Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00492

 

“Г... трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01488 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2253 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Г... трейд” ХХК

          Хариуцагч: “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГазар,

          Хариуцагч: “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГазарт холбогдох

          Нийт 662,858,504 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадербек, өмгөөлөгч Д.Данзандорж, Д.Отгонбат, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болорчулуун, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: “Г... трейд” ХХК хариуцагч нартай 2012-08-30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу суурийн ажил хийгдээд хөрс хуулалт эхлэх явцад “Жоншт уул” ХХК-с 3-р зэргийн шороон хөрс гэж хөрсний шинжилгээг хийж, 780 сая төгрөгийн гэрээний үнийн дүнгийн төсөвт өртгийг гаргаж манайх гэрээнд саналаа оруулахад “Жоншт уул” ХХК-ийн инженер, геодезийн дүгнэлтээр 17,050,900 төгрөгийн газар шорооны ажлын төсөвт өртөгтэй шороон хөрс байсан. Захиалагч болох хариуцагч нарыг байлцуулан Топкат компани газрыг 0 тэнхлэг буюу улаан шугамыг тавьж гүйцэтгэгч болох “Г... трейд” ХХК-д газрыг зааж өгсөн. Ингээд хөрс хуулалт эхлээд 40 см явсны дараагаар 5-р зэргийн шууд хадан хөрс гарч ирсэн. Хадан хөрс гарч ирсэн учраас хадыг ухах, цаашид хөрсний эх, инженер геодезийн дүгнэлт илтэд зөрүүтэй байсан тул барилгын ажлыг түр зогсоосон. Захиалагч нар хамтран уулзаж, ярилцсаны үр дүнд ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг НХОГ, Хот тохижилтын газар үргэлжлүүлэх, нэмэлт зардлыг шийдэж өгөх талаар 3 удаагийн хуралдаан хийж хурлын тэмдэглэлээр энэ үйл баримтыг талууд баталгаажуулж гарын үсэг зурсан. 2012-12-12-ны өдөр гэрээг сунгах хүсэлт, хадан хөрсний зөрүүтэй байдлаас үүдэн барилгын ажил хойшилсон. Гэрээг 2013-5-17-с 2014-12-01-ний өдөр хүртэл сунгасан. Нэхэмжлэгч талаас 2013-12-15-ны өдөр гэрээний хугацаанд ажлыг гүйцэтгэж дуусган, 2014-01-23-ны өдөр барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 41-р зүйлд гэрээнд нөхөн төлбөр хийх нөхцөлийг талууд тохирсон. Иргэн Ц.Цэрэндаштай анх гэрээгээр тохиролцсоны дагуу манайх өөрийн экскаватороор ажиллаад хайрган хөрсийг шууд ухаад суурийн ажлыг хийнэ гэж төлөвлөж байсан. Гэтэл 5-р зэргийн хадан хөрс гарч ирснээр экска хэрэг болсон. Энэ экскаг Ц.Цэрэндашаас авч 135 сая төгрөгийн ажлын хөлсийг дансаар болон бэлнээр шилжүүлсэн. Мөн өөрийн экска буюу 8558 гэсэн Хьюндай маркийн экскагаар 93,921,000 төгрөгийн шатахуун хэрэглэж ажил гүйцэтгэсэн. Мөн Ц.Цэрэндашид төлсөн 135,000,000 төгрөгөөс гадна 71,143,347 төгрөгийн шатахууны НӨАТ-ыг шилжүүлж Ц.Цэрэндаштай шатахууны тооцоо нийлсэн акт үйлдсэн. Гэрээний нөхцөл өөрчлөгдсөн тул 780 сая төгрөг өгөх ёстой графикт санхүүжилт хүрээгүй, ажил хийх нөхцөл байдал боломжгүй болсон. Энэ нөхцөл байдалд гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээгээр Барилгын тухай хууль, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу санхүүжилт олгох ёстой. Талуудын хооронд хийгдсэн гэрээний үнийн дүн нь 2014 онд Нийслэлийн төсөвт суулгаж, энэ мөнгийг гаргаж өгнө гэж хариуцагч мэдэгдсэн учраас бид аргагүйн эрхэнд Улаанбаатар банкнаас 150 сая төгрөгийн зээл авч суурийн ажлыг ухсан. Улаанбаатар банкнаас авсан зээлээс 19,868,030 төгрөгийг хүүнд, нэмэгдүүлсэн хүүнд 463,950 төгрөг төлсөн. 2013-12-01-ний өдөр дуусах ёстой байсан ажил 2014 он болж сунгагдсан учраас зайлшгүй зардлууд гарсан. Ингээд 2014 онд шууд гарсан зардлын 458,779,783 төгрөгийг шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг Хот тохижилтын газрын дарга байсан н.Энхсайханд мэдэгдэж протоколд тэмдэглүүлж гарын үсэг зурсан, мөн НХОГ-ын н.Цэдэнсодном гарын үсэг зурж хариуцагч мөн зөвшөөрсөн байдаг. Үүний дагуу 2015 оны нийслэлийн төсөвт суулгаж өгнө гэсэн нь одоо нийслэлийн төсөвт суулгаж өгөх боломжгүй боллоо, зардлыг гаргаж өгөх боломжгүй гэж 2014-6-04-ний өдөр нэмэлт зардлыг өгөхгүй гэдэг хариу өгсөн. Шүүхээс 4 удаа шинжээч томилсон. Шинжээч Барилгын төсөвчдийн холбоо 765,401,447 төгрөгийн дүгнэлт гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөөгүй, Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж 580,690,205 төгрөгийн дүгнэлт гарсан, хариуцагч нар мөн зөвшөөрөөгүй. н.Түмэндэмбэрэл, Г.Чогдон нарыг шинжээчээр томилсон 108,452,434 төгрөгийн дүгнэлт гарсан. Мөн зөвшөөрөөгүй учраас шүүх хэргийг бүрэн хэлэлцсэний дараа шинжээч томилж байж шийдэх ёстой юм байна гэж үзээд шүүхээс “Баянмодот” ХХК-ийг шинжээчээр томилсон 249,616,836 төгрөгийн дүгнэлт тус тус гарсан. Эдгээр 4 дүгнэлт нь илтэд өөр үнийн дүнтэй бөгөөд Улсын дээд шүүхээс  буцаахдаа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслэж хийх ёстой гэх байдлаар буцаасан. Эдгээр 4 шинжээчийн дүгнэлтийн аль нь ч нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслээгүй, зөвхөн барилгын төсвийг бодох програм, мөн барилгын хадан хөрсний м.куб-ыг тооцох аргачлалыг үндэслэж дүгнэлт гаргасан. 2014 оны “Г... трейд” ХХК-ийн жилийн эцсийн санхүүгийн тайлан, түүнд хийсэн аудитын тайлан/хх3-н 204, 208/ хэрэт авагдсан. Энд 1,300,570,000 төгрөгийн авлагатай энэ авлага нь 752 сая төгрөг нь НХОГ, Хот тохижилтын газраас авлагыг оруулж нягтлан бодох бүртгэлийн анхан дунд, дээд шатны баримтуудад тусгагдсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага болох 752,272,000 төгрөгөөс 89,413,496 төгрөгийг НХОГ-с авсан. Иймд 662,858,504 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргаж өгнө үү гэжээ.

          Хариуцагч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГазар тайлбартаа: 2012-8-30-ны өдрийн гэрээний тухайд Нийслэлийн хот тохижилтын газрын 2012-02-29-ний өдрийн A/11-p тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны захирамжийн дагуу ТБОНӨХБАҮХАТХуулийн 29.2-р манайхыг гэрээ байгуулж хяналт тавьж ажиллахыг даалгасан. Үүний дагуу “Г... трейд” ХХК-тай гэрээ байгуулж нэхэмжлэлд дурдсан БЗД-ийн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн барилга, худгийн байр барих ажлыг 2012-8-30-ны өдөр Нийслэлийн хот тохижилтын газар буюу одоогийн Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, хяналт хэрэгжүүлэгчээр НХОГазар ОНӨААТҮГ, санхүүжилтийг НЗДТГазрын санхүү төрийн сангийн хэлтэс, гүйцэтгэгч “Г... трейд” ХХК-иуд оролцсон 780сая төгрөгийн гэрээг байгуулсан. Гэрээгээр байгуулагдсан ажил 2014-01-23-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 356/2014 тоот улсын комиссын акт баталгаажсанаар дуусгавар болсон. Санхүүжилтийг олгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажил гүйцэтгэх явцад барилгын зураг төсөл зөрсөн, нэмэлт ажлын зардал гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл нь Цагаан давааны хогийн цэгийн зураг, төсөл боловсруулах тухай 2012-1-16-ны өдөр 01/05 дугаартай гэрээг Хот тохижилтын газрыг төлөөлж орлогч дарга н.Пүрэвжав, Уран асарын төлөөлөгч н.Даариймаа байгуулсан байдаг. Тус гэрээгээр НХОГазар нь ямар нэгэн тал болж үүрэг хүлээн оролцоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

         Хариуцагч “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГазар тайлбартаа: 2013-12-01-ний өдөр хүртэл гэрээний хугацааг сунгахаар шийдвэрлэсэн. Улмаар 2013-05-13-ны өдөр захиалагч НХОГ-ын захиалагчийн хэлтсийн дарга н.Зундуй, хуулийн зөвлөх н.Батдэлгэр, гүйцэтгэгч “Г... трейд” ХХК-ийн захирал С.Чинбат нар НХОГ-ын захиргааны хэлтсийн хяналтын инженер н.Амарзаяа, н.Оюунбилэг, н.Буянбат, НХОГ-ын ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг нарыг байлцуулан протокол хөтлүүлэн маргаан бүхий хогийн цэгт барилгын ажил хийх ажлын гэрээг 2013-12-01-ний өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. Гэрээ дүгнэсэн протоколыг баталгаажуулахдаа захиалагчаар НХОГ ороод Хот тохижилтыг байлцуулахгүйгээр гэрээ дүгнэсэн протокол үйлдээд гэрээгээ сунгачихдаг. Үүний дараа удаа дараагийн уулзалт хийх гэтэл шийдвэрлэсэн гэдэг боловч нэхэмжлэгч талаас нэмэлт зардал гарсан талаар баримтаа огт гаргаж өгөөгүй. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын акт /хх1-н 112-114/ нь ИХ-ийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ дууссан. Улсын комисс ажлыг хүлээгээд авчихсан учраас 2014-01-23-ны өдөр гэрээ дүгнэсэн протоколыг үйлддэг, Гэрээний захиалагч /хх1-19/ НХОГ-ын захиалагчийн хяналтын инженер н.Баасансүрэн, хуулийн зөвлөх н.Батдэлгэр, гэрээний нөгөө тал гүйцэтгэгч гэсэн хэсэгт “Г... трейд” ХХК-ийн захирал С.Чинбат нар НХОГ-ын захиалгын хэлтсийн дарга н.Лхагважав, НХОГ-ын ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг нарыг байлцуулаад гэрээт ажлыг дүгнэчихсэн. “Г... трейд” ХХК 89,413,496 төгрөг гаргасан төсвийг мэргэшсэн төсөвчний магадалгаа хийлгэдэг. Энэ зардлын тооцоог үндэслээд НЗДаргын 2014-12-03-ны өдрийн А/1056 тоот хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай захирамжаар 89,413,496 төгрөгийн төсвийг баталсан. Тухайн үед нэмэлт зардал гарсан гэдэг нь тодорхой байсан учраас нэхэмжлэгч нэмэлт зардлын төсөвт 89,413,496 төгрөг авсан гэдэг ажлынхаа төсвийг өөрсдөө зохиож гаргаж өгсөн. Үнэлгээний хорооны 2013-12-06-ны өдрийн хурлын тогтоол шийдвэрийг үндэслээд БЗД-ийн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн барилга, гүний худгийн байр барих нэмэлт ажлын тухай ажлыг үндэслэн шууд гэрээ байгуулсныг дүгнэсүгэй гээд энэ зөвлөмжийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас байгуулагдсан үнэлгээний хорооны дарга н.Лхагважав, гишүүд н.Ганзориг, н.Отгончимэг, н.Ганчөдөр, н.Баасансүрэн нар шийдвэрлэсэн. Ингээд 2013-12-10-ны өдөр БЗД-ийн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн барилга, гүний худгийн байрны ажлыг сунгах гэрээг захиалагчийг төлөөлөөд НХОГ-ын дарга н.Нарантуяа, гүйцэтгэгчийг төлөөлөөд “Г... трейд” ХХК-ийн захирал С.Чинбат, зөвшөөрөн, НЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга н.Ганхүү нар нь гарын үсэг зураад дээрх гэрээг 89,413,496 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийн хүлээн зөвшөөрсөн. Ингээд “Г... трейд” ХХК нь 2014-02-16-ны өдөр барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг гаргаж өгсөн 87,834,058 төгрөгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга н.Нарантуяа гүйцэтгэлийг баталгаажуулсан нь баримтаар нотлогдож байгаа. Гүйцэтгэгч 89,413,496 төгрөгөөр төсөв гаргах хүртэл хугацаандаа “Г... трейд” ХХК-д олон удаагийн үндсэн гэрээтэй холбоотой хуралдаж байсан, хуралдаануудыг хийж байдаг. Энд 46сая, 140сая, 350сая төгрөгийн санхүүжилт хүссэн албан тоот өгөөд байдаг, гэвч энд баримтаа өгөөгүй учраас НХОГ төсөв гаргаж өгсөн 89,413,496 төгрөгийг нь шидүүлээд нэмэлт зардлыг гаргаж өгөхөөс өөр аргагүй болсон гэдэг нь тогтоогдож байгаа. Хариуцагч нар Улсын дээд шүүхээс хэрэг ирсний дараа удаа дараа хүсэлт гаргасан боловч шийдэж өгөөгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Түүнчлэн 150сая төгрөгийн зээл авсан гэж ярьж байна. Гэтэл урьдчилгаа 17сая төгрөгөөр хадан хөрс хуулах ажлаа төлөвлөчихсөн байсан боловч 2012-12-17-ны өдөр “Г... трейд” ХХК 97,696,431 төгрөг шилжүүлсэн. 2013-02-07-ны өдөр 83,720,852 төгрөг шилжүүлсэн, 2013-6-11-ний өдөр 127,883,114 төгрөгийг шилжүүлчихжээ. Энийг НХОГ-аас санхүүжилтийг яаж гаргаж өгсөн гээд байгаа, гэтэл шүүх хуралдаанд 200 сая, 300 сая, 400 сая орчим төгрөгийн асуудал шийдэгдсэн, ажил хийгээд явсныхаа дараа хүсээд байгаа санхүүжилт нь хамгийн дээд хэмжээ нь 350 сая төгрөг байсан гэх зэргээр нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар бодит үнэнд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 182/ШШ2018/01488 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 254,153,353 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 391,664,751 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,078,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамж  1,428,717 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2253 дугаар магадлалаар шийдвэрийн 1,2,3 дахь заалтыг өөрчлөн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийг баримтлан “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-аас 47,240,423 төгрөг, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас 136,640,423 төгрөг тус тус гаргуулж “Г... трейд” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 461,937,259 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-аас 841,152 төгрөг, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас 394,152 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан  “Г... трейд” ХХК-иас 3,194,052 төгрөг гаргуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн тамгын газарт., 3,020,348 төгрөгийг гаргуулж “Баянмодот” ХХК-д., “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-с 2,629,199 төгрөг, “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-аас 913,960 төгрөгийг тус тус гаргуулж “Баянмодот” ХХК-д олгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна. 

       Нэхэмжлэгч тал хяналтын гомдолдоо: Нэхэмжлэлээс 461,937,259 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт гомдол гаргаж байна. “олох ёстой байсан ашиг орлого 121,444,945” төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдоогүй болно. Шүүх 145,047,272 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч 145,047,272 төгрөгийн алданги нэхэмжилж буй нь 752,272,000 төгрөгөөс бодож, 2014-06-04-ний өдрөөс, 2015-05-04-ний өдөр хүртэлх хугацааны алдангийг нэхэмжилсэн. Гэтэл шүүх алданги гаргаагүй нь буруу. Учир нь нэхэмжлэгч хариуцагч нартай 2012-08-30-ны өдөр байгуулсан БЗД-н Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн барилга, гүний худаг, худгийн байр барих ажлын гэрээ, гэрээний тусгай нөхцөл мөн 2013-05-17-ны өдрийн №ЦДБГХТШ 2012.2 гэрээний дагуу алдангийг нэхэмжилсэн. Уг гэрээнд алдангийн тохиролцоонууд тусгагдсан байдаг. Тухайлбал. БЗДЦДТХЦ барих, 2012.08.30-ны өдрийн гэрээний 5-д “...дор дурдсан баримт бичиг гэрээний салшгүй хэсэг байна гэж, 5.3-т гэрээний тусгай нөхцөл, 5.4-т гэрээний ерөнхий нөхцөл гэж, гэрээний ерөнхий нөхцөлийн 40.1-т Захиалагч төлбөрийг хугацаанд нь хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн төлбөрт ногдох торгуулийг дараагийн төлбөр хийхдээ хамт төлнө. Торгуулийг төлбөр төлөх ёстой байсан өдрөөс төлбөрийг хийсэн өдөр хүртэл хугацаанд тооцно гэж, харин торгууль тооцох аргачлалыг мөн гэрээний тусгай нөхцөлийн 46.0 алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний нийт үнийн 0.05 хувь байна гэж мөн гэрээний ерөнхий нөхцөлийн 46.2-т захиалагч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээний тусгай нөхцөлийн 46.0-т заасан аргачлалын дагуу, гэрээний ерөнхий нөхцөлийн 40.1-т заасан алдангийг гүйцэтгэгчид төлөх хариуцлага ногдуулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан 2012-08-30-ны өдрийн БЗД-н Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн барилга, гүний худаг, худгийн байр барих ажлын гэрээ, гэрээний ерөнхий, тусгай нөхцөл мөн хариуцагч нарт байгуулсан 2013-05-17-ны өдрийн Дугаар №ЦДБГХТШ 2012.2 гэрээний дээрх зохицуулалтыг харж үзээгүй, талууд алданги төлөх талаар тохиролцоогүй буюу гэрээнд тусгаагүй байна гэж үзсэн. Энэ нь ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-г зөрчсөн. Түүнчлэн ИХ-ийн 231 дүгээр зүйлд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талууд үүргийн гүйцэтгэлийн хангуулах аргыг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 231.1.1-т зааснаар анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд анзыг ИХ-н 232.1, 232.6-т заасны дагуу талууд гэрээнд тусгаж төлөхөөр тохиролцсон тохиолдолд шаардах эрх үүсдэг юм. Иймд шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаанд талуудын үүрэг, хариуцлагаас хамаарч гэрээнд заасан хувь хэмжээгээр төлөхөөр харилцан тохиролцсон анзыг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзэж буй нь шүүх хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн төдий хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээгүй хэрэглээгүй гэж үзнэ. Нэхэмжлэлийн шаардлагаас НӨАТ төлсөн 56,670,000 төгрөг, ААНОАТ-т төлсөн 4,387,616 төгрөг, ХОАТ төлсөн 7,454,000 төгрөгийг, НДШ-д төлсөн 16,599,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо нэмэлт ажлыг хийхэд зарцуулсантай холбоотой татваруудыг төлсөн нь хангалттай нотлогдоогүй гэжээ. Гэтэл “Г... трейд” ХХК-ийн /хх4- 18-30/ 2013 онд НӨАТ-д төлсөн 46,170,810 төгрөгийн баримт, ААНОАТ-т төлсөн 4,387,616 төгрөг, ХАОАТ төлсөн 5,101,000 төгрөг, НДШ төлсөн 12,573,000 төгрөгийн анхан шатны баримт, мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангууд, мөн 2014 оны НӨАТ төлсөн 10,500,000, ХАОАТ төлсөн 2,353,000, НДШ төлсөн 4,026,000 төгрөгийн баримтууд байгаа.Шүүх эдгээрийг  ямар байдлаар үнэлсэн нь тодорхойгүй.Шүүх эдгээрийг тогтоогдоогүй гэж үзсэн нь  баримтыг огт үнэлээгүйтэй холбоотой. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 360,604,347 төгрөгийг хангаж, энэ хэмжээний нэмэлт ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн байхад хариуцагч нар яагаад НӨАТ болон бусад татвар, хураамж төлөх ёсгүй гэж дүгнэж байгаа нь тун ойлгомжгүй зүйл болжээ. Шүүх нэхэмжлэлийн уялдаа холбоог зөв дүгнээгүйгээс зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон юм. Тухайлбал,шүүх нэмэлт ажлын зардал 360,604,347 төгрөг гэж тогтоосон атлаа уг зардлыг хариуцагч нар хугацаандаа төлөөгүйгээс нэхэмжлэгчээс банканд урт хугацаанд зээлийн хүү төлсөн, нэмэлт ажлыг гүйцэтгэхийн тул банкнаас зээл авсан, ажил дуусмагц нэхэмжлэгч байгууллага татварын байгууллагад үнэн зөв тайлангаа гарган өгч хийсэн ажлынхаа хэмжээний орлогын албан татвар төлсөн, ажлыг хийж гүйцэтгэхэд ашигласан бараа материалын зардалд НӨАТ төлсөн, уг ажлыг хийж гүйцэтгэсэн хүмүүсийн цалин мөнгө, НДШ-г төлсөн нь дээрх 360,604,347 төгрөгийн хийсэн нэмэлт ажилд шууд холбоотой байхад үүнийг анхан шатны шүүх хохиролд тооцоогүй нь баримтын талаар зөв  дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байгаа. Иймд хх1--н 236-237.,хх2-н 3, 170-172, 231-233., хх4-н 18-24-р талд буй баримтуудыг анхаарч үзэхийг Дээд шүүхээс шүүхээс хүсэж байна. Давж заалдах шатны шүүх “Баянмодот” ХХК-н гаргасан дүгнэлт нэмэлт ажлын хэмжээ, явц, ажил гүйцэтгэгч, захиалагчийн оролцоо, үүрэг, зардлын хэмжээ зэргийг багтааж харгалзан үзсэн, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзсэн нь шүүх хэрэгт байгаа баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй, хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа юм. “Нэмэлт ажлын хөлс” 752,272,000 төгрөгөөс 445,110,773 төгрөг нь бодит хийсэн нэмэлт ажлын хөлс юм. Энэ нь анхан шатны санхүүгийн баримт, Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-н 2014-05-20-ны өдрийн нэмэлт ажлын хөлс 350сая төгрөгийг шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 686 м.куб 5-р зэрэглэлийн хадан хөрсийг 1 м.куб-г 130,341 төгрөгөөр үнэлэн шилжүүлсэн 89,413,496 төгрөгийн үйл баримт, “Г... трейд” ХХК нь 5955 м.куб 5-р зэрэглэлийн хадан хөрс ухсан гэх дөрвийн дөрвөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх нэг шинжээчийн дүгнэлтийг сонгон авсан нь  ИХШХШТХ-ийн 40.3, 40.1, 40.2-т нийцээгүй. “Баянмодот” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар. Нэхэмжлэлийн шаардлага болон маргааны нь “Нэмэлтээр хийсэн ажлын хөлс” буюу хийсэн ажлын төсвийг тодорхойлох, үүнийг үндэслэн ажлын хөлсийг гаргуулах юм. Хэргийн оролцогч нар нэмэлт ажлын хөлс, ажлын төсөв дээр маргасан учир 4 удаа шинжээч томилж, дүгнэлт гарсан. 4 шинжээчийн дүгнэлтээр 5955 м.куб хадан хөрсний ажил хийсэн нь адил гарсан ба талууд маргаагүй. а/.Барилгын төсөвчдийн холбоо 2014-11-19-ний өдөр дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд гүйцэтгэгч компани нэмэлт ажлаар 5955 м.куб 5-р зэргийн хадан хөрсний ажил, 765,401,447 төгрөгийн санхүүгийн ажил хийсэн гэж үзсэн. Монголын Барилгын төсөвчдийн холбоо 1997 онд байгуулагдсан, барилгын өртгийн нормативын бааз, төсвийн баримт бичгийн зах зээлийн үнэлгээ хийх, төсөвчдөд мэргэжил олгох, барилгын ажлын төсөв зохиодог мэргэжлийн ТББ юм. /хх1-н 200/ б/. Барилгын хөгжлийн төв 2016-02-24-ний өдөр дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд 5955 м.куб 5-р зэргийн хадан хөрсний ажил, 580,069,205 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн билээ. Барилгын газар шороо ба буурь суурийн ажил, барилгын норм, норматив баталж дагаж мөрдүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага юм. /хх4-6/в/. “Эрдэм түм” ХХК, “Баянмодот” ХХК зэрэг хөрөнгийн үнэлгээний хуулийн этгээд мөн дүгнэлт гаргасан.  Эдгээр хуулийн этгээдүүд нь Сангийн яамнаас олгосон, зөвхөн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд тул маргаан бүхий хэрэгт шинжээчийн дүгнэлт хийх эрхгүй юм. Гэтэл шүүх уг байгууллагын дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан үндэслэлгүй. “Баянмодот” ХХК Барилгын төсөв зохиох, төсвийн талаар дүгнэлт гаргах эрхгүй юм. Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй этгээдээс тодруулж байгаа зүйл нь “...хадан хөрс түүний тооцоолол нарийн мэргэжлийн геологи, инженер, геодизи, төсвийн тооцоо...” гэх мэт мэргэжил шаардагдах атал шүүх мэргэжлийн бус байгууллагаар гаргасан дүгнэлтийг үндэслэсэн нь буруу. Барилгын газар шорооны болон хийгдсэн ажилд хөрөнгийн үнэлгээ хийлгэнэ гэсэн ойлголт байхгүй ба хийсэн ажлын санхүү, төсөв, ажлын хөлсийг дан ганц мэргэшлийн байгууллагууд тогтоох боломжтой юм. Энэ нь Монголын төсөвчдийн холбоо, Барилгын хөгжлийн төв зэрэг чиг үүрэг бүхий байгууллагууд тогтоох бүрэн боломжтой юм. ИХ-ийн 344.2-р Эрх бүхий байгууллагын баталсан жишиг үнээр тооцохоор хуульчилсан энэхүү үнийг Барилга хот байгуулалтын яамны харьяа агентлаг Барилгын хөгжлийн төвийн гаргасан төсвийн үнэлгээгээр бус ямар ч аргачлалгүй тооцоололгүй, мэргэжлийн бус “Баянмодот” ХХК-ийн үнэлгээг үнэлсэн нь буруу. 700 гаран хуудас санхүүгийн анхан шатны баримт, дунд, дээд шатны баримтуудаар гарсан зардлаа нотолж өгсөн боловч шүүх бүрэн үнэлээгүйд гомдолтой байна.Нэхэмжлэгч 752,272,000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнээс НХОГ-с олгосон 89,400,000 төгрөг, газар шорооны ажлын анхны төсөв болох 17.050.994 төгрөгийг хасаж, үлдэх 645,821,006 төгрөгийг  нэхсэн. Давж заалдах шатны шүүх “олох ёстой байсан ашиг орлого 121,444,945 төгрөг...”-г хэрэгсэхгүй болгоснд гомдоогүй. Иймд үлдэх 524,376,061 төгрөгийг хангуулахаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх 183,880,846 төгрөгийг хангасан тул үлдэх 340,495,215 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

         Хариуцагч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ гомдолдоо: БЗД-ийн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн барилга, гүний худаг, худгийн байр барих ажлын ЦДБГХТШ дугаартай гэрээг 2012-8-30-ны өдөр хариуцагч нар “Г... трейд” ХХК-тай хамтран 780сая төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулсан. 2014-1-23-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 359/2014 тоот улсын комиссын акт баталгаажиж “Г... трейд” ХХК-д санхүүжилт 100 % олгогдсон. Мөн гэрээт ажлын нэмэлт ажилтай холбоотойгоор НХОГ нь ТБОНӨХБАҮХТХ-ийн 34.1.4 нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол 1-р, заасны дагуу нэмэлт ажлын гэрээг 2013-12-10-ны өдөр “Г... трейд” ХХК-тэй 89,400,000 төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулж, санхүүжүүлэлт бүрэн олгогдсон. НХОГ нь хуулийн дагуу арга хэмжээг авч ажилласнаар хүлээх үүрэг дуусгавар болсон. Гэтэл шүүх зөвхөн захиалагчийн хяналт тавих эрх, үүрэгтэйгээр захиалагчийг төлөөлж гэрээний нэг тал болон оролцсон этгээдийг ямар хууль зүйн үндэслэлээр гэрээнээс үүсэх эрх, үүргийг хариуцах ёстой гэж үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээр, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. НХОГ нь бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар бөгөөд төсвөөс санхүүждэг байгууллага биш. Гэтэл захиалагчийн хяналт тавьж цалинжсаныхаа төлөө улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй гэрээт ажпын үнийг төлөхөөр шүүх шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2. Хүү шаардсан шаардлагыг шүүх хангахдаа нотлох баримтыг бодитойгоор харьцуулж үзээгүй. Зээлийн хүү төлсөн гэх 40,664,010 төгрөгийг хохиролд тооцох үндэслэлгүй. Учир нь тэдгээр зээлийн зориулалт тодорхойгүй, энэхүү нэмэлт ажилд зарцуулагдсан болох нь хангалттай нотлогдоогүй. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг ноцтой зөрчсөн. 2012-1-16-ны өдөр 01-05 дугаар гэрээг Хот тохижилтын газрыг төлөөлж орлогч дарга Д.Пүрэвдорж /захиалагч/, “Уран асар” ХХК-ийн захирал А.Дариймаа /гүйцэтгэгч/ нар байгуулсан. Дээрх гэрээнд зураг төслөөс үүдэн гарах аливаа хохирол, зардлыг гүйцэтгэгчээр төлүүлэхээр талууд тохиролцсон байдаг боловч ажлын явцад барилгын зураг төсөв зөрснөөс нэмэлт ажлын зардал гарсан байхад Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ ямар нэгэн арга хэмжээг аваагүй. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр...зургаасаа зөрүүтэйгээр тусгагдсан зэрэг нь зураг төслийн “Уран асар” ХХК нь мэргэжлийн алдаа гаргасан гэж харагдаж байна гэжээ. Тус гэрээнд НХОГ нь нэгэн тал болж үүрэг хүлээхээр оролцоогүй байхад зураг төсвийн алдаанаас гарсан хариуцлагыг хамтран хүлээлгэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ гомдолдоо: Шүүх ИХШХШТХ-ийн 40, 44, 37.2, 116.2-г зөрчсөн. “Хот Тохижилтын Газар” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “...хариуцагчаар татагдах этгээдийг зөв зүйтэй дүгнээгүй...” гэсэн байтал давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан. “Г... трейд” ХХК нэмэлт зардалд гарсан гэж үзсэн 249,616,836 төгрөгийн зардлаас анхны 1 гэрээгээр төлөгдсөн 17сая төгрөгийг хасаж 232,616,836 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулахаар, “Г... трейд” ХХК зээл авч зээлийн хүүд 40,664,010 төгрөгийг төлсөн нь хоёр хариуцагч нараас хуваан гаргуулахаар буюу НХОГ нэмэлтээр 89,400,000 төгрөгийн санхүүжилт хийснийг тооцон “Хот Тохижилтын Газар” ОНӨААТҮГ-аас 136,640,423 төгрөг, НХОГ-аас 47,240,423 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. “Г... трейд” ХХК нь НХОГ-аас олгосон эрхийн дагуу тендэрийн ажлын гүйцэтгэхтэй холбоотой байгуулсан гэрээний хувьд хэн нь захиалагч болох тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Барилгын тухай хуулийн 3.1.12-г буруу тайлбарлан хэрэглэсэн. “Хот Тохижилтын Газар” 2012 онд байгуулагдсан 780 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий Цагаан давааны хогийн цэгийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний хувьд захиалагчаар оролцоогүй, мөн дээрхи гэрээг дүгнэж сунгах ажиллагаанд огг оролцоогүй, нэмэлт ажлын гүйцэтгэтгэлтэй холбоотойгоор гэрээ байгуулах ажиллагаанд ч оролцоогүй бөгөөд ажлын гүйцэтгэлд хяналт тавих үүргийг НХОГ дангаар хүлээн гүйцэтгэж захиалагчийн хяналт хийсэн 2%-ийг хүлээн авсан. Мөн ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг гүйцэтгэлийн ажлын бүхий л хугацаанд графикийн дагуу “Г... трейд” ХХК-д НХОГ олгож байсан байхад санхүүжилт олгох эрхгүй, гүйцэтгэлийн хяналт тавих эрхгүй “Хот Тохижилтын Газар” ОНОТҮААГ-ыг хариуцагч гэж үзсэн нь илт хууль бус юм. Гэрчүүдийн мэдүүлэг нь нэхэмжлэгч “Г... трейд” ХХК нь анхны төлөвлөсөн барилгын ажлын зураг төслийг өөрчилсөн, геологийн дүгнэлт гарсны дараагаар байрлалыг 10-аад метрийн зайтай өөрчилсөн, барилгыг барихдаа 0 тэнхлэг байгуулсан асуудал нь эргэлзээтэй талаар мэргэжлийн байгууллагын хүчин төгөлдөр дүгнэлт гарсан, энэ талаар ямар нэгэн маргаан үүсэж шийдвэрлэгдээгүй байсан зэргийг нотолсоор байхад нэхэмжлэгч талын өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас нэмэлт зардал гарсан, энэ гарсан гэх нэмэлт зардал нь баримтаар яг таг нотлогдоогүй байхад хэргийг шийдсэн. 360,604,347 төгрөгийн тухайд ямар баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байсан бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “Баянмодот” ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэлтэй гэж үзэн уг дүгнэлтээр нэмэлт ажлын зардлыг шийдвэрлэсэн нь буруу болсон. Шинжээчийн дүгнэлт дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд энэ нь өөр бусад баримтаар давхар нотлогдож байж хөдөлбөргүйгээр нотлогдох ёстой. Зээлийн хүүд 40,664,010 төгрөгийг төлсөн нь Улаанбаатар банкны тодорхойлолтоор тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч ажлын гүйцэтгэлийг хийснээсээ хойшхи хугацаанд НХОГ-аас гарфикийн дагуу санхүүжилтийг тухай бүрт нь авч байсан.Иймд хэзээ ямар гүйцэтгэлд хэдэн төгрөгийн нэмэлт санхүүжилтэд шаардагдсан мөнгийг зээл авч гүйцэтгэснээ нотлоогүй. Иймд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         “Г... трейд” ХХК нь 2014-09-08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-с /цаашид НХОГ гэх/ 286,722,50 төгрөг, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ–с /цаашид ХТГ гэх/ 376,136,000 төгрөг   шаардсаныг хариуцагч нар зөвшөөрөөгүй маргасан байна.

         Анхан шатны шүүх хариуцагч нараас нийт 254,153,353 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна...нэхэмжлэгч нэмэлт ажил хийсэн байна...нэмэлт ажлын зардал нэхэмжлэгчийн тодорхойлсноор 360,604,347 төгрөг болох нь тогтоогдож байна... уг үнийн дүнгээс 89,400,000 төгрөг болон 17,050,994 төгрөгийг хасч үлдэх мөнгийг гаргуулна...” гэсэн дүгнэлт хийжээ.  

        Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, НХОГ-с 47,240,423 төгрөг,  ХТГ-с 136,640,423 төгрөг тус тус гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо  “...шинжээчийн дүгнэлтээр нэмэлт ажлын зардал 249,616,836 төгрөг байна...нэхэмжлэгч ажлыг гүйцэтгэхдээ банкнаас зээл авч, хүүд 40,664,010 төгрөг төлсөн нь тогтоогдсон... дурдсан үнийн дүнгээс төлсөн мөнгийг хасна...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн байна.  

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч нарын гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. “Г... трейд” ХХК нь хариуцагч тус бүрээс 376,136,000 төгрөг нийт  752,272,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнд Цэрэндашийн түрээс 135 сая төгрөг., эксковаторын зардал 93,321,000 төгрөг, шатахуун 71,143,347 төгрөг., молоток 3,840,000 төгрөг, Улаанбаатар банкны хүү 19,868,030 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 463,950 төгрөг., 2013 оны НӨАТ 46,170,810 төгрөг., 2013 оны ААНБОАТ 2013 он 4,387,616 төгрөг, 2013 оны ХАОАТ 5,101,000 төгрөг., 2013 оны НДШ 12,573,000 төгрөг., 2014 оны НӨАТ 10,500,000 төгрөг., 2014 оны ХАОАТ 2,353,000 төгрөг., 2014 оны НДШ 4,026,000 төгрөг., банкны хүү 20,332,030 төгрөг, тээвэрлэлт 7,800,000 төгрөг., цалин 44 сая төгрөг., нэмэлт цахилгаан ашигласны төлбөр 4,900,000 төгрөг., олох ёстой байсан ашиг, орлого 121,444,945 төгрөг.,  алданги 145,047,272 төгрөг багтжээ. 

       752,272,000 төгрөгийг 662,858,504 төгрөг болгосон шалтгаанаа “...НХОГ нь  89,413,496 төгрөгийг төлсөн...” гэж тайлбарлан НХОГ-с 286,722,50 төгрөг, ХТГ-с  376,136,000 төгрөг тус тус шаарджээ. 

       Гэрээний талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Г... трейд” ХХК нь нэмэлт ажлын зардалд 662,858,504 төгрөг шаардсан бөгөөд энэ талаар зохигч нар мэтгэлцсэн байх тул энэ хэмжээнд тус шүүхээс дүгнэлт хийнэ.   

       2. “Г... трейд” ХХК 662,858,504 төгрөг нэхэмжлэхдээ 2012-08-30-ны өдрийн  болон 2013-12-10-ны өдрийн гэрээг шаардлагынхаа үндэслэл болгожээ. 

       а/. Зохигч нар болон Нийслэлийн засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс нь 2012-08-30-ны өдөр “Баянзүрх дүүргийн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн барилга, гүний худаг, худгийн байр барих ажлын гэрээ” байгуулжээ /хх1-н 14-15/

       Уг гэрээгээр захиалагч нь НХОГ, гүйцэтгэгч нь “Г... трейд” ХХК байна. Гэрээний 2-т захиалагч нь Баянзүрх дүүргийн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн барилга, гүний худаг, худгийн байр барих ажлыг 780 сая төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн тендерийг зөвшөөрч гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болохыг, 3-т гэрээний дүн 780 сая төгрөг... үүнээс техник хяналтын зардал 13,022,795 төгрөгийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр, 4-т гүйцэтгэгч нь ажлыг 2012-08-30-ны өдөр эхэлж 2012-12-25-нд ашиглалтад оруулах талаар тус тус заасан байна. 

        Зохигч нар болон Нийслэлийн засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс дээр дурдсан гэрээнд нэмэлт оруулж, 2013-05-17-ны өдөр “Баянзүрх дүүргийн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн барилга, гүний худаг, худгийн байрны угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ” байгуулж, /хх1-н 16, 17-18/ ажлыг 2013-12-01-нд дуусгаж, ашиглалтад оруулахаар тохирчээ.   

       б/. НХОГ, “Г... трейд” ХХК, Нийслэлийн засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс 2013-12-10-ны өдөр “Баянзүрх дүүргийн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн барилга, гүний худаг, худгийн байрны угсралтын нэмэлт ажлын гэрээ”   байгуулжээ /хх1-н 20-21/

        Уг гэрээгээр нэмэлт ажлыг 89,400,000 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийг зөвшөөрсөн байна. Гэрээний нийт дүн нь 89,400,000 төгрөг болох, ажлыг 2013-12-10-ны өдөр эхэлж 2013-12-25-ны өдөр ашиглалтад оруулахаар тохирсон байна. 

       Улсын байцаагчийн 2013-12-13-ны өдрийн 02/07-89/1976 тоот дүгнэлт /хх1-н 59/, талуудын тайлбараар нэмэлт ажил нь гэрээний зүйлийг гүйцэтгэх газарт хадан хөрс гарсантай холбоотой нь тогтоогджээ.  

        в/. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

       Иймд хоёр шатны шүүх 2012-08-30-ны өдөр болон 2013-12-10-ны өдөр талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд нийцсэн байна. 

        Ажил гүйцэтгэх гэрээ, түүний сунгалт, нэмэлт гэрээ нь хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь үүргээ гүйцэтгэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй юм. 

        2012-08-30-ны өдрийн болон 2013-12-10-ны өдрийн гэрээнд заасан үүргээ   нэхэмжлэгч биелүүлсэн, гэрээний зүйлийг хариуцагч нар хүлээн авсан, энэ талаар маргаангүй байна. 

       Дурдсан гэрээнд заасан төлбөрийг захиалагч төлсөн боловч нэмэлт ажлын зардал их гарсан гэж “Г... трейд “ ХХК нь хариуцагч нараас нийт 662,858,504 төгрөг шаарджээ. 

         Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй юм.

         “Г... трейд” ХХК нь Баянзүрх дүүргийн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн барилга, гүний худаг, худгийн байрны угсралтын ажил гүйцэтгэх газарт хадан хөрс гарснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байгаа талаар хариуцагч нарт мэдэгдсэн байх бөгөөд үүний дагуу 2013-12-10-ны өдөр гэрээ байгуулагдсан буюу төсвийн хэмжээ нэмэгдсэнээс гэрээг дуусгавар болгохоор бус, харин нэмэлт гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байна. Нэмэлт ажлын зардлыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж үзэх мөн төсөв нэмэгдэхээр байгааг захиалагчид мэдэгдэж байсныг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийн талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 354 дүгээр зүйлийн 354.2, 354.3 –н зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзлээ.

        3. “Г... трейд” ХХК нь нэмэлт ажилд нийт 752,272,000 төгрөг зарцуулсан гэх бөгөөд үүнээс олох ёстой байсан ашиг 121,444,945 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдоогүй бөгөөд үлдэх 630,827,055 төгрөгийн шаардлагыг хангаагүй нь хуульд нийцээгүй гэж маргасан тул энэ талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийнэ.

        Нэхэмжлэгч нь Цэрэндашийн түрээс 135 сая төгрөг, эксковаторын зардал 93,321,000 төгрөг, шатахуун 71,143,347 төгрөг, молоток 3,840,000 төгрөг, банкны хүү 19,868,030 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 463,950 төгрөг, 2013 оны НӨАТ 46,170,810 төгрөг., 2013 оны ААНБОАТ 2013 он 4,387,616 төгрөг, 2013 оны ХАОАТ 5,101,000 төгрөг., 2013 оны НДШ 12,573,000 төгрөг., 2014 оны НӨАТ 10,500,000 төгрөг., 2014 оны ХАОАТ 2,353,000 төгрөг., 2014 оны НДШ 4,026,000 төгрөг, банкны хүү 20,332,030 төгрөг, тээвэрлэлт 7,800,000 төгрөг, цалин 44 сая төгрөг, нэмэлт цахилгаан ашигласны төлбөр 4,900,000 төгрөг, алданги 145,047,272 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт ажилд зарцуулсан гэжээ.

        Нэхэмжлэгч нь Ц.Цэрэндашийн УБ 84-48 Вольво маркийн эксковаторыг 135 сая төгрөгөөр түрээсэлсэн, өөрийн УБ 85-58 Хьюдей маркийн эсковатороор 93,312,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх боловч энэ нь тогтоогдохгүй байна. Ажил гүйцэтгэгч нь 2 эксковаторыг 2012-09-26-ны өдрөөс 2012-12-08-ны өдрийн хооронд 72 өдөр ажилласан гэснээс үзвэл энэ нь нэмэлт ажил хийсэн хугацаанд хамаарахгүй байна. Түүнчлэн, ажил гүйцэтгэгч нь УБ 84-48 Вольво эксковаторыг Ц.Цэрэндашаас 2013-03-15-ны өдрийн гэрээ /хх1-н 237/-р түрээсэлсэн гэх боловч уг гэрээнд энэ тухай мэдээлэл байхгүй, нэхэмжлэлд заасан техникийг тус улсад оруулж ирсэн хугацаа зөрүүтэй байна. Иймд нэхэмжлэлийн  энэ шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзсэн нь зөв байна.

        Ямар техникийг ямар хугацаанд ашиглаж гаргасан тооцоо болох нь тодорхойгүй тул  шатахууны зардал, цахилгаан ашигласны төлбөр болон тээвэрлэлттэй холбоотой шаардлагыг шүүх хангаагүйг буруутгах боломжгүй юм. 

        3,840,000 төгрөгтэй холбоотой баримт нь тамга, тэмдэггүй, нотлох баримтын шаардлага   хангаагүй /хх1-н 229-230/ тул уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй.

       Банкны хүү 19,868,030 төгрөг, хүү 20,332,030 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 463,950 төгрөг нийт 40,664,010 төгрөгийг “Г... трейд” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл болсон нэмэлт ажлыг гүйцэтгэх зорилгоор зээлсэн нь, мөн уг үйл ажиллагаанд зарцуулсан нь тогтоогдоогүй байна. 

       Нэхэмжлэгч нь нэмэлт ажлын зардал шаардсан бөгөөд талуудын тайлбар, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээгээр ажил гүйцэтгэгчээс төлөх татвар, шимтгэлийг захиалагч төлөхөөр талууд тохиролцсон нь нотлогдоогүй тул 2013, 2014 оны татвар, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

       Ажил гүйцэтгэгч нь цалингийн зардалд 44,000,000 төгрөг шаардсан боловч энэ нь нэмэлт ажил болох хадан хөрс хуулах ажилтай холбоогүй, харин дээвэр, барилга, сантехник цахилгаан засал чимэглэлтэй холбоотой олгогдсон цалин байх тул /хх1-н 236/ энэ тухай баримтаар нэхэмжлэлийг хангах боломжгүй.

      Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд алдангийн талаар заагаагүй тул нэхэмжлэлээс 145,047,272 төгрөгийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 232 дугаар 232.3 дахь хэсгийг зөрчинө. Нэхэмжлэгч нь “гэрээний тусгай нөхцөл”-д алдангийн талаар заасан гэх боловч уг баримт /хх2-н 26,29,43/ нь нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна 2012-08-30-ны өдрийн болон 2013-12-10-ны өдрийн гэрээтэй холбоотой гэх баримт хэрэгт байхгүй тул уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд нийцэхгүй юм.    

       Иймд нэхэмжлэлийг 630,827,055 төгрөгийн шаардлагын хэмжээнд хангах боломжгүй, хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

        4. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэмэлт ажлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон нь зөв гэж хяналтын шатны шүүх үзлээ.

       Шүүх Барилгын төсөвчдийн холбоо болон Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан боловч эргэлзээтэй гэж шүүх үзэж өөр этгээдийг шинжээч томилж дүгнэлт гаргуулсан тул Барилгын төсөвчдийн холбоо, Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчинө. 

        Нэмэлт ажлын хэмжээг сүүлийн шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй байна.   

       Шинжээч “Баянмодот” ХХК-ийн дүгнэлтээр ажил гүйцэтгэгч нь нэмэлт ажилд 249,616,836 төгрөг зарцуулсан нь тогтоогдсон, үүнийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй тул уг мөнгийг хариуцагч нараас гаргуулах нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчихгүй гэж үзлээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа зээлийн хүү гэх 40,664,010 төгрөгийг хариуцагч нараар төлүүлэхээр  шийдвэрлэсэн нь үндэслэлгүй талаар дээр дурдсан болно. 

    Хариуцагч нар нэмэлт ажлын зардалд 249,616,836 төгрөг төлөх үүрэгтэй байх тул уг үнийн дүнгээс 17,000,000 төгрөгийг хасаж, үлдэх үлдэх 232,616,836 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулна. “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГазар 89,400,000 төгрөг төлсөн тул “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГазраас 26,908,418 төгрөг, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГазраас 116,308,418 төгрөг тус тус гаргуулж магадлалд өөрчлөлт оруулав.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2253 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...47 240 423 төгрөг...” гэснийг “...26,908,418 төгрөгийг...” гэж, “...138 640 423 төгрөгийг...” гэснийг “...116,308,418 төгрөгийг...” гэж, “...үлдэх 416 937 259 төгрөгийг...” гэснийг “...үлдэх  519,641,668 төгрөгийг...” гэж, “...841 152 төгрөгийг...” гэснийг ”... 291,952 төгрөгийг...” гэж,   “...394 152 төгрөгийг...” гэснийг “...738,952 төгрөгийг...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2018-12-05-ны өдөр төлсөн 1,860,426 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас 2018-12-03-ны өдөр төлсөн 841,153 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ