч, мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нэмэлт гэрээгээр олгосон 89 400 000 төгрөгийг хасч, шууд нэмэлт зардалд 143 216 836 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Түүнчлэн захиалагч буюу хариуцагч тал нэмэлт ажлыг зөвшөөрч санхүүжилтийг өгөх талаар ажил гүйцэтгэгчид зөвшөөрснөө биелүүлээгүй, ажил гүйцэтгэгч түүний зөвшөөрлийн дагуу ажлыг гүйцэтгэхдээ банкнаас зээл авч, зээлийн хүүд 40 664 010 төгрөг төлсөн нь Улаанбаатар салбарын 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 12/66 дугаар албан бичиг /хх2-170-172, зээлийн дансны хуулгаар /хх1-231-233/ тогтоогдож байх бөгөөд нэмэлт зардлыг санхүүжүүлэх үүргээ зөрчсөнөөс хохирсон хохиролд тооцож нэхэмжилснийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хангах үндэслэлтэй

Дээрхийг нэгтгэвэл нийт 183 880 846 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хариуцагч НХОГ нь нэмэлтээр 89 400 000 төгрөгийн санхүүжилт хийснийг тооцон хоёр хариуцагчаас хөлс, хохирол ялгамжтай нэхэмжилсэн байдлыг харгалзан шүүх хариуцагч ХТГОНӨААТҮГ-аас 136 640 423 төгрөгийг, хариуцагч “НХОГ” ОНӨААТҮГ-аас 47 240 423 төгрөгийг тус тус гаргуулах нь Иргэний хуулийн 343  дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзэв.

Анхан шатны шүүх нэмэлт ажлын хөлс буюу шууд гарсан нэмэлт зардлын хэмжээг 360 604 347 гэж ажил гүйцэтгэгчийн тодорхойлсноор нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл муутай, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журамд нийцүүлэн үнэлээгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг энэ үндэслэлээр хангаж, шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг оруулав.

            Мөн нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зөрчсөнөөс банканд хүү төлж хохирсон гэж нэхэмжилснийг хангаагүй талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй, нэхэмжлэлийг хангасан болон хэрэгсэхгүй болгосон дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилалтад мөн өөрчлөлт оруулна.

            Түүнчлэн шүүх ХТГОНӨААТҮГ нь ажлын явцад хяналт тавьж, ажлын үр дүнг хүлээн авахад оролцсон байх тул түүний захиалагч биш гэх татгалзлыг шүүх үндэслэлгүй гэж үзсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6-т нийцнэ.

Мөн талууд нэмэлт ажлын гэрээг бичгээр байгуулаагүй тул алдангид 145 047 272 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгийг зөрчихгүй.

Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл нь шинжээчийн дүгнэлтээр нэмэлт ажлын зардалд багтаж тооцогдсон, хүн амын орлогын албан татварыг байгууллага нэхэмжлэх үндэслэлгүй тул нэмэлт ажилд зардал гаргасантай холбоотой татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг тусад нь шаардсаныг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Иймд нэхэмжлэлийн дээр дурдсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн дурдсан үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

            Шүүгчийн 2014 оны 4428, 2014 оны 18025 дугаар дугаар захирамжаар томилогдож дүгнэлт гаргасан шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжилсэн 2 800 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн, мөн 2018 оны 547 дугаар захирамжаар томилогдож дүгнэлт гаргасан шинжээч ажлын хөлсөнд 9 720 000 төгрөгийн зардал нэхэмжилснээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар 3 194 052 төгрөг төлснийг дурдаж шүүхийн зардлыг талуудад хуваарилахдаа шүүх нэхэмжлэлийг хангасан болон хэрэгсэхгүй болгосон хувь хэмжээгээр тооцоогүй байх бөгөөд шүүхийн зардлын хуваарилалт ойлгомжгүй гэх ХТГ давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийн дагуу шинжээчийн ажлын хөлс болох нийт 12 519 999 төгрөгийн шүүхийн зардлыг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар талуудад хуваарилбал 72 хувийг нэхэмжлэгчид, 21 хувийг хариуцагч ХТГт, 7 хувийг НХОГт хариуцуулах үндэслэлтэй гэж үзэв. .

            Дээрх байдлаар тооцвол нийт 12 519 999 төгрөгөөс 9 014 400 төгрөгийг нэхэмжлэгч “Г” ХХК, 2 629 199 төгрөгийг хариуцагч ХТГОНӨААТҮГ, 913 960 төгрөгийг хариуцагч “НХОГ” ОНӨААТҮГ тус тус нөхөн төлөх үндэслэлтэй.

            Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 800 000 төгрөгийн шүүхийн зардлыг төлсөн тул нэхэмжлэгчээс нэмж 6 214 400 /9 041 400-2 800 000/ төгрөгийн шүүхийн зардлыг гаргуулах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчээс 3 194 052 төгрөгийг гаргуулж Шүүхийн тамгын газарт, 3 020 348 төгрөгийг гаргуулж Баянмодот ХХК-д, мөн хариуцагч ХТГ” ОНӨААТҮГ-аас 2 629 199 төгрөгийг, хариуцагч “НХОГ” ОНӨААТҮГ-аас 913 960 төгрөгийг тус тус гаргуулж Баянмодот ХХК-д олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад оруулна.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн 1, 2, 3 дахь заалтад оруулж, нэхэмжлэгчийн болон хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч НХОГ ОНӨААТҮГ-аас 47 240 423 төгрөг, ХТГ ОНӨААТҮГ-аас 136 640 423 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 461 937 259 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч “НХОГ” ОНӨААТҮГ болон “ХТГ” ОНӨААТҮГ-аас хувь тэнцүүлэн улсын тэмдэгтийн хураамжид 1 428 717 төгрөг гаргуулж” гэснийг  “хариуцагч “НХОГ” ОНӨААТҮГ-аас 841 152 төгрөгийг, ХТГ” ОНӨААТҮГ-аас 394 152 төгрөгийн тус тус гаргуулж” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн зардлыг хуваарилж, нэхэмжлэгч “Г” ХХК-иас 3 194 052 төгрөгийг гаргуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн тамгын газарт, 3 020 348 төгрөгийг гаргуулж Баянмодот ХХК-д, мөн ХТГ” ОНӨААТҮГ-аас 2 629 199 төгрөгийг, хариуцагч “НХОГ” ОНӨААТҮГ-аас 913 960 төгрөгийг тус тус гаргуулж Баянмодот ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч НХОГ” ОНӨААТҮГ-аас төлсөн 858 334 төгрөгийг, ХТГ” ОНӨААТҮГ-аас төлсөн 938 345 төгрөгийг, нэхэмжлэгч “Г” ХХК-аас төлсөн 1 513 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

 

           ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

            А.ОТГОНЦЭЦЭГ