Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2021/00608

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2021/00608

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хотхон 23б-43 тоотод оршин суух, Шавь овогт Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг Баян-Өндөр хотхон 15-25 тоотод оршин суух, Мужаан овогт Н.А-д холбогдох,

 

8.641.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д би нь Н.Ад 2019 оны 10 сарын 8-ны өдөр 3.000.000 төгрөгийг сар бүрийн 10 хувийн хүүтэйгээр гэрээ хийж Н.Ад бэлэн мөнгөөр өгч зээлүүлсэн. Үүнээс хойш сар бүр хийх хүү болон үндсэн мөнгө болох 3.000.000 төгрөгийг өгөөгүй билээ. 2019 оны 11 сараас 2021 оны 05 сар хүртэл нийт 19 сарын хүү 5.700.000 төгрөг, үүний алданги 19 сарын 0,5 хувь болох 541.500 төгрөг, нийт 8.641.500 төгрөгийг Н.Агаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх би 2018 оны 11 сарын 01-нд Н.Ад 2.000.000 төгрөг зээлсэн, энэ хоёр сая төгрөгийнхөө хүүг 2018 оны 07 дугаар сар хүртэл өгсөн. 2018 оны 07 дугаар сараас хойш хүү өгөөгүй. Тэгээд би 2018 оны 11 сард гэрийнх нь гадаа очиж уулзаад та 7 сараас хойш 5 сарын хүүний мөнгө өгөөгүй, 5 сарын дотор 200.000 төгрөг чинь 1.000.000 төгрөг болчихоод байна, та үүнийгээ яах юм бэ гэсэн, би бэлэн өгч чадахгүй гэсэн. Би цааш нь хүндээ дамжуулах учраас болохгүй байна гэсэн чинь чи над дээр нэмээд 1.000.000 төгрөгийн зээл гаргачих гэсэн. Тэгээд 3.000.000 төгрөгийн гэрээ хийгээд зөвшөөрсөн гэсэн бичгийг нь авсан. Тэгээд 2019 оны 10 сараас хойш энэ хүн дээр 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээ үүсээд зээл авсан гэдгээ өөрөө баталсан. Үүнээс хойш 2019 оны 11, 12 сар, 2021 оны 06 сар хүртэлх сар бүр өгөх ёстой сарын 10 хувийн хүүгээ өгөөгүй өдий хүрсэн. Энэ хугацаанд энэ хүнтэй холбогдож, уулзаж байсан. Энэ мөнгө миний мөнгө биш, хүнээс дамжуулж хүнд өгдөг. Үүнийг Н.А эгч ойлгож мэдэж байгаа, ийм байдал хүрэхийг би өөрөө хүсээгүй, удаан хугацаагаар тасалдуулсан болохоор шүүхэд хандсан. 2019 оны 7 дугаар сараас хойш хүүгээ өгөөгүй байж байгаад 11 дүгээр сард гэрийнх нь гадаа очиж өөртэй нь уулзсан. Тэгэхэд 5 сарын хүүгийн мөнгө 1.000.000 төгрөг өгөөгүй байна, энэ мөнгөө яах юм бэ, одоо надад өгөөч, оны тайлан өгөх гээд байна гэсэн чи над дээр нэмээд зээл гаргаад 3.000.000 төгрөг болгоод авчих, тэгвэл би яг сар сард нь мөнгийг төлөөд явна гэж хэлсэн. Тэр гэрээ нь гарын үсэгтэй байгаа, тэгээд тэр гэрээн дээрээ нэхэмжлэл гаргасан. Бид 2 тохиролцож чадах юм бол би алданги болох 541.500 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Н.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д-гаас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай авсан. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 150.000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 150.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 150.000 төгрөгийг 10 хувийн хүүнд өгсөн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэмж 500.000 төгрөг зээлээд 2.000.000 төгрөг болгож авсан. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 500.000 төгрөгийн 10 хувийн хүү 50.000 төгрөг, 06 дугаар сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөгийн хүү 200.000 төгрөг өгөөд мөнгө өгөлгүй байж байгаад 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нөхрийнх нь данс руу 200.000 төгрөг хийсэн. Нийтдээ 2.000.000 төгрөгийг зээлээд 950.000 төгрөг өгсөн. Нэхэмжилж байгаа 8.641.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 3.000.000 төгрөг нь болохоор та нэмээд биччих би хүнд зээл гаргах гээд байна гэхээр нь би тэгж болдог юм уу гэсэн болно гээд явсан. Яг шилжүүлж авсан мөнгө нь бол 2 000 000 төгрөг дансны хуулган дээр байгаа гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Н.Ад холбогдуулан зээлийн гэрээний төлбөр 8.641.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Н.А нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцэж байна.

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Н.Ад 2018 оны 11 сарын 01-нд 1.500.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээг бичгээр байгуулсан, мөн 2019 оны 03 сарын 10-нд 500000 төгрөгийг мөн 10 хувийн хүүтэй зээлэхээр амаар тохиролцож, түүний Хаан банкны 5093227154 данс руу 2000000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байна.

 

Хариуцагч Н.А нь нийт 900000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Дгаас зээлсэн 2000000 төгрөгний хүүнд төлсөн гэж өөрийнхөө Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн, энэ талаар зохигч маргахгүй байна. /хх-ийн 12-18, 25-р хуудас/

 

Нэхэмжлэгч Б.Д нь Н.Ад зээлсэн 2000000 төгрөг, түүний 5 сарын хүү болох 1000000 төгрөгийг нэмээд нийт 3000000 төгрөг дээр зээлийн гэрээг 2019 оны 10 сарын 08-ны өдөр нөхөн байгуулж, талууд гэрээнд гарын үсэг зурсан байх боловч уг зээлийн гэрээгээр хариуцагч Н.Ад зээлсэн мөнгийг бодитоор шилжүүлж өгөөгүй байх тул зээлийн гэрээ бодитоор байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан.

 

Зохигчдын хооронд 2019 оны 03 сарын 10-нд 500000 төгрөгийг зээлж, амаар тохиролцож байгуулсан зээлийн гэрээ нь бичгээр байгуулагдах хуулийн шаардлагыг хангаагүй байх тул зээлдэгч хүү авах эрхээ алдсан. Харин 2018 оны 11 сарын 01-ний зээлийн гэрээний 6 сарын хүү болох 900.000 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцагч төлсөн байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь алданги болох 541500 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан ба зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 01-нд дууссан байх ба хариуцагч нь нийт 1500000 төгрөгийн 13 сарын хүүнд 1950000 төгрөг төлөх ёстой байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасанд үндэслэн нэхэмжлэгч нь иргэд хоорондын зээлийн хүүг хэт өндрөөр буюу сарын 10 хувийн хүүгээр тогтоосон, зээлийн гэрээний хугацаа дуусаад удсан, нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй зэргийг харгалзан хариуцагчийн төлөх ёстой зээлийн хүүг 50 хувиар бууруулан /хүү-1950000/2/ 975000 төгрөгнөөс хариуцагчийн зээлийн хүүнд төлсөн 900000 төгрөгийг хасч зээлийн хүүгийн төлбөрт 75000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 2000000 төгрөг, хүү 75000 төгрөг, нийт 2075000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 6566500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153.214 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Агаас 48.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 282.3-т заасныг баримтлан хариуцагч Н.Агаас 2.075.000 /хоёр сая далан таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлээс үлдэх 6.566.500 /зургаан сая таван зуун жаран зургаан мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153.214 /нэг зуун тавин гурван мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Агаас 48.150 /дөчин найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ